Н.Чимэдлхам: Найз залуутайгаа 8 жил үерхэж байгаа ч гэрлэх болоогүй ээ

2008/09/22
Share |
Хүмүүс: Н Чимэдлхам | 
Н.Чимэдлхам: Найз залуутайгаа 8 жил үерхэж байгаа ч гэрлэх болоогүй ээ

`Miss Mongolia 2008` тэмцээний дэд байрын шагналыг хүртэж, Miss Intercontinental тэмцээнд оролцох эрх авсан мисс Н.Чимэдлхамтай уулзаж ярилцлаа.

- Тэмцээнд орох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?

 - Хугацаа нь нэлээд дөхчихсөн байхад мэдсэн. Ер нь багаасаа миссийн тэмцээнд орох юмсан гэж боддог байсан учраас сургийг нь сонсмогцоо шууд шийдвэрээ гаргаад бүртгүүлчихсэн.

- Тэмцээний хамгийн хүнд шалгуур юу байв?

- Асуулт хариултын тэмцээний өмнө нэлээд сандарч байсан. Харин нэг их хүнд биш асуулт ирсэн л дээ. Би өмнө нь загвар өмсдөг байсан учраас өөр бэрхшээлтэй зүйл гараагүй.

- Хамгийн гол өрсөлдөгчөө нэрлэвэл?

- Тэмцээнд орсон бүсгүйчүүд бүгдээрээ л сайхан байсан. Тийм болохоор бүгд хүчтэй өрсөлдөгч байлаа.

- Түрүүлсэн миссийн тухайд?

- Бид найзууд л даа. Гранпри шагнал хүртсэнд нь энэ дашрамд баяр хүргэе. Загвар өмсөгчийн хувьд туршлагатай, царай зүс, бие хаа тэгш, боловсролтой, ер нь гадаад дотоод бүхий л зүйлээрээ миссийн бүх шинжийг агуулсан бүсгүй.

- Miss Intercontinental тэмцээнд орох эрх авсан. Бэлтгэлээ эхэлсэн үү?

- Гранпри шагнал хүртсэн бүсгүйн оролцох Miss international тэмцээн хамгийн түрүүнд Япон улсад болох юм билээ. Дараа нь миний оролцох тэмцээн он гараад болно. Одоогоор мэдээ нь ирээгүй байгаа гэсэн. Бэлтгэлээ удахгүй эхэлнэ дээ.

- Олон улсын тэмцээндээ бэлдэнэ, бас мэдээж “Гоёл”-доо бэлтгэнэ. Тэгэхээр хичээл нэлээд цалгардах нь дээ?

- Манай сургууль ер нь нэлээд шахуу хөтөлбөртэй байдаг л даа. Хичээл нь хүнд, багш нар нь ч нэлээд хатуу байдаг. Тийм болохоор нэлээд хэцүү. Гэхдээ яаж ийгээд л зохицуулдаг. Одоо ч гэсэн зохицуулна л гэж бодож байна.

-  Зарим хүмүүс сүүлийн хэдэн жилийн миссүүдэд нэлээд сэтгэл дундуур байгаа байдал ажиглагддаг. Чиний хувьд?

- Зарим хүмүүс буруу ойлголттой байдаг. Миний хувьд бол мисс болох л хүмүүс нь болдог гэж боддог. Учир нь хэн дуртай хүн нь өөрийн сонгосон хүнээ энэ мисс гээд зарлачихдаггүй. Тодорхой хэмжээний туршлагатай, мэргэжлийн хүмүүс маш том шалгууруудыг тавьж, хянаж дүгнэсний үндсэн дээр мисс хэмээх өргөмжлөлийг хүртээдэг.

- Чинийхээр мисс гэдэг ямар байх ёстой вэ?

- Мисс хүн гэдэг зөвхөн царай зүс, бие галбираараа сайхан байх бус дотоод сэтгэлээрээ ч бас сайхан байх ёстой гэж боддог. Зарим хүмүүс дотроосоо гэрэлтэж байх ёстой гэдэг шүү дээ. Яг л тэрэн шиг. Харин гадаад төрхийнхөө хувьд, ялангуяа монгол орноо төлөөлөн гадаадын тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийн маань хувьд хүн бүрийн харцыг булаасан сайхан бүсгүй байх хэрэгтэй.

- Урьд жилүүдийн миссүүд маань гадаадын тэмцээнүүдэд очоод олны харцыг булааж чаддаг ч шагналгүй ирж байсан тохиолдол нэлээдгүй бий л дээ. Энэ юунаас шалтгаалдаг юм бол?

- Манайхны хувьд хэлний бэрхшээл нэлээд гардаг байж магадгүй. Гэхдээ шагнал гэдэг сайхан, муухайг нь хэмжих ганц шалгуур биш л дээ. Тэр олон улсын сайхан бүсгүйчүүдийн дундаас тодорч, онцгойрч, олны харцыг булааж чадсан бол шагнал аваагүй ч гэсэн тэр хүн өөрийнхөө харуулах зүйлийг харуулж, хийх зүйлийг хийсэн л гэсэн үг.

- Чиний хувьд гадаад хэлний мэдлэг хэр вэ?

- Англи, герман хэлтэй. Ерөнхийдөө гайгүй гэж бодож байна.

- Тэмцээний үеэр харж байхад их гоё дуулдаг юм билээ. Багаасаа дуулсан уу?

- Тийм. Би зургаан настайгаасаа эхэлж дуулсан. Гавьяат жүжигчин, СУИС-ийн багш Ичинхорлоо дээр хоолойны бэлтгэл хийдэг байсан. Дуулах сонирхол маш их бий. Тиймээс ч энэ чиглэлээ ч цаашид хөгжүүлнэ гэж боддог.

- Цаашдаа дуулаад байвал дуучин Т.Ариунааг ажилгүй болгочихож мэдэхээр юм билээ шүү?

- /инээв. Сурв/ Дуучин Т.Ариунаа эгчийг би шүтдэг л дээ. Дуунуудад нь их дуртай. Өмнө нь би “Дуучин Т.Ариунаагийн дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд оролцож, хоёрдугаар байранд орж байсан. Ер нь багаасаа дуучин болохыг мөрөөддөг байсан л даа. Бас эмч болохыг ч хүсдэг байсан. Дунд сургуулиа төгсөөд эмч гэдэг мэргэжлээ сонгосон. Хэдийгээр мэргэжил бүхэн анх сурахад хэцүү байдаг ч эмч бол илүү хичээл зүтгэл, цаг хугацаа, хариуцлага шаарддаг мэргэжил. Гэхдээ дуучин болох хүслээ ч бас орхихгүй. Зав зайгаараа хөгжүүлээд явна аа.

- Гоо сайхны мэс засалч болохоор сурч байгаа гэл үү?

- Би ЭМШУИС-ийн Нүүр ам заслын сургуулийн гуравдугаар курсэд сурдаг. Гоо сайхны мэс засалчийн мэргэжлийг сонгочихоод байгаа. Энэ нь нэлээд хэцүү мэргэжил л дээ. Бас Монголд төдийлөн хөгжөөгүй байна. Тэгэхээр маш сайн эмч болохын төлөө их л хичээж байна даа.

- Яагаад энэ мэргэжлийг сонгов?

- Монголд одоогоор тийм ч өргөн хүрээтэй хөгжөөгүй байгаа мэргэжил. Гэхдээ мэдээж гоо сайхны мэс заслын цөөн тооны маш сайн эмч байгаа л даа. Би энэ мэргэжлийг монголдоо илүү өргөн хөгжөөсэй гэж хүсдэг. Тиймээс үүнийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын тулд л энэ мэргэжлийг сонгосон. Хүнд гоо сайхныг бэлэглэдэг гэдэг утгаараа их гоё мэргэжил гэж боддог ш дээ.

- Тэгэхээр чи гоо сайхны мэс заслыг хүлээн зөвшөөрдөг юм байх нь ээ?

- Тэгэлгүй яахав. Хүн өөртөө таалагдахгүй байгаа зүйлээ өөртөө таалагддаг болгохын тулд мэс засалд орох нь тийм буруу зүйл биш шүү дээ. Учир нь тэр хүнд илүү сайхан больё, өөртөө болон бусдад сайхан харагдая гэсэн хүсэл байна. Тэрийг буруутгах аргагүй. Харин ч энэ нь өөрийгөө болоод бусдыг хүндэтгэж байгаа хэрэг гэж бодож байна.

- Тэгвэл чи хэзээ нэгэн цагт гоо сайхны мэс засалд орох уу?

- Үгүй.

- Яагаад?

- Би өөртөө зуун хувь сэтгэл хангалуун байдаг. Би өөрөө өөртөө таалагддаг учраас тийм сонголт хийхгүй гэдэгтээ итгэлтэй байна.

- Хоёулаа ярианыхаа сэдвийг арай жаахан өөрчилье. Хайртайгаа учирсан уу. Хайрын тухай бодлоосоо хуваалцаач?

- Учирсан гэж боддог. Хайр гэдэг бол бие биендээ итгэх итгэл, биесээ хүндэтгэх хүндэтгэл хоёр дээр тогтдог маш ариун нандин зүйл гэж боддог.

- Найз залуутай юу?

- Байгаа.

- Товч танилцуулаач?

- Бид хоёр найман жил үерхэж байна. Үүнээс илүү тодорхой танилцуулах хэрэггүй байх аа.

- Гэр бүлийг хэдийгээр төлөвлөж байна?

- Арай болоогүй ээ. Сургуулиа төгсөөд, нийгэмд тодорхой хэмжээний байр сууриа олчихоод гэр бүлийн асуудлыг шийднэ гэж боддог.

- Ихэнх оюутнуудын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал бол санхүү. Ер нь санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

- Загварын болон бусад бүх л тэмцээнүүдэд ээж аав хоёр маань санхүү болон сэтгэл санаагаар дэмждэг.

- Гэр бүлийнхнээ танилцуулаач?

- Би нэг эгчтэй, эгч маань тусдаа гарчихсан учир аав, ээж хоёртойгоо амьдарч байна. Манай аав Монгол улсын дээд шүүхэд шүүгч хийдэг. Ээж маань Улаанбаатар хот дахь гаалийн байцаагч.

- Цаашдын зорилго?

- Маш сайн эмч болох. Мөн загварынхаа хувьд дээд шагнал болох топ модель болохыг хүсдэг. Мэдээж бас дуулах авьяасаа илүү хөгжүүлэх ч бас цаашдын маань зорилгод багтаж байгаа.

- Ярилцсанд баярлалаа

www.factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.