Хүмүүс: Д Дэмбэрэл | |
2008 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тов тодорлоо. Харин үүн дотор олон түмний хүсэн хүлээж байсан "Эх орны хишиг" буюу хүн бүрт өгнө гэсэн нэг сая таван зуун мянган төгрөгийн талаар үг үсэг ч алга байна.
Тэгэх нь битгий хэл "Эх орны хишиг" гэсэн нэр нь ч чуулганы хэлэлцэх асуудлын дотор багтсангүй. МАХН зөвхөн энэ амлалтаараа л 2008 оны УИХ-ын сонгуульд ялсан билээ. Ард түмэн Ардчилсан намын амалж байсан нэг сая төгрөгийн оронд арай илүү тоотой юм хэмээн МАХН-ын нэг сая таван зууг сонгосон. Сонгуулийн үеэр энэ мөнгө ямаршуухан шуугиан тарьж байсныг бид мартаагүй байна. Хүмүүсийн дунд МАХН-ны нэг сая таван зуун төгрөгийг ХААН банкны салбаруудаар олгоод эхэллээ гэсэн цуу тарж түүнд нь үнэмшсэн иргэд тус банкийг нураачихаа алдаж байлаа. Энэ цуу яриаг гэнэт дуулсан настай эмэгтэй хоцорчих вий хэмээн айхдаа хувцсаа ч сольж чадалгүй гэрийн халаадтайгаа такси хүлэглэн давхин ирж байсан.
"Эх орны хишиг" өгөх сургаар зарим иргэд богино хугацаатай зээл банкнаас аваад машин болгоод уначихсан яваа гэсэн. Мөн ард түмэн шинэ УИХ хуралдаж эхлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. Хуралдаан эхэлмэгц л ард түмэндээ өгөх мөнгийг хамгийн түрүүнд хэлэлцээд эхэлнэ хэмээн ярилцаж байв. Тэд "эх орны хишиг" түгээж эхлэх өдрийг үзэхийн тулд юугаа ч золиослохоос буцахгүйдээ хүрсэн.
Үүний жишээ нь таван иргэнээ буудаж алаад, 800 хүнийг улс төрийн хэргээр шоронд хорьчихоод байхад л хариуцлага тооцно гэхээсээ илүү ажлаа хурдан эхлээч гэж шаардаж байв. Ардчилал шударга ёс гэхээсээ илүү арав таван төгрөг хэзээ өгөх нь вэ хэмээн харуулдаж ирлээ. Ард түмэн яагаад ийм их итгэлтэй мөнгө өгнө гэж бодож байв. Яагаад гэвэл төр засгийн удирдлагууд болох Ерөнхий сайд С.Баяр болон бусад сайдууд бүгд УИХ-ын анхны хуралдаанаар нэг сая таван зуун мянган төгрөг иргэн бүрдээ өгөх тухай хуулийн төслийг хэлэлцэж батална хэмээн хэлж байсан. Үүнийхээ баталгаа болгож батламж хүртэл тараасныг бид мартаж амжаагүй байна. МАХН-аас сонгогдож гарсан УИХ-ын гишүүн бүр түүнийг л хэлж байж сонгогдсон. Тэгэхлээр ард түмэн үнэмшихээс өөр яах юм бэ. С.Баярын Засгийн газар бол "Эх орны хишиг" өгөхийн тулд л бий болж байгаа Засгийн газар юм . Ард түмэн үүнээс өөр юу ч тэднээс горьдоогүй. Горьдоод ч нэмэргүй гэдгийг мэдэхтэйгээ болсон. Яагаад гэвэл хуучин төр засгийн өндөрлөгт байж авлига, хүнд суртлын хэл аманд өртдөг хуучин хэдэн нөхөд л сайд болон гарч ирсэн.
Гэтэл энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын тоонд нөгөө бидэнд өгөхөөр амлаад байсан мөнгө өгөх асуудал багтсангүй. Тэгэхлээр лав л ирэх жил "эх орны хишиг" өгөхгүй гэсэн үг болжээ. МАХН ард түмнээ хуурч худлаа ярьж байсан байх нь. Нэг үгээр хэлбэл "хар усан дээр өрөм байлгаж" байжээ. Ерөнхий сайд С.Баяр ч биднийгээ молигодож байгаагаа мэдэж байсан биз. Харин үнэмшинэ чинээ санаагүй байх. Бүхэл бүтэн улс эх орон ард түмнээ ингэж хуурч болох уу. Тэгж болохгүй. Яадаг ч байсан 2009 онд багтаан "Эх орны хишиг"-ийг ард түмэндээ олгох ёстой. Хэрэв тэгж чадахгүй юм бол энэ Засгийн газартай ард түмэн хариуцлага тооцно. Зөвхөн Засгийн газартай хариуцлага тооцох нь ч хэтэрхий хөнгөдсөн хэрэг болно. Түүний оронд худал амлалт, булхай луйвраар сонгуульд санал авч олонхи болсон МАХН-д хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна. Хэрэв "Эх орны хишиг"-ийг ард түмэндээ жил бүр өгч чадахгүй юм бол МАХН-ыг татан буулгах ёстой. Худлаа хэлэхэд ч бас хэмжээ байдаг. Хэн хүссэн нь юу дуртайгаа худлаа ярьж байгаад төрийн эрхийг авч болохгүй биз дээ. Энэ улс орон чинь бүгдээрээ "дөчин мянгатын атаман"-ууд гэгдэх хулигаанууд болчихоогүй байна.
эх сурвалж: Өдрийн сонин