Ерөнхийлөгч зарим сайдад сэтгэл хангалуун бус байна

2008/09/22
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгч зарим сайдад сэтгэл хангалуун бус байна

-УИХ-ын арван гишүүнийг багаатсан шинэ Засгийн газрын “галт тэрэг” хөдөллөө-
МАХН, АН-аас нэр дэвшүүлсэн шинэ Засгийн газрын сайдуудыг өнгөрсөн баасан гаригт байнгын хороодын хуралдаанаар танилцуулан, хэлэлцүүлж, баасан гаригийн орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.Намын бүлэг, байнгын хороогоор хэлэлцэгдэн чуулганаар батлах нь нэгэнт тодорхой болсон сайд нарын томилгоонд хүндрэлтэй асуудал нэг их гарсангүй. Сайдад нэр дэвшигчдийн олонхи нь 100 хувийн саналаар батлагдлаа. Зарим нэг сайдууд, тэр дундаа АН-ын бүлгээс санал болгосон сайдуудыг “Мэргэжлийн бус” гэх шүүмж гарсан ч Ерөнхий сайд С.Баяр тэднийг “Хамгийн гол нь ажлыг хариуцах мэдлэг, гүйцэтгэх ур чадварыг нь харсан” гэдгээр аргагүй хамгаалалт хийж байгаа харагдсан. Нөгөө талаар Засгийн газрын шинэ сайдуудын томилгоог УИХ-ын гишүүд асуулт, саналаар булж, цаг үрсэнгүйгээр барахгүй кноп дараад асуудлыг шийдэж байгаа нь Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх гэсэн намын дарга нарынх нь хүчин чармайлт харагдаж байсан гэхэд болно. Тиймдээ ч шинэ сайдууд бараг л нэг өдөрт тодорч, батлагдсан. Харин Сангийн яаманд томилогдох болсон УИХ-ын гишүүн С.Баярцогт байнгын хорооны хуралдаан дээр “МАХН-ын сонгуулиар амалсан 1.5 сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгоно” гэж хэлсэн нь МАХН-ын бүлгийнхнийг бухимдуулж, түүнийг шүүмжлэгчид чуулганы хуралдаан дээр ч эсэргүүцлээ илэрхийлж байв. Гэвч нэгэнт томилогдохоор болсон сайдуудыг эсэргүүцэгчдийн тоо хамгийн дээд тал нь таваас зургаад хүрч байсан. Ийнхүү шинэ Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар Н.Алтанхуяг, Шадар сайдаар М.Энхболд ажиллахаар боллоо. Сангийн сайдад С.Баярцогт, Гадаад хэргийн сайдад Сү.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Л.Гансүх, Батлан хамгаалахын сайдад Л.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад Т.Ганди, Эрүүл мэндийн сайдад С.Ламбаа, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Бадамжунай, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад Д.Зоригт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Б.Долгор нарыг томилж, баталлаа. Шинэхэн томилгооноос харахад сайдуудын арав нь УИХ-ын гишүүн, түүний дотор АН-ын сайдууд бүгдээрээ УИХ-ын гишүүн байлаа. Ингэснээр хоёр намын гишүүдийн ярьж байсанчлан “Ерөнхий чиг үүргийн яамдаас бусдыг УИХ-ын гишүүн бус хүн удирдах нь “Сайдуудын гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх ёстой” гэхчилэн ярыдгааж байсан нь нэг үгээр хэлэхэд цагаан цаасан дээр хараар л бичигдэн үлдэж, энэ Засгийн газрын үед талаар боллоо. Эвслийн Засгийн газрын сайдуудыг томилсон чуулган хамтарсан Засгийн газрыг эсэргүүцэж байгаа Ц.Элбэгдорж болон сөрөг хүчин болоод буй З.Алтай, ИЗН-ын дарга С.Оюун нар байсангүй. Харин шинээр томилогдсон зарим сайдуудын талаар таагүй сэтгэгдэлтэй байгаагаа Ерөнхийлөгч чуулганы үеэр ч нуусангүй. Өөрөөр хэлбэл яарвал даарна гэгчээр хийсэн сонголтын үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр сэтгэл хангалуун бус байна. Гэхдээ л “галт тэрэг” хэдийнэ хөдөлжээ.

Эх сурвалж:Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.