"Хатан хаан Сисси" буюу Роми Шнайдер

2008/09/24
Share |
Хүмүүс:
"Хатан хаан Сисси" буюу Роми Шнайдер

Австрийн нэрийн хуудас болсон Роми Шнайдерийн жинхэнэ нэрийг Розмари Альбах Ретти гэдэг. Түүний судсаар Австрийн театрын хэдэн үеийн жүжигчдийн цус гүйж байлаа. Авьяас, алдар нэр, хөрөнгө мөнгөөр дутаагүй явсан Роми Шнайдер хувийн амьдралдаа аз жаргалтай байсан гэж хэлэхэд хэцүү. Эцэг, эх хоёр нь салсныхаа дараа охиноо католик сүмийн асрамжийн газар өгсөн аж. Уйтгартай сүм хийдийн нарийн дүрэм горим, ёсорхуу хүмүүжүүлэгч багш нар Ромид огтхон ч таалагдсангүй.

Тэр 15 нас хүрэв үү үгүй юү, асрамжийн газраас гарчээ. Уг нь Роми зураач болохсон гэж мөрөөддөг байлаа. Гэвч түүнийг асрамжийн газраас гарсных нь дараа ээжийнх нь ажилладаг байсан театрын продюссер түүнд “Голт бор цэцэглэх цагаар” гэсэн жүжигт тоглох санал тавьсан аж. Багаасаа театрын уран бүтээлтэй танил болсон Роми ч энэ саналаас татгалзсангүй. Хэдийгээр түүнд туслах дүр ногдсон ч гэсэн Роми өөрийгөө жүжигчин болох ирээдүйтэй гэдгээ харуулж чаджээ.

Дараа нь түүнийг “Галын наадам” кинонд тоглуулсан аж. Энэ үеэс тэрбээр Роми Шнайдер гэдэг уран бүтээлийн хоч нэртэй болсон байна. Роми шиг урлагийн ертөнцөд хурдан алдаршсан жүжигчин ховор гэдэг. Түүнийг амжилтад хүрэхэд хэзээнээс алдартай чинээлэг удам угсаа, хээнцэр царайлаг дүр төрх, авьяас чадвар нь нөлөөлжээ. Киночдын дунд “инээдтэй өгөөмөр сэтгэлтэй хүн” гэж яригддаг махлаг тарган найруулагч Эрнест Маришка Ромид зориулж, “Хатан хааны залуу нас” гэдэг кино роман бичжээ.

Эзэн хаан Франц Иосифийн хатан болсон Австри-Унгарын гүнж Елизавета Габсбургийн  амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг зохиолын орь залуухан гүнж Сиссигийн дүрийг бүтээх аз Ромид тохиожээ. Ордныхоны элдэв адал явдал, тансаг үдэшлэг цэнгүүнээр элбэг, олон сайхан дүртэй энэ кино герман хэлтэн орнуудад дорхноо алдаршсан аж. Роми эрчүүдийн зүрх сэтгэлийг ч булаах болов. Үеийнх нь залуус түүний хойноос хөл алдан гүйцгээж эхэллээ. Хүүхэлдэйн киноны алдарт уран бүтээлч Уолт Дисней түүнийг “энэ дэлхийн хамгийн сайхан бүсгүй” хэмээн олны өмнө зарлажээ.

Хойт эцэг Герберт Блатцхайм нь Ромид Лугано нуурын эргийн үзэсгэлэнт шилтгээн бэлэглэсэн гэдэг. Түүний орлого бараг цагаар өсч, дэлхийн  хамгийн баян бүсгүйчүүдийн нэг болсон юм. Гэвч тэр “алтан торонд” орсон шувуухай шиг амьдарч байв. Ээж, хойт эцэг хоёр нь түүнд тусгай цагийн хуваарь гарган өгч, алхам тутмыг нь хянадаг байлаа. Тэр ч байтугай сонин сурвалжлагчидтай зарим үед Ромиг төлөөлж уулздаг байсан гэдэг.

“Алдар нэр, мөнгө хоёр бол зэрэглээ юм. Үзэгдээд өнгөрөх зэрэглээг алдалгүй сайн харж ав” гэж ээж нь хэлдэг байв. Сэтгэл сайтай хэдий ч мөнгөнд маш хямгатай ханддаг хойт эцэг нь Ромиг үрэлгэн загнаж болохгүй гэж цаг ямагт захидаг байсан нь түүнийг залхааж орхисон байна. Роми хорин настайдаа “Кристина” гэдэг киноны гол дүрд тоглохоор Франц явжээ. Түүнийг эцэг эх хоёр нь мөн л дагалаа. Харин тэр Францд Ален Делонтой танилцжээ.

Царайлаг, язгууртан төрхтэй ч элдэв муу явдлаараа кино урлагийнхан дунд зартай Ален Делон Ромийн гэрийнхэнд таалагдсангүй. Гэвч Ромид тэдний үгийг сонсох сөхөө байсангүй. Ердөө жилийн дараа Ален Делоны эхнэр болохоор шийдсэн гэдэг. Эцэг эх нь дуулгаваргүй охиноо залхаахын тулд түүнд зөвхөн халаасны мөнгө өгсөн байна. “Эд хөрөнгөгүй, боловсролгүй, бүдүүлэг залуу чиний сэтгэлийг татах болсонд маш харамсаж байна.

Тийм болохоор чи томоожсон хойноо бүх хөрөнгөө эзэмших эрхтэй болно” гэсэн хүйтэн үгтэй захидлыг аав, ээж хоёр нь түүнд илгээжээ. Роми Шнайдер тэдний үгийг хайхарсангүй. Ален Делонтой цуг Парисын ядуучуудын хороололд байр хөлслөн амьдрах болжээ. Тэд эхний үед аз жаргалтай байлаа. Хоёр хосод кинонд тоглох санал тасаралтгүй ирдэг байсан тул тэд мөнгөөр гачигдсангүй. Аль аль нь кино урлагт “одтой” байлаа. Роми 1963 онд Холливудад очжээ.

Дэлхийн кино урлагт ид алдаршиж байсан найруулагч Лукино Висконти, Рене Клеман нарын кинонд тоглож, олон улсын Канны наадмын шагналыг хүртэж явсан Ромид Холливудынхан элэгсэг хандсангүй. Түүнд голдуу туслах дүр өгч, сайшаахаасаа зэмлэх нь их байлаа. Хэрэв Роми бага зэрэг тэсвэртэй хүлээж, Ален Делон гэдэг нэг хүн Парист байгааг мартаж чадсан бол Холливудад түүний азын тэнгэр гийх байжээ. Харамсалтай нь, Роми шинэ киноны гол дүрд тоглох урилга авсан тэр өдөр Ален Делоны цайвар шаргал үстэй хүүхэнтэй цуг авахуулсан зураг сонинд гарчээ.

“Хайр дурлал уу, эсвэл шохоорхол уу?” гэсэн гарчигтай уг зургийг харангуутаа Роми Парис руу нисчээ. Парист очоод ч нэмэр байсангүй. Ален Делон Натали Бартеле гэдэг бүсгүйтэй гэрлэхээр шийдсэнээ түүнд шууд хэлжээ. Роми сэтгэлээр удаан унасангүй. Берлинд соёлын төв нээх ёслолын ажиллагааны үеэр найруулагч Харри Мейентэй танилцаж, түүнийг эхнэрээс нь салгаж суусан аж. Тэд гэрлээд Давид гэдэг хүү төрүүлжээ. Эхэндээ хосууд мөн л жаргалтай байлаа. Харри Мейен кино урлагт алдарших тусмаа архи уух нь ихэслээ.

Тэр архи уугаад зогсохгүй үе үе Ромид гар хүрэх болов. Яг энэ үед Роми Ален Делон хоёрыг дахиад кино урлагийн ертөнц учируулжээ. Ален Делон Ромигоос уучлалт гуйж, түүнийг мартаж чаддаггүй гэж хэлсэн нь бүсгүйг уярааж орхив. Хэрэв түүний амьдралд хорин дөрвөн настай царайлаг нарийн бичиг, жолооч  Даниэль гэдэг залуу тааралдаагүй бол Ален Делон тэр хоёрын харилцаа яаж ч өөрчлөгдөж мэдэхээр байлаа. Энэ удаа Роми Шнайдер Даниэльд дурлаж орхив. Удалгүй нөхрөөсөө албан ёсоор салж, Даниэльтэй суужээ.

Даниэльтэй суусныхаа дараа нэг охин төрүүлсэн аж. Амьдрал нь ч нэг хэсэгтээ тогтвортой, өөрөө ч жаргалтай байлаа. Гэтэл хүүгийнх нь эцэг, салсан нөхөр нь Ромигийн хүзүүний ороолтоор хоолойгоо боож амиа хорлосон тухай мэдээ дэлхийгээр нэг тарав. Энэ явдлаас хойш хэдхэн жилийн дараа хүү Давид нь гэнэтийн ослоор нас баржээ. Шил шилээ дарсан таагүй явдлын улмаас Роми архи ууж, тамхи татаж, нойрны эм хэрэглэх болов. Хоёр дахь нөхөр нь түүний ааш авирыг тэсч чадалгүй аажмаар холджээ. Зол болж “Дурлалын хий үзэгдэл” гэдэг киноны зураг авлтаар Италид явж байх үедээ Лоран Петен гэдэг өөрөөсөө дүү залуутай танилцсан нь түүнийг мухардмал байдлаас гаргасан байна. Хэдийгээр Роми эмх замбараагүй амьдралтай болсон ч Лоран Петен түүнийг орхисонгүй.

Хаврын тэр нэгэн шөнө Роми бичгийн ширээнийхээ ард хүүгийнхээ зургийг харж суусан чигээрээ өөд болжээ. Сонин хэвлэлд алдарт жүжигчнийг амиа хорлосон хэмээн мэдээлсэн аж. Харин эмч нар түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэсэн дүгнэлт гаргасан байна. Роми Шнайдерийг оршуулах ёслолыг Ален Делон биечлэн хариуцаж, хүүгийнх нь хажууд нутаглуулжээ. Ален Делон Лоран Петенд хандан “Миний хамгийн хайртай хүний дэргэд амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд цуг байсанд баярлалаа” гэж хэлсэн гэдэг.

Эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser купить фенамин Вытегра пабло эскобар кокаин Ð’Ð»Ð°Ð´Ð¸Ð²Ð¾Ñ Ñ‚ок купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ МарихуаР½Ð° [Hillary Clinton Kush] ДоверенР½Ñ‹Ð¹ магазин RC | МарихуаР½Ð° в архангеР»ÑŒÑÐºÐµ ЛегалитР¸ ру отзывы Кохма купить Ecstasy: Red Stars 280 mg Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ эйфоретР¸ÐºÐ¸ купить Купить закладкР¸ в Канаше Купить Гашиш Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ Ðº Героин icq закладкР° НовомосРºÐ¾Ð²ÑÐº Реагент в ÐÐµÑ„Ñ‚ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ Тунис купить Ecstasy - UPS Купить закладкР¸ MDMA в КарасукРµ Купить попперс в самаре Ð¯Ñ€Ð¾ÑÐ»Ð°Ð²Ñ ÐºÐ°Ñ область купить Ecstasy: UPS 280mg купить Герман Тара Лирика в БалашовРµ ЛадушкиР½ купить ТриптамР¸Ð½Ñ‹ Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ порошки УправлеР½Ð¸Ðµ наркокоР½Ñ‚Ñ€Ð¾Ð»Ñ франк бокле парфюм кокаин Алтай купить МефедроР½ [мелкие камни/му
IP:95.85.68.156  2018-07-22 08:12:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.