Эмэгтэйчүүд ба эрх мэдэл

2008/09/26
Share |
Хүмүүс: Т Ганди | 
Эмэгтэйчүүд ба эрх мэдэл

-Энэчлэн шалгуурыг давж, улс төрийн тавцанд гарч ирсэн цөөхөн эмэгтэйчүүдийн төлөөлөл шинэ Засгийн газрын танхимын хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлээд байна-

Монголын нийгмийн ачааны хүндийг үүрэлцэж, айл өрхүүдийн тал шахам хувийг тэргүүлж яваа эмэгтэйчүүд хүн амын 51 хувийг эзэлдэг ч төрийн эрх барих дээд байгууллагад ердөө дөрөв орчим хувийн төлөөлөлтэй.

Ардчилсан Монголын парламентын түүхэнд эмэгтэйчүүдийн төлөөлөл 10 орчим хувийг бүрдүүлж байсан түүх бий ч сонгуулиас сонгуулийн хооронд энэ хувь хэмжээ улам багасч буй нь санаа зовоосон асуудлын нэг.

Нийгмийн аль ч салбарт, доод, дунд шатанд эмэгтэйчүүдийн оройлол сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж, дээд боловсрол эзэмшигчдийн талаас илүү хувийг охид, эмэгтэйчүүд эзэлж байгаа статистик үзүүлэлт гарсаар байдаг. Гэтэл ялангуяа улс төрийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо улам бүр хумигдсаар. Чухам энэ хооронд ямар хүч үйлчилж, эмэгтэйчүүдийг шигшиж цөөлдгийг анхаарах л учиртай. Гэр бүл дэх эмэгтэй хүний үүргээс үүдэлтэй амьдралын зохион байгуулалт эмэгтэйчүүдийг дээшээ карьер хөөхөд нь тушаа болдог гэж хэлэх хүн олон байгаа. Гэвч үнэн хэрэг дээрээ эмэгтэйчүүдийг зүгээр л хүйсээр нь ялгаварлах, эдийн засгийн чадавхиар нь хэмжих явдал илүүтэй үйлчилж байгаа билээ.

Энэчлэн шалгуурыг давж, улс төрийн тавцанд гарч ирсэн цөөхөн эмэгтэйчүүдийн төлөөлөл шинэ Засгийн газрын танхимын хоёр хүрэхгүй хувийг бүрдүүлээд байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг Т.Ганди тэргүүлэх болсон бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Б.Долгор удирдана. Тэд өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллацгааж байсан, төрийн ажлын туршлагатай. Хуримтлуулсан туршлага, боловсрол мэдээлэл, мэдлэгтэй хүмүүс. Тэднийг сайдын албанд гологдохооргүй бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, эмэгтэйчүүдийн төлөөлөл гэдэг утгаар нь дэмжих ёстой биз ээ.

Гэвч тэднийг энэхүү албаа хүлээж авч амжаагүй шахам байхад шүүмжлэгчид хэл амаа билүүдээд эхэлжээ. УИХ-ын суудлын төлөө өрсөлдөөд ялагдсаных нь төлөө хариуцлага тооцох ёстой байтал албан тушаал өглөө гэсэн шүүмжлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Аливаа зүйлд, тэр тусмаа улс төрд эрсдэлгүй олддог ялалт, амжилт гэж байдаггүй. Сонгогчдын санаа бодлоос бус өнгө мөнгөнөөс үлэмж хамаарах болсон сонгуульд ялагдана гэдэг хариуцлага хүлээгээд байх гэмт хэрэг биш. Улстөрчийн хувьд ёс зүйн ч юм уу хариуцлага хүлээж болох талтай ч үүнийг заавал “лааз өшиглөх” байдлаар тооцох албагүй шүү дээ.

Монголд бизнесийн салбараас улс төр рүү хөл тавих нь бараг ердийн дүрэм болсон. Учир нь бизнесийн салбарын амжилт, уналт улс төрөөс үлэмж хамааралтай болсон нь нууц биш. Эргээд улс төр нь бизнес, мөнгөнөөс хамааралтай болж буй нь ч ил тодорхой зүйл болжээ. Харин мэргэшсэн хууль тогтоогчид, төрийн мэргэшсэн зүтгэлтнүүд аль болох олон байх нь төрийн дархлааг нэмэгдүүлнэ. Үүнийг чухалчлахаасаа урьтаад ийм мэргэшсэн албан хаагчдыг УИХ-ын сонгуульд ялагдлаа гээд хариуцлага тооцоод дахиад өөр албанд томилогдох эрхийг нь хасаад байвал юу болох вэ? Энэ бол нэг их шударга, хүсээд байхаар зөв зүйл биш биз ээ. Т.Гандийг төрийн албанд томилохгүй байлаа гээд хэнд ч ашиггүй. Харин үүний оронд түүний хашир парламентчийн тулх, нийгмийн салбарт хуримтлуулсан мэдээлэл, асуудлыг ямар төвшинд яаж шийдэх гарцыг хэнээс ч илүү харах чадварыг нь л ашиглах ёстой юм. Түүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд болсонд гайхаад байх шалтгаан ч ховор. Яагаад гэвэл тэр өөрийн мэргэшсэн салбартаа л очсон. Улстөрчийн хувьд тэрбээр өөрийн байр суурь, орон зайтай. Хэн нэгний гар хөлөөр хөдлөөд байдаггүй. Нийгмийн салбарын яамыг толгойллоо хэн нэг мэргэжилтнийхээ толгойг зээлдэн бодлого боловсруулаад байх шаардлага ч түүнд гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Чухам л үүнд нь таатай, таагүй хандах хүмүүс түүний удирдаж буй салбарт нь байгаа л биз ээ.

Гүйцэтгэх засаглалд сайдын суудал авсан Б.Долгорын хувьд ч энэ албанд гологдоод байхааргүй боловсон хүчин гэж МАХН-ын болоод АН-ын гишүүд үзэж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг тэргүүлэхийн тулд Б.Долгорт “удирдагч”-аас илүүтэй “даргын” чанар чухал байж болох юм. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө УИХ-ын Тамгын газарт хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан түүнд өнөөдрийн ажил албаа аваад явах чадвар бий гэдэгт ч эргэлзэхгүй байна. Мэргэжлийн бус парламентчдын боловсруулсан хуулийн төслийг мэргэжлийн хэлэнд буулгах, тэднийг мэдээлэл, аргачлалаар хангах асуудалд хэзээ ямагт бэлэн байдаг чадварыг нь хамт ажиллаж байсан ажилтнууд болон гишүүд ихэд үнэлдэг юм билээ.

Төрийн өндөр албан тушаалыг хэн чадах нь л гүйцэтгэх ёстой. Яагаад гэвэл албан тушаал бол ээлжит зочноо хүлээсэн баярын тансаг ширээ биш шүү дээ. Жендерийн тэгш байдлыг дэмжигчдийн хувьд С.Баяр талархал хүлээхүйц алхам хийсэн нь өөрийн танхимдаа цөөн ч гэлээ эмэгтэй гишүүдийг багтаасан явдал. Үнэндээ ч энэ нь нийгмийн захиалга. Энэ нийгмийн гишүүдийн талаас илүү нь эмэгтэйчүүд. Тэдний дуу хоолой, мэдлэг чадвар зөвхөн өрх гэр, үр хүүхдүүдэд нь л хэрэгтэй зүйл биш шүү дээ.

Эх сурвалж: Ньюс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.