Гадаадад гэмт хэрэгт холбогдсон монголчуудын хэрэг юу болов

2008/09/20
Share |
Хүмүүс:
Гадаадад гэмт хэрэгт холбогдсон монголчуудын хэрэг юу болов

Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд халдлагад өртөх эсвэл гэмт хэрэгт холбогдох нь их болжээ. Гэвч эдгээр хэрэг гарсан даруйдаа нийгэмд шуугиан тариад л замхардаг "моод" дэлгэрэх нь. Иймд энэ онд гарсан зарим хэргийг эргэн нэг сөхөе.

Г.Жавхланбаяр хаана байна аа
Их Британи дахь Монголын Элчин сайдын жолоочийн хүү Г.Жавхланбаяр тус улсын 16 настай охиныг хүчиндэж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэгт холбогдсон. Тухайн үедээ Г.Жавхланбаярын ойрын хамаатан гэх мэдээлэл гарсан. Цагдаад шалгагдаж байсан Г.Жавхланбаяр дипломатчийн халдашгүй дархан эрх хүртэл хүсч байсан. Түүнийг энэ оны хоёрдугаар сарын 7-ноос байцааж эхэлсэн. Тус улсын хуулиар 42 хоногийн дотор байцааж дуусдаг журамтай. Улмаар байцаалт дуусч дөрөвдүгээр сарын 3-нд шүүх хурал нь болох тов гарсан юм.
Тухайн үед манай улсын Гадаад хэргийн яамнаас албан тоот явуулж байж, дээрх хэргийн талаар мэдээлэл авч байсан. Гэтэл өдгөө эл хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй. Зарим эх сурвалжийн мэдээллээр Г.Жавхланбаярт таван жилийн хорих ял оноосон гэх боловч энэ талаар тодорхой баримт алга л байна.

Шинжилгээний хариуг хэн нуув
Афганистанд ажиллаж байсан дөрвөн монгол залуу хордож, гурав нь амиа алдсан. Тэд Афганистаны нисэх онгоцны буудал барих ажилд туслахаар Японы хөрөнгө оруулалттай "Даинипонь" компанийн шугамаар ажиллахаар явсан. Анх 20 хүн явснаас дөрвөөс бусад нь тэндхийн цаг агаар хэт халуун, бас зэвсэгт мөргөлдөөн гардаг гэх түгшүүртэй байдлаас шалтгаалан буцаж иржээ. "Даинипонь" компаниас дээрх дөрвөн залууд 1800-2000 ам.доллар өгнө гэж амлан үлдээжээ.
Залуусын үхлийн шалтгааныг шил арчигч шингэн болох техникийн спирт найруулж уусан гэх урьдчилсан дүгнэлт гаргаж байсан. Гэвч албан ёсны шинжилгээний хариу одоо хүртэл нууцлагдмал байна. Уг нь шинжилгээний хариуг цагдаагийнханд шилжүүлсэн хэмээн Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн. Гэвч үүнийг нь цагдаагийнхан үгүйсгэж байна.

Эцэст нь нэгнийгээ хөнөөсөн болж замхарлаа
ХБНГУ-ын Лихтэнбэрг дүүргийн "Коппи штрассэ" оюутны байранд хоёр монгол хүн хутгалуулж нас барсан мэдээлэл ойрмогхон хэвлэлээр түгсэн. Дээр өгүүлсэн оюутны байрыг тэдний нэг нь түрээсэлдэг байжээ. Эл хэргийг Берлины Эрүүгийн цагдаагийн газрынхан шалгасан юм. Тухайн үед хохирогчдоос өөр хүн уг байранд байгаагүй гэж цагдаагийнхан үздэг.
Хэрэг гарсны маргааш нь цагдаа нар талийгаачдын хэн болохыг хурууны хээгээр нь тогтоожээ. Тэдний нэр усыг манай улсын Гадаад хэргийн яамныхан нууцалж байсан. Хоёр талийгаач хоорондоо зодолдож, нэгийгээ хутгалж хөнөөсөн гэх магадлал илүү бодитой хэмээн Германы Эрүүгийн цагдаагийн газрынхан үзжээ. Ийнхүү дээрх хэргийг шалгах явцад тэд бусдын гарт амиа алдсан бус бие биенийгээ хутгалж хөнөөсөн байх нь ээ. Талийгаачдыг гадны нөлөөгөөр нас барсан хэмээн үзэж, гуравдагч этгээдийг хайж байсан. Харин дээрх дүгнэлтээр Берлины Ерөнхий прокурорын газарт энэ хэргийн талаар танилцуулж, гуравдагч хүнийг эрэн сурвалжлах ажлыг зогсоожээ. Талийгаачид тус улсад хууль бусаар нэг жил амьдарчээ. 37,39 настай эдгээр залуу гэр бүлтэй, хоёулангийнх нь эхнэр Германд хууль ёсоор суралцаж, амьдардаг аж.

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.