О.Хулангоо: Харц унагах залуус бишгүй бий

2008/09/22
Share |
Хүмүүс: О Хулангоо | 
О.Хулангоо: Харц унагах залуус бишгүй бий

"Miss Mongolia" наадам уржигдар үдэш УДЭТ-т боллоо. Энэхүү наадмын тэргүүн мис­сээр О.Хулангоо хэ­мээх 20 настай бүсгүй тодорсон юм. Тэрээр Хү­мүүнлэгийн ухааны их сур­гуулийн франц хэлний гу­рав­дугаар ангид  суралц­даг юм байна. Түүнтэй ярилцлаа.
-Тэмцээнд орохоор хэ­дийнээс бэлтгэв?
-Би миссийн тэмцээнд анх удаа оролцож байгаа нь энэ л дээ. Гэхдээ загвар өмсөөд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд өөрий­гөө бэлтгэсэн гэж бодож бай­гаа. Солонгост загварын сур­галтад сар гаруй хугацаанд суралцаад ирсэн. Тэгээд иртэл "Мисс Монголиа" наа­дам болох тухай зар гараад эхэлчихсэн байлаа. Тиймээс аав, ээжтэйгээ ярилцан зөв­лөж байгаад энэ наадамд оролцохоор шийдсэн юм. "Мисс Монголиа"-гийн бэлт­гэл бол сарын өмнөөс эхэл­сэн.
-Төгсгөлийн шал­га­руу­лалт өчигдөр болсон. Энд өөрийнхөөрөө байж чадав уу?
-Чадсан. Тэмцээн ч их гоё болсон. Бүтэн сар бэлтгэсэн хөдөлмөрийнхөө үр дүнг үз­лээ. Дуу, бүжиг гээд чадах бүхнээ үзэгчдэд харуулсан. Надтай хамт энэ тэмцээнд оролцсон 21 охин бүгд миний өрсөлдөгч байсан. Мөн бүгд гоё цоглог байж чадсан. Гэх­дээ эднээс ялгарч гарсандаа баяртай байгаа. Эмэгтэй хү­ний зөвхөн гадаад гоо сайхан биш дотоод гоо үзэмжийнх нь сайхныг харгалзан гоо бүсгүйг шалгаруулсан. Наадамд орол­цох бэлтгэл сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд бидний хийж бай­гаа үйлдэл, хүнтэй харьцаж байгаа харьцаа бүхнийг шүүж байсан. Хэн нь цаг барьж, бэлтгэлээ таслахгүй ирж бай­на гэдгийг шүүж оноо өгч байсан юм билээ. Би тэр болгонд бусдаасаа давуу байсан учраас тэргүүн байрт орсон гэж бодож байгаа.
-Энэ наадамд түрүүлсэн гоо бүсгүй олон улсын миссийн тэмцээнд орол­цох эрхтэй байх аа. Энэ наадам хаана, хэзээ болох билээ?
-Өнөөдрөөс эхлээд бэлт­гэл ажилдаа орчихсон байна. Гэхдээ олон улсын наадам хаана, хэзээ болохыг мэдэж амжаагүй. Өнөө маргаашаас зохион байгуулагчидтай уул­заж наадмынхаа талаар сайн ярилцана. Ямар ч байсан Монголынхоо нэрийг гаргана гэж бодож байна.
-Загварын ертөнцөд хэрхэн хөл тавих болов. Одоо аль агентлагт харь­яалагдаж байна?
-Би өөрийн төгссөн сур­гууль болох арван жилийн 45 дугаар дунд сургуулийн тайз­наа анх загвар өмсч гарч байсан. Тайзан дээр хэрхэн алхадгийг зурагтаар харж сураад түүнийгээ сургуу­лийн­хандаа харуулахаар тайз засаад алхаж байлаа. Би уг нь дунд сургуульд байхдаа их ичимхий охин байсан ч тэр үед зориглож чадсан юм. Дараа нь "Үнсгэлжин" наа­дамд оролцож шагнал авсан нь урам өгсөн. Тэр үед манай том Сэлэнгээ багш надад загвар өмсөгч болох санал тавьж байсан. Ингээд "Шил­мэл загвар" компанийн заг­варын дамжаанд суралцаж төгсөөд эднийхтэй гэрээ бай­гуулсан. Одоо Монголын ди­зай­неруудын холбооны заг­вар өмсөгчөөр ажиллаж бай­на.
-Солонгост загварын сургуульд суралцаж бай­сан гэсэн. Тэндхийн заг­вар өмсөгчид Мон­го­лынх­оос юугаараа ялгаатай байна?
-Солонгосын моделиуд манай загвар өмсөгчдөөс биеийн хувьд харьцангуй өндөр. Их туранхай байдаг юм билээ. Тухайлбал, 178 см мөртөө 48 кг жинтэй байх жишээтэй. Энэ нь эдний заг­вар өмсөгчдийн биеийн стан­дарт гэсэн.
-Энэ стандартад өөрийн чинь биеийн харьцаа, өн­дөр  тохирч байсан уу?
-Ер нь боломжийн. То­хирох юм билээ. Солонгос загвар өмсөгчдийн дэргэд би бол нэг их өндөр  бас намхан нуруутайд ч тооцогдохгүй. Миний биеийн харьцаа 84.61.90.
-Миссийн тэмцээнд орол­цоход зардал их шаар­дагддаг байх. Загвар өм­сөгч болон сайхан бүсгүй­чүүдийг хэн нэгэн биз­нес­мений ивээлд багтдаг гэх яриа бий?
-Энэ бол хувь хүний өөрийнх нь ухамсраас л шалт­гаална. Загвар өмсөгч­дөд бизнесмен хүмүүс зүгээр ажлын санал тавих тохиолдол байдаг. Үүнийг буруугаар ойлгож иймэрхүү яриа гардаг байх аа. Одоогоор надад ийм санал ирээгүй. Миний ивээн тэтгэгч манай аав ээж хоёр. Аав, ээж хоёр надад их тусал­даг. Тэмцээнд оролцох шаард­­­лагатай мөнгө төгрө­гийг энэ хоёр маань гаргадаг.
-Аав, ээж чинь ямар ажил эрхэлдэг вэ?
-Хувиараа бизнес эрхэл­дэг. Би нэг ахтай. Гэртээ дөр­вүүлээ амьдарч байна. Өчиг­дөр тэргүүн миссээр тодроод шагналаа авч байх­даа хам­гийн түрүүнд аав руу­гаа хар­сан. Миний аав үзэгч­дийн суудлын эхний эгнээнд сууж байсан. Харин ээж маань тайзны ард надад хувц­саа өмсөхөд минь тусалж байсан л даа. 
-"Мисс Монголиа"-д орол­цоход хичнээн төгрөг зарцуулсан бэ?
-Ойролцоогоор сая төг­рөгийн зардал гарсан. Нүүр будалт, үс засалтаа томоохон салонуудаар хийлгэнэ. Мөн зүгээр нэг тааралдсан хувц­саа өмсчихөж болохгүй л дээ.
-Аав, ээжээсээ мөнгө авахаас гадна өөрийн ор­логотой юу?
-Байгаа. Би цалинтай заг­вар өмсдөг. Сард 300-400-гаад мянган төгрөгийн цалинг Дизайнеруудын холбооноос авдаг. Энэ холбооны хан­гамж ч сайн байдаг. Одоо би "Шилмэл загвар"-т багшилдаг. Миний шавь нар 14-18 насны охид байгаа. Тэдэндээ маш их хайртай. Загнаж ч чаддаггүй юм.
-Өөрөө мэргэжлийн заг­вар өмсөгч мөн үү?
-Мөн. Надад мэргэжлийн үнэмлэх байгаа. Одоо "Гоёл" наадамд оролцож амжилт гаргахыг л хүсч байна.
-Найз нөхдийн хү­рээ­лэл хэр вэ?
-Би олон найзтай. Найз нарынхаа ачаар aжлаа ч амжуулж байна.
-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн франц хэл­ний анги гэсэн. Яагаад энэ хэлийг сонгож суралцах болов. Францаас өөр ямар хэлний мэдлэгтэй вэ?
-Би Парист амьдрахыг хүсдэг. Тэгээд франц хэл  гоё санагддаг учраас энэ хэлийг сонгож суралцаж байгаа. Бас англи хэлтэй.
-Монголдоо амьд­рах­гүй юм уу?
-Амьдралгүй яахав. Зү­гээр Францад байнга очиж байхыг хүсдэг.
-Энэ мөрөөдлөө бие­лүүлсэн үү?
-Би ажлын шугамаар Хя­тад, Орос, Франц, Герман, Австри улсад очиж үзсэн.
-Цаашдын зорилго юу вэ?
-Би онгоцны үйлчлэгч бо­лохыг мөрөөддөг. Энэ сур­гуулиа төгсчихөөд гадаадад онгоцны үйлчлэгчийн сур­гуульд явах төлөвлөгөөтэй байна. Мэдээж загвар өмсөг­чийнхөө ажлыг хаяхгүй.
-"Мисс Монголиа"-гийн төгсгөлийн шалга­руу­лал­тад ямар авьяасаа үзүүлэв?
-Би цэнгээнт бүжиг бүжиг­лэсэн. Гэхдээ энэ наадмын хамгийн их айж байсан үе нь асуулт хариултын хэсэг бай­лаа. Хамт оролцсон охидууд зарим нь их л сандарч байсан.
-Өөрт чинь ямар асуулт таарсан бэ. Хэрхэн ха­риу­лав?
-Энэ тэмцээнд орсон зо­рилго юу вэ гэсэн асуулт таарсан. Би өөрийгөө нээж, олон найз нөхөдтэй болох зорилгоор энэ наадамд орсон гэж хариулсан.
-Загвар өмсөгчдийн ихэнх нь найз залуутай болох төлөвлөгөө алга гэж хариулдаг. Өөрийн чинь хувьд?
-Адилхан. Одоогоор надад найз залуутай болох төлөв­лөгөө байхгүй. Дунд сур­гуульд байхдаа хөвгүүдээс их захиа авдаг байсан л даа. Одоо захиа гэх ойлголт бай­хаа больсон байна. Харц унагах залуус бишгүй бий. Гэхдээ тэр бүрийг аль болох өөрөө мэдээгүй царай гаргаад өнгөрөөхийг боддог. /Инээв/

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.