С.Оюун: Асуудлыг шийдтэл саналын хуудсыг манана

2008/09/20
Share |
Хүмүүс: Санжаасүрэн Оюун | 
С.Оюун: Асуудлыг шийдтэл саналын хуудсыг манана

ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюунтай ярилц­лаа

-Дорнодын тойргийн мар­гаан удтал үргэлжилж саяхан СЕХ-ноос дүнг өргөн мэдүүлж гишүүд тангараг өргөлөө.

Гэсэн хэдий ч танай намын хувьд СЕХ-ны өргөн барь­сан дүнг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандчихаад байгаа шүү дээ. Бас долдугаар той­рог, 25 дугаар тойргийн мар­гаан ижил байхад нэ­гийг нь өргөн барилаа гэсэн яриа байгаа. Энэ тухай таны үгийг сонсъё?
-Уг нь маргаантай тойр­гийн асуудлыг дор дор нь шийдээд явах ёстой. Харам­салтай нь шийдэж өгөхгүй байна. БГД-ийн маргааны талаар нарийн ширийнийг сайн мэдэхгүй. Ямар ч байсан манай Дорно­дын хувьд мар­гаан будлианыг шийдэж өгөх­гүй байсаар 80 гаруй хоноод хүчээр өргөн барьчихаад байгаа юм. Сон­гуулийн дараа саналын хуудас зөөвөрлөхөд алдаа зөрчил гарсан. Зарим саналын хууд­сын битүүм­жил­сэн уутнууд нь олдохгүй, хэрэглээгүй сана­лын хууд­суу­дын тоог гаргах ёстой байсан гээд тодорхой ноцтой зөрчлүүд гарсан учраас ИЗН тэр даруйд нь гомдлоо гарга­сан. Тэр гомдлыг тойр­гийн хороодын гишүүд нь зөв зүй­тэй үндэслэлтэй гомдол юм байна гэж үзээд долдугаар сарын 2-нд хуралдаад тоо­лохоор шийдсэн юм билээ.

Хуралд оролцож байгаа хү­мүү­сийн 80 хувь нь тоолъё гэж шийдвэр гаргачихаад тартал маргааш нь тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга хоёр нь тоолохгүй гэдэг тог­тоол үйлдээд СЕХ-нд явуул­чихсан байдаг. Өөрөөр хэл­бэл "тоолно гэсэн шийдвэрийг тоо­лох­гүй" гэсэн тогтоол болгоод хуурамчаар үйлдчих­сэн бай­гаа юм. Тойргийн хо­роо дол­ду­гаар сарын 9-нд дахиж ху­рал­даад бас л тоолно гэж шийдсэн. Тойргийн хорооны гишүүд гомдлоо гар­гаад дахиж тоолно гэж хоёр удаа шийдвэр гаргасаар бай­тал тоолохгүй байсаар өдий хүргэсэн. Бид "анхны хурлын тогтоол худлаа байна. Протоколыг нь авч өгөөч" гэж удаа дараа хүсээд СЕХ нягталж өгөөгүй. Тэгсэн хэрнээ СЕХ-ны дарга "Танайх тоолно, тоолохгүй гэсэн шийдвэр гаргаад байна. Өөрсдөө нэг мөр шийд" гээд бүр будлиантуулчихаж байгаа байхгүй юу. Тоолохгүй гэсэн шийдвэр хэзээ ч гараагүй. СЕХ-ноос мар­гаан будлианыг шийдэхийн төлөө явахгүй байгаа нь л хамгийн ноцтой гэж бид үзэж байгаа. Уг нь бид айхтар зүйл хүсээгүй. Тавхан хэсэг дээр л дахин санал тоолъё гэсэн. Тэр даруйд нь тоолж нягтлаад энэ асуудлыг нэг тийш нь болгочих ёстой байхгүй юу. Бидний гаргаж байгаа шалт­гаан үндэслэлтэй. Цаанаа "но"-той учраас л тоолж өгөхгүй байгаа байх. Үнэхээр тоолох ёстой гэсэн итгэл үнэмшил бидэнд улам нэмэгдээд бай­гаа юм. Энэ ч утгаараа бид хууль хяналтын байгууллагад хандаж нэгдүгээрт, хуурамч тогтоол үйлдсэн байна тэрийг шалгаж өгөөч, хоёрдугаарт саналын хуудсуудыг заавал тоолуулах ёстой гэж үзээд шаардсан хэвээр байгаа.

-Саяхны чуулган дээр энэ тухай та Б.Баттулга даргаас тайлбар хүсээд олигтой хариулт авч чадах­гүй байх шиг байсан?
-Б.Баттулга дарга үнэхээр олигтой тайлбар өгөөгүй. Бид­ний тавьсан шаардлагад арга хэмжээ ч аваагүй. Маргаан гараад 80 гаруй хонож байхад СЕХ-ноос хүн явуулаад ту­хайн тойрогт юу болж байгааг нягталж болноо доо. Ядаж долдугаар сарын 2-ны хур­лын протокол авч өгч чадах­гүй маш хариуцлагагүй байгаа л даа.

-Шүүх, цагдаагийн бай­гууллагаас хэзээ хариу ирүү­лэх вэ?
-Хууль дүрмийнхээ дагуу л явах байх. Би шууд хэлж мэдэхгүй байна. Прокурор, цагдаад гомдол гаргасан. Сонгуулийн дүнг хэдийгээр өргөн барьчихсан ч гэсэн бидний тавьсан гомдлыг шал­гаж нягталж өгнө л гэсэн.

-Хэрвээ асуудал танай талд шийдэгдвэл тангараг өргөсөн гишүүнийг эргэн татах уу?
-Хамгийн гол нь үнэн байдлыг гаргаж ирэх ёстой. Гомдлын дагуу тоолоод л үзэх хэрэгтэй. Сонгуулийн саналын хуудсыг дахиж тоол­бол дүн нь гараад ирэх ёстой. Яагаад дахиж тоолохгүй гээд байгааг ойлгохгүй байгаа. Цаанаа "но"-гүй л бол тоолоод л гаргаад ирэх ёстой шүү дээ. Түүнчлэн бид гомдол гарга­сан өдрөөсөө эхлээд бараг 80 хоног саналын хуудас байгаа тэр өрөөг манаж байна. Ямар нэгэн хүн орж будлиантуулах вий, саналын хуудсыг аваад гарах вий гэдгээс их бол­гоомжилж тэр өрөөг 24 цагаар манаад сууж байгаа. Энэ асуудлыг шийдтэл сахиж сууна. Манайх шиг саналын хуудсаа манасан газар байх­гүй. Тиймээс бид заавал тоолуулна. Зүгээр орхи­чих­гүй. Ямар ч байсан үнэнийг олно.

-Хуулийн дагуу ший­дэгдэхийг хүлээнэ гэлээ. Хугацааны хувьд хэр удах бол?
-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ 2004 онд З.Энхболд гишүүн гомдол гаргаж хууль хяналтын байгууллагаар явж байгаад жилийн дараа УИХ-ын гишүүн болж баталгаажиж байсан. Тэгэхээр бид ямар ч байсан үнэн мөнийг олж сална л гэж бодож байна.

-Нэг суудал танайх бол­но гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Тийм үү?
-Судалгаагаар Зоригт ги­шүүн байнга нэгээр явж бай­сан. Бид ингэж ярихаар эдний судалгаа худлаа гэх хүн байж магадгүй л дээ. Өөр судал­гаануудаар ч гэсэн Зоригт байнга дээгүүр явж байсан. За яахав, судалгаанд итгэх­гүй байж болно. Гэтэл бид үндэс­лэлүүд гаргаж ирээд гомдол гаргаж ирсэн шүү дээ. Зөрчил байна гэсэн үндэслэл гаргаж ирсэн учраас тойргийн хо­рооны гишүүдийн 80 гаруй хувь нь дахиж тоолох ёстой юм байна гэсэн шийдвэр гаргасан. Үндэслэл гаргаж ирээгүй зүгээр л судалгаа тийм байсан гэдэг дээр үндэс­лэхгүй. Тодорхой зөрчил байс­ныг л үндэслэл болгон гаргаж тэр дагуу гомдлоо барагдуулахыг хүсээд бараг­дуулж өгөхгүй байгаа.

-СЕХ-ны даргыг сон­гууль будлиантай явуулсан гэж зарим нам, нэр дэв­шигчид гомдол мэдүүлж улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэх тухай яригдаж байна?
-Эрүүгийн хэрэг үүсгэх тухай сайн мэдэхгүй байна. Ёсзүйн хувьд бол огцрох ёстой л гэж бодож байна. Б.Баттулга дарга өөрөө хэлж байна лээ. Намууд будлиан­туулдаг, СЕХ будлиан­туул­даггүй гэж. Намууд нэр дэв­шигчид будлиантуулсан байж болно. Гэтэл өөрөө тэр буд­лианы талаарх гомдлыг барагдуулаад явах ёстой хүн чинь арга хэмжээ аваагүй биз дээ. Дургүйд хүчгүй гэж л үүнийг хэлэх байх. Ер нь Б.Баттулга дарга томилсон намынхаа хараат, намын явцуу эрх ашгийг хараад байдаг юм болов уу даа л гэж хардахад хүргэж байна. Хоёр жилийн өмнө СЕХ-г байгуулж УИХ-аар баталгаажуулж бай­хад ИЗН ганцаараа эсэр­гүүцэж байсан. Яагаад гэхээр намын харьяалалтай хүмүү­сийг дарга, нарийн бичгийн даргаар томилсон. СЕХ-ны дарга болоод гишүүд нь МАХН-ын, нарийн бичгийн дарга нь АН-ын хүн. Тэд хэдийгээр намаасаа түдгэл­зэх ёстой ч намын харьяат хүмүүс СЕХ-нд орсноор сон­гуулийг хараат бусаар бүгдэд нь ижил тэгш үйлчилж чадах­гүй гэж бид эсэргүүцэж бай­сан. МАХН мэдээж өөрийнх нь хүн орж байгаа юм чинь дуугарахгүй. АН нарийн бич­гийн даргаа оруулчихаж бай­гаа юм чинь бас дуугараагүй. Гэтэл одоо АН асар их бухим­даж байна. Б.Баттулга, Б.Баяр­­сайхан хоёр өөрсдөө хүртэл үргэлж нэг нэгийнхээ эсрэг зөрчилдөөнтэй юм ярь­даг. Тэд намынхаа өнцгөөс намын ёсзүйн эрх ашгаас асуудалд хандаад байгаа нь харагдаад байна л даа. Хэрэв нам бус хүмүүс байсан бол асуудалд арай л өөрөөр хан­дах байсан байх. СЕХ-г бид огцруулахын төлөө байгаа. Чадах уу, үгүй юу мэдэхгүй байна. Гэхдээ цаашдаа хэзээ нэгэн цагт шинэ СЕХ бай­гуулагдаж л таараа. Тэгэхэд нь ёстой нам бус, хэнээс ч хараат бус СЕХ байгуулахын төлөө явах ёстой.

-Хамтарсан Засгийн га­зар байгуулагдах гэж бай­на. Үүнийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Одоохондоо өөдрөг сэт­гэгдэлтэй явж байгаа л даа. Өөдрөг гэдэг нь хамтраад тулгамдаад шийдэж чадахгүй хуримтлагдсан олон асууд­лаа шийдээсэй гэсэн бодол. Хамгийн түрүүнд уул уурхай болон ашигт малтмалын хуулин дээрээ зөв шийдэл гаргаад тогтвортой байдлын гэрээнүүдийг байгуулаад хур­данхан шиг томоохон төслөө хэрэгжүүлээд ажлын байр бий болоод хүмүүсийн орлого нэмэгдэж чадвал хам­тарсан Засгийн газрын хам­гийн эхний үр дүн гарна. Үүнийг хийж чадна гэж одоо­хондоо өөдрөг сэтгэгдэлтэй хүлээж авч байгаа учраас би хамтарсан Засгийн газар байгуулахыг зөв гэж бодож байгаа.

-Сайд нарыг томилох гэж нэлээд юм боллоо. Зарим нь сайдын алба хашихад туршлага дутна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа?
-Цаг хугацаа л харуулна. Болохоос нь өмнө чадна, чадахгүй гэхээсээ илүү бүг­дэд нь амжилт хүсээд цааш­даа өдөр, шөнөгүй ажиллаж тул­гамд­сан асуудлуудаа ший­дээсэй гэж бодож байна.

-ИЗН орон нутгийн сон­гуульд хэрхэн оролцох вэ?
-Бүх аймаг нэлээд олон сум, хот нийслэлд орон нут­гийн сонгуульд оролцохоор бүртгүүлчихээд байгаа. Да­ваа гаригт хэдэн хүн нэр дэвших нь тодорхой болно. Олон газарт өөрсдөө бие дааж орж байгаа юм билээ. Зарим газруудад өөр намуудтай эвсч байна. Энэ нь албан ёсоор эвсэх биш л дээ. Тойр­гууд дээр түншлэх, хамтран ажиллахыг анхан шатны бай­гууллагууд өөрсдөө шийдэж байгаа. Хуулиараа ч гэсэн анхан шатны байгууллагууд өөрсдөө шийдэх эрхтэй. Жи­шээ нь Дорнод аймагт гэхэд ИЗН, АН хоёр түншилж оро­хоор гэрээ байгуулж байгаа юм билээ.

Эх сурвалж:Өдрийн сонин


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.