Хүмүүс: Б Баттулга | |
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны уржигдрын хуралдаан дээр СЕХ-ны гишүүдтэй санал солилцох уулзалт болсон билээ. Түүгээр энэ сарын 25-ны үдээс өмнө гэхэд УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн дүнг ямар нэг байдлаар хэлэлцэн шийдвэрлэх хүсэлтийг УИХ-ын даргын зүгээс СЕХ-ны гишүүдэд гаргасан юм.Энэ хүсэлтийг СЕХ-ны хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх үйлдэл биш гэж УИХ-ын дарга хэлж байв.
Тэр ёсоор СЕХ-ны хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагаас хаалттай эхэлсэн юм. Түүнээс гарах шийдвэр өчигдрийн хувьд улс төрийн амьдралын хамгийн гол үйл явдал болох байлаа. Улстөрчид, сэтгүүлчид бүгд СЕХ-ны хуралдааны зүг чих тавьсаар үдээс өмнийг барсан гэхэд хилсдэхгүй. Тэндээс ямар шийдэл гарч болох талаар УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Лүндээж:анцангаас хуульчийнх нь хувьд тодруулахыг хүсэхэд тэрээр "Баянгол дүүргээс сонгогдсон гишүүдийн хувьд авсан саналын дүн нь сонгуулийн санал хураалтын нийт дүнд нөлөөлөхгүй хүмүүсийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэхээр оруулж ирэх боломжтой гэсэн гарц хайх болов уу. СЕХ хараат бус байгууллага учраас хөндлөнгөөс зааж зааварлах боломжгүй. Хуульчийн хувьд хэлэхэд санал авсан дарааллаар эхний гурван хүний саналын хувь сонгуулийн нийт дүнд нөлөөлөхөөргүй бол өргөн барих бололцоо бий. Дорнод аймгийн долдугаар тойрог, Баянгол дүүргийн 25 дугаар тойргийн нөхцөл байдал ижил гэж ярьцгааж байгаа. Гэхдээ Баянгол дүүргийн тойргийн хувьд долдугаар сарын 9-нд буюу санал хураалтаас хойших 14 хоног дуусаагүй, сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид айлтгаагүй байхад эрүүгийн хэрэг үүссэн. Харин долдугаар тойрогт 14 хоног өнгөрсөн хойно, долдугаар сарын 25-нд эрүүгийн хэрэг үүссэн гэдгээрээ ялгаатай" гэсэн юм.
Гэвч өдөр 14.00 цаг өнгөрч байхад нөхцөл байдал орвонгоороо эргэлээ. СЕХ-ны хуралдаанаар нэлээд ярилцсаны дараа тойргийн хорооны нэг тогтоолоор бүрэн эрх нь тогтоогдох учиртай "Сиамын ихрүүд" шиг салшгүй дөрвөн гишүүнийг салган өргөж барих нь утгагүй гэж СЕХ-ны гишүүдийн дийлэнх үзжээ. Гурван гишүүнийг салган өргөж барих санал дэвшүүлсэн хоёрын зэрэг гишүүн цөөнх болжээ. Тойргийн хорооноос шийдвэр ирээгүй, прокурор, цагдаагаас тойргийн гурван хэсгийн саналын дүнд хийсэн шалгалтын дүн гараагүй байхад гишүүдээр тангараг өргүүлэх бус бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэсэн санал дээр эцэст нь дийлэнх гишүүн санал нэгдэж УИХ-ын даргад үүнийг мэдэгдэх шийдвэр гаргасан байна. СЕХ нь УИХ-аас байгуулагддаг байгууллага учир спикерт хамгийн түрүүнд мэдээлдэг журамтай ажээ.
Ингээд СЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч уг саналыг УИХ-ын даргад уламжилж, үүний дараа УИХ-ын дарга намуудын бүлгийн дарга нарыг дуудаж асуудлыг танилцуулав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын даргатай уулзлаа. Орон нутгийн сонгууль дөхөж байхад СЕХ бүрэн бүрэлдэхүүнээр огцрох нь ямар нэг асуудал үүсгэхгүй, дараагийн бүрэлдэхүүнийг томилтол бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуультай гэнэ. Уг асуудлыг өнөөдөр УИХ-ын бүтцийн байгууллагууд хэлэлцэж СЕХ-ны асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
СЕХ-ны есөн гишүүний тавыг УИХ, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүхээс санал болгодог. Хэрэв СЕХ-ны огцрох шийдвэрийг УИХ хүлээн авбал дээрх субъектууд СЕХ-ны гишүүдэд өөр өөрийн хүний нэрийг дэвшүүлэн УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Эх сурвалж:Зууны мэдээ