АН-ын гишүүд 76-уулаа болохоос нааш чуулганд оролцохгүй

2008/09/24
Share |
Хүмүүс:
АН-ын гишүүд 76-уулаа болохоос нааш чуулганд оролцохгүй

УИХ-ын нэгдсэн чуулган 15.00 цагт болно гэсэн товыг өчигдөр өмнө зарласан байв. Тус хуралдаанаар УИХ-ын нам­рын чуулганаар хэлэлцэх асуудлыг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон УИХ-ын Тамгын газрын ерөн­хий нарийн бичгийн даргыг томилох асуудлыг хэлэл­цэхээр тогтжээ

Чуулган эхлэхээс өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Тус байн­гын хорооны дэргэдэх Хүний эр­хийн дэд хорооны дарга Х.Бат­тулга нь Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсонтой хол­бог­дуу­лан АН-ын бүлгээс өөр ги­шүүнийг дэд хорооны  даргыг санал бол­го­жээ. АН-ын бүл­гийн дарга Ч.Сай­хан­билэг Хүний эрхийн дэд хо­рооны даргаар УИХ-ын ги­шүүн Э.Бат-Үүлийг санал болгож байгаагаа гишүүдэд танил­цуул­сан юм.

Дэд хо­рооны даргад нэр дэвшигч Э.Бат-Үүлээс УИХ-ын гишүүн Ж.Сүх­баатар "Хүний эрх нь улс төржиж болохгүй асуу­дал. Та даргаар ажиллавал хэрхэн ажиллах вэ" хэмээн асуухад Э.Бат-Үүл "Миний ойлгож байгаагаар өмнө нь улс төржсөн байдлаар ажил­лаж байгаагүй. Хүсэлт ирүүл­сэн хүмүүстэй уулзаж бай­сан. Тантай санал нэг байна. Хүний эрх нь улс төржиж болохгүй асуудал. Улс төрж­вөл дэд хорооны асуудал биш болно" гэсэн хариу хэлж байв. Ж.Сүхбаатар гишүү­нээс өөр асуулт тавьж, санал хэлэх гишүүн байсангүй тул санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг гишүүд 100 хувь дэмжиж, Хүний эрхийн дэд хорооны даргаар сонголоо.

Тус байнгын хорооны хур­­­лын дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан юм. Тус бүлгийн дарга Ч.Сайхан­би­лэгээс хэлэлцсэн асуудлын талаар тодруулахад "Бүлгийн хурлаар УИХ-ын Тамгын газ­рын дарга Д.Сандаг-Очир өөр ажилд томилогдсонтой хол­бог­дуулан шинээр ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг УИХ-ын дарга оруулж  та­нил­цууллаа. УИХ-ын Там­гын газрын даргад нэр дэв­шигч Ц.Шаравдоржоос гишүүд асуулт асууж, хариулт ав­сан. Мөн орон нутгийн сон­гууль болох гэж байгаатай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн хөдөө орон нутагт ажиллах томи­лол­тын асуудлыг ч ярилаа.

Өчигдөр Төрийн бай­гуу­лал­тын байнгын хороон дээр ярилцаад тус байнгын хо­роо­ны дарга Ө.Энхтүвшин болон миний бие СЕХ-ны удирд­лагатай уулзаж, өнөө­дөр СЕХ-г хурлаа хийж 25 дугаар тойргийн асуудлыг оруулж ирүүлэх тал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн. Одоо СЕХ-г хуралдахыг хү­лээж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд төдийгүй бүх гишүүд нэгдсэн хуралдаанд ороход бэлэн байна. Хэрэв СЕХ ху­рал­дахгүй, дөрвөн гишүүний асуудал орж ирэх­гүй бол нэгдсэн чуулган завсарлах нь асуудалтай болох юм шиг байна. АН-ын гишүүд "УИХ-ын анхдугаар чуулган намрын чуулганаар хэлэлцэх асууд­лаа батлахдаа бүрэн бүрэл­дэ­хүүнтэйгээр ху­рал­даж хаал­­таа хийе" гэсэн байр сууриа өнгөрсөн баасан гари­гийн хуралдаан дээр илэр­хийлсэн байгаа. СЕХ ам­жуулъя гэвэл амжих л асуу­дал. Бүх зүйл СЕХ-ны гарт байна" гэлээ.

Дараа нь Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо ху­ралдаж, УИХ-ын Тамгын газ­рын даргыг томилох асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга Д.Дэм­бэрэл нэр дэвшигч Ц.Шаравдоржийг танил­цуул­сан юм. Нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Санал хураалт явуулахад тус байн­гын хорооны гишүүдээс Э.Бат-Үүл татгалзаж, бусад нь зөвшөөрлөө. Ц.Шаравдорж нь 1954 онд Дорноговь аймагт төрсөн, 1979 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сур­гуулийг хуульч мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын гавь­яат хуульч юм. Дорнод айм­гийн шүүх, Дээд шүүхийн гишүүнээр ажиллаж байгаад 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, дөрвөн удаагийн парламентад суужээ.

Тус байнгын хорооны ху­рал өндөрлөхөд УИХ-ын дар­га Д.Дэмбэрэл "Байнгын хо­роод болон бүлгүүдийн дарга нарыг өрөөндөө цуг­ла­хыг хүсээд бусад гишүүдийг чуул­ганы танхимд орж байна уу" гэв.

Гэвч төдөлгүй УИХ-ын нэгдсэн хуралдаан хойшилж, өнөөд­рийн 11.00 цагт хурал­да­хаар товлогджээ. УИХ дахь АН-ын гишүүд СЕХ 25 дугаар тойр­гийн асуудлыг оруулж ирэ­хээс нааш нэгдсэн хурал­даанд оролцохгүй гэд­гээ УИХ-ын даргад мэдэгдсэн байлаа.

Эх сурвалж:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.