Асашёорюү юу болоод байна?

2008/09/25
Share |
Асашёорюү юу болоод байна?

Сүүлийн өдрүүдэд Аса­шёорюү Д.Дагвадоржийг тойр­сон яриа олны анхаарлыг татаад байгаа. Энэ нь мэдээж түүний Аки башёг орхисонтой холбоотой.

Тэр­бээр дол­дугаар сард "Зүүн гарынхаа тохойд авсан бэрт­лийн ул­маас барилдаанаа үргэлж­лүүлэх боломжгүй бол­лоо" хэмээн мэдэгдэж мөн л башёг орхиж байсан. Энэхүү хоёр башёд үзүүлсэн амжилт нь яг ижил. Таван даваа, дөр­вөн унаатай. Ер нь их аварга башёгийн эхний өдөр юм уу, дөрвөөс дээш унаад эх­лэ­хээр ямар нэгэн шийдэл гар­гадаг. Энэ нь сэтгэл зүй­тэй нь шууд хол­боотой байх.

Асашёорюү Аки башёд цаашид барилдах боломжгүй гэдгээ мэдэгдэхдээ "Бэртэл гэмтлээ бүрэн эдгэрүүлээд арваннэгдүгээр сарын Кюшю башёд амжилттай сайн ба­рилдана. Түрүүлнэ гэж бодож байгаа. Хамгийн гол нь бэрт­лээ хурдан эдгээхийг хүсч байна" хэмээсэн нь янз бүрийн дуулиан шуугианыг намдаахад хүргэжээ. Гэхдээ л түүнийг зодог тайлж магад­гүй, спортынх нь амжилт бага багаар ийн буурч байна гэж Японы сонин хэвлэлээр би­чиж байгаа аж. Мөн түүнийг барилдаанаа бүр зогсоогоод Монголд очиж хувийн бизнес эрхэлнэ, эсвэл Япон улсын иргэн болж дэвжээнийхээ ояаката болно гэсэн таамгууд гарч олны сонирхлыг ихэд татаад байгаа гэнэ. Нэг хэсэг япончуудын шүтээн байсан Таканахана аваргад ийм явдал тохиолдож байж. Тэр­бээр башё эхлэхэд зодог­лодог, хэд хэд дараа­лаад уначихвал барилдахаа боль­дог байдалтай явсаар бүтэн нэг жилийг авсан бай­даг. Хэдий шүтээн бөх нь ч гэсэн сүүлдээ олон түмэн "ёкозүна цолтой бөх ийм байх учиргүй" хэмээн дургүйцэж башё өн­жил­гүй сайн барил­дахыг шаар­дан сүүлдээ "зо­дог тайл" гэж дор бүрнээ мэдэгдэж байжээ. Түүнтэй холбоотой энэ асуудлыг Сумо бөхийн хол­бооны харьяанд байдаг Ёко­зүна­гийн зөвлөл хүртэл хэ­лэлцсэн гэдэг шүү. Харин их аварга хүнд хэцүү байдлаа зориг тэвчээр, сэтгэлийнхээ хүчээр туулж гаран зодог тайлах байтугай олон башё дараалан сайн барилдан, үзэгч олноо дахин баясгаж амжилтад хүрсэн түүхтэйг хэн хүнгүй мэдэх билээ.

Д.Дагвадорж аваргын шийд­­вэрийг Сумо бөхийн холбоо "асуудал болгон" хүн­дээр тусгаж авахгүй байгаа бололтой. "Монгол башё-2008" үзүүлэх барилдааныг өөрийн орондоо зохиох гэж багагүй хүч хөдөлмөр, цаг зав гаргасан. Энэ нь бэлтгэлд нь нөлөөлсөн гэж үзэж байна. Сумо бөхийн холбоо ийн зөөлөн хандаж байгаа нь Маяноуми ерөнхийлөгч ог­цор­сонтой холбоотой юм байх. Экс ерөнхийлөгч Аса­шёорюүд тун хатуу ханддаг байсан. Ямар сайндаа чө­лөөтэй байх үедээ хөлбөм­бөгийн тэмцээнд оролцсон­оос болж бүтэн хоёр башё ба­рилдах эрхийг нь хасахав дээ. Аки башёгийн найм дахь өдөр магаэшира Тоёоно­шима­тай хийсэн барилдааны дараа Асашёорюүг ихэд уур­лаж, орос монголоор хараа­сан хийгээд нутагтаа очиж эмчлүүлэх гэж байгаа тухай мэдээллийг Японы "Сунсфо" болон бусад спортын сони­нууд мэдээлжээ. "Фүжи" теле­визээр "Их аварга зодог тай­лахгүй. Биеэ эмчлүүлээд Кюшю башёд барилдана" хэмээн мэдэгдэв. Ямартаа ч их аварга зодог тайлахгүй нь. Дөнгөж 28 настай түүнд до­могт Тайхо, Чиёнафүжи зэрэг аваргуудын амжилтыг эвдэх боломж байгаа билээ. Мэр­гэжлийн сүмод 31 удаа тү­рүүлс­нээрээ хоёрт бичигддэг Чиёнафүжи 26-31 насандаа энэхүү амжилтаа үзүүлсэн байдаг юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.