ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа бууруулахаар болов

2008/09/22
Share |
Хүмүүс:
ОХУ нефтийн бүтээгдэхүүний экспортын татвараа бууруулахаар болов

Дэлхийн зах зээлд баррель нефтийн ханш уруудаж эхлээд хоёр ч сарыг ардаа орхилоо. Энэ оны долдугаар сарын сүүлээр 147 ам.долларт хүрч байсан баррель нефть өнгөрсөн долоо хоногт бүр 90 ам.доллар болтлоо навс буурсан.Энэ нь нефть экспортлогч орнуудын орлогыг багасгаж буй учир тэд зүгээр суухгүй нь лавтай. Тиймээс ОПЕК олборлолтын хэмжээгээ бууруулах шийдвэрт хүрсэн боловч нефтийн үнэ өссөнгүй. Дэлхийн нефтийн хэрэгцээг хангахад багагүй хувь нэмрээ оруулдаг хойд хөршид маань ч ханшийн уналтын дээрх хандлага ихээхэн төвөг удаж буй. Нефтийн салбарын компаниудынх нь ашиг багасч, хувьцаа нь унаж эхэлсэн учир тус улсын Засгийн газар ямар нэгэн шийдвэрт хүрэх шаардлагатай боллоо.

ОХУ-ын Засгийн газар нефтийн компаниудын үйл ажиллагааг дэмжихийн тулд өмнө нь тогтоосон экспортын татвараа огцом бууруулахаар болжээ. Ирэх сарын 1-нээс нэг тонн түүхий нефтийн экспортын татвар 485 ам.доллар байх байсныг 372 ам.доллар болтол унагах аж. Энэ сарын 1-нээс 17-ныг хуртэлх нефтийн үнийн хэлбэлзлийг харгалзан уг шийдвэрт хүрчээ. Тэр үед Вrent маркийн баррель нефтийн үнэ ойролцоогоор 95 ам.доллар, Оросын Urals маркийн нефть баррель нь 85 ам.доллар байв. Түүнчлэн нефтийн бүтээгдэхүүний экспортын татварыг бууруулах юм байна. ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрины хэлж буйгаар энэ шийдвэр нь нефтийн салбарын компаниудын үйл ажиллагаанд ихээхэн нэмэр болох аж.

Өмнө нь нэг тонн нефтийн бүтээгдэхүүний экспортын татварыг 339.7 ам.доллар болгоно хэмээн тооцоолсныг ангиллаас нь шалтгаалан 141.7-263.1 ам.доллар болтол нь бууруулах аж. Өнгөрсөн жилийн зургадугаар сараас нефтийн экспортын татвар байнга өсч байсан хэмээн Кудрин хэллээ. Өдгөө дэлхийн зах зээлд нефтийн ханш уруудаж буй тул татварын хэмжээг бууруулах нь зүйтэй хэмээн тэрбээр үзэж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Сангийн сайдынхаа шийдвэрийг ихэд дэмжиж байгаа аж.

Хэрэв экслортын татварын хэмжээ 485 ам.доллар хэвээр үлдэж, нефтийн дэлхийн зах зээлийн 80-90 ам.долларын ханш үргэлжилбэл тус салбарын компаниуд алдагдалд орох нь лавтай. Тиймээс Засгийн газрын уг шийдвэрийг нефть олборлогч, экспортлогч компаниуд болон мэргэжилтнүүд уухайлан дэмжиж байна. Харин татварын дээрх тогтоосон хэмжээ хэр хугацаанд хэрэгжих нь дэлхийн зах зээлд нефтийн ханш хэрхэн хэлбэлзэхээс шалтгаалах гэнэ.

Эх сурвалж:Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.