“Лааз онгойлгогчийг” урих цаг болсон

2008/09/22
Share |
Хүмүүс:
“Лааз онгойлгогчийг” урих цаг болсон

“Өнөөдөр” сонин “Эх орны эзэд хаана явна вэ” булан нээгээд хэдэн сар болж байгааг уншигч Та санаж байгаа байх. Энэ буландаа бид харийг зорьсон монголчуудынхаа тухай, эх орондоо буй ч хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй, хээл хахууль, шударга бус зүйлийн өмнө хүчин мөхөсдөж буй авьяаслаг залуусын тухай, гаднынханд өврөө нээж, хэнийг нь мэдэхгүй эрийн нөмөрт хоргодохоор харийг зорьж буй бүсгүйчүүдийнхээ төлөө, эх орноо арван хуруу шигээ мэддэг ч тэтгэвэр хэмээх дөнгөнд хүлүүлсэн үнэт баялаг болох эрдэмтэн мэргэдийнхээ тухай өөр олон олон эздийн тухай хөндөж ирсэн.

“Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “түүчээ” нь Та нар маань мөн. Олж авсан боловсрол мэдлэгтээ итгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгаа манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай тэр хэсгийн төлөөлөл хэмээн бид гүнээ хүндэлдэг” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа хандаж хэд хоногийн өмнө хэлсэн.

Тийм ээ, тэдний сонгосон зам, очсон газар өөр өөр боловч эцсийн эцэст үр хүүхдээ хүний дайтай өсгөхсөн, аав ээжээ амьдад нь баярлуулахсан, аж амьдралаа дутуу гуцуугүй байлгах гэсэн ганцхан л хүсэл эрмэлзэлтэй холыг зорьсон. Тэд эх орноосоо урвасандаа, элгэн садандаа гомдсондоо харьд одоогүй. Хэзээ нэгэн цагт эргэж ирэх итгэл найдвар тээсээр амьдарч яваа нь мэдээж.

Манай улс 2.4 сая гаруй хүн амтай. Үүнээс 100 мянга гаруй нь гадаадад амьдардаг. Монгол хүн очоогүй, амьдраагүй улс орон тун цөөхөн биз ээ. Очсон газар бүртээ хүний дайтай явж, дасан зохицож, бас ч үгүй чамгүй өндөр албан тушаал эрхэлдэг нь олон. Түүнчлэн аль нэг улс оронд гэр бүлийнх нь нэг гишүүн очоогүй айл өрх Монгол Улсад ховор оо. Тэд дуртайдаа, эсвэл явуулж буй нь тээршээсэндээ үр хүүхэд, хань ижлээ холын аянд мордуулаагүй.

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд аавыгаа даган уйлах нялх үрийн зүрх зүсэм дууг сонсч, буцаж ирэхэд нь нөгөө хацрыг нь үнсэнэ ээ хэмээн хүүгээ үдэх буурал ижийн дүрийг бараг өдөр болгон шахуу харж болно. Яахаараа бид амьдын хагацал үзэх болов. Авч байгаа цалин нь амьдралд хүрдэгсэн бол, цалингаас цалингийн хооронд өлөн зэлмүүхэн амьдарч, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөггүй бол тэд тийшээ зүглэхгүй. Өөрийнх нь бүтээсэн, уншсан мэдсэнийг эх орон нь ашиглаж чаддагсан бол харьд очиж хөлсөө үнэлүүлэхээр тэмүүлэхгүй байсан.

Герман улсад мэс заслын эмчээр ажиллаж буй монгол залуу тэр оронд ур чадвараараа хоёрдугаарт бичигддэг гэнэ. Зөвхөн тэдний багаар бөөр шилжүүлэн суулгуулах, зүрхний цоорхойгоо оёулах сонирхолтой мянга мянган хүн дугаарлаж байдаг гээд бод доо. Ингэхэд энэ багийн ахлагч нь бус бүгдээрээ монгол хүмүүс. Гайхалтай гэхээс өөр юу гэх вэ. Гэтэл бид амьгүй донороос бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг дөнгөж анх удаагаа хийж, ингэхдээ гадаадын мэргэжилтнүүдийн дэмжлэгийг авч байх.

Францад автомашины “Рено” хэмээх томоохон үйлдвэрт монгол залуу зохион бүтээгчээр ажиллаж, орчин үеийн шинэ машин бүтээж байгааг бид “Аяллын цаг” нэвтрүүлгээр харсан. Эль Брадейн цөмийн эрчим хүчний агентлагт монгол хүн бий. МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн Галбадрах гэдэг залууг мэдэх юм. Тэрбээр төгсөөд л БНСУ-ын томоохон хүрээлэнд физикчээр ажиллахаар явлаа. БНСУ-д энэ мэргэжлээр олон оюутан төгсдөг л биз. Яагаад заавал монгол залуу уригдав. Түүний мэргэжил, боловсролыг Монгол Улс яагаад ашиглахгүй байна аа. Хүний нөөцийн бодлого алдагдаж, боловсролын тогтолцоо гажуудсаны бодит жишээ бус уу.

АНУ-ын томоохон хүрээлэнд хэлтсийн дарга хийж, хорт хавдрын эсрэг нээлт хийсэн Б.Аръяагийн тухай энд өгүүлье. Микробиологийн чиглэлээр суралцаж, АНУ-д ажиллаж байгаа залуухан эрдэмтэн. Гэтэл манай улс хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд дээгүүрт давхидаг. Түүний бүтээсэн, гаргасныг Монгол Улсын хэмээн нэрлүүлж байвал хэчнээн сайхан билээ. Бас бахархахсан. Хамгийн эмгэнэлтэй нь тэнд хийсэн нээлтийнх нь талаар хожуухан мэдэж, сонин болгон хоорондоо хуучлах төдийгөөр өнгөрч суух.

Зөвхөн нийгмийн салбараар ч бус урлаг соёл, бизнесийн салбарт ч бид толгой цохиж чаддагийг олон хүн нотолж буй. АНУ-д бидний хэмээн өмчирхөх дуртай уран гулгалтын гайхамшгийг Наранчагаа охин мэдрүүлж байна. Түүний тоглолтыг үзэх гэж мянга мянган үзэгч хошуурдаг гэдэг. Тэгвэл Европ даяар “Эгшиглэн” хамтлагийг мэдэхгүй хүн үгүй. Таван ч DVD гаргаж, борлуулалтаараа чамгүй өндөрт явдаг тэдний уран бүтээл олон улсын дээд зэрэглэлийн онгоцонд эгшиглэдгийг тийшээ очсон зарим нэг нь сонссон л байгаа. Монгол Улс “Эгшиглэн” хэмээн бичсэн DVD хараад зорин байж тэдний тоглолтыг үзэхдээ өөрийн эрхгүй нулимс унагасан тухайгаа танил маань хуучилсан. Хамгийн инээдэмтэй нь гадаадын хамтлаг, дуучид, од гэж хошуурдаг хэрнээ жинхэнэ Монгол Улсаа сурталчилж яваа, морин хуурын ид шидийг гаднынханд гайхуулж буй “Эгшиглэн”-г бид мэдэхгүй сууна.

Сүүлийн үед агаарын бохирдол дээд цэгтээ тулж, эрүүл амьдрах нөхцөлгүй болсон үед дэрснээс шингэн түлш үйлдвэрлэх технологийн талаар монгол эрдэмтэн Ц.Мөнхзул хэдэн жилийн өмнө Засгийн газарт танилцуулж байжээ. Харамсалтай нь түүний бүтээлийг хайхраагүйгээс Герман улсад “алдсан”. Түүний бүтээсэн шингэн түлш байгальд халгүй. Өөрөөр хэлбэл, утаа гаргаддаггүй, ямар нэгэн хорт хий агаарт цацдаггүй аж. Одоо Германд түүний бүтээсэн шингэн түлшийг хэрэглэж, байгаль дэлхийгээ аварч байна.

Түүнчлэн 15-20 см гүн урсгал уснаас эрчим хүч гаргаж авах технологийг сэджээ. Ингэснээр тус улсын дийлэнх фермер хямд эрчим хүчээр хангагдсан байна. Энэ арга үр дүнтэй, эдийн засгийн хувьд ашигтай байсан болохоор Европын улсууд ч ашиглаж эхэлжээ. Гэтэл манайхан утаагүй зуухны үлгэр ярьж, өвөлдөө өлмийгөө харж чадахгүй суух гэж. Хэрвээ тэр үед энэ эрдэмтний бүтээлийг үнэлж чадсан бол утаанд зарцуулж буй тэрбумаар тоологдох хөрөнгийг арай өөр зүйлд зарцуулах байсан. Бас нэг сонирхолтой нээлт хийсэн нь лааз онгойлгогч. Хажуудаа эргүүлэгчтэй, хэн ч гэсэн ашиглахад хялбар онгойлгогчийг манайхан сүүлийн үед ашиглаж хэвшээд буй. Тэгвэл үүнийг Ц.Мөнхзул нээж патент эзэмшигч нь болсон байна.

“Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ” хэмээн Ерөнхий сайдын үгэнд бий. Хамтарсан Засгийн газрын нэг зорилго ч энэ юм билээ.

Үнэндээ тэднийг эх орондоо ирээ, үүд хаалга нээлттэй хэмээн урихад татгалзах нь хэд бол. Сурсан мэдсэнээ эх орныхоо төлөө зориулахаар ирэхэд нь элдэв дарамт шахалт, хүнд суртал, хээл хахууль тушаа болж, хөдлөх тоолонд нь хөлс нэхвэл яах вэ. Ингэхээр эхлээд элдэв бичиг цаас үйлдвэрлэдэг, олон даргын гарын үсэг цуглуулж, үүд сахидгийг халж, хүнд сурталтай тэмцье.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.