Намайг Мэрилин Монрогийн дэргэд оршуулаарай

2008/09/24
Share |
Хүмүүс: Monroe Marilyn  | 
Намайг Мэрилин Монрогийн дэргэд оршуулаарай

Тэрбээр өнгөрсөн хавар 82 нас хүрчээ. Бас түүний тухай “Хью Хефнер ба америк маягийн мөрөөдөл” гэсэн ном Америкийн сэтгүүлч Стивен  Уотсс бичсэн аж. “Хеф” хэмээн олны дунд алдаршсан энэ эрхэм 1926 оны дөрөвдүгээр сарын 9-нд  Чикаго хотод энгийн гэр бүлд төржээ. Хефнерийнхэн хаана ч байдаг эгэл айл байлаа. Тэд хүүгээ ч бас жирийн нэгэн болгож өсгөв.

Онцын дутагдаж гачигдах зүйлгүй өссөн тэрбээр дунд сургуульд суралцан төгсч, хожим нь цэргийн алба хаажээ. Бас их сургуульд сурч байхдаа психологи судлах болов. Хью Хефнер дээд сургууль төгссөнийхөө дараа “Эсквайр” сэтгүүлийн газар рекламны албанд ажиллах болжээ. Чухамхүү энэ үед тэр “Би хонин сүргийн тоог цөөлөхийг хүссэн юм” гэсэн алдарт үгээ хэлжээ. Түүний бодлоор өдөр тутмын амьдралын дунд яваа эгэл хүмүүс хонин сүрэгтэй адил аж. Өглөө бэлчээрт явна. Орой эргэн ирж амарна. Ийм амьдрал  Хефнерт таалагдсангүй.

Тэрбээр бусдаас ялгарах сэтгүүл гаргахаар шийджээ. Дур булаам үзэсгэлэнт хүүхнүүдийн зургаар чимэглэсэн, тансаг бараа бүтээгдэхүүн сурталчилсан тийм сэтгүүлийг гаргахаар бодож олсон байна. Энэ нь “Плейбой” сэтгүүл байлаа. 1954 онд  гаргасан анхны дугаарынх нь гадна талын нүүрийг  домогт Мерилин Монро чимжээ.  Хээнцэр дэгжин, нүцгэн шалдан хүүхний зурагтай сэтгүүл худалдаанд гарангуутаа нүд ирмэхийн зуургүй дуусч байсан гэдэг.  Сэтгүүлийг “сексийн хувьсгал” боллоо гэж нэг хэсэг нь үзэж байхад  зарим нь задгай зайдан явдлыг дэлгэн харуулсан “порно” хэвлэл хэмээж байсан аж. Юутай ч энэ хэвлэл Хью Хефнерийг алдарт гаргаж, тэр бумтаны эгнээнд оруулж чадсан байна.

“Би эгэл хонин сүрэгтэй цуг бэлчихгүйн тулд  тухайн үед хэний ч толгойд орж ирээгүй сэтгүүлийг бодож олсон юм” гэж хэлжээ. Энэ хүслээ биелүүлж чадсан Хефнер “Плейбой” телестуди, худалдааны төв, буяны сан байгуулсан аж. Түүнийг “икс” эрхэм ч гэж заримдаа нэрлэдэг. Хефнер хэвлэлийн бизнесийн ертөнцөд амжилт олсон шигээ эмэгтэйчүүдийн хүслэн болсон хүн болж хувирчээ. Гэхдээ тэрбээр олон зүйлийг ялангуяа бизнест амжилт олох аргаа бусдын нүднээс далд байлгаж ирсэн нэгэн. Амьдралдаа хоёр удаа албан ёсоор гэрлэж, дөрвөн хүү, охинтой болсон энэ эрхэм ижил хүйстэнтэйгээ явалдаж, эхнэрийнхээ дэргэд өөр бүсгүйчүүд авчирч зугаацаж үзсэнээ нуудаггүй.

Энэ нь түүний янаг амрагийн явдлыг дэлгэн харуулсан сэтгүүл гаргах,  кино хийхэд тусалсан гэдэг. "Үнэнийг хэлэхэд би эхнэртээ найман жил гаруй үнэнч явсан. Үүний хариуд анхны эхнэр охиныг маань аваад явсан. Хоёр дахь эхнэрээ араар нь тавьж амжаагүй байхад  “чиний амьдралын хэв маяг сэтгэлд нийцэхгүй байна” гэж хэлсэн. Удалгүй бид салсан"  гэж Хью Хефнер хэлжээ. Тэрбээр дахин гэрлэсэнгүй. Харин 75 нас хүрээд  бизнесээ орхин чөлөөтэй амьдрахаар шийдэж анхныхаа эхнэрээс төрсөн охиндоо “Плейбой” корпорацаа өвлүүлж, хүүгийнхээ мэдэлд компьютерийнхээ сүлжээг өгсөн байна.

Хоёр дахь эхнэрээс нь төрсөн хүүхэд хараахан насанд хүрээгүй байгаа тул Хефнерээс  ямар өв хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байгаа аж.  Эдүгээ Хью Хефнер үлгэр домогт гардаг Султан шиг амьдардаг байна. Тэрбээр цагийн ихэнхийг долоон бүсгүйтэй  жаргаж өнгөрөөдөг гэнэ.  19-28 насны тэдгээр бүсгүйг Хью Хефнер эр хүний хувьд жаргаагаад зогсохгүй боловсролтой, дутагдаж гачигдахгүй амьдрах боломжийг нь бий болгожээ. Гэхдээ Хефнерийн тухай баримтат кино хийж, ном хэвлүүлэхэд тэр бүсгүйчүүдийн нэгнийх нь ч зургийг гаргаагүй гэдэг. Хефнер “Би энэ хорвоод хангалттай амьдарсан. Амьдралдаа сэтгэл дүүрэн хорвоогоос явна гэдэг жаргал юм" гэж  хэлжээ.

Түүнийг саяхан гэрээслэлээ бичсэн гэсэн яриа тарсан. Үнэн худлыг бүү мэд. Юутай ч төрсөн хүүхдүүддээ амиа тавьдаг Хефнер тэдэндээ их хэмжээний өв үлдээх нь тодорхой болсон. Харин өтөл насанд нь өөрийг нь цэнгүүлж жаргуулдаг долоон бүсгүйд ямар өв үлдээх нь олны анхаарлыг татдаг аж.  Хью Хефнер “Намайг Мэрилин Монрогийн дэргэд оршуулаарай" гэж захижээ. Хэрэв түүний үндэслэсэн Плейбой сэтгүүлийн анхны дугаарын хавтсанд Холливудын домогт одын зураг хэвлэгдээгүй байсан бол Хефнерийн бизнесийн амжилтын эхлэл  ямар байх байсныг хэлэхэд хэцүү. Үүнийг Хью Хефнер өөрөө ч хүлээн зөвшөөрдөг.

эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.