Генерал Б.Пүрэв: Гол буруутанг Монголын төрөөс хайхгүй байна

2008/09/24
Share |
Хүмүүс:
Генерал Б.Пүрэв: Гол буруутанг Монголын төрөөс хайхгүй байна

Монгол Улсын цагдаа­гийн байгууллагыг олон жил удирдсан, Н.Бага­бан­ди Ерөнхийлөгчийн үед зөвлөхөөр нь ажиллаж байсан, цагдаагийн хошууч генерал Б.Пүрэвтэй ярилц­лаа.

-Таныг хотод юм уу Бэл­хийн зусландаа байгаа бо­лов уу хэмээн нэлээд хай­лаа. Тэгсэн чинь Төв айм­гийн хүн болжээ дээ?
-Бэлхийн хашаанд хүү­хэд, дүү нар маань байгаа. Тэр хавь ч хотоос өөрцгүй хашаа байшинд дарагдсан шүү дээ. Өвөл бол утаа нь яг л хотынх шиг. Тэгээд Төв аймгийн тө­вийг бараадаад ирсэн минь энэ. Манай энэ Төв аймгийн цагдаагийн зус­лан чинь төвөө­сөө арай зай­тай. Агаар, ус нь тун сайхан. Замд ойр, олон талын ач тустай юм.

-Хэнийгээ бараадаад ирэв дээ. Хүүхдүүдээс чинь энд бий юү?
-Бараадсан гэх ах дүү нар байхгүй ээ. Эндхийн цаг­даа­гийнхан л, та манай зус­ланд нэг шавар босгочих. Салхи, нар нь сайхан шүү гээд бай­хаар нь ирээд буучихсан. Жаахан салхитай л юм. Гэх­дээ би чинь Говь-Алтайн Тонхилын бараг л уулан дээр төрж өссөн хүн шүү дээ. Салхи нь ч сайхан юм шиг. Тэгээд ч энэ нутагт хэн нэг­нийг бараадах хэрэг алга. Манай Зуунмодынхон чинь хотод ойрхон хэрнээ ер "эвд­рээгүй" ард түмэн юм. Болж байнаа, болж байна, цай сүү­гээ хувааж уугаад.

-Хөдөө гарсан хүн чинь борлоод, таргалдаг биш билүү. Сахал л тавьснаас биш, жаахан тураа юу даа?
-Сүүлийн нэг жил бие баахан чилээрхлээ. Арван хэдэн кг хасагдсан гээч. Цөсөө авахуулаад гам хийж байна. Одоо бол өвдөх өв­чингүй болсон. Эмч маань зургаан сарын дараа хэвэн­дээ орно гэсэн. Хөдөөгийн нар, салхинд тэнхэрч байна аа.

-Нэг зүйлийг танаас л лав­лаж тодруулъя гэж бо­доод яваа юм. Мон­голд УИХ-ын сонгууль буд­лиан­тай боллоо гэж бу­химд­сан олон хүн эсэр­гүүцлээ янз бү­­рээр илэр­хийлж сүүлдээ гал­дан ша­таалт, халуун, хүй­тэн зэвс­эгтээ хүрч арай ча­май намжлаа. Ерөнхий­лөгч онц бай­дал зарлаж, үүнийг хү­мүүс янз бүрээр л ойл­гож байх шиг байна. Та Мон­­голын цагдааг олон жил удирдсан хүн. Ерөн­хий­­лөгчийн зөвлөхөөр ч ажил­­лаж байсан. Таны үед жаг­­саал цуглаан, өлсгөлөн суулт, янз бүрийн л зүйл болж байсан байх. Онц бай­дал зарлах талаар яриг­даж байв уу. Та хэр зэргийн мэд­лэгтэй, бэлтгэлтэй байв?
-Монгол Улсад онц байд­лын тухай хууль бий. Бас хэд хэдэн хуульд энэ талын заалт бий. Намайг Ерөнхий­лөгчийн зөвлөхөөр ажиллаж байхад энэ талаар нэг удаа яригдаж, би дотоодын хуулиу­даас гад­на олон улсын хууль дүрэм, онцлог байд­луу­дыг нэлээд судалж үзсэн юм. Тэгэхдээ бидний анхааралд байсан онц байдал маань саяынхаас огт өөр л дөө. Шүлхий өвчин дэлгэрээд хотод ороод ирчих­сэн, бүр Сүхбаатар, Чингэл­тэй дүүр­гүүдэд шүлхийн го­ломт ил­рээд тун хүнд байдалд байсан л даа. Тэгэхэд л Ерөн­хий­лөг­чийн хэмжээнд баахан яриг­даад, онц байдал зарлах шаард­лагагүй хорио цээрийн аргаар шийдвэрлэе гэсэн шийдэлд хүрч байсан сан. Түүнээс өөрийг мэдэхгүй юм байна.

-Хуулиар бол онц байд­лыг ямар үед хаа хаанаас зарлаж болох вэ?
-Хуулиар энэ онцгой эр­хийг Монгол Улсын Ерөн­хийлөгч, УИХ хоёрт л олгосон байгаа. Гол нь байгалийн гэнэтийн аюул, олон нийтийг хамарсан өвчин тахал, ний­тийн эмх замбараагүй байд­лыг ердийн арга хэрэгслээр зохицуулах боломжгүй бол­сон нөхцөлд онц байдлыг зарлах ёстой. Энэ нь Монгол Улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд явагдана гэсэн үг.

Энэ оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, онц байдал зарлаж дарсан. Үндсэн хуулийн Ерөн­­­­­хийлөгчийн бүрэн эр­хийн заалтуудад энэ талаар нэг заалт байдаг юм. Тэр заалтаар бол Ерөнхийлөгчид онц байдал зарлах бүрэн эрхийг олгоод долоо хоногийн дотор УИХ-аар хэлэлцэж баталгаажуулах эсэхийг ший­д­нэ гэсэн байдаг. Ерөн­хий­лөгч зарлигаараа шийддэг нэг гол зүйл бол Онц байдал зарласан хугацаа, дэвсгэр нутгийн хүрээ, хэрэгжүүлэгч байгууллага, хүмүүсийг зааж өгдөг. Ерөнхийлөгчийн зар­лигт заасан байгууллага хү­мүүсийн хүрээнд ярилцаж цагдаагийн ямар байгууллага, дотоодын цэргийн ямар хүч, хаанаас ямар зэвсэг техник хэрэглэх зэргийг шийдсэн байх гэж бодож байна. Тэд л үгээ хэлж ард түмэнд зөв ойлголт өгөх ёстой.-Олон зуун хүнийг ба­рив­чилж шалгасан, цагдаа нарыг ч хэд хэдээр нь хорь­сон. Баахан өлсгөлөн, суулт болов. Энэ талаар таны байр суурь?
-Хоёр, гурван хүний зо­доон биш, олон мянган хүн оролцсон энэ үймээн са­мууны буруутай эздийг олж тогтооно гэдэг тийм амар ажил биш. Мэдээж, буруутай хүмүүс байгаа. Гарцаагүй нотлох баримтаар, эздийг нь зөв тогтооход л хэргийн учир байгаа юм. Жирийн иргэнээс, цагдаа, хуулийнхан, УИХ-ын гишүүн хүн ч шалгагдаж болно. Иймээс би цагдаагийн маань зөв байсан байх ч гэх юм уу, түүнийг нь арай чан­гадуулчихлаа гэх юм алга. Буруутай эзэд байж л таарна.  Мөн сонгуулийн дүнд бухимд­сан хүн юм бол тэн­дээс ком­пью­тер тэврээд явж байх ямар хэрэг байв гэхчилэн асуудал их бий.

-Цагдаа нарынхаа тухай юу хэлмээр байна?
-Би энэ хөдөө, мэдээл­лээс хөндий суугаа хүн цаг­даагийн зөв, буруу гэж хэлэх юм алга. Миний боловс­руу­лалцсан хэдэн хуулийн нэг нь цагдаагийн тухай хууль. Хуу­лиар бол цагдаа нь хоёр нөхцөлд галт зэвсэг хэрэглэж болно. Цагдаагийн албан хаагч хэний ч даалгавар, зөвшөөрөл харахгүйгээр галт зэвсэг хэрэглэх эрхийг хуу­лиар олгосон. Хариуцлагаа ч өөрөө хүлээнэ гэсэн байдаг. Цагдаагийн албан хаагч өөрийн болон бусад этгээ­дийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохоор гаднаас довтолсон нөхцөлд галт зэвсэг хэрэг­лэхээр хуульд заагдсан бай­гаа. Гарцаагүй алагдах гэж байгаа нөхцөлд цагдаа галт зэвсэг хэрэглэх нь зөв. Харин олон нийтээрээ хүч хэрэглэн довтолсон нөхцөлд цагдаа­гийн дарга үүрэг өгч галт зэвсэг хэрэглэх явдал бий. Хариуцлагыг үүрэг өгсөн дар­га л хариуцна гээд заачихсан байгаа. Нөхцөл байдлыг на­рийн шалгаж үзээд цагдаагийн дарга юм уу, цагдаагийн бу­руу­гүй байж болно. Ийм на­рийн асуудал учраас, хэрэг явдлын энэ талыг маш нарийн шалгаж байгаа байх.

-Хүмүүсийн ам дамжиж яваа нэг яриа байгаа. Мянга гурван зуу ч гэв үү, мянга таван зуун ч гэв үү цагдаа очоод бамбай бариад зээг­лэчихсэн, чу­луу­гаар нү­дүүлээд л. Хэн нэгэн эрх мэдэлтэн "шөнө болтол, онц байдал зар­латал тэсээд суучих гэсэн юм шиг" гэж яриад байгаа. Та юу гэж бодож байна?
-Энэ бол таавар. Миний бодол бол огт өөр байна. Цагдаа гар мухар болохоор хөдөлж болохгүй байсан. Үүнд л хамаг учир байгаа юм. Цагдаад хоёр янзын тусгай хэрэгсэл байдаг. Эхнийх нь, хүн нэг бүрийн хэрэгсэл. Үүнд гав, хүлэг, бороохой, нулимс асгаруулагч буюу амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу буюу шүршүүр, резинэн болон хуванцар сумтай буу. Энэ бол хүн болгонд байсан. Би цагдаагийн дарга байхдаа нүүрээ улалзуулж байж хэдэн төгрөг батлуулаад цагдаад хүн нэг бүрийн тусгай хэрэг­сэл, ээлжийн шинэ хувцастай болгоод л халагдсан хүн. Тэр зүйлүүд байна билээ.

Цагдаад хамгийн чухал зүйл бол олон хүнд зэрэг нөлөөлөх тусгай хэрэгсэл юм. Энэ бол амин чухал зүйл. Олон хүний нулимс асгаруу­лагч болон амьсгал боог­дуулагч, зориулалтын усан хөөрөг, утаан хөшиг үүсгэгч. Энэ гурвын аль нь ч Монголын цагдаад байдаггүй юм байна. Олон нийтийг хамарсан энэ хүчтэй хэрэгсэл байсан бол ингэж хэд хэдэн байшингаа шатаалгаж, олуулаа бэртэж, олон хүний аминд хүрэлгүй, тэр доор нь хөөгөөд тараачих байсан. Онцгой байдал, хууль зарлигийн ч хэрэг байгаагүй. Энэ хэрэг явдлыг өдөөсөн, турхирсан, хүмүүсийг на­рийвч­лан шалгаж арга хэм­жээ авах нь зөв. Нөгөө тал нь цагдаа нарыг гар мухар байл­гаж, хүн амины болон эд материалын ийм их хохирол учруулсан гэм буруутныг Монголын төрөөс эрж шалган, цээрлэл үзүүлэх хэрэгтэй юм.

-Тухайлбал ямар хүн байж болох вэ?
-Олон нийтэд нөлөөлөх, дээрх гурван хэрэгслийг авч хадгалаагүй, хөрөнгө мөнгийг нь өгөөгүй гар мухар суул­гасан хүн л долдугаар сарын 1-ний хэрэг явдлын гол бу­руутан. Тиймээс цагдаагаас нь эхлээд УИХ-ыг хүртэл Монголын төрийг шалгах хэ­рэг­тэй юм. Цагдаагийн бай­гууллага, эдгээр хэрэгслийн судалгаа гаргаж, үнэ ханшийг тогтоогоод яам, газартаа тавьж байсан тохиолдол бай­на уу, байвал хэн гээч даргын үед, ямар бичиг баримтаар удирдах дээд байгууллагадаа тавьж байж вэ гэдгийг яаравч­лан тогтоох учиртай. Ийм санаачилга огт гаргаагүй бол тэр дарга буруутай. Хөрөнгө мөнгийг нь төсөвт тусгуу­лахаар хөөцөлдтөл хасчихсан юм уу орхигдуулсан, бүр мартчихсан түшмэл ч байдаг. Тийм эзнийг олох хэрэгтэй юм. Хууль зүй, дотоод хэр­гийн яаманд уу, Сангийн яа­манд уу, Засгийн газарт уу, УИХ-д уу, нэг газар тийм хүн хэнэггүй царайлаад сууж байж болох л юм. Би энэ цагдаагийн байгууллагын зовлонг сайн мэднэ. Төсөвт нэг зүйл тусгуулах гэхэд тэр асуудлыг огт мэдэхгүй хүн, зөрж яриад болдоггүй юм. Нэг л мэдэхэд улаан балаар дар­чихсан байдаг. За, УИХ-аар төсөв хэлэлцэх үед ч хэцүү шүү дээ. Огт мэдэхгүй хүн л хасна, танана гэж загнаад байна. Тэгсэн хэрнээ бараг ач холбогдолгүй шахам зүйл оруулж батлаад байдаг байх­гүй юу. Иймээс долдугаар сарын 1-ний хэрэг явдлын гол буруутныг дээр нэр дурдсан төрийн байгууллагуудад нэг бүрчлэн хайж шалгах хэрэг­тэй юм. Хэрвээ асуудал УИХ-д хүрээд оччихсон байх юм бол, байнгын хороон дээр хэн эсэргүүцэж байв, чуулганы хуралдаан дээр хэн хэн эсэр­гүүцэж байв, ямар даргын шийдвэрээр энэ асуудал хасагдаж байж вэ гээд шал­гахад гол буруутан тодроод ирнэ. Магадгүй юм, цагдаа­гийн тусгай хэрэгсэл авна гэж төсөвт тусгуулж авчихаад замд нь өөр зүйлд зарцуулдаг, тендерийнхэнд өгөөд алд­чихдаг, өөрсдөө идэж ашиг­ладаг, санаачилга гаргалгүй байсаар үхүүлдэг, арчаагүй байдал байхыг ч үгүйсгэх аргагүй. Иймээс шалгалтын гол нь энд чиглэх ёстой юм. Хэдэн иргэн, цагдаад бурууг үүрүүлчихээд гол буруутнууд ард нь үлдэж мэдмээр байна.

-Дээр таны хэлсэн гур­ван хэрэгсэл их үнэтэй зүйл үү?
-Юу нь үнэтэй байхав, сайндаа л тэрбум төгрөг. Буруутнаар нь төлүүлэлгүй төсвөөс төлж байгаа, ХЗХ-ны жар гаруй тэрбум төгрөг, хадгаламжийн банкны "хав­сайдаад" тоглочихсон 14 тэр­бум төгрөгийн дэргэд бол дуслын төдий юм. Хамгийн гол нь цагдаагийн энэ тусгай хэрэгслэлүүд нь хүний эсрэг "зэвсэг" учраас хандив тус­лам­жид өгөхийг хориглосон байдаг. Хандив тусламжаар өгдөг сөн бол бидэнтэй хол­боо бүхий гадаадын цагдаа­гийн байгуул­лагууд, аль нь ч наа­шаа сар­вайх л зүйл. Өнөө­дөр аль ч орны зах зээлд хэвтэж л байгаа. Мөнгө хө­рөн­гө нь байдаг юм бол, мар­гааш ч оруулаад ирсэн болох зүйл.

-Манай улсад чинь ус­ных нь ма­шин байгаа юм биш үү?
-Биш ээ. Тусгай зориу­лалтын машин байдаг юм. Манай энэ галын маши­нуу­дыг хараа биз дээ. Шилийг нь чулуугаар хагачаад, шлан­кийг нь урж тасчаад хаячихна билээ. Тусгай зориулалтын тэр машин бол шил нь хага­рах­гүй, бүх зүйл нь бөх бат, тохируулга тооцоотой өндөр даралтын усаар шүршдэг машин. Ийм усаар шүршсэн юм уу нийтийг хамарсан нулимс асгаруулагч болон амьсгал боогдуулагч цац­чихсан бол манайхан тэр дороо л тараад явчих байсан. Хүн амины болон эрүүл мэн­дийн, хөрөнгийн асар их хохи­рол амсалгүйгээр, тэр доор нь шийдчих асуудлыг манайхан дэндүү хариуцлагагүйгээсээ газар авахуулсан. Харамсах ч багадна.

-Танай цагдаа нарыг хүн буудсан байж магадгүй гэж хорьсон. Тэдний эх, эхнэр нь өлсгөлөн зарлаж ч үзэв. Цагдаагийн ар гэ­рийнхний төлөөллийн бай­гууллага байнга цуглаан, хэвлэлийн бага хурал зо­хион байгуу­лаад, алаг амьд­рал үргэл­жилж байна. Энэ бүхнийг хараад гене­рал танд юу бодогдож байх юм?
-Өнөөдөр надад, тэр нь зөв, тэр нь буруу гэж хэлэх эрх алга. Цагдаа хуулийн бай­гуул­лага нэлээд нухацтай шалгаж байх шиг байна. Юу ч болсон дүнг нь харъя. Цагдаа ч адилхан хүн. Аавтай ээж­тэй, эхнэртэй хүүхэдтэй хү­мүүс. Тэдний дунд олон янзын бодолтой, олон янзын зан араншинтай хүмүүс бий. Цагдаагийн л зөв байх ёстой гэж өнөөдөр би хэлж чадах­гүй. Өдөржин чулуун мөндөрт балбуулж суусан цагдаагийн гар дээр галт зэвсэг тавихаар, заримынх нь хор шар хөдлөөд буудсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ тийм сэжиг таамаг байвал, ямар нөхцөлд хэрэг­лэж вэ гэдгийг нь л гарцаагүй нотлох баримтаар тогтоох хэрэгтэй юм. Би, цагдаагийн ар гэрийнхэн, тэдний төлөөл­лийн байгууллагынхныг уужуу тайвуу, ул суурьтай хандаа­сай л гэж хүсч байна.

-Цагдаагийнхныг арай он­цолж үзэн мөрдөж бол­доггүй юм болов уу гэсэн яриа их байх юм?
-Манай хуульд, дарга сайд нарыг мөрдөхгүй, цагдаа на­рыг гадуур мөрдөнө, иргэ­дийг хорьж мөрдөнө гэсэн ялгаа зааг байхгүй. Хуулийн өмнө адилхан эрх үүрэгтэй. Ард­чилсан төрт ёсны нэг онцлог бол гол хуулиуддаа хорьж мөрдөхийг урьтал бол­гох­гүй гэсэн зарчмыг барим­талж байгаа. Энэ бол хорьж болох­гүй гэсэн үг биш. Хори­хоос өөр ямар ч аргагүй нөх­цөлд л хорьж мөрдөнө гэсэн үг. Ямар ч аргагүй нөхцөл гэдэгт гурван зүйл орж байгаа юм. Нэгд, хэргийн ул мөрийг бал­лах гээд үгсэн хуйвалдаад байгаа нөхцөлд, хоёрт, мөр­дөн байцаалтаас оргож бол­зошгүй нөхцөлд, гуравт, да­хин гэмт хэрэг хийж болзош­гүй хүнийг хорьж шалгаж байгаа юм. Мөрдөн байцааг­чид, прокуроруудын анхаар­лын төвд байдаг хэдэн зүйл бол энэ шүү дээ. Хорьж цаг­даад шалгаад байгаагийн цаана ямар нэг зүйл байж л таарна. Үүнд тэвчээртэй, ухаалгаар хандах хэрэгтэй юм.

-Одоо бас хоёр сон­гууль үлдээд байгаа. Нэг нь бараг эхэлчихлээ. Хүмүүс нэлээн түгшсэн байдал ажиглагдаж байна. Бас л будлиантай сонгууль болж байдал ширүүсэх вий дээ гэж айсан болгоомжилсон явдал их байх шиг. Танил цагдаа маань "Яана даа" л гээд түгшиж байсан. Гэтэл Сонгуулийн ерөнхий хо­рооны дарга нь яг л тү­рүүчийн сонгууль шиг явуулна гээд байдаг. Танд ямраар тусч байна?
-Орон нутгийн сонгууль бараг эхэлчихэж байна. Ерөн­хийлөгчийн сонгууль хэдхэн сарын дараа болно. Сон­гуульд их мөнгө зарж, янз бүрийн луйвар оруулахгүй байх талаар хаа хаанаа ан­хаар­маар байна. Олон ний­тийн бухимдлыг дэвэргэх биш, намжаах бүх талын арга механизмыг ашиглах хэрэг­тэй. Үүнд шинээр байгуулаг­даж байгаа УИХ, Засгийн газрын ухаалаг бодлого юу юунаас чухал гэж бодож байна.

-Тантай уулзсаных нэг зүйлийг асуулгүй өнгөрч болохгүй байна. МАХН УИХ-ын сонгуульд ялчихаад, хамтарсан Засгийн газар байгуулах санал тавиад Ардчилсан намтай хамт­рав. Энэ талаар ямар бо­дол­той байна?
-Хамтарна гэдэг бол хэ­цүү ажил юм. Нэг бүтвэл, мэдээж өгөөж нь илүү байж таарна. Үр өгөөжөө ард түмэн­дээ түргэхэн хүртээгээсэй, сайн ажиллаасай гэж бодож байгаа. Салах бол амархан л даа. Болохгүй бол салдаг л юм байгаа биз.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rikoivgh HaMpXHbnmwrlbwiscv, [url=http://kqqohtklbqrc.com/] kqqohtklbqrc[/url], [link=http://eqpkbbfgawww.com/ ]eqpkbbfgawww[/link], http://wsqvuvsqkiqs.com/
IP:5.101.64.73  2018-03-06 08:49:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.