Хүмүүс: Дангаасүрэн Энхбат | |
УИХ-ын 25 дугаар тойрогт өрсөлдөн түр үнэмлэхээ хэдийнэ гардсан Д.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.-Баянголын тойргийн сонгуулийн дүн гарахгүй ингэж удаж байгааг та юу гэж үзэж байна. Энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) хуралдах нь гэсэн мэдээлэл байсан?
-Энэ асуултад чинь харин тодорхой хариулах хүн олдохгүй байна шүү дээ. Би эхний үед энэ бол үнэхээр С.Эрдэнэ, Н.Баяртсайхан хоёрын тооллогын дүн маргаантай болсон юм байлгүй гэж бодож байсан. Харин удах тутам энэ бол улс төрийн тоглоом болж байгаа юм байна гэдгийг олж харах боллоо. Олон хүн бас тэгж ойлгож байгаа байх. СЕХ-ны дарга Б.Баттулга энэ үйл явцад удаа дараа будилсан тайлбар өгөөд байгаа нь өөрөө ч асуудлыг сайн мэдэхгүй харин захиалга даалгавраар ажиллаад байна уу гэж харагдах юм.
-Ингээд удаад байвал та юу хийх вэ?
-Хамт сонгогдсон хүмүүстэй нийлээд тэмцэнэ дээ. Тэд ч тэгж бодож байгаа байлгүй. Ер нь энэ бол зөвхөн дөрвөн хүний асуудал биш шүү дээ. Монгол Улсын парламентын, бүр цаашилбал ардчилсан төрийн үйл ажиллагааны зарчмын асуудал. Энэ удаа асуудал 25 дугаар тойрог дээр гарлаа. Үүнийг зөв шийдэхгүй бол цаашид хаана ч ийм явдал давтагдаж болно. Энэ бол хэн нэгэн том дарга өөрийн эрх ашгийн төлөө Үндсэн хуулийг ч тоохгүйгээр сонгуулийн үр дүнг боож хааж болох жишиг эхлүүлж байгаа явдал. Үүнийг ойлгож буй улс төрч ч олон байна. Тэд асуудлыг нухацтай тавьж байгаад талархаж байна.
-Баянголын сонгогчдодоо юу хэлэх вэ?
-СЕХ болон түүний цаана байгаа дарга нар баянголчуудын ч эрх ашгийг үл тоомсорлож байна. Яг өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэг Монголын улс төрийн газрын зураг дээр байхгүй болчихоод байна гэж хэлж болно. Жишээ нь энэ Засгийн газрыг байгуулахад баянголчууд оролцсонгүй. Өнөөдөр Баянгол дүүргийн аль ч иргэн энэ бол миний Засгийн газар биш гэж хэлэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй байх. Ийм яриа хийсвэр мэт сонсогдож байж болох ч төрийн эрх мэдэл ард түмний гарт байх тулгуур зарчмыг бид зөрчөөд эхлэхээр Монголын төр өөрөө сулраад эхэлнэ. Өнөөдөр нэг даргын улс төрийн тоглоом, маргааш нөгөө даргын тоглоом гэсээр л төр хямарч байгаа шүү дээ. Үүнийг ойлгож байгаа сонгогчид маань бидний дараагийн алхмыг дэмжиж нэгдээсэй гэж хүсч байна.
Эх сурвалж:Өдрийн сонин