Б.Жаргалсайханы дүү “Буян” ХХК-ийн захирал Б.Батсайхан: Ээж насаараа хуулийн байгууллагад ажилласан болохоор хэрийн юманд гутардаггүй

2008/09/26
Share |
Б.Жаргалсайханы дүү “Буян” ХХК-ийн захирал Б.Батсайхан: Ээж насаараа хуулийн байгууллагад ажилласан болохоор хэрийн юманд гутардаггүй

УИХ-ын гишүүн асан БНН-ын дарга Б.Жаргалсайханыг гишүүнийх нь бүрэн эрхийг дуусан даруйд өнгөрсөн 7-р сарын 1-нд болсон бослого, тэмцлийг зохион байгуулж, ард түмнийг өдөөн турхирсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр “Ганц худаг”-т хорьж, байцааж эхэлсэн билээ. Түүнийг сэжигтнээр шалгасан 14 хоногийн хугацаа өнгөрсөн пүрэв гаригт дуусан юм. Яг төрдийн үдээс өмнө бид түүний отгон дүү Б.Батсайхантай уулзаж ярилцсан. Ах өөрөө их тайван байгаа. “Өнөөдөр л батлан даалтанд гарах болов уу даа. Хүлээж л сууна” гэхдээ тэрээр уртаар санаа алдах нь нэгийг өгүүлнэ. Гэтэл тэр өдрийн үдээс хойш Б.Жаргалсайханыг үймээн самууныг зохион байгуулсан гэдэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэгт яллагдагчаар татан үргэлжүүлэн хорих шийдвэр гаргасан нь түүний гэр бүл, намын нөхөд болон түүнийг үнэн үгтэй шударга улс төрч, бизнесменийх нь хувиар хүндэтгэж явдаг хүн бүхнийг цочролд оруулж,     гайхшрууллаа. Яллагдагчаар татаж, хорьсон ялын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж. Тэрбээр өнгөрсөн баасан гаригийн 18 цагаас эхлэн хуурай өлсгөлөн зарласан юм. Б.Жаргалсайханы даралт нь ихэсч, зүрхний хэм алдагдсан     байсан тул түүний эл үйлдэл эрүүл мэндэд нь хор хохирол     учруулах вий дээ хэмээн     санаа зовинох хүн олон. Тэр ч бүү хэл намын нөхөд нь даргыгаа суллуулахаар шаардах бичигт гарын үсэг зуруулах аяныг дүүрэг бүрт зохион байгуулж эхэлжээ. Монгол улсад ардчилсан үзэл ноёлж, хувийн хэвшлүүд үүсч хөгжихөд үг хэл, үйл хөдлөлөөрөө дэм болж, ихээхэн үүрэг роль гүйцэтгэсэн, үнэн үгтэй, шударга зантай Б.Жаргалсайханы хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэх бол гэдэг асуудал бүхний анхаарлын төвд ирлээ.

Бидний хүсэлтийг хүлээж авсан танд баярлалаа. Таны ахыг барьж хорьсон явдал мэдээж танай гэр бүлд хүндээр тусч байгаа. Гэхдээ өнөөдөр батлан даалтанд гаргаж магадгүй нь ээ?
-Дүүгийн хувьд ахыгаа “хийчихнэ” гэхэд итгэхгүй л сууж байна. Манай хүний өссөн орчин, үзсэн харсан, нийгэмд хийж бүтээснийг ч бодоод үзсэн төр засгийн эсрэг, ард түмний эсрэг хийсэн зүйл байхгүй. Ах жагсаал цуглаан дээр очсон уу гэвэл очсон. Энэ нь ардчилал хөгжсөн оронд байдаг л үзэгдэл шүү дээ. Ард түмэн өөрсдөө сонгуулийн дүнг зөвшөөрөөгүйгээс жагсаал цуглаан болсон гэж ойлгож байгаа. Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй Жаргалсайхан гэж хэн бэ гэдгийг сайн мэддэг. Тэр хүн ард түмнээ сайхан амьдралтай болгохын төлөө залуу насаа зориуллаа ш дээ. Өөрөө сайхан амьдраад бизнесээ эрхлээд явсан бол тэр хүний хувьд санаа амар л байсан. Харсаар байтал бидний төлөө шоронд орно гэхээр … Ах маань улс орны сайн сайхан хөгжлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж явсан. Энийг ард түмэн маш сайхан хүлээж авдаг. Над руу маш олон хүн санаа нь зовнисон байдалтай ярьж байна. Заавал хорьж барих хэрэггүй. Гадуур шалгаад байцааж болно ш дээ. Гэтэл хумсаа нуусан муур шиг байж байгаад, УИХ-ын гишүүнээс нь болингуут нь барьж аваад..Гэхдээ ард түмэн гэдэг чинь нүдтэй, чихтэй: ш дээ. , Хүний толгойд байгаа юмыг устгаж чадахгүй. Бичиг цаасыг шатаагаад ч юмуу устгаж болно.
-Урьд нь Ж.Батзандан, О.Магнай нарыг барьж, хориход гишүүнд ямар нэг айдас байсан болов уу?
-”Ард түмний эсрэг, улс орны эсрэг гэмт хэргийн шинж чанартай хэргийг өдүүлчихсэн биш, хуулийн дагуу хүчний байгууллага, хуулийн байгууллага нь шалгах юм байвал шалгана биз. Үнэн юм үнэнээрээ гараад ирнэ” гэж хэлж байсан. Сая эргээд очиход “Надад хийоэн хэрэг байхгүй юм чинь гарчих байх аа. 14 хоног болтол байж байя. Шалгах юмаа шалгаж байгаа юм байгаа биз. Би 14 хоноод гарна, харин цэвэрхэн хувцас авчраарай” гэж хэлүүлсэн байсан.
-Өөртөө итгэлтэй л байна даа?
-Тийм. Үнэхээр хийсэн хэрэг байхгүй. Компанийг нь шалгана гэсэн асуудал яригдаж байна лээ. 2004 оноос өнөөдрийг хүртэлх компанийн үйл ажиллагаанд энэ хүн ерөөсөө хамаарахгүй. Компанийг шалгах асуудлыг маш буруу гэж бодож байна. Яагаад гэвэл хувь хүний өмч шүү дээ.
-Компанийн үйл ажиллагаа хэр байгаа талаар сүүлийн үед уншигчдадаа мэдээлээгүй санагдана?
-”Буян” ХХК-ийн үйл ажиллагаа сүүлийн үед хэвийн, тогтвортой явагдаж байна.
-Танайхан чинь эцэг, эхээс хэдүүлээ билээ?
-Эцэг, эхээс тавуулаа. Манай хамгийн том эгч хувиараа аж ахуй, удаахи нь мөн хувиараа аж ахуй эрхэлдэг.Тэгээд Жаргалсайхан, Цогтсайхан байна.
-Ээж нь энэ асуудалд яг ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Манай ээж насаараа хуульч хийсэн, Монгол улсын анхны мөрдөн байцаагч эмэгтэй, 80 гарчихсан хүн бий. Хуулийн хүн болохоор төр засаг ийм болчихоод байхад шалгах ёстой юмаа шалгах ёстой.. Шалгаад үнэхээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдох юм бол гараад ирнэ гэсэн итгэлтэй сууж байгаа. Төрсөн хүүхэд нь юм чинь санаа зовохгүй ээж гэж байхгүй ш дээ. Дотроо шаналж л суугаа. Манай ээж насаараа хуулийн байгууллагад ажилласан болохоор хэрийн юманд гутардаггүй сэтгэлийн хаттай хүн дээ. Ээж харин ч хүүхдүүдээ “гараад ирэх байх аа” хэмээн тайтгаруулдаг.
Б.Жаргалсайханы аливааг шулуухан хэлчихдэг зан чанар төлөвшин тогтоход хуульч ээж нь нөлөөлсөн байх даа?
-Ер нь яг л ээж гэсэн үг ш дээ. Ээж маань хурц үгтэй, шударга, хөдөлмөрч, зарчимч хүн. Том эгч, Жагаа хоёр ээжийн зан чанарыг яг дуурайчихсан.
-Хуулийн хүн учраас олон эрэгтэй хүүхдийг өсгөхөд бусдыг бодвол арай бага түүртсэн болов уу?
-Мэдээж жил дараалан төрсөн хүүхдүүдийг өсгөж, хүмүүжүүлэх амаргүй л байсан байх. Тэрсхэн банди нар чинь шуугилдаад, нэлээн хөдөлгөөнтэй. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Бүх юмыг үзэж, мэдэж, ойлгох гэсэндээ гэнэн томоогүй зан гаргадаг. Тийм учраас эцэг эхээсээ зэмлэл хүртдэггүй хүүхэд гэж байхгүй. Ер нь эцэг эхтэйгээ байх сайхан шүү дээ. Ялангуяа алганы амт хүртээд сайхан байж дээ. Аавыгаа амьд байхад нь хэлүүлж байхгүй яав даа. Яагаад хэлж байхад нь үгнээс нь сөрж байсан юм бол доо. Аав минь байгаа бол алгадаад ч болов өгнө дөө гэж боддог.
-Гишүүнийг хамгийн сүүлд хэзээ ээждээ загнуулж байхыг нь харсан бэ?
-Сонгуулийн өмнөхөн.
-Юунаас болж загнуулсан бол?
-Сонгуультай холбоотой маргаан гарсан байх.
-80 гарсан хүн тэр бүхэнд оролцоно гэдэг бас л сонин шүү?
-Ер нь ээжийн ой ухаан нь биднээс илүү шүү.
-Та хэдийг Монголдоо гарын арван хуруунд багтах том компаний үйл ажиллагааг удирдагчид гэдэг утгаар нь бага насаа ямаршуухан орчин нөхцөлд өнгөрөөсөн бол гэж сонирхдог?
-Сэхээтэн айлын хүүхдүүд яаж өсдөг вэ тэр замаар л өссөн. Жирийн л сэхээтэн айлын хүүхдүүд ш дээ. Бусад хүүхдүүдийн адил ЕБС-д сураад, Эрхүү рүү явцгаасан. 1970-аад оны сэхээтэн айлын хүүхдүүд ямар замыг туулсан, тэр замаарл сурч яваад ирсэн.
-Тэрсхэн хүүхдүүдийг хувцаслахаас авахуулаад асуудал их байсан байх даа?
-Айлын бага гэдэг утгаараа ах нарын хувцас над руу шилжиж ирдэгсэн. Манай Жагаа өөрөө юм оёдог, гарын дүйтэй хүүхэд байсан. 10 жилд байхын бизнес ухаантай, физикийн хичээл, хөгжим их сонирхоно, хувцсаа оёод өмсчихнө. Тэр үед чинь нарийн хилэн сургуулийн форм гэж байлаа ш дээ. 10 жилд байхыи өөрийгөө борлуулаад аваад явчихдаг, гадуур тэнэдэггүй хүүхэд байсан. Хаана ямар шинэ хөгжмийн урсгал, шинэ хамтлаг гарч байна андахгүй, шинэ пянзны эрэлд мордоно. Манайд Жагаагаас пянз авах гээд хүүхдүүд их ирдэг байсан. Мөн загас үржүүлж, түүгээрээ элдэв юм солиод бяцхаан бизнес хийчихнэ. Тухайн үед Улаанбаатар хотын Орос 23-р сургуульд суралцаж төгссөн.
-Дуулж хуурддаг байсан болов уу?
-Хүн юм чинь дуулна аа. Хаана л шинэ хамтлаг, дуу гарч ирнэ гэдгийг маш сайн ялгадаг. Ахыг цагаасаа арай эрт төрчихсөн юм болов уу гэж би боддог. Улс төрд байгаа байдал, хэлж байгаа үг, сэтгэхүй нь арай эрт төрчихөж. Энэ улсуудаас 10 жилийн өмнө сэтгээд явж байна. Хэлж ярьж байгаа үгийг нь ард түмэн хүлээж авдаг, сонсдог. Гэхдээ зарим нь нэг л фантаз юм ярьж яваа мэтээр хүлээж авдаг. 1990, 2000 оноос хойш хэлж ярьж байсан үг нь өнөөдөр бүгд биеллээ олоод явж байна. Р.Чойномын “Тэнэг энэ хорвоод тэрийг нь мэдсэн бол яах гэж би төрөв өө ” гэсэн шүлэг бий. Тэгэхээр нийгмээсээ урьдчилаад юмыг хардаг, тэрийг нь нийгэм хүлээж авах чадвар нь арай бүрдээгүй байна.
-Ах нь 10 жилд байхдаа охидтой үерхдэг байсан болов уу?
-Үерхдэг байсан байх. Бид тийм зүйл ярих нь ховор. Тэр үед хүмүүжил арай өөр, үе тэнгийнхэнтэйгээ ярьдаг зүйлээ ах нараасаа нуудаг байлаа. Ангийнх нь охид ирээд, кино үзээд явж л байдаг.
-Бас л ширүүн хүн шүү дээ. Дүү нартаа хэр хатуу вэ?
-Ажил хөдөлмөр эрхэлж байхад зарчимтай. Дүү гэдэг үүднээс биш, хамтран зүтгэгчийн зүгээс хандаж, бусад үедээ ах дүү шиг байна. Бид хуульч гэр бүлд төрсөн болоод ч тэр үү бие биеэ доромжлох, бие биетэйгээ барьцах асуудал гардаггүй. Ээж маань бидэнд тийм хүмүүжлийг өгсөн.
-Зарим нь түүнийг кинонд гардаг боссууд шиг рекет маягийн гэж яриад байдаг?
-Насанд хүрээд, шувуу хүртэл үүрээ орхиод явдаг ш дээ. Тэрүүн шиг амьдралд хөл тавиад явахад тэр хүний ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдөнө шүү дээ. Тэрүүгээрээ л явж байгаа учраас хэлэх юм алга. Ер нь шударга байдлыг эрхэмлэдэг. Худал хуурмаг юмыг үзэж чадахгүй шууд тэмцэлддэг.
-Хэлмэгдлийн гашуун дурсамжууд бий шүү дээ. Ахыг тань баривчилсан тэр өдөр та бүхэн хүнд цохилтонд орсон байх даа?
-Би гадаадад томилолтоор явж байтал “Баригдчихлаа” гэсэн. Саатуулж шалгах шаардлага гарсан юм байлгүй дээ. Шалгаад үнэн зөв нь тогтоогдоод гараад ирэх байх гэж бодоод өнөөдрийг хүртэл явж л байна. Би долоон сарын нэгний бослого тэмцлийг бүгдийг нь үзсэн. Тайван замаар жагсаал цуглаанаа хийлээ. “Одоо ард түмэн минь таръя. Цагдаа нар буруугүй шүү. Та нар төрийн цагдаа руу давшилж болохгүй. Тарцгаая” гэж хэлээд яваад өгсөн байгаа юм. Туг барьсан тэр улс нь ч дагаад явчихсан байсан.
-Машин тэрэг гаргасан гэж яриад байгаа ш дээ?
-Тэрийг худлаа гэдгийг би 100 хувь гэрчилнэ. Өөрийнх нь машин байсан л байгаа юм биз. Намайг харж байхад машиндаа зуугаад араас нь намынх нь тугаа барьсан хүмүүс явсан. Тэрийг би үзсэн. ард түмнийг турхираад, намын байрыг шатаа, чулуу аваад шид гэж уриалсан юм байхгүй. Тэр жагсаал цуглааныг тараах боломж байсан уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Тэр үед байсан. Тийм хэмжээнд хурцатгах шаардлага байгаагүй. Гадаадынхныг харж байхад гал командын машинууд нь ирээд даралттай усаар цацаад шалба норсон улсууд тараад явчихдаг юм байна лээ. Яагаад тэгээд явж болоогүй юм бол гэж бодож байна. Тайван замаар хийсэн жагсаалыг хааш нь дэвэргээд, хүмүүсийн нүдэнд бүгд ил тод л байгаа биз дээ. Орост “арсан хувьсгал яг л ингэж хийгдсэн ш дээ. Нэг арга байна. Энэ бол цаанаасаа зохион байгуулалттай, цаанаас нь ярьж зөвлөдөг хүмүүс байдаг юм болов уу. Тэгээд ард түмэн ялгаж шалгахгүй бүгдээрээ харанхуй гэж хэлж болохгүй ш дээ. Ард түмэн гэдэг чинь мэдээллийг цаг тухайд нь авдаг болсон. Нөгөө ард түмэн биш болж. Тэгэхээр энэ хүн ийм юм хийчих хүн мөн үү, биш үү гэдгийг ялгаж салгах болж. Ард түмэн цагаа болохоор дуу хоолойгоо хүргэнэ гэдэгт би итгэлтэй байгаа.
-Танайх хэр олон ажилтантай билээ?
-Манайх нэлээд ажилчидтай. Хэд хэдэн салбар үйл ажиллагаагаа явуулдаг. 7 сард үйлдвэр аж ахуйн газрууд ялангуяа ноолуурын үйлдвэрүүд амарчихсан байдаг. Яагаад гэвэл тэр үед бэлтгэлээ хийн, малчдаар явж ноолуураа авдаг. Дараа нь найман сард ажилчид орж ирээд үйлдвэрийн тоног төхөөрөмж, дараагийнхаа ажилд бэлтгэж засвар үйлчилгээгээ хийж дуусгаад есөн сараас шинэ ноолуур ордог. Манайтай адил үйлдвэр аж ахуйн нэгжүүд тэгж л явж байгаа. Загвар зохион бүтээгчид маань үлдэж шинэ захиалгынхаа ажлыг нийдэг.
-Гишүүний биеийн байдал хэр байна вэ?
-Цаг наргүй ажилладаг учраас зүрх нь тийм сайн биш. Сая эмч нар үзээд зүрхний даралт өндөртэй байна гэсэн. Тэгээд бас цагаан хоол иднэ. Хоолны дэглэм ер нь их сайн барьдаг. Би таргалчихгүй байх юмсан гэж ярьж явдаг хүн. Ард түмний төлөө санаа зовоод очсоных нь төлөө тэр хүнийг буруутгах хэрэггүй ш дээ.
-Шоронгийн таагүй орчин нөхцлийг хараан зүхэж байж мэдэх л хүн дээ?
-Тийм. Би сонин хэвлэлүүдэд их баярлаж байгаа. Урьд нь сониноор янз бүрээр бичдэг ч гэсэн яг ийм үед нь манай сэтгүүлчид үнэнч байдаг. Монгол хүний сайхан жудаг байна ш дээ. Сайхан явахад нь янз бүрээр бичиж байсан нь хамаагүй. Тэр чинь хоёр талтай, тэр хүнийг улам хурцалж, хүч чадал өгдөг. Ийм байхад нь сэтгэл санаагаар нь дэмжиж байгаад баяртай байгаа. Сонинуудаар “Жаргалсайхан шоронд орох ёстой” гэж бичих байх гэж бодсон чинь тэгээгүй. Танай сониноор дамжуулж сэтгүүлчдэд баярлаж явдгаа хэлмээр байна. Манай сэтгүүлчид зах зээлийн, ардчилсан нийгэмд төлөвшсөн нь үүгээр харагдаж байна.
-Та хоёр ч удаа Булганаас УИХ-д нэр дэвшсэн. Одоо орон нутгийн сонгуульд оролцох бодол байна уу?
-1990 оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрийг их сонирхож явдаг. Энэ жилийн сонгуулиар, бид олон нам болоод тархай бутархай байж болохгүй. Ардчилсан намууд нийлж хүчтэй болох ёстой гэдгийг би маш сайн ойлгосон. Ерөөсөө нэг л намд үйлчилдэг. Ерөнхийлөгчийн “Монгол улс эвтэй байхдаа хүчтэй” гэж хэлсэн үг бий. Улс орныхоо хөгжлийн төлөө нэгдэж ажиллахаас өөр аргагүй. Улс төрд орсон хүний хүлээсэн үүрэг энэ. Бид тархай бутархай, талцаж 18 жил явлаа. Бидний эцсийн зорилго гэхээр ард түмний сайн сайхны төлөө, улс орны хөгжлийн төлөөх зорилго байх ёстой.
-2012 онд та дахиад өрсөлдөх үү?
-Нутгийн ард түмэн итгэл үзүүлэх юм бол дахиад өрсөлдөнө. Бид мэтийн улсууд бизнесээ хийгээд явбал амар л байна. Би Булган нутгийнхаа төлөө энэ нутгаар овоглож явдгийн хувьд сум орон нутгийн төлөө сэтгэл өвөрлөж сонгуульд оролцоно.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Marshall How much were you paid in your last job? erythromycin 500 mg filmtabletten“Political processes are unpredictable,” he said. “We will never declare that we are happy with the rules until we have seen the final draft. Prudential invests billions of pounds into the UK economy and we will fight hard to ensure we continue to do so.”
IP:188.143.232.34  2016-02-21 05:09:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.