Ц.Даваадорж: Ардчилсан нийгэмд улс төрийн ганц ч хоригдол байх ёсгүй

2008/09/22
Share |
Хүмүүс:
Ц.Даваадорж: Ардчилсан нийгэмд улс төрийн ганц ч хоригдол байх ёсгүй

Үйлдвэр, худалдааны сайд асан, БНН-ын улс төрийн зөвлөлийн ги­шүүн Ц.Даваадоржтой ярилцлаа.

-Долдугаар сарын 1-ний жагсаалтай холбогдуулан танай намын дарга Б.Жар­галсайханыг "Ганц худаг"-т саатуулаад удлаа. Намын нөхөр, хамтран зүтгэгчийн хувьд та  ямар байр суурь­тай байна вэ?
-Түүнийг цагдан хорьж, саатуулах шаардлагагүй гэж намын нийт гишүүд, дэм­жигчид үзэж байгаа. Ардчил­сан нийгэмд амьдарч байгаа бидэнд Үндсэн хуулиар ол­гогдсон эрх бий. Хүмүүс өөрийн үзэл бодлоо, ялангуяа улс төрийн үзэл бодлоо хэв­лэл, мэдээллийн хэрэгслээр чөлөөтэй илэрхийлэх, мэ­дээлэл авах, чөлөөтэй эвлэл­дэн нэгдэх, жагсч цуглах эрхтэй. Энэ эрхийг тухайн улсын төр засаг хангах ёстой. Цаашилбал, иргэдийн өөрс­дийнх нь эрүүл, аюулгүй байх эрхийг ч хангах ёстой. Хэрвээ тодорхой асуудалд сэжиглэн шалгаж байгаа бол Б.Жаргал­сайхан гэдэг хүн энгийн нэгэн биш. Монголын ардчиллын төлөө 15 жил зүтгэсэн. Монгол Улсад шударга ёс тогтоохын төлөө 15 жил тэмцсэн. Үгээ шулуухан хэлчихдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг цөөхөн хүмүүсийн нэг. Тэр нь зарим хүнд таалагддаггүй байх л даа. Гэхдээ түүнийг маш олон хүн дэмждэг, хүн­дэтгэдэг. Ялангуяа хүн хө­дөл­мөрөөр амьдрах ёстой, ажил хийх ёстой, Монгол Улсыг үйлдвэрлэл аварна гэсэн санааг дэвшүүлсэнд нь талархдаг. Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн болохоосоо өмнө аж үйлдвэрийг хөг­жүүлье, стратегийн ордуудыг төр эзэмшье, ашигт малт­малаа эзэмшиж, ихээхэн хэмжээний хувийг ард иргэд­дээ зориулъя гэсэн арга за­мыг ярьж байсан. Түүнийгээ ч хэрэгжүүлсэн. Салбарын сайд байхдаа ашигт малт­малын хууль батлуулсан. Стратегийн орд газруудын жагсаалтыг хариуцаж бат­луулж чадсан. Гадныхны, дотоодын зарим хүмүүсийн гарт орсон лицензийг цэгцэлж, Монгол Улсын эрдэс баялгийн өмчлөлийн асуудлыг тодор­хой хэмжээгээр өөрчлөн, төрийн өмчлөл бий болгож, ард түмэн эрдэс баялагтаа эзэн болж эхлээд гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүхнээр би түүнийг гэмт хэрэгтэн эсвэл эрүүгийн этгээд биш гэдгийг хэлэх гэсэн юм л даа. Тий­мээс түүнийг заавал хорьж шалгах шаардлагагүй. Жагаа оргоод зугтаачих хүн биш. Ийм шаардлагагүй үйлдэл хийж хүмүүст айдас тө­рүү­лэх, нийгэмд бухимдал үүсгэх хэрэггүй.

-Өмнө нь Ж.Батзандан, О.Магнай нарыг хориход намынхан нь, гэр бү­лийн­хэн нь, өмгөөлөгчид нь ч зугтаад оргож бултаад яв­чих­гүй учраас хорьж бай­цаах шаардлагагүй гэж мөн л ийм шаардлага тавьж байсан л даа. Танай даргыг уг нь тодорхой цагт дуу­даад байцааж байсныг на­мын­хан тань мэдээлсэн?
-Тийм ээ, Жагаа дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгөөд л явж байсан. Өнөөдөр ма­найхан "Нэг хүний эрх нөгөө­гийн­хөөр хязгаарлагдана" гэж ярих болжээ. Энэ буруу. Нэг хүний хувийн эрх гэдэг юм уу даа, нэг орон сууцанд амьд­рах гэдэг юм уу, гэр бүлийн асуудалд бол яах аргагүй нэг хүний эрх нөгөөгийнхөөр хязгаарлагдана. Хүний үзэл бодолтой холбоотой эрх бол хязгаарлах биш давхцдаг. Ялангуяа түгээмэл эрх буюу эрх чөлөөтэй байх, үзэл бод­лоо­роо нэгдэх, илэрхийлэх улс төрийн эрх бол ихэнх тохиолдолд давхцаж байдаг. Тиймээс хүмүүс нам, эвсэлд нэгддэг. Олон хүн жагсаалд оролцож, бухимдлаа илэр­хийлэх юм уу, нийлж баярлах, саяхан олимпийн алтан меда­лийг тэмдэглэсэн гэх мэт эрх давхцаж л байдаг учраас хязгаарлаж болохгүй. Үүнийг хязгаарлаад ирэхээр даран­гуй­лал бий болж байгаа явдал. Дарангуйллыг бий болгохгүйн тулд бид тодорхой алхмууд хийх ёстой. Төр дэмжиж, ард түмэн эрхээ эдлэх учиртай. Эрх чөлөө гэдэг үнэ цэнэтэй зүйлээсээ бид татгалзах ёс­гүй. Бид ардчилсан нийгэмд амьдраад 18 жил болж байна. Ардчиллынхаа амт, буяныг үзлээ. Буянаа цаашид эдлэх учиртай. Тиймээс ялангуяа Монгол Улс хөгжлийн чухал гарц дээр ирсэн энэ үед бид улсынхаа хөгжлийн төлөө нэгдэх ёстой. Хүмүүсийн сайхан амьдрах эрх  ч бас давхцаж байна гэж би хэлэх гээд байна л даа. Монголчууд эв нэгдэлтэй байгаад хэн хэнийгээ шорон оронд даран­гуйлахгүйн төлөө бүгд зүтгэх учиртай. Ялангуяа Б.Жаргал­сайхан шиг мэдлэг боловс­ролтой, туршлагатай, үйлд­вэрлэл хөгжүүлэх, үйлдвэр­лэлийн сайн мууг үзэж ам­талсан ийм хүмүүсийг улсын­хаа төлөө зүтгүүлэх хэрэг­тэй. Улс төрийн хоригдол учраас Б.Жаргалсайханыг нэн даруй суллах учиртай. Бүр улс орны хөгжлийн то­дор­хой асуудал хариуцуулж ч ажиллуулах хэрэгтэй.   

-Сонгогчдынх нь зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Та бү­хэн­тэй холбогдож байна уу. Орон нутгийн сон­гуульд оролцох намуудад батламж гардуулахад танай нам байгаагүй...
-Орон нутгийн сонгуулийн тов зарлагдлаа. Сонгогчдынх нь зүгээс асууж, сураглаж "Б.Жаргалсайхан болон на­мын нөхөд нь сонгуульд орол­цох юм уу" гээд шалгааж байна. Бид тэр хүмүүсийн өмнө хариуцлага хүлээсний хувьд тэднийхээ үгийг ч бас дамжуулах учиртай.

-Түүнтэй танай на­мын­хан уулзаж байна уу. Бие нь ямархуу   байна?
-Биднийг уулзуулахгүй байгаа. Биеийн байдлын хувьд Жаргалсайхан өөрөө их бодь хүн шүү дээ. "Өө дажгүй ээ, бие сайн..." гэж л өмгөө­лөг­чөөрөө хэлүүлэх юм. Тэр байтугай "Гэр бүл, найз нөх­дөө ийм муухай газар ирүү­лэхгүй..." гэсэн байна лээ. Чанар дээрээ бол бие нь ямар л олигтой байв гэж дээ. Монголчууд бүгд л суурь өвчтэй байдаг. Тийм газар очихоор сэтгэлээр унана, ер нь л бие нь эрс мууддаг. Ялангуяа зүрх судасны өвч­тэй болохоор Жагаа сайнгүй байгаа гэж бодож байна. Зүрх нь зогсчих гээд байдаг тал бий. Даралт ихэслээ гэж байн­га л ярьдаг. Ийм үед бүр ч хэцүү байгаа байх гэж санаа зовж байна.

-Танай намынхан дар­гы­гаа батлан даалтад гар­гаж авах талаар шаардлага хүргүүлсэн гэсэн. Ингэхдээ ямар үндэслэл дурдав?
-Улс төрийн шалтгаанаар хорьсон учраас суллаач гэж шаардаж байгаа. Энэ бол  хэдэн хүний хүсэлт биш, намын гишүүн, дэмжигч, сон­гогчдын хүсэлт. Интернэтээр ороод харахад ч дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монголчууд сэтгэгдлээ илэрхийлж, оюун санаагаараа нэгдэж, шаард­лага тавьж байна.

-Таныг Б.Жаргал­сай­ханы бүр багын найз гэдэг. Хамтран зүтгэж байгаад Б.Жаргалсайханы дараа Үйлдвэр, худалдааны сай­дын албыг үргэлжлүүлэн хашиж БНН-ын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж байсан. Дээр хэлснээр, ер нь хүмүүсийн дүгнэдгээр ч тэр үг, үзэл  бодлоо нууж хаалгүй, хэнээс ч айж эмээлгүй хэлчихдэг.  Тэр үнэхээр гэмт хэрэг зохион байгуулах хүн мөн үү?
-Жагаа ямар нэгэн байд­лаар гэмт хэрэг хийчих  хүн биш ээ. Бид нэг ангид суралц­сан. Ээж нь хүүхдийн асуудал хариуцан, хуулийн бай­гуул­лагад ажиллаж байлаа. Олон хүүтэй айл. Тэдний  нэг нь Жагаа. Манай анги 1976 онд  улсын тэргүүний үүрээр шал­гарч байсан. Хамт олноос  эрдэм боловсролтой, улс орондоо ихийг бүтээсэн хү­мүүс олон төрж гарсан. Эвсэг, хамт олонч анги. Жагаа  ба­гаа­саа сайн хүмүүжил авсан хүн шүү дээ. Манай сургууль орос багш нартай байсан. Энэ хүний хүмүүжлийн хувьд ч гэсэн ямар нэг байдлаар гэмт хэрэг хийчих хүн биш. Улс орондоо ихийг бүтээсэн. Ааш зангийн хувьд шударга, зар­чимч тал нь давамгайлсан. Сургууль төгссөний дараа бид ажил амьдралаа төвхнүүлэх гээд завгүй эрчүүд гэдэг шиг нэг хэсэг явцгаасан. Бүх амьдралынхаа туршид бид гар нийлж цөөнгүй ажил са­наа­чилж хийж, үр дүнг нь үзжээ.  Тэр буруу  юм хийх хүн биш.

-Б.Жаргалсайхан сай­даар ажиллах хугацаандаа төсөв хэтрүүлсэн гэж хэл аманд орж байсан...
-Өнгөрсөн хоёр жилд, ялангуяа Жагааг сайдаар ажиллаж байх үед иргэний нийгмийнхэн, хүчтэй сөрөг хүчний хяналттай байсан. Сайд гэдэг улс төрийн албан тушаалтан. Төрийн ажлыг л хийдгээс бус мөнгө, төгрөг захиран зарцуулдаг хүн биш. Мөнгөний асуудлыг агентла­гуудын дарга нар л хариуцдаг. Дээр нь яам  өөрөө дотоод хяналтаараа аудитын шал­галт хийгээд явчихдаг.

Жагаа төсөв хэтрүүлсэн шүүмжлэлд орж байсан юм бол бий. Гадаад томилолтын төсөв, зочид буудлын өртгийг 40 ам.доллар гээд баталчих­даг. Очсон улс оронд 40 ам.долларын буудал гэж бай­даггүй. 80-100 орчим ам.дол­ларын буудалд орох болдог. Түүнийг л төсөв хэтрүүлсэн гэж шүүмжилж байсан хэрэг. Энэ асуудал бол мөн чанар­таа аль ч яаманд яригддаг л сэдэв. Гол нь Жагааг хувийн секторт амжилттай ажиллаж, хөрөнгө чинээтэй хүн гэж нийгэм хүлээж авдаг бо­лохоор өөрийнхөө юмыг зарж байгаа шиг улсаас олгогдсон төсвийг хэтрүүллээ гэж харж байсан болов уу. Гэтэл тэр сайд байхдаа шударгаар ажил­лая, юу хийж чадахаа харуулъя гэж зүтгэж явсныг олон хүн мэднэ ээ. Мань хүний нэг сайн тал нь олон улсын санхүү зээлийн болон бизнесийн маш их мэдлэгтэй. Яг тэр хэл, гарцаар нь олон улсын банк, том хөрөнгө оруу­­лагчидтай ярьдаг учраас төлөвлөлтүүд сайн хийгдэж байсан. Бизнесийн хэлээр ижил түвшинд ярьж байсан учраас харилцагч тал нь маш сайн ойлголцож байлаа.  Тийм­ээс Б.Жаргалсайханы үед асар их хэмжээний хө­рөн­гө оруулалт, хүсэлтүүд орж ирж байсан. Түүгээрээ хэний ч тоодоггүй байсан Үйлдвэр, худалдааны сал­барыг өнөөдөр ийм жигдэрсэн түвшинд авчирсан. Боловсон хүчний халаа сэлгээ хий­гээгүй, тэднийгээ чанар­жуулж, яамны үйл ажиллагааг  нийгмийн анхаарлын түвшинд  хүргэж чадсан шүү дээ. Аль аль намын төлөөлөлтэй сай­хан харилцаж, харилцан ойл­голцлын түвшинд ажиллаж ирсэн. Яаманд олон ажлын хэсэг гарган намын харьяа­лал­гүйгээр ажиллуулж бай­лаа. Манай газрын дарга нар их төлөв МАХН-ынх, агент­лагийн удирдлагууд АН-ынх байсан ч намаар талцалгүй улс орны хөгжлийн төлөө анхаарч зүтгэсэн. Б.Жаргал­сайхан сайдынхаа хувьд хүмүүсээс мэдлэг боловс­рол, ажлын туршлага, хариуц­лагатай байхыг л шаардаж байсан. Энэ ч үүднээс манай яамныхан маш сайн ажил­ласан. Богинохон хугацаанд хүнд нөхцөлд бид ашигт малт­малын хуулийг батлуулсан. Ашигт малтмалын ордуудын жагсаалт болон жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг батлуулсан. Олон асуудлыг шийдэж, томоохон ордуудыг эргэлтэд оруулах төлөвлөлт гаргаж, хөрөнгө оруулагчдыг олж хөгжлийн том гарц бэл­дэж  өгсөн. Дараагийн Засгийн газар эв нэгдэлтэй байгаад цаашид Монгол Улсынхаа төлөө хамтарч ажиллах гэж байгааг би хувьдаа дэмжиж байгаа.

-Энэ байгуулагдаж бай­гаа засгийг та дэмжиж бай­гаа юм уу?
-Тиймээ, хамгийн гол нь хамтарч хөгжлийн төлөө яваа­­сай гэдгийг л бид шаар­дана. Тэр хөгжлийн захиалагч нь ард түмэн, гүйцэтгэгч нь Засгийн газар.

-Б.Жаргалсайхан сайдын үед хий­сэн ажлуу­дын нэг гэж бай­гаа ашигт малтмалын тухай хуулийг та хэр хууль бол­сон гэж дүгнэдэг вэ?
-Яг одоогийн байдлаараа бол маш сайн хууль гарсан. Энэ хуулиар зарчмын гол асуудлуудыг шийдэж чадсан. Ашигт малтмалын салбараа төр өөрөө захиран зарцуулах эрхтэй болсон. Лицензийн асуудлыг цэгцэлсэн. Мэр­гэж­лийн байгууллагуудад ашигт малтмалын салбартаа ажил­лах боломж нээсэн. Одоо лицензийг тендэрээр олгодог болсон шүү дээ. Тэгэхээр лицензийг юм хийж чаддаг байгууллагууд авна гэсэн үг. Хөгжлийн энэ гарцыг цаашид зөв авч яваасай.

-Хоёр нам ашигт малт­малаас олох ашгаас ард түмэнд хувь, хишиг  хүртээх зорилт дэвшүүлсэн нь хэр боломжтой бол. Энэ сал­барыг хариуцаж байсан хүний хувьд манай уншигч­дад ний нуугүй хэлэх бо­ломж байна уу?
-Ард түмэнд хувь өгөх ёстой. Ерөнхийлөгчийн айлч­лалаар Аляск руу явж бай­лаа. Норвегийн сан гэж бай­даг. Бусад улс орны жишгийг нэлээд судалж үзсэн. Манай улс тусгай сан байгуулан уул уурхайгаас олсон ашгаа төв­лөрүүлж, тэндээсээ тодорхой төслүүдэд хөрөнгө оруулан дахин ашиг олох маягаар арвижуулж эргэлт бий болгох хэрэгтэй. Гадаадын улс ор­нууд сан байгуулаад тэрний­хээ ёроолыг гүвчихдэггүй юм билээ. Сангийнхаа хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, ашгаас нь тараадаг байх­гүй юу. Өөрөөр хэлбэл, аш­гийн ашиг, хишгийн хиш­гийг тараадаг. Олсон болгоноо идчихдэг айл өөдлөхгүй шүү дээ. Мон­голчууд шилдэг зүс­мийн­хээ малыг алаад идчих­дэггүй. Өсгөж, арвижуу­лаад үр шимийг нь хүртдэг. Энэ боломжийг манай намын дарга салбарыг тол­гойлж байхдаа ч үзэж судалж бай­сан. Тиймээс энэ боломж­той.  Харин хэзээ, хэд вэ, хаана яах вэ гэдэг нь өөр асуудал.

-Тэр өсгөж, арвижуулж үр шим хүртэх цаг хугацаа­ны нь хувьд ямар боломж байх вэ?
-Бид хугацаа алдчихсан гэж бодож байна. Маш ха­риуц­лагатай үеийг алдчихлаа. Хоёр жилийн өмнө хөрөнгө оруулагчид мөнгөө бариад ирж байхад Б.Жаргалсайханыг огцруулж байсан. Хоёр жи­лийн өмнө эхлүүлчихсэн бол дэлхийн зах зээл дээр үнэ нь өндөр байх байлаа.

Хамгийн гол нь тухайн үед дэлхийн зах зээл дээрх том банкууд хө­рөн­гө оруулагчдад зээл өгөх сонирхолтой бай­сан. Одоо тэдэнд төсөл сан­хүү­жүүлэх мөнгө олох нь хэцүү, бэрх­шээлтэй болчих­сон. Яагаад гэвэл үнэ уначих­сан. Энэ дөрвөн жилийн ханд­лага бол уналтаар тодор­хойлог­дож байна. Уул уур­хайн төслүүд өндөр эрсдэл­тэй учраас сан­хүүжүүлэгч олдохгүй. Олдлоо гэхэд өн­дөр хүүтэй байж таар­на. Өн­дөр хүүтэй гэдэг маань төсөл хэрэгжүүлж бай­гаа байгуул­лагад хүүгээ бо­дож тушаа­чихаад бидэнд өгөх юм нь бага үлдэнэ гэсэн үг. Таатай нөхцөлийг алдчихсан нь харам­салтай. Ийм учраас тухайн үед Б.Жаргалсайхан энэ асуудлыг анхаарч яарч байсан юм.

-Одоо танай дарга хуу­рай өлсгөлөн зарлаад эхэл­­­жээ. Та бүхэн ямар алхам хийх вэ. Яавал та бүх­ний, танай намын шаард­­лагыг хүлээж авна гэж бодож байна вэ?
-Эцэст нь, хамгийн чухал­чилж хэлэхэд ганц миний ч биш дэлхий нийтийн чиг ханд­лагаар өнөөдрийн ийм ард­чил­сан нийгэмд ганц ч улс төрийн хоригдол байх ёсгүй. Тиймээс улс төрийн хоригд­луудаа сулла. Б.Жаргал­сайханыг даруй суллах шаард­лагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.