Олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамбын ээж хэвлэлд анх удаа ярилцлага өглөө

2008/09/18
Share |
Олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамбын ээж хэвлэлд анх удаа ярилцлага өглөө

Монголчууд бид зуны 29-р олимпийн наадмаас хос алт, мвнгөн медалиар энгэрээ мялааж хөлгүй их баяр цэнгэлд умбасан цаг саяхан. Олимпийн медалтнуудын амьдрал, ар гэр гээд тэдний тухай бүхнийг мэдэх гэсэн хүсэл бараг хүн бүхэнд байсан. Тэдэн дундаас хүмүүсийн хайрыг хамгийн ихээр шатсан хүн бол хүүхэд зангаа ч орхиж амжаагүй жаахан шар хүү. Сэрдамбын тухай “Түүний амьдрал тийм ч дардан бус. Ээж нь бага байхад нь хаяад явчихсан, аавтайгаа амьдардаг. Ядуу даржин амьдралаар өссөн, Хаяад явсан ээж нь архичин гэсэн” гэж амтай бүхэн л ярьж байгаа. Харин сайн муугаараа хэлэгдэн олны амны бай болоод байгаа тэр ээж хүүгийнхээ тухай, амьдралынхаа тухай анх удаагаа манай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Удаан уулзаагүй ээж хүү хоёрын аминчхан шивнээ, ээждээ эрхлэх хүүгийн нялхамсуу төрх, гоморхсон сэтгэлийн тунирхуу ааш, тунирхал тайлсан дулаан үгс гээд энэ бүхэнтэй хамтдаа байж илэн далангүй хөөрөлдөхөд үнэхээр таатай байсан гэдгийг энд хэлэх нь илүүц биз. Бээжингийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулж, олимпийн мөнгөн медалийг эх орондоо авчирсан хүүгээрээ бахархсан ижий нулимс дуслуулан сэтгэлийг үгээ ийн хүүрнэж байна.

Миний хүү ээжийн биш, эх орны хүү боллоо

-Юуны өмнө монголын ард түмний бахархал болсон сайхан хүү төрүүлж өсгөсөнд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Миний хүү зөвхөн ээж аавын хүү байсан бол өнөөдөр ард түмний хүү болж, эх орныхоо нэртийг дэлхийд гаргасанд нь их баярлаж сууна. Тулгамдаад юу гэж хэлэхээ мэдэхгүй сандраад байх юм. Хүүгээрээ л их бахархаж байна даа. /Нулимсаа арчив.Сур/
-Хүүгээ олимпын дэвжээн дээр ялалт байгуулан, мөнгөн медалийн эзэн болж байх агшны сэтгэдлийг тань эргээд нэг дурсая гэж бодлоо. Тэмцээнийг нь үзсэн биз дээ?
Ээж: -Яг хараад сууж байхад нүдний нулимс урсаад сайн харж чадахгүй хэцүү л байсан. Болдог бол зурагтан дотроо орчихмоор л санагдаж, би гэдэг хүн чинь наана нь дэвээд л байлаа шүү дээ. Тэмцээн эхлэхийн өмнөхөн бурхандаа зул хүж барьж, цайныхаа дээжийг өргөж их залбирсан. Ямар ч гэсэн миний хүү зорьсондоо хүрсэн. Монголын дөрвөн сайхан хүү олимпоос медаль авч ард түмнээ баярлууллаа. Сүүлд хүүгээ медалаа гардаж, монгол төрийн далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулаад зогсож байхад сэтгэл догдлоод бушуухан шиг хүүгээ үнсэхсэн гэхээс их яарч, хоёр хоног нойр хүрэхгүй байлаа. Бас мөр нь яасан бол гэж санаа зовоод.
-Хүүгийн тань мөрний гэмтэл сэдрээд өрсөлдөгчдөө бууж өгөхөд юу бодогдож байв. Алтан медаль авч чадаагүйд нь харамсав уу?
Ээж: -Үгүй ээ. Нэг их харамсаж сүйд болсонгүй. Хичнээн хол байсан ч хүний эх гэдэг заавал үр хүүхдийнхээ төлөө гэж байдаг юм хойно санаа зовоод л байлаа. Жингээ барих гэж их хичээсэн дээр нь мөр нь гэмтэлтэй байсан болохоор их л тамирдсан шинжтэй харагдсан. Гараа өргөж чадахгүй дэвжээн дээр зогсож байхад нь санаа зовоод “Бушуухан буугаад өгчихөөсэй. Мөнгөн медаль авсан юм чинь болох байх” гэж бодсон. Миний хүү чинь жаахан байхдаа нэг удаа сүрхий хүнд шарлаж байсан юм. Тийм болохоор тэмцээнд явах бүрийд нь “Миний хүү элэг дэлүүгээ цохиулчихав, хичээж сайн хамгаалж яваарай” гэж захидаг. Сая ирэхэд нь нүдээ, мөрөө сайн эмчлүүл гэж хэлээд сууж байна. Миний хүү алтан медаль авах л байсан. Гэхдээ яадгийм, эх орондоо мөнгөн медаль аваад ирнэ гэдэг чинь болоош дээ. Дараа дараагийн тэмцээн байна. 2012 оны олимпоос алтан медаль авна шүү дээ гэж хүүгээ тайвшруулсан.
Хүү: -Ирчихээд ээж дээрээ ирэхэд хамгийн түрүүнд миний сэтгэлийг зассан сайхан үг хэлээд тэврэхэд нь их баярлаж дараа дараагийн олон тэмцээнд илүү амжилт гаргана гэж ээждээ бас өөртөө амалсан.
-Гавъяат маань багадаа ямархуу хүүхэд байв. Хүүгээ ийм том тамирчин болно гэж бодож байв уу?
Ээж: -Миний хүү жаахан байхын их овсгоотой, сэргэлэн хүү байсан. Тэр байтугай дөнгөж зургаан настай байхдаа хөдөө оччихоод адуу хөөсөн хүнтэй уралдаад түрүүлээд давхиад ирдэг байлаа. Тэгэхэд хүмүүс “Хөөө танай энэ жаахан шар юм чинь ямар хурдан юм. Адуу хөөгөөд давхиж байхад түрүүлээд ороод ирлэээ” гээд гайхаж байсан. Зуны амралтаараа хөдөө гадаа явахдаа. бага нь болохоор дандаа энийгээ аваад явна. Хөдөлгөөнтэйн дээр нэлээд дүрсгүй байсан даа. Хөдөлгөөнөө дагаж явоаар л тамирчин болчихлоо.
Хүү: -Би аавдаа зодуулж үзээгүй болохоор хааяа нэг ширүүхэн дуугараад үг хэлэх юм бол уйлчихдаг байсан. Тэгсэн хэрнээ ээжийг аймаар цохиж байхад огт уйлахгүй. Манай ээж их ажилсаг. Өглөө ажилд явахаасаа өмнө бид нарыг бүх хувцсыг, бүх юмыг нь бэлдээд, гэр орноо цэвэрлээд гял цал болгочихоод явна. Бид нар жоохон байсан болохоор дорхноо буулгаад хаячихна. Орой ээжийг ирж байгаа бараанаар санд мэнд янзалсан болно. Тэглээ гээд ээж шиг цэвэрхэн болгож чадах биш. Ээж орж ирээд гэрээ тойруулж харчихаад худлаа сайхан зан гарч байгаад бүгд цугларангуут хаалгаа түгжиж аваад гурилын модоо бариад босно. Ханан пийшинтэй зэрэгцүүлж байгаад л зодно шүү дээ. Би жаахан болохоороо голд нь ороод зогсчихоор зодуулахгүй. Захад зогсдог хоёр ах л нэлээн авахуулдаг байсан даа. /Инээв.сур/
Ээж; -Би ганц охин гээд бас бага нь гээд энэ хоёрыг зодохгүй. Харин том хүүгээ сайн авна шүү. Манай хоёрдахь хүү пийшингээ тойрч гүйж байснаа үсрээд чардакан дээр суучихна. Тэгээд ээжийн уур гарсан уу гэж асууж байгаад бууж ирдэг их сэргэлэн хүү байсан. Олон хүүхэд дунд янз бүрийн л хүүхэд байх юм. Манай дунд хоёр хүү аягүй яриа бол .Сэрдамба маань их дуугүй. Харин сүүлийн үед олон улс орноор явж, хүмүүстэй уулзаж учирдаг болсноос хойш овоо нүүр хагарч байх шиг байна.
-Өнөөдөр хүн бүхэн саймшран хүүгтань дагаж гүйгээд л байна. Ингээд ирэхээрээ хүнийг буруу зам руу хөтөлчихдөг манай монголчуудын нэг муухай зан байдаг. Яг зэрэгцээд сууж байхдаа хүүдээ юу гэж захимаар байна?
Ээж; -Ард түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж явна гэдэг тийм ч амар олддог зүйл биш. Үүнийг дагаад их том хариуцлага ирж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тийм учраас миний хүү хүн зонтой эвтэй найрсаг, юмны наана цаана, муу сайныг сайн ухаарч амьдралаа зөв, хань ижилдээ, эцэг эх, үр хүүхэддээ халамжтай яваарай гэж хэлмээр байна. Тэр болгон хүүдээ ийм дотно үг хэлээд байх боломж гардаггүй болохоор хажууд чинь хэлж байна.
-Ээжтэйгээ зэрэгцэн суугаад ийм сайхан үг сонсоход ямар санагдаж байна?
Хүү:-Ээждээ үнсүүүлээд бас ийм сайхан үг сонсож суугаадаа их баяртай байна. Сэтгэл дүүрээд сайхан санагдаж байна. Мэдээж ээжийнхээ захиснаар хүү нь ард түмнийхээ итгэлийг дааж, сайн явахыг хичээнэ. Ингээд сууж байхад гоё байна. Ер нь ээжтэйгээ уулзахаар гоё байдаг ш дээ. Би бэлтгэл энэ тэр гээд ээж аавтайгаа байнга уулзаад хамт байгаад байж чаддаггүй. Халуун ам бүлээрээ сайхан суугаад хоол идээд гоё ярилцаагүй их удсан байна. Тэгж байгаад /эр бүлээрээ нэг хоолонд ороод багын сайхан хөгжилтэй, аз жаргалтай үеүдээ дурсана гэж бодож байгаа. Ер нь халуун ам бүлээрээ байх сайхан ш дээ.

Онгоцны буудал дээр угтсангүй гэж хүүгээ гоморхохоор нь автобусанд суугаад ч болов очдог байж гэж бодсон

-Сэрдамбыг онгоцноос буухад аав, ах нар нь угтсан. Ээж нь харагдахгүй болохоор олон хүн гайхаж байх шиг байсан. Та тэр өдөр яагаад очоогүй юм бэ?
Ээж: -Уг нь тэр өдөр очъё гэж их бодож байсан. Дарь-Эхэд байдаг том хүүгээ нисэх рүү явахдаа намайг аваад яваарай гэсэн чинь яараад ирэлгүй явчихсан байна лээ. Том хүүгээ “Намайг аваад явсангүй” гээд загнаад л хоцорсон. Цаг нь болчихсон тэгээд ч надад явах унаа олдоогүй болохоор амжаагүй. Гэтэл хүү минь намайг онгоцны буудал дээр байхгүй болохоор их гомдсон гэсэн. Түүнийг нь сонсоод аргалаад автобусанд суугаад ч гэсэн очдог байж гэж бодсон. Гэхдээ хүү минь Дэнжийн мянгад гэртээ оччихоод шууд ээж дээрээ хүрээд ирсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа хальтхан уулзаж байна. Ирэнгүүтээ л “За ээж ээ ажилтай болчихлоо” гээд гараад явна. Утас нь ч байнга яриад завгүй байх юм. Нэг сайхан уулзаж ярилцах юмсан гэж бодоод байгаа. Миний хүү ч тэмцээн, бэлтгэл гээд явчихгүй бол дандаа ээж дээрээ ирдэг.
Хүү:-Онгоцноос буухад монголын ард түмэн бүгдээрээ биднийг угтсан шүү дээ. Гэхдээ би дотроо ээж аав, ах эгч нар маань бүгдээрээ халуун ам бүлээрээ угтаасай гэж их хүссэн. Гэтэл ээж маань харагдахгүй болохоор жаахан гомдоод. Гэртээ оччихоод шууд ээж дээрээ ирсэн. Ирж нэг үнсүүлээд аяга цай уугаад яаран гарсан. Талбай дээр ард түмэнтэйгээ уулзах уулзалттай байсан болохоор тухтай гурван үг ч сольж амжаагүй. Тэрнээс хойш олон уулзалт, хүлээн авалт гээд өнөөдрийг хүртэл ээжтэйгээ тухтай уулзаж амжаагүй явна. Харин тантай хамт цаг гарган уулзсных одоо нэг хоёулхнаа тайван ярилцаад авна даа.
-Удахгүй хүүгийн чинь гавъяатын, байрны бас хуримын гээд олон найр наадам болно. Мэдээжтэр бүхэнд хүү чинь таныг хамт байгаасай гэж хүсч байгаа?
Ээж: -Тэгэлгүй яахав. Өчигдөр хүүгээ ирэхэд нь бид хоёр энэ тухай яриад л авсан. Гавъяатын, байрны найранд ээж нь байх юм байгаа биз дээ гэсэн чинь “Байлгүй яах юм. Харин ч та хамгийн хүндтэй суудалд сууна шүү дээ” гээд инээдэм болж байлаа.
Хүү: -Харин тийм ээ. Ээж надаас тэгж асуугаад бид чинь бөөн инээдэм боллоо ш дээ. Мэдээж миний сайн муу бүх зүйлд ээж минь хамт байх ёстой болохоор юу гэж ээжийгээ орхихов. Тэгээд ч ээж минь удахгүй бас нэг ачтай болно. Тэр үед хамгийн хэрэгтэй хүний нэг болно ш дээ. /Инээв.сур/
-Одоо найз бүсгүйтэйгээ хамт байгаа юу. Байрандаа засвар хийгээд байгаа дуулдсан?
Хуу: -Манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өгсөн нэг өрөө байрандаа саяхан орсон. Шинэ байранд юун засвар байхав даа. Зүгээр дотор обойгоо нааж тавилга энэ тэрээ авч тохижуулсан. Удахгүй халаалт ирэхээр аавыгаа бас аавтай хамт байдаг зээ дүүгээ авчирна. Тэгээд дөрвүүлээ амьдарна даа. Удахгүй тавуулаа болох гэж байгаа болохоор гэр орноо тохижуулаад шинэ хүнээ хүлээж байна. Сэтгэлзүйн хувьд аав болоход маш их бэлтгэлтэй байгаа. Ямар ч байсан орон байртай болчихлоо. Би өөрөө тийм хангалуун амьдралаар өсөөгүй болохоор хүүхдээ дутагдах гачигдах зүйлгүй сайхан амьдруулахыг хүсэж байна даа. Уг нь болдог бол ээжтэйгээ хамт байхсан гэж хүсдэг. Гэхдээ нэгэнт тусдаа амьдарч байгаа хүнийг яахав дээ.
-Хүүхдээ төрөхөөс өмнө хуримаа хийнэ биз дээ. Бас гавъяатын найр байна?
Хүү: -Хурим хийх асуудлыг манай эхнэр шийднэ. Эхнэр маань хуримаа хийнэ гэвэл хийнэ. Хийхгүй гэвэл хийхгүй. Би бол яасан ч яахав. Гэхдээ эмэгтэй хүн хуримаа хийхээр их сайхан болдог гэсэн. Нэр хүндтэй тэгээд ч амьдралын тэр сайхан үеэ хожим дурсаж суухад ч сайхан шүү дээ. Гавъяатын найрын хувьд хийж л таарах байх даа. Яг үнэндээ тэр найраа аятайхан хийхгүй бол болохгүй. Тиймээо сайн бэлдэж байгаад нэг их удахгүй хийнэ. Хийхгүй бол хүмүүс муу хэлнэ биз дээ.
Ээж: -Энэ хоёр чинь үерхээд 3, 4-н жил болж байна. Би ч анхандаа жаахан дургүй л байсан. Өөрсдөө хүүхдээрээ байж үөрхэж гүйгээд гээд л. Үр хүүхэд нь сайн хань ижилтэй болвол ээж аавын аз жаргал тэр шүү дээ. Хамгийн гол нь бие биендээ халамжтай, үнэнч байх хэрэгтэй. Амьдралд зовлон жаргал янз бүрийн л юм таарна. Тэр бүгдийг хамтдаа ялан дийлж, шантарч болохгүй гэж би хэлээд л байгаа.
-Мэдээж бэрээ амаржахаар та очно биз дээ?
Ээж: -Тэгэлгүй яахав. Манай энэ хоёр чинь хоёулаа оюутан болохоор би л хүүхдийг нь харж өгөх байх даа. Гэхдээ энэ хүүхдүүдтэй чинь яг нэг гэрт ороод байна гэхээр бас бүтэхгүй ээ. Мань шиг юм нь хэлэх хэлэхгүй үг хэлчихнэ. Сэтгэлд нь юм оруулчихвал төвөг. Хүүхэд шуухад нь гараад ирэхээр манай хэд намайг хүүхэд хараад өгөөч гээд гуйдаг. Тэгэхээр нь би “Чадахгүй ээ. Та нарыг өсгөх гэж нэг зовлоо. Одоо бас хүүхдийг чинь харах болж байна уу. Төвөг төвөг” гээд эхнээс нь загнаад л байж байна. Манай охины нэг хүү над дээр өлгийтэй байхдаа ирсэн. Сая сургуульд ороод Дэнжийн мянгад өвөө дээрээ очсон. Манайх чинь нэг охин дөрвөн хүүтэй. Байнга над дээр ирнэ. Хүүхдүүдийн аав нь гэсэн манайхаар байнга ирж очдог.

Нэгэнт болохгүй амьдрал яаж ч хичээсэн бүтдэггүй юм билээ

-Тавын таван хүүхэдтэй байж салах шийдвэр гаргахад тухайн үед нэлээн хүнд байсан байх даа?
Ээж: -Нэгэнт болохгүй амьдрал гэдэг яаж ч хичээсэн бүтдэггүй юм билээ. Бид хоёр салаад арван хэдэн жил болж байна. Яахав дээ, таарч тохирохгүй түр тар хийгээд болохгүй болохоор нь тусдаа амьдрах болсон. Түүнээс биш манай хүүхдүүдийн аав архи арс уугаад хүн зовоогоод, зодож нүдээд байдаггүй их даруухан хүн. Салж сарнилаа гээд хэдэн хүүхдээ хаясангүй, хоёр талаас хамжин өсгөж хүмүүжүүлээд өдий хүргэлээ. Хэдийгээр тусдаа амьдарч байсан ч бид хоёр хүүхдүүдээ хайраар дутаалгүй өсгөсөн. Бага нь болохоор Сэрдэмба 12 нас хүртлээ над дээр байсан. Тэгж байгаад аав дээрээ очлоо гээд яваад өгсөн. Хүүхдүүдийн минь аав мах комбинатын ясны үйлдвэрт ажиллаж байгаад Сэрдамбыг төрсөн жил бие нь муудаж нэлээн хэдэн жил эмнэлэгээр явсан. Олон бага хүүхэдтэй, дээр нь ажлаа хийнэ, нөхрөө асарна гээд миний амьдралд хүнд үеүд байсан. Гэхдээ би нөхрөө өвчтэй байхад нь биш эдгээд гайгүй болсон хойно нь салсан. Одоо ч гэсэн бие нь сайнгүй байгаа бололтой байсан. Хэдэн хүүхдүүд тал талаас нь асраад гайгүй л байна.
-Арван хэд хүртлээ ээж дээрээ байсан хэрнээ яагаад аав дээрээ оччихсон юм бэ?
Хүү: -Миний яг дээд талын хоёр ах аав дээр байдаг байсан. Тэгээд ахтайгаа тоглож нйадаад тэнд байх сайхан санагдсан юи байлгүй нэг мэдэхэд “Ааваа би тань дээр байя” гээд л хэлчихсэн. Тэгсэн чинь аав “Дараа нь битгий олон юм яриад байгаарай” гээд тэнд амьдрах болсон. Тэгсэн хэрнээ аав ээж хоёрын дунд их явна аа. Энд ч ирж эрхлээд, тэнд ч очиж эрхлээд л явдаг байлаа.
-Та ийм шийдвэр гаргасандаа харамсаж байв уу. Өнөөдрийн амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна?
Ээж: -Нэгэнт өөрөө хийсэн сонголт болохоор харамсдаггүй. Одоохондоо нэг их дээшээ гараад бас доошоо ороод сүйд болсон ч юм алга. Манай хүн хот тохижилт компанид жолооч хийдэг байсан. Группын хэдэн төгрөгөөр болгож л байна. Хүүхдүүд нь бүгд тусдаа гарчихсан болохоор янз бүрийн зан ааш байхгүй ээ. Би чинь их бие муутай болчихсон хүн. Зүрх, бөөр өвдөнө. Даралт ихсэж, багасдаг болохоор ажил ч хийж чадахгүй. Анх 17 настай байхдаа Max комбинатад ажилд ороод тэрнээс хойш татан буугдтал ажилласан. Одоо ажил хийе гэхээр нас зааглаад ажил олдохгүй юм.
-Гадаадад уралдаан тэмцээнд явж байгаад ирэхдээ ээждээ бэлэг авчирч байсан уу?
Хүү: -Мөнгө багатай явдаг болохоор тэр болгон бэлэг авчирч байсангүй. Нэг удаа монётон ээмэг авчирч өгсөН. Аавдаа бол айлын ноён нуруу эр хүн гэдэг үүднээс ганц юмтай ирнэ. Намайг чемоданаа онгойлгохоор нь хараад суучихна. “Ааваа юм авчраагүй шүү” гэхээр шууд л “Яаж байгаа юм” гэж байгаа юм чинь. Би ч худлаа цаашлуулж байгаад өгөхөөр их баярлана. Үргэлж уудаггүй ч гэсэн хааяа миний хүүгийн авчирсан юм гээд их баярлана.
Ээж: -Хүүгийнхээ авчирч өгсөн ээмгийг нэлээн удаан зүүсэн. Сүүлд өрөөснийг нь.хаячихаад их харамссан. Гэхдээ миний хүү тэмцээн болгоноос ялалттай ирж ээжийгээ баярлуулдаг сайн хүү. Сая ээжийгээ битгий хэл монгол түмнийг, дэлхийг баярлууллаа шүү дээ. Түүнээстом бэлэг гэж юу байхав. Миний хүү ч ээжийн хүү биш эх орны хүү боллоо доо. /Хүүгээ үнсэв.сур/
-Жингээ нэмэгдсний хэрээр өгсөж өөр жинд боксоо тоглож болдоггүй юм уу?
Хүү: -Би анхнаасаа 48 кг-ийн жинд зодолдоод сурчихсан. Тэгээд ч энэ жиндээ амжилт гаргах илүү магадлалтай болохоор тэмцээний үед жингээ барих гэж их хичээнэ. Жирийн ОУ-ын тэмцээнд бол 51 кг-д зодоглочихдог. Яг олимпод жиндээ байхгүй бол болохгүй. Бараг 5-6 кг хаях гэж маш их бэлтгэл хийдэг болохоор тэр үед их тамирддаг.
-Олимпоос медаль авчирсан тамирчдад шагналын хур маш их буусан. Хүмүүс ч та нарыг их баян болчихсон гэж ойлгоод байгаа?
Хүү: -Тэмцээн дууссан цагаас эхлээд манай Монголчууд маш их зүйл амласан байна лээ. Одоогоор би засгийн газраас өгсөн 60 саяасаа та.вараа төлөөд бас багшдаа хуваагаад 60 хувийг нь авсан. Дүнжингарав компаниас 500 мянган долларын 10 хувь 50 мянган доллар авсан. Шүүхийн шийдвэрийн өгсөн нэг өрөө байрандаа орчихлоо. Эрдэнэт үйлдвэр байраа сонгоод хариу өгөнгүүт мөнгийг нь шилжүүлнэ гэсэн. Шунхлайгаас бензинээ, “Мон милк”-ээс сүүгээ авч байгаа. Цанын баазын үйлчлүүлэх эрхээ авсан.Өөр ганц нэг юм байгаа. Санаанд орж ирдэггүй ээ. Дээр нь хэлэхэд алхам тутмаа хянаж явахгүй бол хүний аманд багтчих гээд хэцүү юм аа.
-Нээрээ чамайг ар өвөр хоёр хангай булаацалдаад байгаа сурагтай байсан. Ингэхэд яг аль нутаг вэ?
Хүү: -Аав маань Өвөрхангайн Хархориных юм байна лээ. Дээр аав жаахан сандраад буруу хэлчихсэн гэсэн. Тэгэхээр би аавынхаа нутгаар овоглогдон Өвөрхөнгайн хүн болж таараад байгаа.

эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley bDWbNS http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.14  2015-08-10 14:18:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.