Ганбуушын бодит амьдралаар хийгдэх баримтат кино олон улсад цацагдахаар болжээ

2008/09/18
Share |
Хүмүүс: Ганбууш | 
 Ганбуушын бодит амьдралаар хийгдэх баримтат кино олон улсад цацагдахаар болжээ

Ганбууш: Бусдын адил эрх чөлөөгөө эдэлж чадахгүй “хэн ч биш” яваадаа харамсдаг
-Таныг кинонд тоглох гэж байгаа гэж сонссон. Тэгэхээр энэ тухай яриагаа эхлэх үү?
-Кинонд тоглох ч гэж дээ. Ирэх 12 сард болох дэлхий нийтийн хүний эрхийн өдөрт зориулан монголд хүний эрхийн асуудал хэрхэн зөрчигддөг вэ гэдгийг миний сүүлийн үеийн амьдралаар харуулсан баримтат кино хийгдэх гээд ажилдаа ороод явж байна. Урьд нь надад “Чиний амьдралаар уран сайхны кино хийе” гэж гадаад дотоодын олон кино найруулагч санал тавьж байсан. Үнэндээ тэр хүмүүс намайг ашиглаж мөнгө олох гэсэн зорилготой байсан болохоор би зөвшөөрдөггүй байсан. Гэтэл нэг найруулагч зоригтой хөдөлж “Монголд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгааг чамаар дамжуулан кино хийе” гэхэд нь би тэр хүний эрх гэдэг үгэнд нь сэтгэл хөдөлж шууд зөвшөөрсөн. Нэрийг нь хэлээд яахав. Кино гарсны дараа хүмүүс мэдэх биз. Олон улсад орчуулагдаж гарах юм гэсэн. 20-30 минутын баримтат кино. Хувцас хунар гээд ивээн тэтгэж байгаа газар олон бий. Үнэхээр Ганбууш Монголд эрх чөлөөтэй амьдарч чадахгүй байна. Хуулинд заасан эрхээ эдэлж чадахгүйгээс болоод гудамжинд гарахдаа тулаад байна.
-Нэлээн эртхэн таны тухай “Чөлөөт ертөнц” гээд нэг кино шиг юм гараад байсан. Тэрнийг хэн хийсэн юм бэ?
-Аа тэр үү. “Нирун”-ы Батсайхан тэрнийг чинь хийсэн юм. Үнэнийг хэлэхэд тэр кино нь аягүй учир дутагдалтай, инээд хүрмээр юм байсан гэдгийг энд хэлчихье. Ер нь Батсайхан хүнийг ашиглахын төлөө л байдаг хүн. Тэр үед намайг сонингууд сонирхдог байснаас биш камер сонирхдоггүй байсан болохоор би сайхан үгэнд нь итгээд ашиглуулчихсан байхгүй юу. Уг нь би нэртэй төртэй элит гаралтай айлын хүүхэд, доороо өчнөөн дүүтэй. Баргийн хүнд ашиглуулаад байх хүн ч биш. Тэрнээс хойш ёстой хаширсан. Харин энэ удаа миний сэтгэлийг байнга зовоож явдаг хүний эрхийн тухай ярьж намайг уяраасан болохоор нь зөвшөөрсөн хэрэг. Өнөөдөр манайд би байтугай жирийн иргэд хүртэл эрх чөлөөгөө эдэлж чадахгүйгээс болж манайд ямар олон муухай үйл явдал болж байна гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Монголд монголын иргэн нь үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадаж байна уу гэвэл үгүй гэж хариулах хүн олон бий. Жишээлбэл өнгөрсөн 7-р сарын нэгний үйл явдлаас болоод хичнээн хүн эрх чөлөөгөө хасуулаад шоронд хоригдож байна. Наад захын жишээ нь саяхан баривчлагдсан “Буян”-гийн Жагаа байна. Үнэн үг хэлснийхээ төлөө өнөөдөр тэр хүн буруутгагдаад хоригдож байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байна. Тэгэхээр би тэр хүний тухай өмөөрч яримаар санагдаж байна.
-Яагаад “Буян”-гийн Жагаа гэж. Ганбууш гэнэт Жагааг өмөөрөөд эхлэхээр олон хүн гайхаж, учир шалтгааныг нь олох гэж гүйх байх даа?
-Энэ хүнийг би хувь хүнийх нь хувьд хүндэтгэж явдаг. Түүнээс биш бид ямар ч холбоогүй. Тэр хүнтэй би нүүр тулан уулзаж байсангүй. Зүгээр л хэдийгээр тэр хүн монголын улс төрд муу нэртэй ч хийсэн юмтай хүн. Манайд ямар олон том аж үйлдвэрүүд байлаа. Гэтэл өнөөдөр нэг нь ч байхгүй. Бөөн түрээсийн хятадууд тэнд монгол ажилчдын хөлс хүчийг сороод сууж байна. Харин тэр олон дампуурал дундаас Жаргалсайхан ганцаараа хамаг хөрөнгөөрөө дэнчин тавьж, Монголын ноолуурыг гадаадад алдчихалгүй авч үлдсэн, дэлхийн тавцанд гаргаж чадсан гавъяатай хүн. Барьж чадахыгаа бариагүй байж яагаад Жаргалсайханыг хориод байгаа юм бэ. Дахиж УИХ-ын гишүүн болоогүй болохоороо тэр баривчлагдсан. Хэрвээ УИХ-ын гишүүн болчихсон байсан бол хэзээ ч хоригдохгүй. Монголд ийм л байна ш дээ. Тийм хүн өнөөдөр хэн ч биш болж байхад нөгөө хүн бүхэнд адлагдаад явдаг Ганбууш ёстой л хэн ч биш байхгүй юу. Над шиг хэн ч биш болсон тэр олон хүмүүсийн өмнөөс би дуугарч байгаа юм. Түүнээс биш Жаргалсайхантай хамаатай болоод түүнийг өмөөрч байгаа юм биш.
-Сайн муу аль ч талаараа танигдаж, Монголд од болж яваа хүн өөрийгөө хэн ч биш гэхээр бусад нь хэн болж таарах вэ?
-Би тэр од мод гэсэн үгэнд чинь дургүй. Ардчиллын буянаар би далд ертөнцөөс салж, энэ нийгэмд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөж олны танил болсон. Хүн бүхэн намайг таньж байна. Гэхдээ надад эрх чөлөөтэй байж, тайван амьдрах боломж лав л Монголд алга. Уг нь би Монгол улсын иргэн гэсэн үнэмлэхтэй. Тэр утгаараа өөрийнхөө бодлыг л хэлж байна. Гэхдээ хэн ч биш гэдэг үгийг би улс төрийн хүрээнд өөрийгөө Жаргалсайхантай харьцуулж хэлсэн юм шүү. Түүнээс би урлагт бас ч гэсэн хийсэн юмтай хүн. Надад Буриад улсын СТА, ҮЭ-ийн СТА, Соёлын яамны СТА гээд гурван ч тэмдэг, үнэмлэх байна. Намайг гурван СТА-тай байлаа гэж сонинд бичээгүй. Харин ч Ганбуушийн сөкс аялал гадаад дотоодод гэж ирээд л бичдэг шүү дээ. Надаас ч илүү гавъяатай хүмүүс өнөөдөр траншейнд явж байхад би яахав. Миний хаалгыг ядуурал тогшиж байна. Би ард түмэн гэж том яриад яахав. Зөвхөн өөр дээрээ ярихад ийм л байна. Маргааш тэр буудал маань намайг хөөгөөд гаргахад би хаана очих вэ. Траншөй юм уу өвгөнтийн хөндийд очих байх. Эндээс л миний эрх хэрхэн зөрчигдөж би
нийгмийн золиос болоод байна гэдгийг харж болно.
-Нэг хэсэг телевизэд ажиллаад байсан. Одоо хаана юу хийж байна?
-Би сүүлийн таван жил телевизтэй холбогдон тэндээс амьдралаа залгуулаад явж байна. Анх “Бахархал” нэвтрүүлэг хийж эхэлж байхад STV-ийн захирал Долгион намайг сайхан хүлээн аваад тэр сувгаар би дөрвөн жил нэвтрүүлгээ цацсан. Дараа нь TV8-aap нэвтрүүлэгээ гаргадаг байлаа. Эфирт гардаггүй болохоос цаана нь би л хийдэг байсан байхгүй юу. Харин саяхнаас нэвтрүүлгээ хийгээд телевизүүдэд хандсан чинь нэвтрүүлгийг минь сайн гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ хийсэн хүн нь Ганбууш гэхээр нь шууд харьцахаа больж байна. Уг нь би нэвтрүүлгийнхээ төлөө тухайн телевизэд мөнгө төлдөг. Үнэгүй эфир аваагүй ш дээ. Манин хүн гэхээр хамт олонтой болж ажиллаж болохгүй юу. Гэхдээ намайг хүлээн зөвшөөрч хамтарч ажилладаг байсан STV, TV8, Соёмбо телевиздээ баярлаж явдгаа энэ дашрамд дамжуулчихъя.
-Хүмүүс таныг дээд зэрэглэлийн буудалд амьдарч машин хөлөглөөд явдаг болохоор их баян хүн гэж ойлгодог?
-Энэ чинь миний амьдралын өнгөн хэсэг. Мэдээж хүмүүс гаднаас нь хараад тэгж бодно. Түүнээс биш миний дотоод сэтгэлийг ойлгож шууд хүлээн зөвшөөрдөггүй олон хүн байдаг. Найз нөхөд гэдэг мөртлөө яг олон нийтийн дунд уулзах юм уу, ажил дээр чинь яваад очъё гэхээр жийрхдэг. Хүмүүсийн яриад байдаг шиг би баян хүн биш. Надад эдлэн газар, үнэтэй хаус байхгүй. Ганц өрөө байргүй хүнийг баян гэж хэлэх үү. Өнөөдөр намайг ямар ч төрийн байгууллага ажилд авахгүй байгаа. Хувийн байгууллагад ажиллая гэхээр телевизүүд намайг хүлээж авахгүй байна. Ядуу гээд траншейнд орсонгүй. Яахав дээ, монголчуудын дундуур амьдрал дунд би явж байна. Өнөөдөр 60 дөхөж яваа хэрнээ би тэтгэвэр авдаггүй. Нараа шиг группын мөнгө авдаггүй. Магадгүй би УИХ-ын гишүүн, сайд байсан бол баян байж мэднэ. Намайг хэн ч ажилд авдаггүй. Залуу байхад би бааранд бүжиглээд, тайчаад, биеэрээ мөнгө олдог байсан. Тэр үед Ганбууш тайчихынхныг зараад иддэг, уудаг гэж зөндөө л ярьдаг байсан. Үнэхээр би тэднийг зараад мөнгө олоод амьдарч байсан бол өнөөдөр ийм ядуу явахгүй биз дээ. Надад гадаадад амьдрах боломж байсан уу гэвэл байсан. Гэтэл би тэгээгүй. Яагаад гэвэл би эх орондоо хайртай монгол хүн. Гэтэл эх орноо хайрлаж харь нутагт амьдраагүйдээ би юу хожив. Хөгшин намайг хүн тоохгүй байна. Нэгзүйлийгхэлэхэд би хааяа дүү нартаа, гэр бүлтэй хүмүүст атаархдаг ш дээ. Тэд үр хүүхэд хань ижлээ хараад баясдаг, эргээд хөгшрөхөөрөө асруулдаг, тэжээлгэдэг. Гэтэл надад юу ч алга. Гэртээ очиход дөрвөн хана, хоосон хүйтэн хөнжил угтдаг. Надад тогтсон ажил байхгүй. Юугаар яаж амьдрах болж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний ар гэр, үр хүүхдэд төр засаг их мөнгө өгдөг юм билээ. Гэтэл иргэний хэлмэгдүүлэлтэд өртсөн над шиг олон мянган хүнийг харж үзэх нь битгий хэл тоож сонсох хүн байхгүй л байна ш дээ.
-Тэгээд та хүний эрх гэж хичнээн хашгирлаа ч гэсэн үр дүн гарна гэдэгт би эргэлзэж байна. Таны хувьд?
-Өнөөдөр хоёр нам нэгдлээ гээд хэнд ашигтай юм. Тэр идэж уудаг хүмүүст л хэрэгтэй юм байгаа биз. Ард түмнийхээ эрх ашгийн төлөө явдаггүй тэр хүмүүсийн эд хөрөнгө, эрх мэдлийн төлөөх энэ хуурамч нэгдлийн золиос нь ард түмнээр, надаар гарч байна. Саяхан миний бие өвдөөд түргэн тусламж дуудсан чинь ирсэн эмч хордлого гэж оношлоод эмнэлэг рүү аваад явсан. Очсон чинь эрэгтэй, эмэгтэйн хоёр тасаг намайг хүлээж аваагүй. Харин ч тэр аймшгийн юмыг оруулах ч үгүй гээд хаалгаа хаасан. Аргаа барсандаа коридурт хэвтэж нэг хоноод буудалдаа эргэж ирсэн. Энэ нь хачин манин юм үхээч гэж хэлж байгаа байхгүй юу. Ёстой л эмч дүүтэй тулдаа амьд гарлаа. Надад хэвтэх эмнэлэг, эмчлүүлэх эрх байхгүй байна. Аягүй бол амиа хорлочихвол оршуулах газар ч олдохгүй. Би одоо яах вэ. Үүнийг төр засгаас асуумаар байна.

эх сурвалж: Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.