Хүмүүс: Б Баттулга | Цахиа Элбэгдорж | Д Загджав | Занданшатар | Ч Сайханбилэг | Зандаахүү Энхболд | Ц Баярсайхан | Э Бат-Үүл | |
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдав. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин "Байнгын хорооны хуралдаанд СЕХ-ны дарга Б.Баттулга, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, гишүүн П.Бямбацэрэн, М.Мэндбилэг, Х.Пүрэвсүрэн, Б.Алтанжаргал нар оролцож байна" гэхэд Су.Батболд гишүүн "Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар 25 дугаар тойргийн маргааны талаар ямар нэг шийдэл гаргах нь хууль зөрчсөн үйлдэл шүү. СЕХ бол байнгын хороонд ажлаа тайлагнадаг байгууллага биш" гэлээ. Ө.Энхтүвшин "УИХ-ын 25 дугаар тойргийн дүнг аль болох түргэн өргөн барих үүднээс байнгын хороон дээр ярьж, мэдээлэл сонсоно. Эндээс ямар нэг шийд гарахгүй" гээд СЕХ-ны дарга Б.Баттулгыг мэдээлэл өгөхийг хүсэв.
Б.Баттулга: -Олон удаа ярьж байна. АН-ын бүлгийн саналын дагуу байнгын хороон дээр мэдээлэл хийж байна гэж ойлгож байна. 25 дугаар тойргийн дүнг өргөн барихгүй байгаагийн шалтгааныг хүн бүр мэддэг болсон. Тодорхой хэсгийн хороодын саналын хуудаст маргаан гарсныг шалгаж байгаа. Бид хурал бүрээр энэ асуудлыг хэлэлцэж байна. СЕХ-ны гишүүд хуулийн дагуу шийдэгдсэний дараа дүнг өргөн барина гэсэн байр суурьтай байгаа. Прокуророос ирүүлсэн хариу нь шууд өргөн барихад нөлөөлөх хариу биш байгаа юм л даа. Баталгаатай, эцсийн хариу иртэл дүнг өргөн барьж болохгүй байна гэв.
СЕХ-ны даргын мэдээллийг сонссоны дараа гишүүд түүнээс асуулт тавьж, хариулт авлаа.
Р.Гончигдорж: -СЕХ-ны даргыг прокуророос ирсэн бичгийг бүрэн эхээр нь уншиж танилцуулахыг хүсч байна. Хууль биелүүлж буй аливаа байгууллагад УИХ нэвтрэн орох эрхтэй. Түүнээс бус СЕХ-ны дотоод ажил руу орохгүй. Хуулиа биелүүлж, түр үнэмлэх авсан гишүүдийг оруулж ирээч ээ.
Б.Баттулга: -Цагдаагийн байгууллагаас "УИХ-ын 2008 оны сонгуулийн 25, долдугаар дугаар тойргийн зарим хэсгийн хороодын гишүүнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул УИХ-ын дүнг өргөх бичиг барих эсэхтэй холбож үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд тийм ч учраас та долдугаар тойргийн асуудлыг бидэнтэй холболгүйгээр өргөн барьсан гэж ойлгож байна. Таны албан бичигт дурдсан "сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодын тогтоол хүчин төгөлдөр эсэх талаар албан ёсны дүгнэлт өгөх, мөрдөж байгаа хэргийн явц, үр дүн, чиг хандлагын талаар тодорхой мэдээлэл өгөх" гэсэн асуудлууд нь манай бүрэн эрх, үүрэгт хамааралгүй бөгөөд Улсын ерөнхий прокурорын газар нь аль нэг хуулиар СЕХ-ны өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй болохыг танд уламжилъя" гэсэн бичиг ирсэн.
Ч.Сайханбилэг: -Гүйцээгээд уншаач дээ.
Б.Баттулга: -Энэ их сонин байна уу?
СЕХ-ны даргын эл асуултад зарим гишүүн эгдүүцэж "Биднийг төдийгүй, бүх сонгогчдыг доромжилж буй хэрэг" хэмээж байлаа. Энэ үеэр Р.Гончигдорж гишүүн "УИХ-ын дарга аа, байнгын хорооны дарга аа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог олгож өгөөч. Энэ сонин байна уу гэж байгаа нь юу гэсэн үг вэ" гэлээ.
СЕХ-ны дарга Б.Баттулга "УИХ-ын долдугаар тойргийн зарим хэсгийн хорооны бичиг баримтад үзлэг хийх асуудлаар та СЕХ-ноос хоёр хүн оролцуулна, оролцуулахгүй гэсэн шийдвэрүүдийг удаа дараа гарган мөрдөн байцаалтын ажиллагааг олон хоногоор саатуулж байгаагаа залруулж өгөхийг хүсье" гэж прокурорын бичгийг уншиж дууссаны дараа асуулт хариулт үргэлжлэв.
Д.Очирбат: -Мөрдөн байцаагч, прокурорын дүгнэлтийг сонсмоор байна.
Б.Баттулга: -УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей явц байдлын талаар цагдаагийн байгууллагаас албан ёсоор хариу авсан. Уг хариуд "УИХ-ын 25 дугаар тойргийн 2, 5, 9 дүгээр хэсгийн сонгуулийн дүнг буруу гаргасантай холбогдуулан мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа. Зарим нэр дэвшигчийн авсан саналын тоог тойргийн хороо руу явуулахдаа засварласан нь тогтоогдож байна" гэсэн байгаа.
Ч.Сайханбилэг: -Баттулга дарга "Та дуугүй бай, би хариулъя" гэж Л.Гүндалай, С.Оюун нарыг доромжилж байсан. Ингэж ярьж байгаа хүнийг нам гэлгүйгээр гишүүд байранд нь тавьж өгөөч ээ. Нэр дэвшигчид шүүхэд хандана, шүүхийн шат дамжлага хоёр жил болдог. Ингэвэл яах вэ. Цагдаа, прокуророос таны хүсээд байгаа хариуг өгөхгүй бол яах вэ. Буруу жишиг тогтоох гээд байна?
Б.Баттулга: -Сонгуулийн дүнг зассан нь тогтоогдсон. Дүнг зассан учир өргөн барьж болохгүй байна. Хоёр жил болох эсэхийг СЕХ мэдэхгүй.
Су.Батболд: -Төрийн байгууллагыг удирдан явж байгаа хүнийг бөөнөөрөө загнаж, доромжлохоо болиочээ. Хэсгийн хорооны дүнг засварласнаас өргөн барьж болохгүй юм байна гэж ойлгож болох уу. Энэ асуудал гурван сар болж байна. Сүүлдээ манай намыг булхай хийсэн гэж байх шиг. УИХ-ын дарга тогтоол гаргаж дахин тоолоод өгөөч.
Б.Баттулга: -СЕХ прокурорт явуулсан бичигтээ зарим хэсгийн хороодын саналыг хуудсыг дахин тоолох үзлэгээр сонгуулийн дүнг өөрчлөх эсэхэд нөлөөлөх талаар асуусан. Хариу бичигт энэ тухай огт дурдаагүй. 2, 5, есдүгээр хэсгийн хорооны саналын хуудсыг дахин тоолсон. Дүн гарсан гэж ойлгож байгаа. Тоолсон дүн нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байна гэж ойлгож байгаа.
Д.Лүндээжанцан: -Маргаангүй байгаа гурван гишүүний нэрийг өргөн барьж болдоггүй юм уу. Баянгол дүүргийн сонгогчдын эрх ашиг хохирч байна шүү дээ?
Б.Баттулга: -Тойргийн хороо нэг тогтоол гаргасан. Хэн нь урдаа, хэн нь хойноо орохыг мэдэхгүй учир түвэгтэй байна.
З.Алтай: -Эзэн холбогдогчгүй хүн амины хэргийг илрүүлэх гэж байгаа биш дээ. Б.Баттулга даргад асуудлыг шийдэх ямар ч сонирхол алга нь харагдаж байна. Гишүүдийн нэрийг хуулийн дагуу өргөн барих учиртай. Дараа нь шүүх, прокурор шийдвэрээ гаргана биз. Завхруулагч, будлиантуулагчид СЕХ-нд ажиллаж байна. Хариуцлага тооцох хэрэгтэй. Дараа дараагийнх нь хүмүүст сургамжтай. Бялуу хуваах ажил дууссан, наад дөрвөн нөхрийн нэрийг оруулаад ирээч.
Э.Бат-Үүл: -Б.Баттулгаас асуух нь өөрийгөө доромжилсон хэрэг. Б.Баярсайханаас асууя. Б.Баттулга ямар хэрэг хийснээ ойлгохгүй байгаа. Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ялсныг нь тангараг өргөхөөс өмнө өрсөлдөгч нь шүүх, прокурорт ханджээ гэж бодъё. Хоёр жил хүлээлгэх нь. Ийм буруу жишиг тогтоож байна. Маргаан гарвал тойргийн хороо 14 хоногт багтааж асуудлаа шийдэх учиртай. Сонгууль гэдэг улам ноцтой, улс төрийн асуудал болж байна. Ийм бололцоог нээлээ. Яах вэ?
Б.Баярсайхан: -14 хоногт нэгдсэн дүнг айлтгана гэсэн хуулийн заалт бий. Харамсалтай нь бид биелүүлсэнгүй.
Э.Бат-Үүл: -Харамсалтай нь гээд хэрэг цайрахгүй. Энэ бол цэвэр улс төрийн сонирхол. Үүнээс бий болсон жишиг Ерөнхийлөгчийн сонгуульд үйлчилнэ шүү. Ерөнхийлөгчийг 90 хоног сонгохгүй бол яах вэ. СЕХ-ны хариуцлагагүй байдлаас болж улс төрийн эргэлт болно шүү.
Ж.Батсуурь: -Хуулийн дагуу өргөн барихгүй жишиг тогтлоо гэж яриад байна. Тэгвэл сонгуулийн дүнг гараар засч, түргэн хөлтэй нь түрүүлж өргөн барьдаг жишиг тогтвол яах юм бэ. 14 хоногт шийднэ гэдэг утгагүй заалт.
Б.Баттулга: -Зассан нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байна уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Сонгогдсон хүмүүсийн байр солигдохыг мэдэхгүй.
Г.Баярсайхан: -Долдугаар сарын 1-нд юу болсныг бүгд мэднэ. Иргэд бухимдлаа илэрхийлсэн. Манай улс улс төрийн хоригдолтой болсон. Сонгуулийн дүнг өргөн барихгүй байгаагийн учир юу вэ?
Б.Баярсайхан: -Нэгэнт тангаргаа өргөвөл нөхцөл байдал цаашаа явдаг. Ийм нөхцөл байдлаас болж өргөн баригдахгүй байгаа. 25 дугаар тойргийн үйл ажиллагааг эцэслээгүй байгаа.
Х.Жекей: -Тойргийн хорооны дүнг засварласныг нь тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт ирсэн. Цагдаа хэдийд хэрэг үүсгэн шалгасан бэ. Түр үнэмлэх дээр хэн хэн гарын үсэг зурсан бэ?
Б.Баттулга: -2008 оны долдугаар сарын 8-нд СЕХ цагдаагийн байгууллагад хандсан. 14 хоног дотроо эрүүгийн хэрэг үүссэн. 25 дугаар тойргийн хорооны протоколыг үзэхээр 11 гишүүнтэй хурлаа эхэлж, зарим хэсгээс ирсэн дүн учир дутагдалтай байна гээд хурлаа завсарлая гээд дарга нь гарахад дагаад гурван хүн гарсан байдаг. Гэтэл үлдсэн долоон гишүүн нь хурал хийж, зөвхөн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй тогтоол үйлдсэн байна лээ. Тэр тогтоол дээр тойргийн дарга нь нэмж гарын үсэг зурсан, зураагүйг мэдэхгүй. Түр үнэмлэх хэний гарын үсэгтэйг мэдэхгүй.
З.Энхболд: -Б.Баттулгаас асуухгүй. Бусад гишүүдээс асууя. Ямар хуулийн ямар заалтад хэрэг үүсгэсэн бол өргөн барихгүй гэсэн байдаг вэ?
Б.Баярсайхан: -Нэгдсэн дүнг 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид айлтгана гэсэн заалт бий. Өөр байхгүй.
СЕХ-ны гишүүн М.Мэндбилэг, Б.Алтанжаргал, П.Бямбацэрэн нар адил хариулт хэлсэн юм. Х.Пүрэвсүрэн өргөн барья гэсэн байр суурьтай байснаа хэлэхэд М.Мэндбилэг "СЕХ хяналтын тооллого хийх, эсвэл гурвыг нь өргөн барья гэхээр хуулийн заалт байдаггүй" гэж байв.
З.Энхболд: -Тойргийн хорооны дарга Даваасүрэн намаас нь ганцхан хүн гарсан учир хурлыг орхин гарсан. Ийм СЕХ-г цаашид ажиллуулах нь хортой байна. Н.Баяртсайхан гэдэг хүнийг оруулахын төлөө ажиллаж байна гэж ойлгогдож байна. Өөр хүмүүсийг томилж, тус тойргийн асуулыг оруулж ирэхгүй бол энэ бүтэхгүй. Хууль мэддэг, хууль дээдэлдэг хүмүүсээр СЕХ-г бүрдүүлэх учиртай.
Г.Занданшатар: -СЕХ-г дуудаж нөлөөлөх, шалган байцаах хууль, эрх зүй УИХ-д бий юу. Гараар засварласныг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Тойргийн хороод хууль журам зөрчиж олонхиороо асуудлыг шийдэх учиргүй. СЕХ нөлөөнд автахгүйгээр ажлаа хийх ёстой.
Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин асуулт хариултыг дуусгаж байгааг мэдэгдээд саналаа хэлэхийг гишүүдээс хүсэв.
Ж.Батсуурь: -Гараар бичиг баримт засаад 14 хоногт өргөн барьж болохгүй. Ийм шударга СЕХ-той байхад санаа зовохгүй юм байна. Үзэгний хурц үзүүрээр зассаныг илчлэх шударга шийдвэр гарах нь тодорхой юм байна.
Д.Загджав: -Хуульд байхгүй зүйлээс болж СЕХ төрийн ажлыг саатуулаад байгаа. СЕХ байхгүй эрх эдэлж байна. Ямар хуулийн заалтаар сонгуулийн дүнг өргөн барихгүй гэж байгаа юм. Нам гэж яриад байх юм. Нам, улс төр байгаа юм уу, нийлчихсэн байж. Хүнийг зуудаг нөхөр байж байгаад гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүсгээд байвал яах юм.
Ц.Элбэгдорж: -Монголын хууль, улс төрийн сонгуулийн энэ жишээг бусад орнууд судлах байх. Энэ бол шившгийн жишээ болж байгаа юм. Энэ хүмүүст төрийн нэрийн өмнөөс үүрэг өгч болохгүй юм байна. Баянгол дүүргийн иргэд энэ төрийг миний төр биш, улсын төсвийг бас биш гэж хэлж чадна. Адилхан нөхцөл байдалтай Дорнодоос сонгогдогчдыг өргөн барьсан. Сонгуулийн үеэр хөгийн юм зөндөө гарсан. Ингэж асуудлыг мухардмал байдалд оруулж болохгүй. Хуулиа хэрэгжүүлээд, биелүүлээд ороод ирэх хэрэгтэй. Шийдье гэвэл та нар юу ч жонхууруулаад оруулаад ирдэг ш дээ. Долоон гишүүний, олонхийн шийдвэр гарсан л бол тойргийн хорооны дарга гарын үсэг зурах учиртай. Дээд шүүх үүнийг тайлбарласан. Ийм байхаар төрийн нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй нөхдийн өмнө ингээд суугаад баймааргүй байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Тлейхан, Д.Лүндээжанцан нар маргаангүй байгаа гурван хүний нэрийг өргөн барихыг санал болгож байсан юм. Г.Занданшатар, Х.Жекей нар "УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох шаардлагатай нь эндээс харагдаж байна" гэж байв. Харин Ж.Сүхбаатар "СЕХ нь Үндсэн хуулийн Цэцийн дараа орох байгууллага. УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага биш. СЕХ-ны бие даасан байдлыг баталгаажуулахын тулд Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг баталсан" хэмээлээ.
Байнгын хорооны хурлын төгсгөлд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Олон асуудал 25 дугаар тойргийн асуудалтай холбоотой байгаа учир СЕХ-г дуудан мэдээлэл сонсч, байдалтай танилц гэсэн. УИХ-ын анхдугаар чуулган дуусах хугацаа хаяанд ирлээ. Намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлнэ. УИХ бүхэл бүтэн тав хоног та бүхнийг хүлээж байна. Та нарт үүрэг даалгавар өгөх гээд байгаа юм биш. Хуралдаад шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хуралдахыг заалаа гэж битгий ойлгоорой. Маргааш үдээс өмнө хариу мэдэгдээрэй. Үдээс хойш нэгдсэн чуулган хуралдуулж, хэлэлцэх асуудлаа дуусгамаар байна. Хууль зөрчигдсөнөөс болж дахиад өөр хууль зөрчигдөж байна. Байдалд дүгнэлт хийгээд дахин зөвлөлдөж хуралдаанаа хийчих л дээ. Сонгогчдын эрх ашгийг хүндлэ л дээ. Үүнийг үүрэг гэж битгий бодоорой. Төрийн үйл ажиллагаа шаардаж байна. Хүсэлт гэж ойлгоорой" гэснээр байнгын хорооны хурал өндөрлөлөө.
Эх сурвалж: Өдрийн сонин