Д.Арвин: Улстөрчид нь хүн алж болоод яадаг ч үгүй, харин жирийн иргэн шүүгддэг байж болохгүй шүү дээ

2008/09/18
Share |
Хүмүүс: Дашжамц Арвин | 
Д.Арвин: Улстөрчид нь хүн алж болоод яадаг ч үгүй, харин жирийн иргэн шүүгддэг байж болохгүй шүү дээ

УИХ-ын гишүүн Д.Ар­вин­тай ярилцсанаа толи­луулж байна. МАХН тэр чигээрээ С.Баярын даран­гуйлалд ав­таж, үгийг нь чи­мээгүйхэн дагаж байгаа энэ үед түүнийг сөрж ха­туу үг хэлж буй энэ улс­төрч эмэг­тэй УИХ-д гурав дахь удаа­гаа сонгогдоод байгаа билээ.

-Засгийн газрын бүтэц хэлэлцэж буй өдрүүдэд та бид хоёр ярилцаж байгаа болохоор энэ сэдвээр яриа­гаа эхэлье. Сайд болох со­нирхолтой хүмүүст зориулж албан тушаал болон яам­ны­хаа тоог нэмсэн бүтцийг өргөн барилаа. Та харин энэ талаар ямар бодолтой бай­на вэ?
-Бид МАХН-ын XXV их хурал дээр С.Баярыг дэмжиж дарга болгохдоо на­мын ши­нэчлэлийг хийж, тө­рийн ажлыг идэвхжүүлж, тө­рийн нүсэр бүтцийг цомхотгон, найз нөхөд танил талын сүл­бээг төрийн ажилтай хутгадаг, нэг хүн бүх албан тушаалыг хашдаг явд­лыг таслан зог­соож, тийм хүмүүсээс намаа аварч улс орны амьдралыг өөд нь татаж ажиллана гэдэгт нь итгэж байлаа. Тиймээс ч бидний 13 хүн үүний төлөө С.Баярыг хүчтэй дэмжиж дар­га болго­сон. Гэвч өнөөдөр харамсч байна. Тэр бусдын л адил албан тушаалд дуртай хүмүү­сийг сайд болгох гэж энэ жижигхэн улсдаа ахадсан бүтцийг бий болголоо. Уг нь гүйцэтгэх засаглал цомхон бөгөөд чадалтай ажиллах ёстой. Гэтэл бие биедээ тал засч тэргүүн Шадар сайд гэдэг албан тушаалыг зохиом­лоор гаргаж ирлээ. Дахиад л улс орны хөрөнгө мөнгөөр тоглож эхлэх нь. Тэр утгаараа би УИХ-ын гишүүнийхээ хувьд үгээ хэлсэн.

-Бүлгийнхээ хурал дээр үү?
-Ганцхан бүлгийн хурал ч биш анхнаасаа л би хам­тарсан Засгийн газрыг бай­гуу­лах гэхэд нь эсэргүүцэж үгээ хэлж байсан. Бүлэг дээрээ ч хэлсэн. Сонгуулийн тухай хууль болон бусад хуульд "Олонхи болсон нь Засгийн газраа байгуулж ажиллана" гээд заасан байдаг. Гэтэл өнөөдөр хуулийг буруу тийш, өөрсдөдөө ашигтайгаар тайл­барлаж байна.

-Хамтарсан Засгийн газ­рыг байгуулахыг дэмжсэн танай намын Бага хурал өмнөх XXV Бага хурлаа бод­вол ямар ч ардчилалгүй, нэг хүний дарангуйлалд хэтэр­хий орсон, даган баяссан байдалтай болж өнгөрлөө. Та санал нийлэх үү?
-Тиймээ, санал нэг байна. Бага хурлын өмнөх өдөр "Хам­тарсан Засгийн газрыг бай­гуу­лахыг дэмжиж болохгүй" гэж ярилцаж байсан гишүүд мар­гааш нь гараа ярсхийтэл өргө­сөн нь нам дотоод ардчиллаа алдсаны тэмдэг. Манай Ц.Ням­­дорж дарга, Э.Мөнх-Очир ги­шүүн "Хэзээ ч хамтар­сан Засгийн газар байж болох­гүй" гээд л байсан чинь гэв гэнэт хувирчихсан шүү дээ. Намын анхан шатны байгуул­ла­гын­хан ч тэгж л ярьж байс­наа огт өөр санал өгсөн. Энэ бол намынхаа дүрэм журмыг зөр­чиж, нөхдийнхөө хөдөл­мө­рийг үгүйсгэж, нэг хүнийг хэтэрхий тахин шүтсэн бай­дал үзүүлж бусдыгаа уруу татсан маш муухай үйлдэл болсон л доо. Үнэхээр ха­рамсмаар шийд­вэ­рийг Бага хурал гаргасан. Энэ намын төлөө олон жил зүтгэ­сэн бид­ний хувьд маш хүнд туссан. Одоо тэгээд юм л бол "намын Бага хурлын шийдвэр" гэсэн нэр бариад бүхэл бүтэн нэг салбарыг зохиомлоор бий болгож өөр намын хүнд бэ­лэг­лэж байгааг хараад тэвчи­хийн аргагүй байна.

-Бага хурал хуралдахын өглөө С.Баяр дарга Шадар сайд М.Энхболдтой хамт хө­дөө­нөөс ирсэн гишүүдээ хүлээн авч уулзаад хам­тарсан Засгийн газрыг дэм­жээрэй гэж хэлсэн гэсэн. Та энэ талаар юм сонссон уу?
-Тэгсэн гэсэн. Хамтарсан Засгийн газрыг байгуулж ажил­­лах нь зөв гэж гараа өргөөрэй энэ тэр гэж баахан юм ярьсан байна билээ.

Манайхан чинь тэгээд даргаа хараад эргэчихдэг хачин улс юм. Бага хурал дээр үг хэлэх гэж байсан хүмүүс ч үгээ хэлэхээ боль­чих­сон. Учир нь Удирдах зөвлөлийн гишүүд хүрээл­лээрээ нэлээд ажилласан байсан. Би хурлын төгсгөлд "Ийм улс төрийн байгууллага байх ч гэж дээ" гэж хэлсэн. Харамсалтай нь манай Бага хурал хаалттай болсон боло­хоор хэвлэл мэдээллийн сонорт хүрээгүй байх. Бас бүлгийнхээ хурал дээр ч энэ талаар ярьсан.

-Танай намын XXV бага хурлын дараа "МАХН шинэч­лэгдэж эхэллээ" гэж ажиг­лагчид дүгнэж байлаа. Ха­рин тэр шинэчлэл өнөөдөр яагаад алга болчихов оо?
-Манай намд үнэхээр бо­ловсон хүчин алга. Бид С.Баяр даргыг оюунлаг, бо­ловс­­рол­той, нэр цэвэр хүн гэж итгээд намынхаа шинэч­лэ­лийг улам цааш нь идэвх­жүүлэх байх гэж бодсон. Гэтэл С.Баяр дарга намын дарга болонгуутаа шууд л маргааш­наас нь ши­нэчлэлийн төлөө явсан хү­мүүсийг албан ту­шаа­лаар хахуульдаж амыг нь үдсэн. Бүр Улаанбаатар хотын сон­гуу­лийн менежерээр хүр­тэл то­милсон. Гэтэл хотын сон­гуульд манай нам хэдэн хувиар ялагдав. Үнэн нүүр царай нь энэ л байна. Намд шинэчлэл хийгдэх нь байтугай бүр зогсчихлоо. Зүгээр л М.Энхболдыг С.Баяраар со­лих процесс л явагдаж. Бид­ний эхлүүлсэн тэр шинэчлэл ин­гээд амьсгал хураачихсанд миний хувьд харамсаад барш­­­гүй юм боллоо. Нөгөө талаар манай намд одоо лидер алга. Сургаар л хэн нэгнийг сайн хүн гэж бодох худлаа юм байна. Хүний сайныг ханилан байж мэддэг юм байна шүү. Ард түмний төлөө хийж бүтээж байгаа юмаар нь л тухайн хүнийг үнэлэхээс сургаар үнэлж болохгүй гэдгийг ха­руу­лах шиг боллоо.

-МАХН лидергүй бол­чихлоо гэж үү?
-Тиймээ, лидергүй байна.

-Тэгэхээр Баярыг дэм­жиж намын дарга, Ерөнхий сайд болгосон нь алдаа байжээ гэж ойлгож болох уу?
-Болно. Баярыг намын дарга болгосон нь алдаа байж. Учир нь тэр хүн улс төрийг завхруулж байна. Бүр бантан болгоод хаячихлаа. Өмнөх дөрвөн жилд манай нам Ард­чилсан нам болон бусад жижиг намуудтай эвсч ажил­лаж үзсэн. Харин ард түмэн энэ удаа биднийг дан­гаараа төр барь гээд 45 суудал өгсөн байхад ялагдсан намтай эвсэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Ард түмний сонголтыг ингэж дураараа өөрчилж бо­лох­гүй биз дээ. Намын нөх­дийнхөө урмыг хугалж, хуулиа зөрчиж, парламентат ёсноосоо ухарч ийм шийдвэр гаргасан. Манай намынхан ч түүнийг нь сайн дураараа дэмжээгүй. Намын дарга тулгаж байж ийм шийд­вэр гаргуулсан шүү дээ. Эв нэгдлийг хүссэндээ эвслийн Засгийн газрыг байгуулах гээгүй гэдэг нь одоо харагдаж эхэллээ. Дандаа л албан тушаалын төлөө үхэлдэж байсан, эрх мэдлийн төлөө хэнтэй ч хамаагүй холбогд­дог, нэр хүнд муутай тийм нөхдийг сайд болгохоор ил далд ярьж эхлээд байна. Ардчилсан намд сайн сайхан шударга хүмүүс олон бий. Гэтэл өнөөдөр С.Баярыг хэн хүрээлж байна. Дандаа л нэр муутай, албан тушаалын бялууг хүртээд үзчихсэн тийм л хүмүүс түүнийг даган дуурайж байгаа биз дээ.

-Албан тушаалын амтыг амтлаад салж чадахаа бай­чихсан хүмүүс тийм үү?
-Тиймээ. Амтыг нь аваад салахаа байчихсан хэсэг хүмүүс бий. Тэд л С.Баярыг хөөрөгдөж түүнтэй нөхөрлөж байна. Бүр Монгол Улсын хуулийг засч байсан, газрын наймаачингаараа дуудуулаад албан тушаалаасаа огцорч байсан хүмүүс ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ бол дэндүү шударга бус. Манай нам тэр хүмүүсийг ажил­луулж үзсэн. Хотын дарга болгосон. Гэтэл хот ямар байна. Хог шороондоо баригд­чихсан, танил тал нь бүх газрыг нь хуваагаад авчихсан л байгаа. Бас нэгийг нь УИХ-ын дарга болгож үзсэн. Хууль засаад намын нэр хөөдөөд огцорч л байсан. Тэгэхээр бид энэ удаа бас л тэднийг сайд болгохын төлөө сонгог­дож ирсэн хэрэг үү. Үгүй. Ийм хүмүүсээр хүрээллээ бэхжүүлнэ гэдэг бол С.Баяр даргыг хэн болохыг харуулж л байгаа байхгүй юу.

-Хүнийг ханилж байгаа нөхдөөр нь дүгнэ гэж айх­тар үг бий...
-Тиймээ, тэр үнэн үг. Бид энэ талаар ярилцаж байгаа. Манай намд алсаа хардаг, шударга хүмүүс олон бий. Бас Ардчилсан намд ийм хүмүүс байна. Тэд ч бас энэ тухай ярьж эхэллээ шүү дээ. Бо­ловсон хүчний өндөр шалгуу­раар сайд нарыг тавьж, Зас­гийн газрын бүтцийг багасгах ёстой. Гэтэл энэ бүхнийг хийхгүй байна. Саяхан хам­тарсан Засгийн газрын хийж хэрэгжүүлэх ажлыг намын бүлгийн хурал дээр танил­цуулсан. Ерөөсөө л манай намын мөрийн хөтөлбөр тэр чигээрээ байна билээ. Тэгээд би Энхболд гишүүнээс "Ард­чилсан нам, МАХН-ын Зас­гийн газрын хамтарсан мө­рийн хөтөлбөр нь хаана бай­гаа юм бэ" гэж асуусан. Хариулах дургүй байна билээ. Манай намын мөрийн хөтөл­бөр л биелэгдэж байвал бусад ямар хамаатай юм бэ гэсэн маягтай юм хэлж байгаа байх­гүй юу. Зөвхөн албан ту­шаа­лын төлөө тэд нэгдэж байгаа нь энэ.

-Жирийн гишүүдээс чинь санал хүсэлт ирж байна уу?
-Ер нь намын гишүүд бүгдээрээ л шокийн байдалд байсан. Юу гэхээ мэдэхгүй алмайрчихсан байгаа нь үнэн. Бүлгийн хурал дээр "Парламентын нам гэдэг нэг суудал ч болтугай авч ялахын төлөө байж ялсан нь төрийн эрхээ барьж намынхаа бод­ло­гыг хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Гэтэл та юу хийх гээд байна вэ" гэж би асуусан чинь Лүндээжанцан дарга "Арвин аа, наад асуудал чинь одоо өнгөрсөөн. Би яг чам шиг ингэж Удирдах зөвлөлийн хурал дээр үг хэлсэн чинь хүлээж аваагүй" гэж хэлж байгаа юм. Хэрвээ ингэж хамтарч Засгийн эрхийг ба­рих байсан юм бол яах гэж биднийг өдөр шөнөгүй зүт­гүүлэн байж суудал авахуул­сан бэ, тийм үү. Тийм боло­хоор С.Баяр намын даргынхаа хувьд намынхаа үзэл баримт­лалаас урвасан.

-Таны тэр асуултад ха­риу­лаагүй юм уу?
-Баяр дарга яг л Ардчил­сан намын дарга шиг л байгаа юм чинь. Ардчилсан нам бол ийм тийм нам, тийм тийм сайн юм хийж байсан, цаашид хийнэ гээд яг л Ардчилсан намын дарга.

-Энэ янзаараа бол танай нам орон нутгийн сон­гуульд ялалт байгуулах боломж бий юу?
-Их л хэцүү дээ. Маш хүнд байдалд орох байх. Гэхдээ харж л байя.

-Долдугаар сарын 1-нд болсон үймээний улс тө­рийн хариуцлагыг хүлээ­хээс зайлсхийсэндээ хам­тарсан Засгийн газар бай­гуу­лах гэж байна гэсэн "онош" тавиад байгаа л даа. Та харин юу гэмээр байна вэ?
-Тэр өдөр маш айм­шиг­тай, балмад үйл явдал бол­сон. Тавын таван хүн амь насаа алдсан. Нэг намын байр, Уран зургийн галлерей шатсан. Үүнд хэн буруутай нь тодроогүй байгаа. Ийм явдлыг дахин гаргуулахгүйн тулд таслан зогсоох ёстой. Хүний амь үрэгдсэн учраас маш онцгойлон анхаарах ёстой гэж үзэж байгаа. Хэдийгээр хуулийн бай­гуул­лага шалгаж тогтоох хэдий ч улс төрийн хариуцлагыг заа­вал хүлээх учиртай. Буруу нь энэ хоёр намаас хаашаа ч зайлахгүй. Тиймээс хариуц­лага заавал үүрэх ёстой. Энэ хариуцлагаас мултрахын тулд хамтарсан Засгийн газар байгуулж булхайгаа дарах гэж байгаа байхгүй юу. Ардчилсан нам ердөө л сарын өмнө Баяр даргыг огцруулах гээд асуу­дал тавьж байсан атлаа өнөөдөр хамтарч Засгийн эрх барих гээд сууж байна. Энэ дэндүү шударга бус. Хэн буруутай нь мэдэгдэхгүй байгаа энэ үед хоёр нам нэгдэнэ гэдэг хэргийг улам л бүдгэрүүлнэ. Хэрвээ тийм бол энэ улсад шүүх, цагдаа, хууль гэж байхын хэрэг юун. Тэр "Ганц худаг"-т байгаа хүмүүсийг бүгдийг нь суллах хэрэгтэй. Улстөрчид нь хүн алж болоод яадаг ч үгүй, харин жирийн иргэн шүүхийн өмнө шүүгддэг байж болохгүй шүү дээ. Хэрвээ энэ удаа л тэр үймээний эздийг олж хариуцлага тооцож, улстөр­чид нь ч улс төрийн хариуц­лага үүрэхгүй бол 2012 онд Монгол Улсаа тэр чигээр нь шатаах хэрэг үү. Тэгэхээр энэ удаа үүрэх хариуцлагаас их юм шалтгаална. Энэ хоёр нам тэр хэрэгт яах аргагүй холбоотой. Ийм үед энэ хоёр нам нэгдэх юм бол хариуц­лага тооцож чадахгүй. Тий­мээс л би маш их харамсч үзэл бодлоо илэрхийлж байна.

-Хэрвээ хуулийн бай­гууллага танай намыг бу­руут­гавал хариуцлагаа хү­лээж чадах уу?
-Хүлээх ёстой. Аль нам нь хамаагүй, хариуцлага л хү­лээх ёстой. Харин хэргийн эзэд нэгдэж байгаа бол хариуцлага гэж юм байхгүй болно л доо.

-Та Баяр даргыг ийм айхтар шүүмжилж байгаа атлаа УИХ-ын нэгдсэн чуул­ган дээр түүнийг дахин Ерөнхий сайд болоход дэмжсэн шүү дээ. Яагаад тэгсэн юм бэ?
-Намын дүрмээ хүн­дэт­гэ­сэн. Сонгуульд ялалт бай­гуул­сан намын дарга Ерөнхий сайд болно гэсэн заалт бий. Тийм учраас дэмжсэн. Бас юм арай болоогүй байна. Засгийн газар бүрэлдээгүй байна. Баяр дарга алдаагаа залруулж дангаараа Засгийн эрхийг барьж болно шүү дээ. Хэрвээ галт тэрэг хөдөлчихлөө гэж бодоход зөв хүмүүстэй хам­тарч Засгийн газраа байгуулж бас болно. Намууд нэгдэж ажиллаж болно. Гагцхүү бо­ловсролтой, зөв хүмүүсийг олж ажиллуулах л хэрэгтэй.

-Танай нам Энхболдын Засгийн газартай хариуц­лага тооцоод ээлжит бус хурлаа зарлан байж огц­руулж байсан. Тэгэхээр Баярыг энэ мэт байх юм бол бас огцруулчихаж чадна биз дээ.
-Үүнийг намын гишүүд л шийднэ. Би яг одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Таныг үе, үе хатуу үг хэлчихдэг болохоор хүмүү­сийн дунд энэ удаа хүлээлт үүссэн байх. Тэгээд "Ар­вин хамтарсан Засгийн га­зарт сайд болох гээд үгээ хэлэхгүй байна" гэсэн таа­маг бий болоод байгаа...
-Энэ талаар надад хэлэх үг бий. УИХ-д удаа дараа сонгогдож улстөрчийнхөө хувьд аль нэг салбарыг аваад явж чадахаар потенциал ху­римт­луулж чадсан. УИХ-ын гишүүдээс сайд сонгох үед би сайд болох боломжтой. Хугацаа нь ч болсон. Гэхдээ би албан тушаалын төлөө ард түмнийхээ, сонгогчдынхоо итгэл найдварыг уландаа гишгэж чадахгүй. Надад сайд болох боломж байсан. Гэвч би болоогүй. Тиймээс намайг албан тушаалаар худал­даг­дах вий гэж хардах хэрэггүй. Тухай бүрт нь би үгээ хэлж л байсан. Цаашид ч хэлэх л болно.

-Ерөнхий сайд Баяр сая­хан "Дөчин мянгатын атаманууд" гэдэг гэмт хэ­рэгтэн, халаасны хулгайч, дээрэмчдийн тухай бичсэн номонд өмнөх үг бичсэн байна билээ. Ямар сонсог­дож байна?
-Ойлгохгүй байна. Юун дөчин мянгатын атаманууд вэ. Дөчин мянгат гэж социа­лизмын үед манай улсын хамгийн ялзарсан газар бай­сан биз дээ. Ардын хүүх­дүүдийг ялгаварлан гадуурх­даг, хүнд сурталтнууд амь­дар­даг тийм л газар байсан шүү дээ. Тэндээс л манай нийгмийн завхрал бий болж байсан. Чадалтай, шударга боловсон хүчнүүдийг хэлмэг­дүүлж, хөдөө цөлдөг байсан эрх мэдэлтнүүд тэнд амь­дар­даг, тэнд бүгдэг байсан. Харин тэд одоо устаж үгүй болж цаг сайхан болсон.

Одоо бол ардчилсан нийгмийн үед сайхан сайхан шинэ хороол­лууд босч тийм муухай газар байхгүй болсон шүү дээ. Тэгэхээр юун дөчин мянгат вэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.