Гэр бүлийн аз жаргал улс төрөөс хямдхан гэж үү

2008/09/23
Share |
Гэр бүлийн аз жаргал улс төрөөс хямдхан гэж үү

Гурван жилийн өмнө Туул голын эрэг  хавиар бургасаар овоохой бариад хог түүж  амьдардаг хүмүүсийг сур­вал­жилж явахад нэг их аз жаргалтай гэр бүлтэй таарч билээ. Жил дараалсан улаан цурав гурван хүүхэдтэй за­луу­хан эр эм хоёр нар сар гэрэлтсэн овоохойд амьдран суудаг байлаа.Нөхөр нь өглөө бүр хот руу явж  орон сууцны айлуудын гаднах хог ухаж архины шил, ундааны лаазхан түүж, цамаан нэгнийх нь хаясан гутал хувцсыг  өөд нь татаж жаргах нартай урал­дан гэртээ ирнэ. Эхнэр нь гурван нялхаа харах тул гадагшаа явж чадахгүй өн­жинө. Нөхрийгөө орой ирэхэд нь мөлжүүргүй яс буцалгаж  гаргасан усан  шөлөн дээрээ  бараг тоолчихмоор будаа хаясан хоолшуу юмаа ихэд нандигнан хоёр гардан ба­рина.

Тэдний амьдрал бус­дын­хаа л адил өлөн зэлмэн тарчигхан байлаа.  Намрын зэвэргэн  салхи овоохойных нь цоорхой бүрээр хүүгэж, хүүхдүүдийнх нь хошуу, гар ув улаан болчихсон байх атлаа тэднийх шиг жаргалтай гэр бүл байгаагүй л юм. Эхнэр нөхөр хоёрын хэн хэндээ  илгээх хайр шингэсэн дулаан харц, бие биеэ "хайр аа"  хэмээн дуудах намуухан хоолой, хүүхдийн цовоо цол­гиун инээд гээд тэр ядуу гэр бүлийг баян болгож байсан аз жаргал, хайр дурлалыг мар­таа­гүй л явна.  Энэ бяцхан түүхийг эргэн  дурсахын учир гэвэл төрийн  өндөр дээд албан тушаалд бялуурч, эрх мэдэл, мөнгө төгрөгөөр үл дутах атлаа гэр бүлийн аз жаргалыг үл эдлэгчид олон болсонд эмзэглэх болсных билээ. Үүний нэг тод жишээ гэвэл Ерөнхий сайд С.Баяр гуай. Хэдэн жилийн өмнө түүний "Дөч гарсан хойно мэндэлсэн хэнз охин маань Хулан бид хоёрт ихийг ойл­гуулсан" гэсэн нэгэн ярилц­ла­гыг уншаад их л ухаантай хүн юм гэж бодож байлаа. Өмнөх гэр бүлээ орхисон хэдий ч удаах нь бүтэлтэй байж аз жаргалтай амьдарч байгаа хүн алийг тэр гэхэв. Гэтэл Ерөнхий сайд мөн л хэнз охиноо орхиж түүнд амьдрал хувь заяагаа даатга­сан бүсгүйгээс салав. Түү­нээс хойш гоонь эрийн амьд­ралаар амьдарч эхэлсэн билээ. С.Баярт албан тушаал мөнгө төгрөг дутаагүй. Бас үнэнч, урвагч нөхдөөр бас дутаагүй. Эр хүнийг мөнгөтэй чадалтай  явахын цагт дэн­гийн эрвээхэй адил эргэлдэх гоо бүсгүйчүүд мэдээж олон. Нэгэнт л  сахил хүртчихээ­гүйгээс хойш түүний амьд­ралд хэдэн хэдэн бүсгүй байгаа л дуулддаг. Гэхдээ тэд­нээс чинь ядарч туйлдаад ирэхийн цагт хөлсийг чинь арчиж, өндөр албан тушаалаа өгөхийн цагт  үнэнч үлдэх нь хэд вэ. Улс төрийн хов жив хэрүүл маргаан, албан ту­шаа­лын наймаа шантааж гээд олон заваан юмнаас хол­дохын тулд архи уухад л хангалттай юу.  Эсвэл гэр бүлийн аз жаргал  улс төрөөс хямдхан гэж үү. Үгүй дээ, амьдралын утга учир  огт өөр билээ. Жирийн хүмүүс орой ажлаа тараад гэрээдээ яар­даг бол эрхэм Ерөнхий  сайд аль нэг ресторан эсвэл  да­раа­гийн нууц уулзалт руугаа явдаг гэж байгаа. Түүний сайн найзын бичсэнээр машиндаа хүйтэн ундаа ууж гамбургер идсэн болоод давхиад байдаг бололтой. Жар дөхсөн насан­даа ийм амьдралаар амьдрах сайхан уу.

УИХ-ын дарга эрхэм Д.Дэм­бэрэл бас өтөл на­сан­даа ач шигээ бүсгүйтэй дэр нэгтгэж хэнз үрийн зулай үнэрлэсэн л дуулддаг. Өдгөө тэднийдээ амьдарч байгаа ч гэх. Насны нар хэвийсэн хойноо  нандин дурлалтай учирч жаахан бүсгүйтэй ха­нил­сан  байж мэдэх л юм. УИХ-ын гишүүн Д.Батбаяр бас эхнэрээсээ салж гоонь эрийн замыг сонгосон гэсэн.   Ямартай ч тэднийг шууд буруутгах гэсэнгүй.  Гагцхүү  улс орныг толгойлж яваа эрхмүүд хувийнхаа амьдра­лаар ч болов  үлгэр жишээ үзүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Төрийн өндөр­лө­гүүдийн гэр бүлийн асуу­дал ард түмний  сонирхох гол юмны нэг бол яагаад бараг бүгд шахуу ийм сонин гэр бүлийн харилцаатай эрх­мүүнд тэнд сонгогдоод байгаа нь анхаарал татаж байна. Бодвол С.Баяр өөрөөсөө олны анхаарлыг холдуулах  гэсэндээ л Д.Дэмбэрэл ги­шүү­нийг санал болгоо болов уу гэсэн хардлага ч дуулдах боллоо. Монголчууд гэр бүл­дээ үнэнч, элгэмсүү хү­нээр тө­рөө бариулсаар ирсэн түүх­тэй. Тийм ч болоод "гэ­рээ засаад төрөө зас" гэсэн үгтэй болсон биз. Гэр орондоо тайван сайхан амьдралтай, гэр бүлдээ хайртай хүмүүс ямагт инээмсэглэж, бусдыг өршөөж, сэтгэлдээ гэрэл гэгээтэй зүйл бодож явдаг билээ. Тиймгүй бол ямагт хор найруулж, бусдад  өс санаж, хэн нэгнийг гутаан доромж­лон, хамт ажиллагсдынхаа нэр сүрийг гутаахын тулд  хов хутгаж байдаг нь нууц биш. Сэтгэлд нар байхгүй бол тул­ганд яаж гал байхав. 

Түүн лүгээ өдөржин ажил­даа дарагдан, сонин хэвлэ­лийнхэнд шүүмжлүүлж, эл­дэв амбицтангуудтай хэл амаа ололцох гэж хичээж ядарсаар  орой гэртээ ирэхэд  дулаахан харцаар илбэх  ха­нийн сэтгэл, өвөр дээр нь эрхлэх үр хүүхэд үгүй  бол цээжинд  хурсан тэр их хи­лэн, цөхрөлөө яаж тайлах билээ.  Тэгээд тэр их хуралд­сан стресстэйгээ улс орныг удирдахаар сайн л байхгүй нь лавтай.

Улс төрд хүчээ сорьж яваа хүмүүс гэр бүлдээ бараг анхаарал тавьдаггүй гэж дуулдах л юм. Хүнийг ямар амьдарч, хэр хүн явсан гэд­гийг үр хүүхэд ач гуч нь л үнэнийг хэлнэ үү гэхээс тө­рийн ордонд өлгөгдөх амьгүй зураг юу өгүүлж чадах вэ. Тиймээс гэр бүлийн аз жаргал улс төрөөс үнэтэй юм шүү дээ.

Эх сурвалж:Мөнхбаясгалан

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.