Үргүйдлийн 40 хувь нь эрчүүдээс, 50 хувь нь эмэгтэйчүүдээс найман хувь нь бэлгийн амьдрал таарахгүйгээс болдог

2008/09/24
Share |
Хүмүүс:
Үргүйдлийн 40 хувь нь эрчүүдээс, 50 хувь нь эмэгтэйчүүдээс найман хувь нь бэлгийн амьдрал таарахгүйгээс болдог

Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн захирал, профессор С.Санждорж: Бэлгэвч үргүйдлээс хамгаалдаг
Бидний амьдралын аз жаргал бол хүүхэд! Түүний өхөөрдөм хөөрхөн дуу хоолой, хазаад авмаар жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш аяг энэ ертөнцөд байдаггүйсэн бол бидэнд аз жаргал байна гэж үү? Гэтэл бурханаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй зовлонтой хүмүүс бас байдаг аж. Түүнийг Н.Болормаа гэдэг. Орон нутгийн нэгэн театрт жүжигчин хийдэг. Бас ч үгүй хэд хэдэн кинонд тоглоод амжсан авъяаслаг жүжигчин. Арван жилийн өмнө нутгийнхаа нэгэн залуутай гэр болж, дажгүй амьдрал босгоод авсан. Түүнийг хэн ч харсан дутагдаж, гачигдах зүйлгүй, сайхан амьдралтай эмэгтэй гэнэ. Нөхөртэйгөө хамт өнгөрүүлсэн амьдралаа эргээд нэг харахад Н.Болормаагийн амьдралд ганц л зүйл дутагддаг байжээ. Хэдэн жилийн өмнө Н.Болормаа өндгөвчний уйланхайтай болж, уйланхайгаа авахуулахаар нутагтаа мэс засалд орсон боловч эмч нар нэг өндгөвчийг нь авчээ. Үрийн зулай үнэрлэж, амьдралдаа аз жаргал нэмэх гэсэн боловч жирэмсэлсэнгүй. Аргаа ядаад Улаанбаатарт ирж нарийн шинжилгээ хийлгэн дурангийн хагалгаанд орсон боловч үлдсэн нэг өндгөвчийг нь битүүрсэн, эмчлэх боломжгүй гэж оношилжээ. Н.Болормаа шиг амьдралтай олон эмэгтэй монголд байдаг тухай Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн, Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн захирал, профессор Г.Санждоржтой уулзаж байхад ярьж байсан юм.

-Эмэгтэйчүүдийн төрөлт, тэр дундаа эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчилдэг монголдоо ганц танай клиникийн тухай яриагаа эхлэвэл ямар вэ?
-Манай клиник нийтдээ 260-аад ортой. 300 гаруй ажилчинтай. Эх барих эмэгтэйчүүд, эх барих эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг, нярайн тусламж, эмэгтэйчүүдийн дааврын эмгэгүүд, зүрх судасны эмгэгтэй эмэгтэйчүүд гэсэн ерөнхий таван чиглэлээр эмэгтэйчүүдийг оношилж, эмчилдэг. Манайд сайн сайн эмч их байсан. Цалин мөнгөнөөсөө болдог юмуу яадаг юм ихэнх нь хувьдаа эмнэлэг байгуулаад гарчихсан. Бид ачаалал өндөртэй ажиллаж байна.
-Танайд л эмэгтэйчүүд үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа нь анзаарагдлаа. Энэ өвчин Монголд хэр их байна?
-Ер нь бол монголын эмэгтэйчүүдийн 10 хувь нь үргүйдэлтэй байдаг гэсэн судлагаа байдаг. Эмэгтэйчүүд нас ахих тусмаа үргүй болох магадлал их байна. Манайд хэвтэж, үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүд бараг нэг тасаг болдог.
-Сүүлийн үед “үргүйдэл” гэдэг энэ өвчин нэлээд их сонсогдох боллоо. Яагаад энэ өвчин ихсээд байна. Юунаас болдог юм бэ?
-Олон янзын шалтгаан бий. Ихэнхдээ бэлгийн замын үрэвсэлт өвчнүүдээс, өндгөвчний үйл ажиллагааны хямралаас болж үргүй болдог. Үргүй болох нэг том шалтгаан бол аборт. Өндгөвчний үйл ажиллагааны хямрал гэдэг нь янз бүрийн мэс ажилбар хийлгэснээр мэдрэлийн системийн дотоод шүүрлийн эрхтэнд нөлөөлж, тэр нь өндгөвчийг хэвийн биш ажиллахад хүргэдэг. Тэгэхээр аборт, умайн гадуурх жирэмслэлт гээд аль болох мэс ажилбараас татгалзах хэрэгтэй. Харин манайх умайн гадуурх жирэмслэлтийг хагалгаа хийлгүйгээр тариа хийж, янзалдаг аргыг хэрэглэдэг болсон. Ил тод нийгэм бий болоод энэ үргүйдэл өвч-ний талаар ярьж эхлээд байгаа болохоос биш угаасаа л байсан өвчин.
-Үргүй болсоноо урьдчилан мэдэх боломж бий юу?
-Эмэгтэйчүүдийг бэлгийн харьцаанд ороод хоёр жил болоход жирэмслэхгүй бол үргүй гэж тооцдог. Эмэгтэйчүүдийн хүүхэдтэй болдог хэвийн нас болох 20-25 насандаа жирэмслээгүй тохиолдолд тэр эмэгтэйг үргүйдэх магадлалтай гэж үздэг. Ер нь хүүхэд гаргахыг хүссэн үедээ гаргаж чадахгүй л бол үргүйдэл байна гэж ойлгох хэрэгтэй. Үргүйдэл эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс хоёулангаас нь шалтгаалдаг.
-Үргүйдлээс сэргийлэх хамгийн наад захын арга байна уу?
-Хамгийн наад захын арга бол бэлгэвч! Үргүй болохгүйн тулд бэлгэвч хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ бол хамгийн найдвартай арга.
-Яагаад бэлгэвч гэж?
-Наад зах нь хүсээгүй жирэмслэлтийг зохицуулж, миний дээр хэлээд байсан абортноос хол байлгана.
-Үргүйдлийг эмчлэх боломж байдаг уу? Энэ өвчин бүрэн төгс эмчлэгддэг үү гэсэн үг л дээ?
-Би түрүүн хэлсэн, үргүйдлийн шалтгаан их олон янз. Хамгийн түрүүнд юунаас болж үргүйдэлд хүрсэн шалтгаанаа үнэн зөв, баттай оношлуулах хэрэгтэй. Эмчлэгдэх нь эмчлэгддэг. Гэхдээ яг үргүй нь тогтоогдсон тохиолдолд эмчлэгдэх үр дүн бага байдаг.
-Үргүй болсон нь нотлогдсон эмэгтэйчүүдэд хандаж та мэргэжлийн хүний үүднээс зөвлөгөө өгөөч?
-Үнэхээр үргүй гэдэг нь нотлогдсон тохиолдолд дараагийн шатны арга хэмжээгээ авах хэрэгтэй. Үргүй гээд бүх юм дуусчихгүй. Энэ чиглэлээр манайхаас өндөр хөгжсөн орнуудад очиж, эмчлүүлэх,үр шилжүүлэн суулгах, хүүхэд үрчилж авах гээд олон боломж бий шүү дээ.

Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч Б.Цогмаа: Хүүхэдтэй болохгүй байгаа нь дан ганц эмэгтэйгээс болдог юм биш

Үргүйдлийг олон жил судалж, эмчилсэн, өдөр бүр энэ өвчинтэй “нүүр тулж” байдаг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн, Нөхөн үржихүйн зөвлөх, поликлиник, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдлийн эмч Б.Цогмаатай уулзсан юм.

-Таныг олон жил үргүйдлийг судалж, эмчилсэн гэж байна. Үргүйдэл яагаад ихсэх хандлагатай болчихов оо гэдэг дээр таны үгийг сонсох гэсэн юм?
-1988 онд анх Эх нялхсын эрдэм шинжилгээний төв нээгдэж, нийт 78 эмч ажиллахаар ирж байсны нэг нь би. Тэр үед үргүйдэлтэй хүмүүсийг үзэж, эмчлэх зорилгоор хоёр өрөөг гаргаж өгч байлаа. 1990 оноос эхлэн үзлэгийн кабинет гэж нээгдсэн. 20-оод жил энэ өвчнийг үзэж, эмчилж байна даа. Миний бодлоор хүн амын эрүүл мэндийн мэдлэг, боловсрол маш хомс байна. Энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дутмаг ч юм уу, иргэдэд хүрдэггүй ч юм уу хүүхнүүд маань наад захын зүйл мэддэггүй. Энэ нь алсдаа үргүй болох эх суурь нь болдог.
-Таныг энэ өвчнөөр шаналж байгаа олон эмэгтэйг эмчилж, айл гэрт гэрэл гэгээ нэмсэн гэж сонссон?
-Үргүйдлийг заавал хэвтэж эмчлүүлэх биш, кабинетийн шугамаар удаан хугацааны турш эмчлүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Манай эмэгтэйчүүд хурдхан шиг л арга хэмжээ авчих гээд байдаг. “…Би хөдөөнөөс ирсэн, одоо л сэтгүүрдүүлчихье, хурдхан шиг л хагалгаанд ормоор байна” гэх зэргээр амьдралынхаа ийм чухал асуудлыг хоромхон хугацаанд л шийдчих гэдэг. Үүнээсээ болоод ч их алддаг. Хүмүүсээс дам сонссон, хаа хамаагүй газар очоод янз бүрийн юм умайдаа шахуулдаг. Тэгэх шаардлагагүй ч байж болно. Хүүхэд гаргахгүй байна гэдэг нь дан ганц эмэгтэйчүүдээс болдог юм биш. Сүүлийн үед үргүйдэл эрэгтэйчүүдэд их тохиолдох болсон. Эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа үргүй биш, эрүүл байсан ч хоорондын бэлгийн амьдрал нь таардаггүй ч юмуу эр бэлгийн эс умайн хоолойгоор нэвтэрч чадахгүйн улмаас үр тогтдоггүй байх тохиолдол бий. Тэгэхээр хүүхнүүддаэ хандаж хэлэхэд яаран мэдэх мэдэхгүй эмчилгээнд орох хэрэггүй гэж зөвлөмөөр байна.
-Манай улсад үргүйдлийн талаарх нэгдсэн судлагаа байдаг уу?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1995 оноос эхлэн манайд төсөл хэрэгжүүлж, тэр дагуу үргүйдлийг судлах маягт өгсөн. Энэхүү маягт нь жил бүр дэлхийн стандартын дагуу шинэчлэгдэж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хэмжээнд явуулсан үргүйдлийн судалгаа манайхтай тун ойролцоо гарсан байдаг. Энэхүү судлагаагаар үргүйдлийн шалтгааны 40 хувь нь эрчүүдээс, 50 хувь нь эмэгтэйчүүдээс, найман хувь нь хоорондын бэлгийн амьдрал таарахгүйгээс, үлдсэн хэдхэн хувь нь юу нь ч мэдэгдэхгүй шалтгаанаас гэр бүл хүүхэдтэй болдоггүй гэсэн үзүүлэлт гарсан.
-Үргүйдлийн өвчнөөс оопж шаналж, зовж байгаа хүмүүст хандаж та юу хэлэх вэ?
-Юуны өмнө эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Тиймээс жирэмсэн байхаасаа эхлээд энэ талаар бодож эхлэх хэрэгтэй. 2008 онд над дээр ирж эмчлүүлж байгаа үр тогтдоггүй хүмүүсийн 88 хувь нь жирэмсэлсэн. Сарын мөчлөгийн дунд үедээ жирэмсэн болоогүй эмэгтэйчүүдийг би долоогоос арван хоногтоо над дээр ир гэж зөвлөдөг.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.