Одод үнэрхсээр

2008/09/19
Share |
Хүмүүс:
Одод үнэрхсээр

NHL-ийг орхин Европыг зорьсон хоккейчин 64 бүртгэгдээд байгаагийн 27 нь Канад болон АНУ-ын харьяат гэнэ. Харин дээрх 64 хүний 53 хувь нь оросуудын байгуулсан Тивийн хоккейн лигийн багуудад 2008-2009 оны улирлыг үдэхээр болсон тухай статистикийг Олон улсын хоккейн холбооны хэвлэлийн алба гаргасан байна.

Тэдгээр трансфераас хамгийн томыг дурдвал Яромир Ягр “Рейнжерс”-ээс “Салават Юлаев”-т, Рэй Эмери “Оттава”-гаас “Атланта”-д, Нико Капанен “Финикс”-ээс “Ак-Барс”-т очсон баримт юм. Хойд Америкийн хүчирхэг лиг тоглогчдоо энэ мэтчилэн харьд алдсан хэдий ч алдагдлаа үл тоон солилцоо наймаагаа идэвхтэй өрнүүлж байна. Шинэ улирал эхлэх аравдугаар сарын 4-ний өдөр дөхөхийн хэрээр томоохон тохирооны сураг  дуулдах болсон.

Энэ нь ялангуяа ахмад хоккейчидтэй холбоотой. Ахмад ахмаддаа цагтаа NHL-ийн нүүр царай болж явсан супер одод үүнд хамрагджээ. Тухайлбал, Шведийн хүчирхэг төвийн тоглогч Матс Сундин “Торонто” багтаа үлдэх эсэхээ шийдэхгүй байсаар албаныхны ч тэр, хөгжөөн дэмжигчдийн ч цөхрөлийг бараад байна.

Мөн Брэндан Шэнахэн, Петер Форсбергийн ирээдүй бүрхэг байсаар буй. “Рейнжерс”, “Колорадо” клубүүд нь тэднийг дахин нэг улирал тоглуулах хүсэлтэй байгаа ч хэнэг ч үгүй нэхэх их цалингаас нь болж ацан шалаанд орсон гэнэ. Ийм мухардмал байдалд Теему Селянне ба “Анахайм”, Майкл Пека болон “Коламбус” ороод байна. Дээр дурдагдсан хоккейчдын гэрээ дууссан бөгөөд шинэ улирал эхлэхээс өмнө аль нэг багтай гэрээ байгуулахгүй бол 2008-2009 оны улирлыг амралтын байдалтай өнгөрөөхөөс өөр аргагүй  болно. Байдал ийм дээрээ тулсан тохиолдолд хөрөнгө мөнгөөрөө NHL-ийг айлгах болсон Тивийн хоккейн лиг ажилгүй оддыг уургалах аянд мордож таараа. Үүндээ гаргуун болохоо оросууд Ягрын жишгээр тод томруун харуулсан билээ.

Ийнхүү нэг үеийн өвөгчүүд биеэ тоон их мөнгө нэхэж байх хойгуур тэдэнтэй мөр зэрэгцэн гялалзаж явсан Крис Челиос даруухан аашилж “Детройт” багтайгаа нэг жилийн гэрээ байгууллаа. Цагтаа NHL-ийн манлай хамгаалагч байсан 46 настай тоглогч ирэх улиралд 850.000-хан долларын хөлс авах тохироонд үзэглэсэн нь Форсберг, Селянне тэргүүтнүүдэд том үлгэр дууриалал болжээ. Чөлөөт агентийн хувиар гэрээ байгуулсан бусад томчуудыг дурдвал Хосса, Редден, Юэ, Блэйк, Хуселиус, Теодор, Нэслунд, Шатан, Нолан нар юм. Мариан Хосса л гэхэд “Питтсбург”-тэйгээ гэрээгээ сунгахаас татгалзаад “Детройт”-д нэг жил тоглох тохироо хийхдээ 7,4 саяыг авахаар болсон. Мөн “Оттава”-гийн арын шугамын цөм Уэйд Редден “Рейнжерс”-ээс зургаан жилд 39 саяыг авах ажээ.

Сонирхолтой нь Шэнахэнтэй үе тэнгийн Боб Блэйк “Лос-Анжелес”-ийг орхин “Сан-Хосе”-той нэг жилийн гэрээ хийхдээ таван саяын цалин авах болж Брэнданы ясыг хавталзуулсан байна. Бас нэг гайхшруулсан шийдвэр гарсан нь “Чикаго”-тай холбоотой. Тус баг “Сан-Хосе”-гоос жийгдсэн хамгаалагч Брайан Кэмпбеллтэй 56,8 сая долларын гэрээг найман жилийн хугацаатай байгуулж бөөн шүүмжлэлд өртөв.

NHL-д арав орчим оныг үдэхдээ нэг ч удаа шагналд тодорхойлогдоогүй түүнийг ингэж өндөр үнэлэх болсон шалтгаан нь лигийн 83 тоглолтод өнжилгүй тоглож чаддаг чадвартай нь холбоотой гэнэ.
Харин “Блэкхокс”-ыг магтаалд умбуулсан наймаа нь Кристобаль Юэ байлаа. NHL-ийн шилдэг хамгаалагчдын нэг түүнд дөрвөн жилд 22,5 саяыг амалж багтаа элсүүлснээр “Чикаго” 2008-2009 оны улиралд одтой тоглох боломжоо ахиуллаа.

Эх сурвалж:Таван цагариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.