Б.Энхмэнд: Би хайртай дуртай, надтай суугаач гээгүй хүнтэй гэрлэсэндээ харамсдаггүй

2008/09/23
Share |
Хүмүүс: Энхмэнд | 
Б.Энхмэнд: Би хайртай дуртай, надтай суугаач гээгүй хүнтэй гэрлэсэндээ харамсдаггүй

Зохиолын дууны ертөнцөд хослон дуулж гарч ирсэн дуучин Чинболор Энхмэнд нарыг хүмүүс “Хайрын орчлон” дуугаар нь андахгүй мэдэх билээ. Баянмөнх шүлгийг мь бичиж Сэр-Од аяыг нь хийвэл тэр дуу хит болдог гэсэн ам дамжсан, бас ч үнэний ортой ярианы эзэн найрагчтай дуучин Энхмэнд амьдралаа холбоод өдгөө 4 жилийн нүүрийг үзэж байна. Өвөрмөц хоолойгоороо олонд хүрсэн дуучин бүсгүй гэр бүлийн амьдралдаа анхаараад уран бүтээл хийхгүй нам гүм байна уу гэсэн бодол уулзаж ярилцсаны дараа өөрчлөгдсөн юм. Юунд ч санаа зовохгүй тайван амгалан байхыг илүүд үздэг эхнэр, ажил хэрэгч байнга завгүй явдаг нөхөр хоёрын сонин ч гэмээр амьдралын хэмнэл эрхгүй анхаарал татсан. Гэр бүлтэй болоод хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн ам нээгээгүй дуучин бүсгүй амьдралынхаа нарийн ширийнийг анх удаа дэлгэрэнгүй ярилаа.

-Эмэгтэй дуучид олон байгаа ч зохиолын дууны гүнж бол Баясгалан гэсэн ойлголт байсаар байна. Адилхан эмэгтэй хүн, чадалтай дуучны хувьд хордох сэтгэл ер нь төрөх юм уу?
-/инээв/ Хүмүүсийн хувьд ер нь өөр өөрийнхөөрөө л ярьдаг шүү дээ. Тийм болохоор магадгүй тэд нар тийм учраас яриад байх шиг байна гэж бодож байгаагүй юм байна л даа. Угаасаа уран бүтээлийг хийх гэж явсанаас биш энийг ингээд хүмүүс илүү яриад байх юм, би яагаад тэрэн шиг ингэж яригдаж болдоггүй юм гэдэг ч юмуу би ер тэгж бодож байгаагүй юм байна. Багийн хор шаргүй хүүхэд байсан л даа. Одоо харин хааяа зарим юман дээр хэн нэгэнд хордох өрсөлдөх сэтгэл төрдөг болсон байна лээ. Гэхдээ их биш.
-Хос хосоороо дуулж байсан Жавхлан Баясгалан, Батсайхан Эрдэнэтунгалаг, Хишигбаяр Дэлгэрмаа гээд хараад байхнээ эцсийн эцэст бараг та хоёр л хоёулаа ямар ч маргаан мэтгэлцээнгүй хамт үлджээ?
-Ер нь тэгээд хүмүүс бид хоёрыг тус тусад нь хүлээж авдаггүй юм шиг санагдаад байдаг юм. Хамтдаа ирэхээр л “Өө нөгөө Чинболор Энхмэнд хоёр чинь ирсэн” гээд л. Аягүй гоё хүлээж аваад дуртай байдаг. Тэгээд тус тусдаа ирэхээр яг тэр дайны хүлээж авахгүй байгаа юм шиг санагдаад байдаг. Бид хоёр жилийн өмнөөс тус тусынхаа цомгийг гаргая гээд ярьсан чинь “Та хоёр үүнээс хойш хамтдаа уран бүтээл хийхгүй юм уу, салж байгаа юмуу” гээд л асуугаад байсан л даа. Ингэж хамтдаа муудаж, сайдахгүй уран бүтээлээ хийгээд явж байгаа нь нэгэндээ их итгэдэгийнх юм болов уу л гэж боддог. Бид чинь нэг ангийн хүүхдүүд. 5 жил нэг ангид байхад хүмүүс зан зангаа мэддэг болсон. Бид хоёр ер нь бие биенийгээ эрэгтэй, эмэгтэй гэдэг утгаар харж байгаагүй. Хамт уран бүтээл хийгээд хөдөө гадаа их явна. Тэр үед Чинбогийн эхнэр юу гэх бол, манай хүн юу гэж бодох бол гэж ер бодож байгаагүй.
-Ер нь эмэгтэй дуучдын эргэн тойронд тэрэнтэй энэнтэй нэр холбогддог гэсэн асуудал гардаг. Тэгэж байж нэрд гардаг гэсэн ойлголт ч бий. Гэтэл та бол нам гүмхэн байж байснаа нэг л өдөр хүнтэй суусан. Яруу найрагч Баянмөнх ахтай сууснаар дуучин гэхээсээ энэ хүний эхнэр гэдгээр танигдаад ч байх шиг?
-Би хүнтэй сууснаараа уран бүтээлээ хойш тавиад ажлаа орхигдуулж байна гэж боддоггүй юм. Надад ер тийм сэтгэгдэл төрж байгаагүй. Би нөхөртэйгөө суусандаа маш их азтай гэж өөрийгөө боддог. Хүмүүс магадгүй намайг уран бүтээлээ хийхгүй нөхөр хүүхдээ зуураад л таг чиг боллоо гэж бодож байгаа байх.
Тийм биш ээ. Би одоо уран бүтээлээ хийнэ. Манай хүн ч маш их дэмждэг. Уран бүтээл хийж, гарч байгаа тэр болгон манай хүний сэтгэл санааны дэмжлэгээр бүтдэг. Ер нь бол би их удаан, тайван, дэндүү хойрог хүн л дээ. Юмыг жаахан хойш тавиад байдаг. Тэгэхээр манай хүн “Чи яг өнөөдөр очоод тэр дуугаа дуулаач ээ” гээд /инээв/ шаардлага тавьдаг.
-Яруу найрагчид их дурламтгай хүмүүс. Таныг уярааж байгаад аваад суучихав уу, эсвэл …?
-”Ботгоны дуу”-г Баясгалан дуулж гарч ирж байхад би тэр дууг сонсоод яруу найрагч Баянмөнх гэж байдаг юм байна л гэж бодож байсан. 2004 онд сонгуулийн сурталчилгаагаар Дундговь руу явахад яруу найрагч Баянмөнх гэж хүнтэй хамт явж байсан. Тэр үед л би Баянмөнх гэдэг хүн чинь энэ юм байна даа гэж таньдаг болсон. Манай хүн чинь зохион байгуулаад бид тоглолтоо хийгээд явдаг байсан байхгүй юу. Тэгж танилцаж байлаа. Дараахан нь Чинболор бид хоёрт “Хайрын орчлон” гэж дуу хийж өгсөн. Үе үехэн уулзалдсаар яваад, тэгээд мессэж бичдэг болоод нэг мэдэхэд аягүй сүрхий танилууд найзууд болсон байсан. /инээв/ Тэгээд дараа нь нэг мэдэхэд нэг гэрт орчихсон байсан. /инээв/ Надтай сууя гэж хэлээгүй, би ерөөсөө суух уу гэж асуух болов уу ч гэж бодоогүй тэгээд аяндаа л суучихсан байсан. Энэ хүний юу нь надад таалагдаад би тэгээд нэг гэрт ороод эхнэр нь болчихсон юм бүү мэд. Надад одоо юу нь таалагдсан гэхээр тэр нь таалагдаж байгаа гэсэн юм байдаггүй. Тэгэхээр зэрэг тэр хүний орон зай цаанаасаа л маш их, нэг тийм холбогдох ёстой байсан юм болов уу гэж боддог юм. Заавал нэг нь гуйгаад нөгөөх нь гуйлгаад л байсан юм байхгүй байгаа байхгүй юу. Тэгээд би “Та ер нь намайг сууя гэж хэлсэн юмуу үгүй юмуу?” /инээв/. Ерөөсөө хэлүүлэхгүй суучихжээ. Одоо хэлүүлье” гээд/инээв/ хааяа тэгээд тоглодог л доо. Тэр үед би сургуулиа төгсөж байлаа. Манай хүн “Гурван эрдэнэ” дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, багшаар ажилладаг байсан. Одоо бол “Гурван эрдэнэ “сургуульдаа гүйцэтгэх захирал хийдэг. Шоволзсон, хөдөлгөөнтэй, аягүй сэргэлэн байрын бор залуу л байдаг . байсан. Би өөрөө жаахан удаан болохоор тэгдэг юмуу, ажлаа сайн мэдээд санаачлагатай идэвхитэй ажиллаж байгаа хүнд бас их дуртай. Тэр зан нь их таалагдсан юм уу одоо бодоод байхад.
-Баянмөнх ах өмнө нь амьдралтай байсан. Эмэгтэй хүний хувьд бас тийм зүйлийг хүлээж авахад амаргүй шүү дээ?
-Энийг чинь зөндөө л сэтгүүл сонин тэр үед асуудаг байсан. Би тэр болгонд эмзэглээд, эд нар ингээд байс гээд асуугаад байдаг гэж төвөгшөөж байгаагүй. Надад болохоор нэг их тэр хүн тэгэж явсан гэж сэтгэлд хэцүү санагддаггүй. Надад нээх чи тэгж байсан, ингэж байсан гэж ухаж төнхөх бодол байдаггүй. Тийм болохоор надад проблемтэй санагддаггүй ээ.
-Тантай суух гэж байх үед эхнэрээсээ салаад удаагүй байсан билүү?
-Тийм. Гэхдээ би тэрийг нь мэдээгүй л дээ. Үерхэж байх хугацаанд хүмүүс ярьж л байсан. Тэр надад бол нээх тийм асуудал биш санагдсан. Эхнэр нь ерөөсөө холбоо барьдаггүй юу?
-Үгүй байх аа. Би тэр талаар мэдэхгүй. Мэдэхийг ч хүсдэггүй.
-Та айл гэрийн эзэгтэйн хувьд хэр сайн эзэгтэй вэ?
-Уг нь сэтгэл нь их сайхан л даа. /инээв/ Сайн эзэгтэй, аймаар халамжтай сайхан эхнэр байх юмсан гэж боддог. Санасандаа 100 хувь хүрэхгүй л дээ. Яалт ч үгүй халамжтай юмуу гэхээр халамжтай, хайртай юм уу гэхээр хайртай. Тэгсэн хэрнээ л хангалттай сайн гэрийн эзэгтэй байж чадахгүй байна л даа гэж бодогддог. Хөндлөнгийн хүмүүс намайг муу эзэгтэй байна гэж хэлдэггүй юмаа. Баянмөнх ах таныг мөрөөдлийнхөө эмэгтэйг олсон гэж ирээд л их ярьдаг. Харин Баянмөнх ах ямаршуу хүн бэ?
-Сайхан халамжтай, хайртай, гэрийн сайн эзэн гэхээр л тогоо шанага бариад хувцас хүнараа индүүдээд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгснөөрөө гэрийн сайн эзэн болчихно гэж боддоггүй. Эр хүн тэр гэрийн ноён нуруу гэдэг утгаараа гадуур ажилд түлхүү оролцох гэж цаанаасаа тийм зохицолдолгоотой бүтээсэн юм. Тийм болохоор би эр хүнийг энэ гэрт орох орлого, ямар хоол ундаа идэж байна, ямар байх ёстой вэ, ямар хувцас өмсөх ёстой тэр болгоныг л хангаж өгөх ёстой гэж боддог. Дээр нь тэр хүн гэр орондоо ширүүн дуугардаггүй л байх хэрэгтэй. Тэр чинь эмэгтэй хүнд ямар ч стрессгүй сайхан амьдрахын эх үндэс шүү дээ..
-Та нөхрөө ерөөсөө харддаггүй юм шиг байна?
-Би юу? Хардах юм хийдэггүй л юм шиг санагдаад байдаг шүү дээ. /инээв/ Хийж явдаг ч юмуу би сайн мэдэхгүй. Гэхдээ надад л мэдэгдэхгүй бол би “Чи хаагуур явав, яав ийв?” гээд байдаггүй. Манай хүн чинь угаасаа л “Би одоо тэнд ийм ажилтай байна, энд ийм ажилтай байна” гээд явдаг юм чинь. Ерөөсөө тийм хардах үндэс байдаггүй.
-Яг бодит байдал дээр бол таныг сонирхох залуус олон байх аа. Эрэгтэй хүнийг юу гэж тэгээд хүүхнүүд араас нь татаж чангаагаад байхав?
-Хэн мэдэх вэ. Магадгүй тэгдэг ч байсан юм болов уу. Баянаатай суухаас өмнө сэтгүүлчид “Та хүүхэд байхдаа захиа авч байв уу, оюутан байхдаа хайраа илэрхийлсэн залуу байдаг уу?” гээд асуудаг байсан. Надад ерөөсөө тийм юм байдаггүй байхгүй юу. Би их ааш муутай хүүхэд байсан юм болов уу, яагаад хүмүүс надад захиа өгөөгүй юм бол. Оюутан байхад надад хүмүүс яагаад хайртай дуртай гээгүй юм. Тэгээд би хайртай, дуртай, надтай суугаач энэ тэр гээгүй хүнтэй очоод суучихсан байдаг (инээв). Мэдэхгүй ээ, намайг хүмүүс сонирхдог гэсэн бодол байгаагүй болохоор тийм бодол байдаггүй шүү дээ.
-Орлого ярих юм бол та уран бүтээл хийгээд нөхөргүй байсан ч гэсэн амьдралаа аваад явахаар хэмжээний чадалтай уран бүтээлч. Ямар ч байсан таныг шинэ хүүхдүүдтэй адил ханшаар дуулуулахгүй дээ?
-Би юу? Би тэгэж боддоггүй ээ. Чи манай хүнтэй уулзаагүй, яриагүй, ажил хэрэг хамтарч хийгээгүй болохоор мэдэхгүй байна л даа. Хэзээ ч би тэр хүнээс илүү орлого олно гэж бодож байгаагүй. Манай хүн чинь овсгоотой ажил хэрэгч. Би энэ хүнээс илүү олох юм байна даа. Энэ хүн чинь нэг иймэрхүү л олох юм байна гэсэн бодол надад хэзээ ч төрж байгаагүй. Амьдрал боломжийн л байдаг. Гэр оронд мөнгө төгрөг дутахгүй болохоор хүн тэрийг бодохгүй. Хэдэн төгрөг олж байна, хэдийгүрж байна, яаж байна. Тэр болгоныг тооцуулж надад тийм юм үзүүлээгүй нөхөртөө баярладаг л даа. Надад нэг их стрессгүй л байвал би их жаргалтай байдаг хүн л дээ. Гадуур дотуур аймаар ажилтай, ажил төлөвлөөд л хүнтэй уулзаад явдаггүй. Аягүй сонин, хүмүүс намайг таньдаг ч гэсэн надад өөрт бол таньдаг хүн цөөхөн. Би одоо бол маш, их жаргалтай байна. Уран бүтээлээ хийхдээ би нэг их зовдог гэж хэлэхгүй. Энэ чинь миний дурлаж эзэмшсэн мэргэжил. Ямар нэгэн проблемийг надад ингэж хүргэхгүй авч яваа нөхөр маань маш сайн хүн гэж би боддог.
-Амьдралдаа проблем хүргэхгүй авч явж байна гээд нөхөр чинь таныг гэрт нь дараад багйгаа юм биш үү?
-/инээв/ Үгүй ээ үгүй. Манай хүн чинь өдөр бүтэн ажилтай байдаг юм чинь “За юу хийж байна?” гээд л утасдана. Хийсэн юмгүй байна гэвэл “Хийгээч ээ гараач ээ” гэдэг л юм. Зарим хүмүүс гэртээ суугаад байна гэдэг чинь зэврэхийн үндэс, цаг нийгмээсээ хоцорч байгаагийн шинж гэдэг. Би бас тийм идэвхгүй ч биш л дээ. Гэхдээ ажил төлөвлөөд, цаг товлоод хүнтэй уулзаад байх дуртай биш.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop Ìîñêâà Î÷àêîâî-Ìàòâååâ
IP:141.101.132.243  2018-08-10 22:21:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.