Э.Бадар-Ууган: Манайхан нас ахихаараа бэлтгэлээ таслаад, буруу замаар явчихдаг

2008/09/26
Share |
Э.Бадар-Ууган: Манайхан нас ахихаараа бэлтгэлээ таслаад, буруу замаар явчихдаг

Бээжингийн олимпоос Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртэж зон олноо баясгаад удаагүй байна. МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай уулзаж ярилцлаа. Түүний эрэмгий зоригтой тулаан, өвөрмөц содон дүр төрх үзэгч түмэн болоод бокс сонирхогчдыг байлдан дагуулсан юм.
-Танд амжилт хүсье. Хэдийгээр хожимдсон ч гэсэн “Зиндаа” сониныхоо нийт уншигчдын өмнөөс Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн явдалд нь баяр хүргэе. Одоо тэгээд юу хийж байна даа. Машиныхаа суудлын гялгар уутыг нь ч авч амжаагүй явах шив дээ?
-Та бүхэнд баярлалаа. Энэ машиныг манай Төв аймгийн нутгийн зөвлөлөөс бэлэглэсэн. Шинэхэн машинаа жолоодоод, дадлага хийж явна. Одоогийн байдлаар орох оронгоо бэлдэх санаатай, аятайхан байр үзээд хайгаад явж байна.
-ШШГЕГ-аас өгсөн байрандаа ороогүй юм уу?
-ШШГЕГ-аас өгсөн байрандаа амьдарч байгаад аав, ээж хоёрыгоо оруулсан. Тэд маань насаараа л гэр хороололд амьдарлаа шүү дээ. Айлын том учраас надад үүрэг хариуцлага байна. Алтан медаль авсан тамирчинд байр өгнө гэсэн газрууд маань түлхүүрийг нь гардуулаагүй, батламж өгсөн. Орон сууц нь дараа жилээс бүрэн гүйцэд ашиглалтанд орох юм билээ. Тийм болохоор байр үзэхээс өөр аргагүй болчихлоо. Агаар сайтай газар байр авдаг юм бил үү гэсэн төлөвлөгөөтэй. Охин маань ой гарантай. Эхнэр энэ жил сургуулиа төгссөн ч ажилдаа орж хараахан амжаагүй. Миний хувьд гадна, дотнын тэмцээнд оролцоод байхаасаа байхгүй нь их. Амжилт ололт бүхэн ханийн маань хайр халамжтай салшгүй холбоотой. Тамирчин хүний ар гэр гэдэг маш хэцүү. Энэ спортоор олон жил хичээллэж, бүх л амьдралаа зориулсан болохоор олимпод л амжилттай оролцвол амьдрал сайжирна гэж найдсан. Хоёр биенээ холоос санахын хэцүүг мэдрэх бүрдэээнэ бүхний ард гараад нэг их сайхан амрах юмсан гэж мөрөөдөж, ханийгаа үргэлж баярлуулж явахсан гэж боддог доо.
-Байрны үнэ тэнгэрт хадсан байгаа биз дээ?
-Аймаар үнэтэй. Хүмүүс чинь биднийг өнөөх Дүнжингаравын мөнгө төгрөгийг аваад хагартлаа баяжчихсан гэж ойлгоод байгаа юи. Одоохондоо аваагүй ш дээ. Улсын 120 саяас гэрээ ёсоор дасгалжуулагч бусад хүмүүсг хувийг нь өгөөд, тал нь ирж байгаа юм. Түүгээр чинь гэр орондоо “юм” авна. Хүмүүсийн амласан аймаар аймаар юмнуудыг ерөөсөө аваагүй. АПУ компанийнхан 10 сая төгрөг, “Шунхлай” групп хоёр жилийн бензиний карт, Мон-милкийнхэн сүүний жилийн хэрэгцээг хангасан. Одоо нэг байр авья гэхээр сэтгэлд таарсан байр олдохгүй, мөнгө нь хүрэхгүй горойгоод л явж байна. Байр 300-400 сая болчихож.
-Лизингийн байр л авч таарах нь ээ?
-Би өртэй явах их дургүй.
-Урьд нь машинтай байсан уу?
-Дэлхийн аваргын мөнгөн медалийн шагнал болох 15 сая төгрөгөөсөө есөн саяыг нь өөрөө аваад машин авч байлаа. Тэр машинаа их хайрладаг юм.
-Эхнэртэйгээ бүр багаасаа үерхсэн гэл үү?
-Бид хоёр нэг байрныхан. эхнэр зургадугаар ангид, би наймдугаар ангид байхаасаа нэг довон дээр тоглож наадсаар, бие биедээ дасаад үерхэж эхэлсэн. Тэр олон . хүүхдийн дундаас нэг л дотно санагддаг байсан. Эхнэр маань миний анхны хайр.
-Эхнэрээ анх харсан мөчөө санадаг уу. Таныг их зодоонч хүүхэд байсан гэсэн мессеж тархсан. Хулигаантай үерхэнэ гэдэг зоригтой сонголт шүү?
-/инээв. сур/ Жаахан байхдаа л харсан байх даа. Ээж эмнэлэгт, аав хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Зодоонч байсан тухайд гэвэл өдөрт дор хаяж хоёр хүүхдийн эцзг эхээс “манай талд” гомдол ирж байгаа юм. Өглөө загнуулж загнуулж гарсан хэр нь нэг мэдэхэд л хэрэг тарьчихсан таваргаж явна. Нэг жишээ дурьдахад нэг айлын маш сахилгагүй ах дүүс байлаа. Тэр хоёр хүүхдүүдийг нийлээд л “пойльдчихно”. Би тэр хоёрыг барьж аваад нэг нэгээр нь зодно. Нэг удаа хоёулантай нь таардаг юм байна. Би ч кинон дээр гардаг шиг дунд нь эргэлдэж эргэлдэж, салаад явж байтал өнөөх хоёр ум хумгүй чулуугаар нүүлгэж гарахад, бултан гүйж байгаад, эргэж хараад чулуу шидтэл хоёулаа толгойгоо бариад орилчихсон. Би одоо болтол “яагаад толгой нь зэрэг хагарсан юм бол доо” гэж бүр гайхдаг юм. Тэдний ээж, аав нь гэрт ёсгой л галтайгаа бууж билээ. Эцэг, эхийнхээ чихийг мөн ч их халууцуулсан даа. Би гэрээсээ хамгийн сахилгагүй нь. Аав тэсэхээ болиод боксын дугуйланд оруулсан. Спорт хүнийг маш хүнлэг болгодог. Бокс тоглож эхэлснээс нэлээд хойно нэг хүнтэи муу далцаад цохичихсон чинь шүд нь цөмрөөд, миний гар ч шүдний хор ороод атгаж чадахгүй, бокс тоглож чадах уу, үгүй юү дээ хүрч байж эдгэсэн. Түүнээс хойш хүнтэй хамаагүй муудалцвал осолтой гэдгийг ойлгосон. Манайх өвлийн памбагар цагаан эсгий гутал хийдэг байлаа. Бизнес нь овоо ашигтай болоод ирэхээр нь бүр томрох гээд зээл авсан чинь шатаж, хэсэг нэлээд өртэй явсан. Хоёр дүү бага болохоор өр ширэнд орсон гэж ойлгохгүй. Ээж, аав нь өрөнд орсныг мэдэрч шаналсан бигэрорны ажлаа сайн хийж, эцэг, эхдээ дэм болохыг хичээдэг байлаа. Аав маань боломжийн найзуудтай учраас өрнөөс ямартаа ч мултарсан. Гэхдээ л сэтгэлийн дарамттай юм билээ.
-Хөвгүүд ээждээ их эрхэлдэг. Таны хувьд?
-Эхнэр авахаас өмнө ээж байнга л намайг үнсдэг байсан. Эхнэр авсан биш би моодноос гараад, ээж ач руугаа тэмүүлж байгаа юм.
-Рингэн дээрх таны хурц ширүүн тулаан өрсөлдөгчөө илт давуу ялж байгаа байдал үнэхээр бахархмаар харагддаг. Яг тэр алалцаан дунд ямар нэгэн зүйл бодогддог уу?
-Хожих явцад цаг түргэхэн дуусаасай гэж боддог. Бас тэрүүхэндээ зугтаана, бүжиглэнэ. Оноо ойрхон явах тохиолдолд толгой маш сайн ажиллаж, түргэн сэтгэхийн зэрэгцээ “Энэ чинъ ийм өрөлттэй хүн. Энэ гарыг нь харж ажиллах уу, зөрөх үү” гэсэн бодол төрдөг. Үзэгчид хүртэл “Яг хожих дөхөхөөр цаг ямар аймаар удаан өнгөрдөг юм бэ” гэх нь бүр нэг бие сэтгэлээрээ мэдэрсэн шинжтэй. Олимпоос ирчихээд заалаараа тэр бүр эргэж амжихгүй байгаа учраас өглөө эрт нэг удаа бэлтгэл хийж байгаа. Олон жил бэлтгэл хийгээд өглөө зургаад босоод сурчихсан учраас яг тэр цагтаа сэрээд, дөрвөөс таван километр гүйдэг. Хэт их ачаалалтай явсан зүрхийг амрааж болохгүй.
-Алтан медалиа зүүчихээд төрийн дууллаа эгшиглүүлэх үед та сэтгэл хөдлөлөө барьж байгаа нь их анзаарагдсан. Одоо тэр мөчийг дурсахад?
-Манай балиашигууд бүр хөөрчихсөн төрийн дуулал эгшиглэнгүүт аянаасаа түрүүлж дуулаад, нүүрэн дзэр камер тулчихсан байхад би түрүүлж дуулаад байх хэцүү. Ер нь их сандарсан. / инээв.сур/
-Н.Түвшинбаяр алтан медаль авсан оройны дуулиан шуугианыг сонсоход ямар санагдсан бэ?
-Бокс хамгийн хүнд спорт. Нөгөө хэд маань медаль авахад дотроо баярласан ч, монголчууд маш их баярлаад, шөнөжингөө унтаагүй гэдгийг хожим сонссон. Тамирчин хүн сэтгэл хөдлөлөө барих ёстой. Режим алдагдвал аюултай.
-Саяхан нэг сонин дээр олимпийн дараа орон орноос ирсэн тамирчин залуус, үзэсгэлэнт тамирчин бүсгүйчүүдээ эрчимтэй эргүүлж эхэлдэг тухай дурьдсан байсан. Та тэмцээний үеэр тийм зүйл ажиглав уу?
-Тийм зүйл мэдээгүй ш дээ. Хаалтын ажиллагаа их гоё болдог юм билээ. Алтан медаль хүртсэн тамирчид хаалтын тугаа бариад гардаг. Хаалтын тугаа мандуулчихаад, их ажлын ард гарсан хүмүүс чинь хувцсаа солиод бөөн баяр хөөр болж, тэврэлдээд гоё л байдаг юм билээ. Манайхан “Америкийн Майкл Филиппс явж байна. Гялс зургаа авахуулчихая” гээд л…Би тийм зүйлд яагаад ч юм бэ нэг их сатаараагүй. Алт авсан өдөр хаалтын ажиллагаанаас шөнийн хоёр цагийн үед тараад байрандаа ирж, цүнхээ ум хум янзалчихаад унтах гээд хэвтсэн чинь нэг л гоё санагдаж, медалиа сонирхон харж сууснаа, хүзүүндээ
зүүчихээд хараад л хэвтээд байсан. Үнэхээр гоё байгаа юм чинь. Өглөө эрт нисэх байсан ч нойр хүрээгүй.
-Сэрдамба та нар багын найзууд уу?
-Ганзориг багшийн нэг гарааны шавь нь Сэрдамба, Энхсүх бид гурав. Сэрдамба бид хоёр хар нялхаасаа хамтдаа хоосон хонох үедээ хонож, жаргал зовлонгоо хуваалцаж ирсэн. Энхзориг бид гурав өдий зэрэгтэй яваа нь багшийн маань арга барилтай салшгүй холбоотой. Тэр хүн биднийг юмыг үнэн сэтгэлээсээ хийхийг зааж сургасан. Бэлтгэлийн үеэр “гурилдана” энэ тэр тэсэн ойлголт байхгүй шүү дээ. Сэрдамба маань их даруухан.
-Бадар-Ууган гэж хэн бэ?
-Нэлээд даруухан. Сахилгагүйтэлт бага настай минь ард хоцорчихсон. Одоо болж өгвөл хойно үлдэнэ шүү. Дээр нь аав болчихлоо.
-Анх аав болоход ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Ээж “Азаа төрөх дөхлөө. /эхнэр нь. сур/ Ажил ихэснэ дээ. Ээж нь эх барина” гэж ярьдаг байсан. Төрөх өдөр нь би хамт яваад очтол ээж “Миний хүүсанаа зоволтгүй. Ээж нь хараад байж байя. Чи харь” гэхээр нь гэртээ очоод санаа зовж суутал удаа ч үгүй “Эхнэр чинь төрлөө” гэсэн. Гүйгээд очтол ээж хүүхдийг маань чимхэж орилуулчихаад “Хүүгийнхээ уйлахыг сонсов уу” гээд л би “Яагаад хүүхэд чимхээд байна аа” хэмээн цорволзоно. Хүүхдээ харахад их эвгүй санагдсан.
-Хадам аав, ээж анх охинтойгоо гэрлэхэд ямаршуухан хүлээж авсан бэ. Арай зодоонч хүүхэдтэй суучихлаа гэж дургүйлхсэн юм биш биз дээ?
-Дургүй байлаа ч гээд яахав дээ. Охины сонголт… Манай хадмууд маш сайн хүмүүс л дээ. Бид алт авчихсан юм шиг л хүмүүс баяр хүргэх юм гэж байсан.
-Ангийнхантай алт авсан баяраа хуваалцсан сурагтай байсан?
-Би 10 жилээ төгсөөд, сургуульд суугаагүй. Сургуульд явахаар бэлтгэл тасалдах учраас бэлтгэлээ сонгосон. Найзуудтайгаа уулзсан. Ангийнхантайгаа уулзаж амжаагүй.
-Найзууд гэснээс хэр доргио вэ?
-Архи тамирчин хүнд зохимжгүй. Багш нар хааяа ачаалалтай үед ганц пиво уухыг зөвшөөрдөг. Хөлсөөрөө маш их шингэн алддаг учраас пива тийм ч хортой биш. Гэхдээ архи ууж үзээгүй гэж худлаа хэлэхгүй ээ. Ангийнхаа хонхны баяраар архи ууж үзсэн.
-Спортын хүн учраас ихэвчлэн чөлөөт хувцаслах уу. Таны сонирхол юу вэ?
Чөлөөт хувцас өмсөнө. Заримдаа аймаар хип хоп хувцаслана. Эхнэр бид хоёр “Би өнөөдөр юу өмсөх вэ” гэж нэг нэгнээсээ асуудаг. Би цэвэрч, сэжигч зантай. Эхнэртээ, өөртөө үнэртэй ус худалдан авах, төрөл бүрийн хийцийн гинж зүүх дуртай. Усад эрчүүдийн хувьд билльярд, покер тоглож чадах ч тийм зүйлд цаг зарцуулдаггүй. Ан авд сүжиггүй. Харин хурдан морь сонирхдог. Аавын сайн найз морь уядаг ах надтай их дотно. Тэмцээнд явах болохоор “ахын дүү жин нь яаж байна” гээд л … Морийг ч ер нь тамирчин шиг л бэлддэг юм байна лээ. Морь хийморьтой сайхан амьтан л даа. Ах маань надад хурдан морь бэлэглэсэн.
-Үнэхээр сонирхсон мөртлөө авч үзээгүй зүйл байдаг уу?
-Жаахан байхад сига тоглоом гэртээ авчраад долоо хоног сайхан тоглох юмсан гэж бодсоор байтал өнөөх нь моодноос гарч, би ч том болсон.
Эхнэртээ ажлын байр бэлдэх санаа төрдөг үү?
-Хувийн бизнес эрхэлвэл эхнэртээ хариуцуулна.
-Спортод нас тодорхой хэмжээгээр хамааралтай. Настай хамааруулвал таны хамгийн сүүлийн олимп хэзээ гэж төлөвлөсөн бэ?
-Бэлтгэл хийсээр явтал цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Нэг мэдэхэд л 2012 оны олимп гэчихсэн явж байх вий. Монголчууд нас л гэдэг. Гэтэл Куба ба зарим орны тамирчид 30 гарчихаад язганатал үздэг. Манайхан жаахан нас ахихаараа өөрсдөө бэлтгэлээ таслаад, буруу замаар явчихдаг. Бэлтгэлээ алдахгүй бол эрчээ алдахгүй гэж би боддог.
-Таны байх дуртай газар?
-Гэртээ байх дуртай хэр нь бэлтгэл рүүгээ явмаар санагддаг. Заал руугаа орохоор хөлсний үнэр үнэртээд их сайхан шүү.
-Танд ямар улс хамгийн гоё санагдсан бэ?
-Анх Бээжин нэг их гоё санагдсан. АНУ-д очоод Бээжинд ирсэн чинь Монголдоо ирж байгааюм шиг сэтгэгдэл төрсөн. Америкт Чикаго хотын Хилтон зочид буудалд бид байрлаж, цонхоо онгойлгонгуут нар тусч, далайн давалгаа цалгилаад их сайхан.
-Хөдөлмөрийн баатар цолондоо хэр дасаж байна даа?
-Хүмүүс “Баатар аа” л гэж байгаа юм чинь. Намайг Бадраа гэж зарим нь дууддаг болохоор тэрүүхэндээ эргэлзчихнэ ээ.
-Хүмүүс медалийн угаалгаа хийж байна. Та медалиа угаах уу?
-Би жаахан намжааж байгаад угаалга хийх санаатай. Гэхдээ удахгүй ээ.
Таныг өөрийн орны тамирчдаа болгох санал бусад улсаас ирсэн гэдэг үнэн болов уу?
-Тэр үнэн. Австралид миний таньдаг багш байсан. Тэр багш маань “Чи нэгэнт олимпийн аварга болоод хүсэл мөрөөдлөө биелүүлсэн юм чинь энд ир. Наана чинь хэдийгээр амьдрал чинь сайхан байгаа ч гэсэн энд ирвэл өшөө сайхан байх болно” гэсэн. Одоохондоо тийм бодол төрөөгүй.

Эх сурвалж: Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.