Д.Зориг: Намайг шалгааж байхаар 40 дүгээр зүйлийг унш

2008/09/17
Share |
Хүмүүс:
Д.Зориг: Намайг шалгааж байхаар 40 дүгээр зүйлийг унш

Үймээнд оролцож амиа алдсан иргэдийг буудсан нь батлагдаад байгаа ч өнөө хэр буудсан буу, оносон сумын нь хонгио олдохгүй л байгаа. Мөн энэ хэрэгт холбогдуулан Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн албан хаагчдыг сэжигтнээр татан “Ганцхудаг”-т саатуулсан. Түүнчлэн тус газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийг уг хэрэгт холбогдуулан саатуулан тушаал гарсан ч түүний биеийн байдлаас шалтгаалан эмнэлэгт хэвтүүлсэн билээ. Тэгвэл өдөр хоног өнгөрөх тусам уг хэргийн холбогдогчдын хүрээ улам өргөссөөр байгаа бололтой. Учир нь өдөр тутмын нэгэн хэвлэлийн өчигдрийн дугаарт Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.3оригийг долдугаар сарын 1-ний жагсаалд хамгаалалтад гарсан цагдаагийн албан хаагчдыг гар утсаар удирдаж байсан. Мөн биеэр ч заавар тушаал өгч байсан ч харамсалтай нь эдүгээ баримт болох бүхий л зүйлийг устгасан хэмээн бичсэн байв. Тэр ч бүү хэл Цагдаагийн нэгдсэн арга хэмжээ гэдэг утгаар нь тус жагсаалыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга удирддаг үүрэг байдаг хэмээсэн байв. Тиймээс уг хэргийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Зоригтой холбогдож тодруулсан юм.

-”Өнөөдрийн Монгол” сониноос ярьж байна?
-Ямар тухай ярьж байгааг чинь би бараг гадарлаж байх шиг байна.
-Тийм гэж үү?
-Чи “Өдрийн сонин”-д бичсэн зүйлийн талаар л ярьж байгаа байх.
-Магадгүй ээ?
-Ташаа мэдээлэл л гэж хэлэх байна. Үүнийг бичсэн сэтгүүлчийг яагаад, юуны учир ингэж бичиж байгаа юм бол гээд л би гайхаад сууж байна.
-Ямар нэгэн эх сурвалжгүй шууд бичнэ гэж байхгүй. Мэдээж энэ мэдээ, хариуцах эзэнтэй болоод л ингэж гарч байгаа. Та үнэхээр тушаал өгөөгүй гэдгээ.баталж чадах юм уу?
-Би тушаал өгөөгүй, надад тэнд хамгаалалтад гарч байгаа цагдаагийн албан хаагчидтай холбогдоод тушаал өгөөд байх шаардлага, эрх байхгүй. Ингэхэд цагдаагийн байгууллага гэдэг маань фронт биш. Тэгээд ч хэн нэгэн дарга тушаал өгсөнөөр албан хаагчид нь шууд л буудаад хүний амийг хөнөөнө гэж байхгүй.
-Цагдаагийн нэгдсэн арга хэмжээ гэдэг утгаар нь ямар нэгэн жагсаалыг Нийслэлийн цагдаагийн газрын дарга удирдах үүрэг байдаг гэсэн байх юм?
-”Цагдаагийн байгууллагын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийг унш. Тэр зүйлийг уншихаар бүх зүйлийг ойлгох болно. Түүнээс би ийм гээд, чи тийм гээд ямар ч хэрэг байхгүй. Тэрбээр ийн хариулаад гар утсаа салгасан юм. Ингээд эрхэм уншигчид, захиалагчиддаа “Цагдаагийн байгууллагын тухай” хуулийн 40 дүгээр зүйл буюу “Галт зэвсэг хэрэглэх тухай” заалтыг сонирхуулж байна.

40 дүгээр зүйл. Галт зэвсэг хэрэглэх

1. Гэмт үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
1/ цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
2/ цагдаагийн болон дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объект руу нууцаар нэвтрэн орсон, эсвэл зэвсэг хэрэглэсэн буюу бүлэглэн довтолсон;
3/ хүнийг барьцаанд авсан;
4/ ялтан, цагдан хоригдогч оргосон, хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугатсан;
5/ галт зэвсэг, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;
6/ хуяглан хүргэж яваа этгээдийг суллахаар зэвсэг хэрэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
7/ хорих,цагдан хорих,баривчлах байранд нийтийн эмх замбараагүй байдал гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодитой нөхцөл байдал бий болсон.
2.Цагдаагийн алба хаагч бололцоотой бүх тохиөлдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.
3. Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн цагдаагийн алба хаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч захирах даргадаа, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.