Хүмүүс: Б Баттулга | |
СЕХ-ны дарга Б.Баттулгыг сонгууль будлиантуулж, хууль бус үйлдэл хийсэн гэж Ардчилсан нам Улсын ерөнхий прокурорт хандсан. Уг асуудлыг Хэрэг бүртгэх газар шалгаад СЕХ-ны дарга Б.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн 264.2, 271.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтыг тодруулбал, 264. 2-т "Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ". 271.1-д "Албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэх буюу баримт бичигт зориуд худал мэдээ оруулсан, худал бичсэн, засвар оруулсан буюу он, сар, өдрийг өөрчилсөн, түүнчлэн баримт бичгийг зориуд хуурамчаар үйлдсэн буюу үйлдэж олгосон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200-300 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэжээ. Хэрэг бүртгэх газрын саналыг Нийслэлийн прокурор хүлээн авч дээрх хэрэгт хуулийн дагуу дугаар олгож харьяаллын дагуу шилжүүлдэг юм байна. Ардчилсан намаас СЕХ болон Б.Баттулгад холбогдохуйц нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлж өгсөн гэнэ.
Эх сурвалж:Өдрийн сонин