Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал: Манай хүн урилга заллагандаа ядраад чих нь шуугиж, бүр эмнэлгээр явлаа

2008/09/24
Share |
Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал: Манай хүн урилга заллагандаа ядраад чих нь шуугиж, бүр эмнэлгээр явлаа

Монгол түмэн олимпийн алдартнуудаа угтаж авснаас хойш сар шахамын хугацаа өнгөрч байна. Гэсэн ч Монголын спортын түүхэнд байгаагүй их амжилтыг гаргасан тамирчид маань "шинэ" хэвээрээ байгаа. Ямартаа л хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүнд буй болсон их амжилтынх нь баяр хөөрөөс хуваалцах гэсэн урилга, заллага үл тасарч, гавьяатнууд маань эхнээсээ ядаргаанд орж эхэлж байгаа аж. Бид олимпийн алтан  медальт МУХБ Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргалтай уулзаж яриа дэлгэсэн юм. Хар нялхаасаа нэг гудамжин тоглож, үерхэж дотноссон тэд Нандин хэмээх хөөрхөн охинтой.

-Юуны өмнө танай гэр бүлд баяр хүргэе. Урилга заллага ч тасрахгүй л байгаа байх. Жаахан шингэрэх янз байна уу? Ингэхэд хөдөө явсан гэсэн. Бага ч гэсэн амсхийж чадав уу?
-Өө их явж байна. Юун амрах. Ямар сайндаа манай хүн жаахан ядаргаанд орж байх шиг байна. Чих нь шуугиад өвдөөд. Өнөөдөр эмнэлгээр явлаа л даа. Ирснээсээ хойш ерөөсөө амраагүй. Бэлтгэл алдаж болохгүй учраас өглөөдөө бэлтгэл хийгээд гүйж байгаа. Тэгээд өдөр нь амарч чадахгүй байгаа болохоор аргагүй байх л даа. Харин одооноос арай гайгүй л юм шиг байна ш дээ. Сар шахуу ямар ч зав гарахгүй. Орой ирээд л шууд унтах цаг болчихоод байлаа шүү. Өмнөговийн Ханбогд суманд манай 90 хүрэх гэж байгаа өвөө байдаг юм. Энэ зун олимп гээд өвөө дээрээ очиж чадаагүй болохоор сая явцгаасан юм. Тэнд Дэмчигийн хийд байдаг юм. Дэлхийн энергийн төв гэдэг дээ. Манай хүн чинь тэнд очиж энерги авдаг байхгүй юу. Тийм болохоор өвөө дээр очингоо Дэмчигийн хийдээр ороод ирсэн. Сая ингэж явахдаа харин сайхан амарсан. Хүмүүс ч бага байлаа. Харин Төв аймагт наадам хийхэд хүмүүс шаваад аймаар байсан. Тийм болохоор сая явахдаа юмыг яаж мэдэхэв гээд хамгаалагч хийдэг таньдаг ахыгаа аваад явсан юм. Тэгтэл бас сайхан сэтгэлээр баяр хүргэх гэж ирж байгаа хүмүүсийг цаашаа гээд хамгаалаад байх нь хэцүү. Харин ч хүмүүсийг ойртуулахгүй байхаар улам шаваад бүр явуулахгүй талдаа байсан. Харин Өмнөговийн Ханбогдод гайгүй, хоёр хоног амарчихаад ирсэн. Оюутолгой бас өөрийнхөө үйл ажиллагаатай танилцуулах журмаар хүлээж авсан байхгүй юу. Тэгсэн чинь Оюутолгойн амралтын өдөр таараад бас их хүмүүс шавсан. Тэрийг эс тооцвол гайгүй ээ.

-Өмнө нь энд тэнд зүгээр л явдаг байсан чинь одоо хүмүүс хүрээлээд, шаваад явуулахгүй байхаар бас эвгүй л байгаа байлгүй?
-Өмнө нь жирийн л дураараа явдаг байсан болохоор сонин байгаа байхгүй юу. Бид хоёр чинь гадуур дэлгүүр хоршоогоор яваад л, бие биедээ хувцас авахдаа заавал хамт явдаг байсан. Одоо ерөөсөө тэгж чадахгүй байгаа юм чинь. Ганц нэг дэлгүүр орохоор хүмүүс "Нөгөө хэн байна ш дээ" гээд зарим нь ирж баяр хүргээд л. Бид хоёрыг "Хан бүргэдэй" дотор явж байтал "Юу гэж Бадар-Ууган энд явж байдаг юм. Биш байлгүй дээ. Юу гэж эндээс хувцасаа авах юм "гээд яриад байгаа нь сонсогдоод байсан. Тэгээд одоо олон нийтийн газраар явахгүй байгаа ш дээ. Уг нь бид хоёр хоёулаа сайхан хоолонд оръё гээд явдаг байсан бол одоо больсон. За харьж хоолоо хийж идье гээд л яарч байгаа юм чинь. Нэг газар хоол идэх гээд ороход "Юу гэж энд хоол идэж байдаг юм" гэж байгаа юм. Өмнө нь хаа хамаагүй Солонгос ч, Монгол ч ресторанд ордог байсан. Одоо бол хаашаа орох вэ гэдгээ бодохгүй бол болохгүй байгаа юм чинь. Уг нь ямар эхнээсээ ингээд төрчихсөн биш дээ.

-Мэдээж олимпийн аваргын төлөөх тоглолтын алтан агшныг асуухгүй бол болохгүй байна. Ёстой л эр нөхрийнхөө дээлийн захыг мушгиад, догдлоод сууж байсан биз?
-Би олимпийн үеэр эмнэлэгт долоо хоносон. Бүтэн сайн өдөр пиналын тоглолт байсан. Тэгээд тэр өдрийн өглөө эрт эмнэлгээс гараад Гандан ороод ном уншуулсан. Эмнэлэгт хэвтэж байхдаа ч гэсэн, өмнөх тоглолтын үеэр нь өглөө нь эмчээс зөвшөөрөл аваад Гандан явж ном бичүүлчихээд буцаад хэвтэж байсан байхгүй юу. Пиналын тоглолтыг нь лагерь дээр аав ээжтэйгээ үзсэн. Би ер нь тоглолтыг нь яг үздэггүй юм шиг санагдсан. Зурагтаар шууд гарч байгаа тулааны оноог нь л ерөөсөө хараад суучихдаг байхгүй юу. За тэд болсон, тэдээр илүү гээд л бараг телевизийн дээд талын буланг нь харсаар байгаад дуусгачихдаг. Пиналын тоглолтон дээр 4-р раунд эхлээд нэлээн олон онооны илүү болоод эхэлсэн чинь хүмүүс утасдаад баяр хүргээд эхэлчихсэн. Ёстой тасралтгүй л утсаар ярьсан. Дараа нь харин зурагтаар ярилцлага нь шууд гарсан чинь л би бүр сэтгэлээ барьж чадахгүй уйлсан. Бусдаар бол гайгүй ээ. Оноо нь илүү гараад эхлэхээр чинь хүн тайвширчихаж байгаа юм чинь. Оноо нь яг тэнцүү яваад байвал хэцүү ш дээ. Илүү байхаар нь сэтгэл амарсан. Гэхдээ бас бокс чинь эвгүй л дээ. Хэдэн секунд дутуу байхад хөмсөг нь задарчих ч юм уу. Ямар нэг бэртэл авчих юм бол хэдийгээр хожиж байсан ч хамаагүй. Нөгөө хүнд нь хожил өгчихдөг. Тийм болохоор тэр талаас  нь айгаад залбираад л үзэж байсан даа.

-Бадар-Ууган ялалт бүрийнхээ дараа "Энэ мөчид эхнэр хүүхэд л бодогдох юм"  гэдэг шүү?
-Ямар сайндаа манай хадам ээж Бадарааг зурагтаар "Одоо тэгээд энэ мөчид аав, ээж, эхнэр хүүхэд л бодогдож байна даа" гэсэн чинь хөөрхий амьтан уйлсан гэсэн. Гол нь "Хожчихоод буугаад ирэх мөчид" гэсэн үгийг нь "Ядрах үед" гэж ойлгочихсон. Тэгээд "Миний муу хүү ядраад чааваас. Гэрээ санаж байгаа юм байна" гээд уйлсан гэсэн. Ер нь бол манай хүн олон тоглолтонд оролцож байсан. Би Чикагод болсон Дэлхийн аваргын хөмсөг нь задардаг тоглолтон дээр нь их санаа зовж байсан. Тэгэхэд шууд үзээгүй. Интернэтээр тоглолт нь биш оноо нь л гарч байсан байхгүй юу. Тэгсэн манай хүн оноо нь илүү явж байгаад гэнэт завсарлачихсан. Нэлээн удаан завсарлахаар нь "За яг нэг юм болчихлоо доо. Одоо яанаа" гэж айж байсан чинь дараа нь Оросын телевизээр үзтэл хөмсөг нь задарчихсан байсан.

-Одоо олимпийн аварга л гээд байна. Анх танилцаж, үерхэж байсан үеийнхээ тухай яривал ямар вэ?
-Бид хоёр намайг 8-р ангид байхад 2002 оноос албан ёсоор үерхсэн. Өмнө нь бол бие биеэ таньдаг, хамт гадаа тоглодог хүүхдүүд байж байгаад намайг үерхье гэж гуйгаад(инээв). Тэгээд би зөвшөөрөөд, үерхээд, одоо ингээд гэр бүл болоод хүүхэдтэй болоод амьдарч байна даа. Манай хүн чинь их бэлтгэлтэй учраас байхаасаа байхгүй нь их. Байх хугацаанд нь бид хоёр чинь орой өвлийн хар хүйтэнд чинь гадаа уулзана. Жаахан байсан юм чинь нэг нэгнийдээ орохгүй шүү дээ. Гадаа аймаар даарч байгаа мөртлөө 2-3 цаг зогсоод л байдаг. Ер нь Бадараа байнга бэлтгэлтэй явдаг байсан. Олимпийн шигшээ баг байгуулагдаад, сүүлийн гурван жил бол тасралтгүй явсан даа. Манай охин чинь 2007 он гараад төрсөн. Бадараа 2006 оны 12 сард Азийн тоглолтон дээр өмнө нь гэмтсэн байсан. Тохойных нь гэмтэл бүр сэдрээд, тэгээд 1 сараас бараг 4 сар хүртэл ямар ч тэмцээнд яваагүй. Гэрээсээ бэлтгэл хийгээд л, охиныхоо даавууг угаагаад л байж байсан. Тохойны гэмтэлтэй гээд улсын аваргад ч ороогүй. Харин 6 сард Азийн аваргад орсон. Би одоо боддог юм. Манай охин аав нь угаасаа их завгүй байхыг мэдээд л ийм жаахан байхдаа яг хажуудаа байлгаж даавуугаа угаалгасан байна гэж боддог юм. Гэхдээ манай хүн дөрвөн сар гэртээ байхдаа сэтгэл санаагаар жаахан унасан. Бусад тамирчид нь тэмцээндээ ороод яваад байдаг. Гэтэл өөрөө гэмтэл нь сайжирч өгөхгүй байгаад байдаг. Тэгээд "Яана аа. Одоо юу хийнэ ээ. Сургуульд сурдаг ч юм билүү" гээд сүүлдээ бүр олон л юм бодож байсан байх. Тохой нь ерөөсөө эдгэхгүй. Өвчин нь ерөөсөө гарахгүй байсан байхгүй юу. Тохойг нь түгждэг жижиг яс байдаг юм байна. Тэр яс нь цуурчихсан. Тохой яг хөдлөх болгонд нь хөндөгдөөд, эдгэхгүй байгаад байсан. Жаахан сэтгэл санаагаар унаж байсан ч, бэлтгэлээ хийгээд, Азийн аваргад ороод түрүүлээд л, тэгээд ер нь гайгүй болсон ш дээ. "За одоо гар болохгүй байна. Тоглож чадахаа болих юм биш биз дээ" гэхээр нь би "За гайгүй байлгүй дээ" гэдэг. Тэгээд хоёулаа гэмтэл бэртэлд ямар л сайн юм байна гэнэ олж дуулаад, аягүй их юм хэрэглэж үзсэн.

-Тэгвэл өөрөө тамирчин хүний гэр бүл ямар их хариуцлага үүрэх ёстойг эртнээс мэдэрсэн юм байна?
-Тийм шүү. Тэгэх ч ёстой байх л даа. Өөрийнх нь сонирхол боксоо тоглох байдаг. Гэтэл гар нь зүгээр болохгүй байгаад байдаг. Өөрөө ч жаахан өөртөө итгэлгүй. "Өөр юм хийдэг юм билүү" гээд л. Харин өнгөрсөн 5-н сард Тайвань руу эмчилгээнд яваад, бас хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Гэвч хагалгаа хийчих юм бол олимп хүртэл эдгэхгүй гээд түр хойшлуулсан юм. Сая олимпод битгий сэдэрчихээсэй гээд залбираад л байсан. Манай хүнийх азаар гайгүй байсан. Хөөрхий амьтан Сэрдамба бас ямар сайн байхав дээ. Тийм ээ.

-Ингэхэд өөрийг чинь анх Бадар-Ууганыхаа сормуусанд татагдсан гэж дуулж байлаа. Тийм үү?
-Манай хоёрынх Шархаданд байсан юм. Тэнд хүүхдүүд тоглодог талбайтай л даа. Би нэг өдөр тэнд тоглож байсан юм. Тэгсэн чинь дугуй уначихсан, саравчтай малгай өмсчихсөн нэг хүү л яваад байсан байхгүй юу. Би нэг харсан чинь яг эмэгтэй хүүхдийнх шиг дэрвийсэн ийм нүдтэй(гараараа үзүүлэв). Тухайн үед яг тэгж л харсан юм. Аймаар том давхраатай нүдтэй, сормуус нь хажуу талаасаа бүр дэрвийж харагдаад. Би бүр "Энэ эрэгтэй юм байж. Ямар урт сормуустай юм бэ" гэж бодож байсан. Ер нь би Бадарааг жаахан байхад нь "Сормуусыг чинь ганц будчихъя л даа" гэж аягүй их гуйдаг байсан. Сүүлд үерхдэг болоод "Бас сормуусан дээр чинь шүдэнз тавьж үзье гэнэ. Тэгээд л нөгөө сормуусыг нь будна. Шүдэнзний мод тогтоож үзнэ. Будахаар бүр сормуус нь аягүй дэрвийчихнэ. Тэгж их тоглодог байсан. Анх үерхсэнийхээ дараа миний төрсөн өдрөөр монетон бөгж өгч байсан юм. Тэр үед чинь жаахан хүүхэд болохоор юун алт, монетон бөгж зүүх вэ.
Бэлгэнд аваад л их баярлаж байгаа юм чинь. Бадараа 98 оноос боксоор хичээллэж эхэлсэн. Надтай танилцаж байхад чинь Улсын аварга болчихсон байсан юм аа. Тэгээд ийш тийшээ тэмцээнд яваад ирэхдээ заавал нэг дурсгалтай бэлэгтэй ирнэ.

-Улсын аварга боксчин хөвгүүнтэй үерхэхээр үеийн хөвгүүд чинь бараг чамтай дуугарч чаддаггүй байсан байлгүй?
-Манай ангийн банди нар чинь "Аая. Танай найз залуу чинь боксчин билүү" гээд л ярьдаг байсан. Найз охидууд болохоор зарим нь "Ээ. боксчин чинь тэгээд толгой молгойгоо цохиулаад мэдрэл муутай болчихдог гэсэн ш дээ" гэнэ. Зарим нь "Яадаг юм гоё ш дээ" гээд л янзан бүрээр л ярьдаг байсан ш дээ. Ер нь би ч багаасаа Бадараатай үерхчихсэн болохоор, өөр хүн, өрсөлдөгч энэ тэр цөөхөн байсан ш дээ. Багаасаа л "Өө. Найзтай" гээд л явчихдаг байсан. Манай хүн их тэмцээнд явна.
Тухайн үед одооных шиг гадаадад утас барина гэж байхгүй. Тэр болгон интернэт ашиглаад байхгүй. Бараг л "За тэдэнд ирнэ" гээд л явдаг байсан. Ирэхэд нь л тосно. Одоо бол байнгын л холбоотой байгаа юм чинь. Би ямар ч тэмцээнд явахад нь "Битгий өөрийгөө гэмтээгээрэй" л гэж хэлдэг. Хожигдсон ч яадаг юм. Хүн эрүүл байх юм бол. Тэр тэмцээн нь дахиад дараа жил болно шүү дээ. Тийм учраас битгий гэмтээрэй л гэж их  захидаг.

-Та хоёр ч их багаараа нэг гэрт орж. Анх бэр болж очиж байхад ямар байсан бол?
-Би ерөөсөө Бадараагийн гэрт нь ордоггүй байж байгаад анх орсон чинь аав ээж нь бүгдээрээ байсан. Надад аягүй сайхан хандаад "Суу, хоол ид" гээд баахан дайлуулаад гарч байсан байхгүй юу. Тэрнээс хойш хоёр гэрээрээ орцгоодог болоод. Аль аль аав ээжүүд маань биднийг таньдаг болоод, сайхан хүлээж авсан. Ер нь манай хадмууд их сайхан хүмүүс байдаг. Надад их сайн ханддаг. Би чинь 19-тэй жирэмсэн болоод 20-той төрсөн. Бас тухайн үед залуухан бага байна гэж бодож байгаа учраас айгаад ээждээ хэлж чадахгүй байсан. Тэгээд бүр 2 сартайдаа хэлсэн байхгүй юу. Өөрийнхөө ээжид хэлэхээсээ өмнө, манай хадам аав ээж хоёр мэдчихсэн намайг чинь бүр бөөцийлсөн. Би жирэмсэн байхдаа голцуу хадмындаа байдаг байсан. Ёстой бөөцийлүүлсэн дээ. Манай хадам ээж аягүй их халамжтай. Бид хоёрыг очоод хоноход чинь өглөө унтаж байхад үүрээр 7, 8 цагийн үед банштай цай, шөл хийгээд "Идчихээд унт" гээд заавал идүүлж байж унтуулдаг. Манай Бадараа бэлтгэл хийгээд тэрэндээ ядардаг учраас ерөөсөө гэрийн ажилд оролцох нь бага. Хоол унд их сайн байхгүй бол ядарна. Тийм ч болохоор манай хадам ээж хүн халамжлахдаа аягүй сайн. Манай хоёрын гэр хоёр гудамжны л наана цаана байдаг учраас хойшоо ч нэг ороод урагшаа ч нэг ороод дунд нь л байсан. Тэгээд хүүхэд төрөхийн алдад манайх төв рүү айлын байр хөлсөлж амьдарсан байхгүй юу. Тэгж л тусдаа байж байгаад 6 сард тэр байрнаасаа больсон.

-Танай хүн эрх талдаа байх аа?
-Ер нь эрх шүү. Доороо хоёр дүүтэй. Айлын том хүүхэд. Тэгсэн хэрнээ л одоог хүртэл их эрх шүү. Ер нь хоёр дүүг нь, Бадарааг ч гэсэн аав ээж хоёр их эрхлүүлдэг.

-Өөрөө ч бас эрх юм шиг санагдлаа. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би дээрээ нэг ахтай айлын бага. Ахын  маань эхнэр одоо өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Би чинь ахаасаа түрүүлээд нөхөрт гараад хүүхэд гаргачихсан. Аав ээжийг эмээ өвөө болгочихсон байхгүй юу (инээв). Манай охин чинь одоо аймаар эрх. Хоёр эмээ, хоёр өвөөгийнхөө голд эрхэлж өгнө. Нэрийг нь Нандин гэдэг. Би хааяа охиноо "Чихэр идлээ" гээд жаахан загнах гэхээр эмээ өвөө нар нь "Байг байг идэг. Та нар өөрсдөө идэж л өссөн биз дээ. Яагаад хүүхэд ингээд байгаа юм бэ" гэж өмөөрцгөөнө. Ганц ач, ганц зээ нь учраас хир халдаахгүй. Манай охин чнь эмээ өвөөгийн хүүхэд. Эмээ өвөөгөө байхад бол надтай унтдаггүй ш дээ. Бадараагийн аав ээжийнд очиход ч гэсэн эмээ өвөөтэйгээ л унтана. Би чинь өвлийн амралтаар төрөөд 3 сар болоод хичээлдээ орчихсон байхгүй юу. Тэгээд хичээлдээ яваад хөхнөөс эрт гаргачихсан болохоор ээжийн хүүхэд биш л дээ. Ер нь анзаараад байхад оюутан ээжийн хүүхэд их биеэ даачихдаг юм шиг байна л даа. Яагаа ч үгүй хоолонд ороод, хөлд орчихсон. Одоо хөөрхөн ярина.

-Бадараа бол охиндоо амь биз?
-Өө, энэ хоёр чинь аягүй тоглоно. Би ч тэгж тоглодоггүй байхгүй юу. Бадараа чинь охинтойгоо нуугдаж тоглоно, цохилт зааж өгнө. Туршилтыг нь над дээр явуулна. Ээжийгээ очоод тэгж цохичихоод ир гээд явуулчихна шүү дээ. Байхдаа бол энэ хоёр чинь сахилгагүйтэж өгнө шүү. Манай хүн чинь сая олимпийн өмнө гэртээ бараг байгаагүй дээ. Хотод байхдаа ч гэсэн гэртээ байдаггүй. Байрандаа байрлачихаад тэндээсээ бэлтгэлээ хийнэ. Оройдоо нэг ирнэ. Эсвэл ядарсан үедээ ирэхгүй.

-Бага залуу хүүхдүүд л болсон хойно хааяа бие биедээ туних юм байна биз. Гэртээ ирсэнгүй гээд л?
-Байлгүй яахав. Би бол заримдаа гомдоллоно шүү дээ. Ганцаараа байлгалаа ч гэдэг юм уу. Сая олимпийн өмнө бол сар хоёулаа л гүрийсэн л дээ. Орой "За харьдаг ч юм билүү" гээд утсаар ярихаар нь "За яах юм. Ядарчихна" гэнэ. Багш нар нь бас "Байрандаа амрахгүй байна. Орой гарлаа" гээд дургүйцээд байгаа юм чинь. Бас арга ч үгүй л дээ. Олимпоос өмнө чинь бэлтгэлтэй гээд байрлачихаад, заримдаа орой ирэхгүй байдаг байхгүй юу. Тэгэхээр нь би "Ядаж орой завтай үедээ ирсэнгүй" гэдэг ч юм уу. Тэгж гомдоллох тохиолдол гарна шүү. Гэхдээ тамирчин хүний гэр бүлийн "хувьд ямар их хөлс хүчээ зориулж байж амжилт гаргаж буйг мэднэ. Анх жаахан байхдаа бэлтгэлтэй үед нь уулзах гээд очдог байсан. Тэгэхэд бүр шүршүүрт орчихсон хүн шиг битүү норчихсон, толгой нь нов нойтон гарч ирдэг байхгүй. юу. Тийм болохоор багаасаа л “Ингэж их бэлтгэл хийдэг юм байна даа" гэдгийг ойлгосон гэж болох байх. Ер нь тамирчин хүн их ядардаг. Тэгэхэд бид чинь фитнессийн газар очоод нэг цаг хөнгөхөн бэлтгэл хийхэд ямар их ядардаг билээ. Гэтэл өдөр бүр бэлтгэл хийнэ гэдэг чинь хүнээс их энерги шаардах нь ядраадаг нь мэдээж юм л даа.

-Танай хүн бэлтгэл сургуулилт гээд цаг зав багатай нь мэдээж. Тэгэхээр хамт кино үзэх ч юм уу, арай нэг өөр байдлаар цагийг өнгөрөөх нь хэр вэ, та хоёр? Ер нь өөрөө хэр сайн гэрийн эзэгтэй вэ?
-Энд байх хугацаанд нь бид хоёр "Тэнгис"-т кино ч юм уу эсвэл хошин шог үзнэ л дээ. Одоо арай болохгүй юм шиг байгаа юм аа. Ирснээс нь хойш нэг "Тэнгис" рүү зураг авахуулах гээд орсон чинь бас хүмүүс шаваад эвгүй байна лээ. Би бол кино үзэх их дуртай байхгүй юу. Манай хүн ядарсан ч гэсэн надтай цуг яваад өөрөө бараг унтаад, би киногоо үзээд гарч ирж байгаа юм чинь. Ер нь бид хэн хэнийгээ хүндэтгэж "Манай хүн үүнд дуртай юм чинь. Дуртай хоолыг нь идье. Дуртай киног нь үзье" гэх үүднээс хандана шүү. Би хоол хийх их дуртай ч байнга хийгээд байдаггүй юм. Аав ээжтэй байдаг учраас ээжийг хийчих гээд залхуурна. Харин завтай, эсвэл сайхан хоол хиймээр санагдсан үедээ хийнэ л дээ. Манай хүн ч гэсэн "Чиний хийсэн хоолыг идэхээр гоё байдаг" гэдэг юм.

-Та хоёр одоо аль байрандаа байна аа. Зургаан байртай боллоо гээд бичигдэж байгаа?
-Шүүхийн шийдвэрийн өгсөн байранд байгаа. Манай хадам аав ээж маань байргүй. Тийм учраас аав ээжид байр авч өгдөг юм уу. Эсвэл өөрсдөө нэг өөр газар орох ч юм уу. Болох байх л даа. Зурагтаар чинь нээх олон байр өгсөн гээд яриад байгаа ч. Бодит байдал дээр Шүүхийн шийдвэр байраа өгсөн. Өөр хоёр байр нь ирэх жил ашиглалтанд орно гэсэн хоёр байр өгсөн. Тийм болохоор аав ээж хоёрыг ямар дахиад жил байж байг гэлтэй нь биш. ИНЕГ-аас болохоор 3 өрөө байр өгч байна гэчихсэн "Өөрсдөө байраа сонгочих. Тэгээд бид мөнгийг нь шилжүүлчихье" гэсэн байхгүй юу. "Эрдэнэт" үйлдвэр бас "Та хоёр байраа шийдчих юм бол мөнгийг нь шилжүүлье" гээд. Тэгээд бид хоёр өчигдөр жаахан гадуур явж байр үзсэн. 13-т нэг байр үзсэн чинь хүн нь "Чи нөгөө алт авсан Бадар-Ууганы эхнэр нь мөн үү" гээд "Та хоёр чинь тансаг байранд орох байлгүй дээ" гэж байна лээ. Инээгээд л өнгөрсөн. Жирийн хоёр өрөө байр ч юм уу үзэж байгаад авах гэхээр хүмүүс тэгж ярих юм болов уу гэж бодоод гайхаад байж байна.

-Баахан шагналын хур буугаад байна гэж яригдаад бичигдээд байгаа ч гар дээр ирэх нь цөөн юм байна гэж П.Сэрдамба ярьсан байсан. Тийм үү?
-Жишээ нь тэр компани дараа жил ашиглалтанд орно гээд байр өгч байгаа юм. Тэгээд буцаагаад шууд өөрийнхөө рекламд тоглуулах юмаа яриад эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр өгсөн болгоных нь рекламд тоглоод байвал юу болох билээ. Бас хүн сэтгэлээрээ юм бэлэглэж байхад нь "Үгүй. Би рекламд чинь тоглож чадахгүй" гээд байх бас хэцүү юм шиг байгаа юм. Бас жаахан тиймэрхүү асуудал байгаад байх шиг байгаа юм.

-Таван кг алтаа авсан уу?
-Өгөөгүй ш дээ. Ер нь яг өгсөн юм нь гэвэл тэр хоёр байр өгсөн. Улсаас мөнгө өгсөн. Монмилк-ээс сүү өгсөн. Өшөө юу билээ. Аан. Төв аймаг машин өгсөн. Уг нь нэгэнт өгнө гээд хүмүүс хэлчихсэн байхад наанаас нь "Яасан бэ" гээд байх хэцүү биз дээ. Таньдаг хүмүүс, хуулийн ах эгч нар болохоор "Чиний нэрийг л барьж өөрсдийнхөө рекламыг хийж байгаатай адилхан учраас нэхэхэд гэмгүй" гээд байгаа. Гэхдээ ямар нэхээд явна гэж юу байхав. Хүмүүс өөрсдөө өгнө гэсэн юмаа сэтгэлээрээ өгвөл тэр л биз гэдэг үүднээс хандаж байгаа. Харин олон нийт болохоор эд нар сая доллар авчихсан. Айхтар юмтай болчихсон гэж ойлгоод байгаа. Тэгэхээр жаахан эвгүй л байгаа л Даа.

-Албан ёсны найраа хийх тов тодорхой болсон уу?
-Тэрийг нь яг хийгээгүй байгаа. Одоо жаахан цаг зав гараад асуудал яригдаж эхэлж байна л даа. 10 сарын эхээр л төлөвлөж байгаа. Одоо газраа сонгох гээд явах гээд л байна.

-Мэдээж их хөдөлмөр, зүтгэлийнхээ л үр шимийг хүртэж байна. Хуучин цагт бол ч хэцүү л байсан шиг байгаа юм шүү?
-Улсаас өгч байгаа 60 сая гэдэг бол жирийн хүний хувьд мэдээж маш их мөнгө. Барагтай бол 60 сая төгрөгийг нэг дор авч чадахгүй. Гэхдээ Бадараа бол гэнэт Лотонд ч юм уу их мөнгө хожоод баяжчихсан хүн биш. Энэ чинь өөрийнх нь бүхэл бүтэн амьдралынх нь арван жилийнх нь хөдөлмөр зүтгэлийн үр дүн нь одоо гарч байгаа юм шүү дээ. 10 жилийн хугацаанд чинь хоолтой хонож байсан өдөр, хоолгүй хонож байсан ч өдөр байгаа. Сая сүүлийн 3 жил шигшээ баг гэж байгуулагдсанаас нь хойш цалин авч байгаа болохоос, өмнө нь бол бэлтгэл хийснийх нь хариуд цалин гэж өгдөггүй байсан. Би юу гэж ойлгоод байгаа вэ гэхээр Бадараагийн 10 жилийнх нь бүх хөлс хөдөлмөр зүтгэлийнх нь үр дүн нь одоо ингээд ирж байна. Гэтэл хүмүүс "Эд нар гэнэт баяжчихаад, буяны юм хийхгүй байна ч гэдэг юм уу. "Хандив өгсөнгүй" гэсэн тиймэрхүү юм ярьсан. Мэдээж хүн боломж бололцоогоороо тийм юм бодолгүй яахав. Гэхдээ Бадараад зүгээр л сууж байгаад сугалаа сугалаад аз нь таараад ороод ирчихсэн мөнгө биш гэдгийг хүмүүсийг ойлгоосой гэж бодож байгаа. Яахав дээ. 10 жилийнхээ цалинг бөөнд нь авч байгаатай адил юм даа. Улсын мөнгөний 120 сая гэдэг чинь нөгөө татвар нь, багшийнх нь хувь нь гээд гар дээр 60 сая төгрөг ирж байгаа байхгүй юу.  Мэдээж мөнгөгүй, жирийн амьдралтай хүнд тэр их мөнгө л дөө. Гэхдээ яг өнөөгийн амьдрал дээр, хүн олимпийн аварга болчихоод, тодорхой хэмжээний зэрэглэл тогтооно шүү дээ. Мэдээж хүн бүр л тэгж бодож байгаа. Харин яг тэр хэмжээнд хүртэл амьдрахад нь хүрэхээргүй мөнгө байхгүй юу."Өнөөдөр 60 саяын машин гэхэд чинь хаа сайгүй л байна ш дээ. Байр гэхэд ямар үнэтэй байгаа билээ. Тийм болохоор олимпийн аварга хүн тийм юм хэрэглэх ёстой гэж хүмүүсийн сэтгэлд байгаа. Тэр амьдралаар нь амьдрахад бол хүрэлцэхгүй мөнгө. Энгийн хүний амьдралд бол их мөнгө л дөө.

-Амьдрал л юм чинь та хоёрт мөнгө төгрөггүй болчих үе байдаг л байсан биз?
-Би аав ээжээс л авна л даа. Мөнгөгүй болох үе зөндөө байлгүй яахав. Гэхдээ аав ээжтэйгээ байгаа хүн чинь алзахгүй ш дээ. Би өөрөө ямар ажил хийж байгаа биш. Аав ээж сургалтын төлбөр төлж өгнө. Гэхдээ энд нэг юм хэлэхэд УА-д мөнгө хүрэл медаль авчихдаг, гадаад руу тэмцээнд явж чаддаггүй ч юм уу. Сонирхлоороо боксоор хичээллэж байгаа тамирчин маш олон байгаа. Цалин гээд авдаг юм байхгүй. Манай хүн яг тийм л байсан. Хэн ч яваач гэж албадаагүй. Явлаа гээд урамшуулж байгаа юм байхгүй. Зүгээр сонирхлоороо УА-д ороод медаль аваад явдаг хүмүүс олон байгаа. Харин яг л амжилт гаргаад гарч ирж байгаа нь л энэ дөрөв. Бусдаар бол баян цатгалан амьдардаг тамирчинг би сайн мэдэхгүй. Насаараа спортод зүтгэсэн, улсын тэдэн удаагийн аварга гэсэн баахан цолтой мөртлөө, хангалуун гэж хэлж чадахааргүй амьдарч байгаа хүмүүс олон Одоо үнэндээ амжилт гаргаж байгааг нь л хүмүүс хошуураад дэмжээд байна. Магадгүй боломжийг нь нэмээд өгөх юм бол өшөө амжилт гаргачих тамирчид зөндөө бий. Тиймээс төр засаг, пүүс компаниуд маань тийм ирээдүйтэй тамирчдаа анхаараасай шаардлагатай,   хэрэгтэй зүйлсийг нь өгч байгаасай гэж гэж боддог. Энэ далимд миний нөхөрт туслаж, дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа гэдгээ хэлье.

-Ингэхэд олимпийн медальтнуудыг охид бүсгүйчүүд их сонирхож байгаа байх шүү?
-Бид хоёрын хувьд бол тэгж мэдэгдсэн юм алга байна. Гэхдээ Бадараа эхнээсээ эхнэртэй хүүхэдтэй гээд явсан болохоор гайгүй байх. Харин Сэрдамбыг найз охинтой гэж ойр тойрныхон нь хүмүүс, бид нар л мэдэж байсан болохоос хүмүүс мэддэггүй байсан. Тэр утгаараа Сэрдамбад жаахан тийм байж магадгүй ээ(инээв).

-Та хоёр хэр хартай вэ? Ер нь Бадараа ямар зантай хүн бэ?
-Хардах үе байлгүй яахав. Учиргүй хартай хүмүүсийг бодвол харгүй. Гэхдээ ерөөсөө харгүй хүмүүс бишээ бид хоёр. Ер нь би мэдээж эхэндээ нэртэй тамирчин болно гэж суугаагүй ш дээ. Анх бол зүгээр л бэлтгэл хийдэг жаахан хүүхэд байсан юм чинь. Тухайн үед хувь хүнийх нь зан чанарт болоод хайртай болж байсан байлгүй дээ. Надад ер нь манай Бадараагийн хувь хүний зан чанар нь маш таалагддаг. Ямар ч үед яг миний бодож байсан шиг, яг тэгээсэй гэж бодож байхад, яг л тийм зантай байж. Ямар ч үед миний хүсч байсан хүн мөн л байдаг. Хэрэв зан ааш тохирохгүй бол хичнээн хайртай байлаа гээд хэцүү ш дээ. Тэр талаас нь маш их хайрладаг. Бид их таардаг. Бид хоёрыг арай суугаагүй байхад нэг бөө хүн "Чи их сайн ханьтай хүүхэд байна" гэж хэлж байсан. Би тэр үгийг нь маш их билэгшээж явдаг.

-Охиноо төрүүлж байхад чинь хадам ээж тань хажууд чинь байсан гэж дуулсан?
-Тийм. Төрөх гээд бас айж л байсан л даа. Тэгээд танихгүй эмч нар дунд орохоор эвгүй байгаа юм чинь. Яг тэгээд өвдөж байхад хадам ээж ороод ирэхээр сэтгэл их амар "Ээж байгаа юм чинь" гээд их тайвширч байсан. 3-р төрөх чинь хамаагүй хүн оруулдаггүй болохоор Бадарааг бараг "Чамаар яах юм" гээд оруулаагүй юм шиг байна лээ. Дараа нь Бадарааг орж ирэхэд жаахан уйлсанаа санаж байна.

-Ингэхэд өөрөө аль сургуулийг төгссөн ямар мэргэжилтэй вэ?
-Би 23-р дунд сургуулийн Япон хэлний анги төгссөн. Сая ХУИС-ийн компьютер график дизайны анги төгссөн. Одоогоор ажиллахаар төлөвлөсөн газар алга. Гэхдээ хэвлэлийн талаараа л график дизайнаар явна. Уг нь мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй байна. Харин манай мэргэжлийн магистр нь Монголд байдаггүй. Тийм болохоор гайхаад л байна.

-Охиноо цэцэрлэгт нь өгсөн үү?
-Өө арай л жаахан байна л даа. Өвөө эмээ нь харж байгаа юм чинь.

-Өөрийн чинь аав ээж ямар ажил алба эрхэлдэг хүмүүс вэ?
-Аав маань одоохондоо ажил хийхгүй байгаа. Ээж маань боловсролын салбарт ажилладаг.

-Ингэхэд Э.Бадар-Ууган хэзээ нисгэгч болох нь вэ?
-Одоогоор сургуульдаа бүртгүүлчихээд л байж байна даа.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ÷åëÿáèíñê çàêëàäêè ñîëü закладкР¸ в тольяттР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ новосибР¸Ñ€ÑÐº спайс хорхе сервантРµÑ высший пилотаж скачать табак для кальяна севастоР¿Ð¾Ð»ÑŒÑÐºÐ°Ñ купить Герасим Каменка купить СК Крист Белые Ирбит купить Гарик КраснозР½Ð°Ð¼ÐµÐ½ÑÐº Самые Ñ€Ð°ÑÐ¿Ñ€Ð¾ÑÑ ‚раненны е наркотиРºÐ¸: фенобарР±Ð¸Ñ‚Ð°Ð» êóïèòü àìôåòàìèí ïî çàêëàäêå закладкР¸ спб марки наркотиРº мука что это купить ск кристалР»Ñ‹ в новосибР¸Ñ€ÑÐºÐµ купить MDMA Высоцк спайс купить в барнаулРµ купить Кокаин Ишимбай Дешевий наркотиРº зі страшниР¼ ефектом: як насвай ÑˆÐ¸Ñ€Ð¸Ñ‚ÑŒÑÑ  в Україні Варим из бронхолР¸Ñ‚Ð¸Ð½Ð° çàêëàäêè ñîëåé øàõòû купить ЛСД ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ Ðº закладкР¸ соль харьков фольга гашиш купить в харьковРµ экстази mdma mitsubishi кучерявР°Ñ петрушкР° запрещеР½Ð° Глицин и Ð°Ð»ÐºÐ¾Ð³Ð¾Ð»Ñ Œ совместР¸Ð¼Ð¾ÑÑ‚ÑŒ, Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия и взаимодРµÐ¹ÑÑ‚Ð²Ð¸Ðµ этих веществ купить Афганка БугульмР° êóïèòü êîêàèí ïî çàêëàäêàì Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в Ельне Купить закладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Судогде купить Ганжа Ростов фото тест на наркотиРºÐ¸ НаркотиРºÐ¸ в ОстровнР¾Ð¼ где купить трамадоР» уколы купить lsd закладкР° купить АмфетамР¸Ð½ Сызрань
IP:95.181.176.56  2018-01-07 07:02:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.