Хүмүүс: Б Баттулга | |
Нийслэлийн Баянгол дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн сонгуулийн дүн өнөө хэр нь гараагүй, СЕХ өргөн бариагүй байгаа. Прокурорын байгууллага шалгалт хийж буй гэсэн шалтгаан СЕХ хэлсээр өнөөг хүрсэн. Гэтэл энэ нь худал байсан бололтой.
УИХ дахь АН-ын бүлгийн хүсэлтэд Улсын ерөнхий прокурорын газар хариу ирүүлэхдээ шалгалтыг сонгуулийн тойргийн хорооны гишүүдийн үйл ажиллагаанд хийж буй болохоор энэ нь нэр дэвшигчид хийгээд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан хүмүүст хамаарахгүй гэж өгүүлсэн байжээ. Мөн энэ асуудлаар СЕХ болон прокурорын байгууллага санал огт солилцож байгаагүй гэж бичсэн байж.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт СЕХ-ны дарга Б.Баттулгыг өрөөндөө дуудан уулзахдаа энэ талаар мэдээлэв. Прокурорын байгууллагаас АН-д ирүүлсэн уг бичгийг СЕХ-нд бас хүргүүлсэн аж. Харин Б.Баттулгын хэлснээс үзвэл прокурорын байгууллагаас СЕХ-д ийм бичиг ирээгүй гэнэ. Ирүүлэх ч үгүй биз. Яагаад гэвэл СЕХ чухам хэнийг, юуг шалгаж буй талаар тодруулахаар проюурорын байгууллагад хандаагүй юм байна.
Тэгэхдээ Прокурорын байгууллагаас АН-д ирүүлсэн бичиг нь СЕХ-г хуралдуулж 25 дугаар тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсийн нэрийг өргөн барих шийдвэр гаргах хангалттай үндэслэл болно гэж үзэж буйгаа. Г.Батхүү болон УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нар Б.Баттулгад илэрхийлээд, СЕХ-г даруй хуралдуулахыг шаардав. Байдал ийм байхад уг асуудалд алгуур, тоомжиргүй хандаад байвал СЕХ-ны даргатай хариуцлага тооцох болно хэмээн хатуухан хэлэв. УИХ-ын анхдугаар чуулган завсарлаж, намрын ээлжит чуулган эхэлхээс өмнө Парламентыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгох талаар санаачилга гаргаж ажиллахыг анхаарууллаа.
Эх сурвалж:Өнөөдөр