Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башёгийн үлдсэн өдрийн барилдаануудад их аварга Асашёорюү Д.Дагвадорж барилдах боломжгүй боллоо. Энэ нь түүний өнгөрсөн долдугаар сарын Нагоя башёгийн үеэр зүүн тохойндоо авсан бэртэлтэй холбоотой бөгөөд их аваргын бэртэл энэ удаа эргэн сэдэрчээ. Их аварга тэмцээний ес дэх өдрийн барилдаанд буюу даваа гаригт сэкиваки Аматай барилдахын өмнө зүүн гараараа маушигаа хүчтэй цохидог өөрийн уламжлал болсон хувийн ёслолоо ч хийж чадаагүй нь түүний тохойны өвдөлт их байсантай холбоотой байсан аж.
Асашёорюү өчигдөр орой Такасага оякататай зөвлөлдөж, Аки башёг орхих шийдвэрээ гаргасан ба энэ талаар өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслээр аль хэдийн Асашёорюүг зодог тайлж магадгүй гэсэн шуугиан дэгдээд байгаа ч Такасага ояката үүнийг үгүйсгэж, Эзэн хааны цомыг 22 удаа хүртэж байсан “агуу монгол” зодог тайлах цаг нь болоогүй хэмээн мэдэгджээ. Ийнхүү Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Акинори есдүгээр сарын башёг орхисноор түүний өнөөдрийн өрсөлдөгч байсан Гоедо барилдаан хийлгүйгээр даваагаа ахиулах боломжтой боллоо.