Хүмүүс: Н.Алтанхуяг | |
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дотроо зөрчилдөж эхэлсэн. 26 гишүүний 15 нь Засгийн газрыг хамтарч байгуулах байр сууринаасаа буцаж, бүлэг дотроо цөөнх болохоос буцахгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл дээр ч тэд олон санал гаргаж, үүнийгээ нэгтгэж МАХН- тай хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулсан билээ. Тус намын дарга үүнд ямар тайлбар өгөхийг сонирхлоо.
Засгийн газрыг хамтарч байгуулах эсэх асуудлаар АН-ын гишүүд дотроо байр суурийн зөрүүтэй байна. Гэрээнээс АН-ын ийн хөтөлбөрийн "амин сүнс" болсон "Эрдэнийн хувь"-ийн тухай заалт бараг л алга болсон гэж тэд үзсэн. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Бүлгийн хуралдааны үеэр Засгийн газрын бүтэц, хоёр намын байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар саналууд гарсан. Сүүлдээ энэ нь Засгийн газрыг байгуулахыг удаашруулах оролдлого, хандлага болж буй нь ажиглагдлаа. Бид өнөөдөр бүлэг дээр нарийвчилж яриад эл ажлыг хурдавчлах нь зөв гэж үзсэн. Гишүүдийн гаргасан саналыг нэгтгэж, энэ талаар МАХН-ын даргатай ажлын хэсгийнхэн уулзана.
-Тэдний шаардлагыг та "Хамтарсан Засгийн газарт саад хийх гэсэн оролдлого" гэж үзэж байгаа хэрэг үү?
-Бид сонгуульд ялагдсан. Тэгээд хамтарсан засаг байгуулъя гэж шийдсэн. АН нэг сая, МАХН 1.5 сая төгрөг өгнө гэж амласан. Хамтарсан Засгийн газрын гэрээнд туссан эл заалтыг "Эх орны хишиг", "Эрдэнийн хувь" гэдгийн аль нэгээр үгчилж нэрлэх нь чухал биш. Засгийн газраа хурдан байгуулж, ард түмэнд тэр мөнгөө олгох нь чухал. Гэтэл үг үсэг, цэг, таслал алга болчихлоо гээд байгааг хамгарсан Засгийн газар байгуулах ажлыг саатуулах оролдлого гэж үзэхээс өөр арга алга.
-АН-ын бүлгийнхэн зөрчилдөөнтэй байгаа юм шиг ойлгогдож байна...
-Манай нам угаасаа олон нийтийн анхааралд байдаг. Аливааг ил тод хэлэлцдэг. 2004 онд Засгийн газар байгуулж байснаас илүү ил тод болж байгаа. Эхлээд хийх ажлаа тохирсон. Тэр дагуу Засгийн газрын бүтцээ ярьж байна. Тиймээс ийм жижиг зүйлээ хаяад ажлаа хурдхан хийе. Хамтарсан засаг байгуулах тийм ч амар зүйл биш. Гэхдээ нэг л итгэл, үнэмшил байгаа. Эндээс ард түмэн хожих ёстой.
-Шаардлага гаргасан 15 хүн Засгийн газрын гадна үлдсэндээ "гомдсон" юм болов уу?
-Мэдэхгүй. Засгийн газрын бүтцээ ярья. Үүний дараа сайдад нэр дэвшүүлэх хүнээ ярина.
эх сурвалж: Өнөөдөр