Хүмүүс: Э Бат-Үүл | |
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх байлаа. Байнгын хорооны гишүүдийн ирц бүрэлдэж хурал эхлэх болоход Э.Бат-Үүл гишүүн "Манай намын бүлгээр Баянгол дүүрэг дэх сонгуулийн асуудлыг нэг тийш нь болгож үр дүнг нь оруулж ирэхээс наана Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэхгүй гэж олонхиороо шийдсэн тул энэ удаагийн хурлаас завсарлага авъя" гэв. Байнгын хорооны дарга энэ талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс саналыг нь сонсъё гэхэд тэрбээр Э.Бат-Үүлийн эсрэг саналтай байгаагаа илэрхийлж "Бид өглөө байнгын хорооны хурлаас завсарлага авсан. Хуралдааныг дахин хойшлуулмааргүй байна. Уг саналыг байнгын хорооны хурлаар хэлэлцэж өгөхийг хүсч байна" гэлээ. Олонхийн дэмжлэгээр байнгын хороо хуралдахаар болоход Э.Бат-Үүл гишүүн "Ард түмний сонголтын дүнг нулимаад хамтарсан Засгийн газар байгуулах тухай ярьсан. Уг нь ард түмний сонголтын дүнгээр Засгийн газар байгуулагдах ёстой. Үндсэн хууль утгаа алдлаа. Үндсэн хууль зөрчөөд байгаа Баянгол дүүргийн асуудал "Эх орны хишиг" зэрэг асуудалд ухамсартай хандаж нухацтай хэлэлцэх үүднээс завсарлага авъя. Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцэх гэж байгаа учраас энэ хурлыг хаяж байна" гээд гарч одлоо. Түүнийг үгээ дуусгаж амжаагүй байхад С.Баярцогт "Улс төржихөө боль. Намын бодлогоо дэмжихгүй байгаа бол намаасаа гар" хэмээн АН-ын талцааныг улам ч хурцатгаад авав. Үүний дараагаар Ц.Элбэгдорж "Бид бүлгээрээ ярилцаад 15 гишүүн завсарлага авъя гэсэн. Хорин хэдэн гишүүнтэй бүлгийн 15 нь ийм саналтай байсан. Энэ хугацаандаа байнгын хорооныхоо асуудлыг ажлын хэсгийнхээ хүрээнд ярилцъя. Тэгэхгүй бол нэг хэсэг нь зөвхөн өөрсдийн хувийнхаа сонирхлыг хамгаалсан тэрнийхээ төлөө үхэн хатан зүтгэж хууль зөрчсөн үйлдлийг баталгаажуулсан явдал болно шүү гэсэн. Иймд манай бүлгийн шийдвэрийг харж үзээсэй гэж бодож байна" хэмээн саналаа хэлээд гарсан.
Эх сурвалж: Өдрийн сонин