Б.Дашзэвэг /Dz man/: Би дөрвөн ачтай, тэд миний улаан фен

2008/09/26
Share |
Хүмүүс: Б Дашзэвэг | 
Б.Дашзэвэг /Dz man/: Би дөрвөн ачтай, тэд миний улаан фен

Өдгөө 64 насыг зооглож байгаа ч өөрийн стиль, имидж дуу хоолойгоороо ард түмнийхээ сэтгэлийг хөдөлгөж явдаг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг буюу Dzman-тэй ярилцлаа. Ирэх сарын 3-нд түүний "Инээмсэглээрэй хүмүүс ээ" нэртэй тоглолт болох юм. Мөн тоглолтынхоо өмнө "Би олон улсын сэтгүүлч" нэртэй үзэсгэлэн гаргах аж. Уг үзэсгэлэнд өөрийн хэрэглэж байсан халбага, сэрээнээс эхлээд өөрт байгаа бэлэг дурсгалын зүйлүүдээ үзэгчиддээ танилцуулах юм. Харин өнөөдөр цомгийн баяраа "Hi Fi" рекордст тэмдэглэх юм. Энэ үеэр баярт ирсэн эхний 50 хүнд "Инээмсэглээрэй хүмүүс ээ" цомгоо бэлэглэх аж.

-Удахгүй болох тоглолтын талаар яриагаа эхлэх үү?
-Миний анхны бие даасан электро хөгжим, нийтийн дуу хосолсон "Инээмсэглээрэй хүмүүс ээ" тоглолт болох гээд завгүй явна. Тоглолт маань гурван хэсгээс бүрдэж байгаа. Миний шүлгийг нь зохиосон нийтийн дуу, яруу найраг мөн электро хөгжмийн чиглэлээр бүтээсэн уран бүтээл тоглогдоно. Тоглолтын найруулагчаар намайг анх рок, поп урсгал руу татан оруулсан Б.Наранзун ажиллаж байна.

-Олон Улсын сэтгүүлч, Dzman байх хоёрын аль нь амархан вэ?
-Сэтгүүлч рок, попын дуучин хоёрт ялгаа байхгүй. Яагаад гэвэл сэтгүүлч хүн ч гэсэн бүхний нүдэн дээр байдаг. Бүгдийг чадаж байх ёстой юм шүү дээ. Би хөгжмийн урлагт багаасаа л дурладаг байсан. Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд ажиллаж байхдаа эстрад хөгжмийн тухайлбал "Битлз", "Авва" хамтлагийг шүтэн бишрэгч байлаа. Мөн 1980,1990-ээд оны залуусыг орчин үеийн хөгжим рүү оруулсан гэж хэлж болно. Учир нь 1990-ээд оны дунд үеэр монголын радиогоор "Дашзэвэгийн цаг" нэртэй хөгжмийн нэвтрүүлэг явж байсан. Энэ нэвтрүүлгээр европын орнуудаас бичүүлжавчирсан рок, поп дуунууд явдаг.

- Яагаад электро хөгж-мийг сонирхох болсон вэ?
-Монголд ямар хөгжмийн чиг хандлага дулимагхан байна гэдгийг судалж үзээд энэ чиглэлийг сонгож авсан. Миний электро чиглэлээр гаргасан цомог монголдоо анхных болсон. Цомог гаргаснаас хойш залуус энэ чиглэлийг түлхүү сонирхдог болсон нь анзаарагдсан. Одоогоор электро хөгжмийн зургаан уран бүтээлтэй.

-Та дууны шүлэг зохиодог яруу найрагч хүн. Олонд хүрсэн ямар уран бүтээл байна вэ?
-Нийтийн дууны төрөлд "Инээмсэглээрэй хүмүүс ээ" гэсэн 16 дуутай цомог гаргасан. "Ээждээ би очлоо", "Хүмүүс минь амьдрах сайхан", "Үгүйлж явъя нэгийгээ" зэрэг дууг ард түмэн сайн мэднэ. Мөн хөгжмийн зохиолч Р.Насанбуянтай хамтраад "Дэлхийн хүүхдүүдийг дуудчихлаа" гэсэн дуу хийж байлаа.

-Танай хүүхдүүдээс чинь урлагт хөл тавьсан ч юм уу таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?
-Би гурван хүүхэдтэй. Урлагийн хүн байхгүй. Харин бага охин маань олон улсын сэтгүүлч мэргэжлээр Бонн хотын их сургуульд суралцдаг. Аавынхаа тоглолтыг үзэхээр маргааш эх орондоо ирнэ.

-Хүмүүс таныг олон янзаар хүлээж авдаг. Гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Электро хөгжмийн урлагт 17-22 насны хүмүүс зүтгэдэг. Тэгэхэд би 63 насандаа хөл тавьсан. Үүнийг хүмүүс олон янзаар хүлээж авах нь аргагүй. Гэр бүлийн хүн маань эхлээд "Чиний нас чинь хөгшдөөд байна шүү дээ" гэдэг байсан. Харин одоо өөрөөр хүлээж авдаг болсон. Би дөрвөн ачтай. Тэд нар маань миний улаан фен.

-Таны цоглог, залуу сэтгэлгээтэй байдгийн нууц нь юу вэ?
-Хамгийн гол нь биеэ авч явах чадварт байдаг. Хүн өөрийнхөө биеийг авч явах чадвартай болсноор өөртөө санаа тавьдаг болчихдог юм билээ. Жишээлбэл, би өглөө хэдэн цагт босох вэ, орой. хэдэн цагт унтах вэ, босоод яахав гээд л бүх зүйлээ төлөвлөнө. Үүнд хоол унд, хөдөлгөөн, сэтгэл санаа маш чухал. Сэтгэл санааны хувьд би рок, поп дуу дуулаад, олон улсын сэтгүүлч хийгээд явж байхад гуньж гутах зүйл гарахгүй үргэлж өөртөө итгэлтэй сайхан байдаг. Миний хувьд энэ бүх зарчмыг эрхэмлэж, өөртөө тааруулж явдаг учраас залуу байдаг болов уу.

-Богино өмд өмсөөд үсээ босгоод тайзан дээр гарахад таньд эвгүй санагддаггүй юу?
-Хэн ч гэсэн богино өмд өмсдөг шүү дээ. Надад эвгүй санагддаггүй . Тэр ч байтугай Африкийн 81 настай ерөнхийлөгч Мугабе ордондоо шорттой зогсож байдаг юм билээ.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.