Бүжигчин хосын шүүрс алдам дурлалын түүх

2008/09/25
Share |
Хүмүүс:
Бүжигчин хосын шүүрс алдам дурлалын түүх

-1915 он.
Рут Денис, Тед Шаун-

Хүмүүст баяр баясгалан бэлэглэгч Рут Денис багадаа тун ч хөдөлгөөнтэй охин байжээ. 1879 онд төрсөн тэрбээр Нью-Жерсигийн нэгэн фермийн тэнүүлчин гэр бүлд өсч торнисон байна. Түүний эх эмчийн дипломтой ч мэргэжлээрээ огтхон ч ажиллаж байсангүй. Эцэг нь гайхалтай оюун ухаантай ч биеийн амар харахыг илүүд үздэг нэгэн байжээ. Рут Денис 15 настайдаа Нью-Йоркт ирж бүжгийн дугуйланд суралцах болжээ.

Удалгүй тэр нэрээ СТ.Денис хэмээн өөрчилж бүжиг, дуу хосолсон бяцхан концертоо олонд толилуулах болжээ. 1904 онд Египетэд үйлдвэрлэсэн тамхины хайрцаган дээрх зургийг олж хараад тэрбээр дорны хэв маягаар бүжиглэхийг илүүд үзэх болсон байна. Удалгүй тэр хүж асааж, сан тавьсан тайзан дээр энэтхэг сари, саа торгон хувцастай гарч ирж жинхэнэ шуугиан тарив. Энэтхэгийн бүжгэн жүжиг “Рада”-д 1906 онд бүжиглэснээр тэр жинхэнэ од боллоо.  “Хүж”, “Кобра”, “Египет” зэрэг бүжгэн жүжгүүд нь ч гайхалтай амжилт олов. 1906-1909 онд тэр Европоор аялан тоглолт хийжээ. Ийнхүү гадаад орнуудад алдар хүндтэй болсон байна.

1913 онд тэрбээр бүжгийн урлагийн сургуульд элсэн орж, танго, танхимын бүжгийг сонирхох болжээ. Энд тэр Тед Шаунтай танилцсан аж. Шаун 1891 онд Канзаст төрж Денверт өсч торнисон байна. Түүний  аав авьяаслаг сэтгүүлч, ээж нь гэрийн ажил эрхэлдэг байжээ. Шаун эхлээд лам болохоор ном үзэж байв. Энэ үед тэрбээр сахуу татрангаар өвчилж, үүнээс улбаалан хөл нь оёгтой болжээ. Тиймээс өвчнөө ялан дийлэхийн тулд бүжгийн урлагаар хичээллэх болсон байна. Шаун “Хүж” бүжгэн жүжигт бүжиглэж байхад нь Рутыг анх  харжээ. Тэгээд урлаг, шашин хоёрыг уялдуулан холбож болох юм байна гэж хатуу ойлгосон байна.

Рут, Тед хоёр амархан учраа ололцов. Рут Тедийг хөлслөн тэд хамтдаа дэлхийн олон орноор аялан тоглолт хийж эхэллээ. Тэд хоорондоо 12 насны зөрүүтэй байсан ч өндөр сайхан бие, ажиллах их эрч хүчээрээ гайхалтай зохицож байв. Тед Рутад анхны харцаар дурласан ч илэрхийлж чадахгүй их уджээ. Удалгүй Рут ч өөрт нь талтай болохыг Шаун мэдэрчээ. “Түүний хачин гоё хоёр нүд, хүүхдэрхүү царай их таалагдсан” гэж ахимаг бүсгүй Рут 12 насаар дүү хайртай залуугийнхаа тухай хэлсэн нь бий. Улмаар тэд учраа ойлголцож 1914 онд гэр бүл болох гэрээнд гарын үсэг зуржээ.

Гэвч тэдний холбоо араасаа их олон эрсдэл, асуудлыг дагуулав. Яваандаа Тед Шаун ижил хүйстнүүдээ илүү сонирхдог  болох нь мэдрэгдэж эхлэв. Тэд бас үр хүүхэдтэй болсонгүй. Үүнийг Рут өөрөө ч хүсэхгүй байлаа. Учир нь хүүхэд өсгөх цаг зав, боломж бололцоо хомс байна гэж үзэж байв. 1915 онд тэд цуглуулсан жаахан хуримтлал дээрээ үндэслэн Лос-Анжелест бүжгийн сургууль нээлээ. Сургуулиа өөрсдийн нэрийг нийлүүлж “Денишаун” гэж нэрлэв. Чухамхүү энэ сургууль Америк даяар орчин үеийн бүжгийн урлаг түгэн дэлгэрэхэд гол суурь дэвсгэр нь болжээ. Бүжгийн сургуульд суралцах гэсэн залуусын дунд бөөн өрсөлдөөн болж байв. Энэ сургуулиас  хожмын алдартай бүжигчид болох Дорис Хампри, Чарльз Вейдман, Марта Грэхэм нар төрөн гарсан түүхтэй.

“Денишаун” эхний 14 жилд үнэхээр мандан бадарч байлаа. Суралцагчдын төлбөрөөр хос хоёр хангалуун амьдарч чадаж байв. Улсаас тэдэнд нэг ч удаа тусламж үзүүлж байгаагүй байна. Ачааны хүндийг зохион байгуулагчийн гайхамшигтай авьяастай Тед Шаун үүрч байлаа.  Харин Рут Денис халуун дулаан талархал, хүндлэл дээдлэл, зугаа цэнгэлд умбах болжээ. Тэд сургалтандаа аль болох шинэ зүйл нэвтрүүлэхийг цаг үргэлж хичээсээр иржээ. Бүжгийн янз бүрийн хэлбэрийг  эрэн хайж, хөгжим, хувцас зэрэгт  шинэ хэв маягийг түгээн дэлгэрүүлэхийг хичээж байв. Тэднээс суралцахын тулд  Хавай, Японоос бүжигчид, Холливудаас жүжигчид хүртэл ирэх болжээ. “Ганцхан жижиг сургуулийн хувьд энэ нь үнэхээр аймшигтай их ачаалал байлаа. Сүүлдээ бид энгийн сайхан амьдрал, ар гэр гэдгийг ч мэдрэхээ больсон” гэж Рут бичсэн байдаг.

Үүний зэрэгцээ тэд бүжгэн жүжиг найруулан тавьж, өөрсдөө гоцлон бүжиж байлаа. Мөн Тед Шаун зөвхөн эрчүүдэд зориулсан бүжиг дэглэх болсон нь тун их амжилтад хүрчээ. 1918 онд тэр Марта Грэхэмийн оролцоотойгоор театр студи байгуулжээ. Энд тэр хэд хэдэн балет тавьсан нь тун амжилттай болов. Улмаар Тед Европын орнуудын тайзан дээр голлон бүжиж алдрын оргилд гарсан байна.  Алдар нэртэй болсон тэд олны хөл, хүндлэлээс зайлсхийж хотын төвөөс нэлээд зайдуу газар зуслангийн байртай болжээ. Үүнийгээ тэд уламжлал ёсоор хоёр нэрээ нийлүүлэн “Тедрут” гэж нэрлэлээ. Харамсалтай нь зуслангийн байшин нь галд шатсаны дараахнаас тэдний хайр сэтгэлд гүнзгий ан цав гарч эхэлжээ. Гэвч тэд салсангүй. Салахад яарах, гэрлэлтийн гэрээг цуцлахад  түргэдэх хэрэггүй гэж Рут үзэж байлаа. Гэлээ ч удалгүй тэрбээр Тедэд өөр олон амраг байсныг мэджээ.

Үнэндээ бол Тед Шаун эмэгтэйчүүдэд зориулж бүжиг дэглэж байсан нь ер үгүй байв. “Тэр минь хувь заяандаа сэтгэл дүүрэн байгаагүй. Тиймээс миний туслалцаа  түүнд хэрэгтэй байсан юм” гэж Рут Денис хэлэхдээ Тедийн ижил хүйстнээ сонирхдогийг нэгэнт мэдчихээд байжээ. Бас тэрбээр “Байнгын аялан тоглолт, сэтгэл хөдлөл, олон түмэнтэй холбоотой байх гэсэн хүсэл тэмүүлэл нь түүнийг ийм зам руу түлхсэн байж болох юм” хэмээн эмэгтэй хүний ууч сэтгэлээр хэлсэн нь ч бий. Гэхдээ тэдний хамтын ажиллагаа үргэлжилсээр л байв. 1925 онд тэд Азийн орнуудаар гайхалтай сайхан аялан тоглолт хийлээ. Америктаа эргэж ирээд сургуулиа өргөтгөхийн тулд шинэ байшин худалдаж авав. Гэвч тэдний харилцаа улам л хүйтэн хөндий болсоор. Рут болохоор “Хэн нэгэнд нь үнэн сэтгэл байх юм бол хэзээ ч гэр бүлийг нурааж чаддаггүй” гэж үзсээр л байв.

1931 онд “Денишаун” сургууль үүдээ барьлаа. Бүжгийн сургуулийг үүсгэн байгуулсан хос хоёр Нью-Йоркт сүүлийн удаа хамтран бүжив. Үүний дараа Тед Шаун Массачусетст бүжгийн шинэ сургууль нээж, ганцаарчилсан тоглолт хийх болжээ. Харин Рут Денис  дурсамжаа бичих ажилд орж, “Төгсгөлгүй амьдрал” гэсэн нэртэй номоо 1939 онд хэвлүүлжээ. Тэрбээр 1942 оноос Холливудад суурьшиж, соёл урлагийн сургуульд багшилж, хэвлэлийн хурал, радио, телевизийн нэвтрүүлэгт оролцож түмэн завгүй байх болжээ. Тэр бас бүжиглэхээ ч орхиогүй байна. Тэд 1964 онд “Денишаун” сургуулиа дахин нээж, алтан хуримаа сүр дуулиантай хийжээ. Тэгэхэд Рут 85, Тед 73 настай байлаа. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа Рут, дахиад дөрвөн жил өнгөрөхөд Тед хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэд алтаар үнэлэгдэх баримт бичиг, дурсамж тэмдэглэл, хэдэн мянгаар тоологдох ховор сонин гэрэл зургуудаа Нью-Йоркийн номын санд хадгалуулахаар гэрээслэн үлдээжээ.

Эх сурвалж: Ням гариг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.