П.Эрдэнэзаан: Жирийн хүн л амьдрал дээр жүжиглэдэг

2008/09/26
Share |
Хүмүүс:
П.Эрдэнэзаан: Жирийн хүн л амьдрал дээр жүжиглэдэг

“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзааныг зочноор урьж ярилцлаа.

-“Маск” продакшн байгуулагдсан цагаасаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Нэр нь хүртэл анх содон сонсогдож байсан шүү?
-Маск бол театрын бэлгэдэл. Бид энэ нэрийг их бодож өгсөн. Дүр бүтээнэ гэдэг нэг ёсондоо баг өмсөхөөс ялгаагүй. Энэ утгаараа олон баг бүтээхийн төлөө эрч хүчтэй ажиллахыг хүссэн юм. Дөрвөн үсэгтэй хэрнээ цаанаа их утга агуулсан нэр юм шүү дээ. Манай продакшны уриа “Маск ертөнцийг харах цонх мөн”.

-Та гурвын гар нийлж ажилладгийн нууц юу вэ?
-“Өнгөт инээд” хамтлагт бид таван жил ажилласан. Нэг нэгнээ сайн мэднэ. Ямар ч уран бүтээл сэтгэлээс гардаг. Уран бүтээлч хамгийн түрүүнд “зөв хүн” байх ёстой юм. Үүн дээр л бид нэгдэж чадсан учраас гараас гарч байгаа бүтээл маань шинэлэг байдаг болов уу. Хошин урлаг хүн болгоны хийж чаддаг ажил биш. Хэдийгээр хэцүү мэргэжил сонгосон ч бид түүндээ үнэнч, бас хайртай байж чаддаг.

-Хошин урлагт танайхан бүл нэмсэн. Энэ төрлийн уран бүтээлчид олшрох нь зөв гэж бодож байна уу?
-Зөв. Өрсөлдөнө гэдэг чинь зах зээлийн хууль. Хойшдоо ч олон хамтлаг гараасай гэж хүсч байна. Манайд ч гэсэн шижигнэсэн залуус ажиллаж байгаад өөрийн гэсэн тодорхой үзэгчидтэй болоод ирэхийн алдад өрх тусгаарлахад хорих юм байхгүй.

-Ойрын үед “Улаанбаатар нулимсанд дургүй” тоглолтоос өөр шинэ уран бүтээл толилуулах уу?
-Энэ намрын хошин шогийн тоглолтын салхийг “Улаанбаатар нулимсанд дургүй” нэртэй инээдмийн хөтөлбөрөөр хагалж, үзэгчдэдээ сонир­хууллаа. Биднийг хүсэн хүлээж байсныг  халуун алга ташилтаас нь мэдэрсэн шүү.  Ирэх сарын 20-ноос толилуулах шинэ бүтээлийнхээ бэлтгэл ажилд орчихсон. 

-Таныг гэр бүлийнхээ хамт Японд очиж, сүмо үзсэн гэж сонссон…
-Өнгөрсөн тавдугаар сард  бид гэр бүлээрээ Японд очиж нацү башё үзсэн. Өмнө нь зурагтаар хардаг байсан бөхчүүдээ  бодитоор нь харах үнэхээр гоё юм билээ. Сүмо бөхөө дэмжиж байгаа  япончуудын уухайн түрлэгийг сонсоод сайхан сэтгэгдэл төрсөн шүү. Монгол сүмочидтойгоо уулзаад, ярьж хөөрч зургаа татуулсан. Долоо хонох хугацаандаа япончуудын эх орноо гэх сэтгэл, аливаад нямбай, ажилдаа үнэнч ханддаг хөдөлмөрч зангаар нь их бахархсан.

-Та жүжигчин болох уу, эсвэл бизнес хөөх үү гэж нэлээд бодсоны эцэст мэргэжлээ сонгосон гэл үү?
-Тийм ээ. Зах зээлд ороход би оюутан байлаа. Тухайн үед хүн болгон ганзагын наймаа эрхэлж, наймаа хөөх хүсэлтэй байсан. Надад бас тэдний адил цүнх үүрч, ашиг олж  байсан үе бий.  Тэр үед наймаа хөөх үү, жүжигчин болох уу гэдэг хоёр сонголттой тулгарсан. Мөнгө олж байх үед жүжигчний мэргэжил сонин биш санагдаж байсныг нуугаад яах вэ. Алийг нь сонгох вэ гэж их удаан бодсон шүү. Жүжигчин мэргэжлийг сонгосон маань миний амьдралыг утга учиртай болгосон. Бизнесээ орхисондоо би харамсдаггүй.

-Таныг  нээж өгсөн дүр…
-Найруулагч Ч.Найдандоржийн “Дон Жуан” жүжгийн Феро-гийн дүрийг бүтээхэд амар байгаагүй. Ахмад уран бүтээлчид хараад  “За энэ нөхөр цаашаа явахаар хүн байна” гэж дүгнэсэн шиг байгаа юм. 

-Таны амьдралыг хошин урлаггүйгээр төсөөлбөл ямар байх бол…
-Хэцүү. Энэ төрлөөр ажиллаад 15 жил болсон байна. Залуу хүн болохоор юм хиймээр, бяр тэнхээ ид амтагдаж байна. Намайг онгирч байна гэж бодуузай. Жүжигчин хүний мөн чанар мэдрэмж шаардсан  нарийн  зүйл байдаг гэдгийг ойлгож эхэлж байна. Тэгэхээр амьдралыг минь хошин урлаггүйгээр төсөөлчихвөл Эрдэнэзаан харанхуй орчинд байгаагаас ялгагдахгүй болчихно биз дээ.         

-Таныг найз нөхдөө наргиж цаашлуулахдаа гарамгай гэх юм?
-Найз нөхөдтэйгээ хөгжилдөх сайхан шүү дээ.  Заримыг нь шоолоод  уурлуулчихна. Гэхдээ инээлгэсэн нь олон.

-Тоглоом даахдаа хэр вэ?
-Сайн даана. Хатуу ч тоглож чаддаг.  Өөрөө хүнээр тоглочихоод, уурлаад байвал утгагүй биз дээ.   

-Жинхэнэ эр хүн байх тал дээр та хэр вэ?
-Миний хувьд эр хүн ямар харагддаг байх нь хамаагүй. Хамгийн гол нь хүний итгэлийг алддаггүй байх хэрэгтэй. Амьдралаа аваад явчихдаг, ажиллаж байгаа салбартаа амжилт гаргаж чадаж байвал жинхэнэ эр хүн мөн.

-Амьдрал тэмцэл үү?
-Тийм ээ. Тэмцэнэ гэхээр чулуу барьж, өөдөөсөө шидэлцэх биш шүү дээ. Өөрийнхөө хүчийг мэдэрч, юуны төлөө зүтгэж чадна гэж амлахаа сайн мэддэг байх ёстой.

-Амьдралыг юу утга учиртай болгодог юм бэ?
-Үүнийг олон үгээр илэрхийлэх хэрэггүй юм. Өглөө ажилдаа аз жаргалтай ирж, орой гэртээ аз жаргалтай харих л хүний амьдралын утга учир байх.

-Гэр бүл таны хамгийн эрхэм зүйл биз?
-Тэгэлгүй яах вэ. Бодоод байхад гэр бүл, үр хүүхэд, аз жаргалтай байх нь урам зоригтой ажиллах хүчийг өгдөг биш үү. Амьдралынхаа сайн сайхныг хүүхдүүдийнхээ инээд хөөрөөс олж харна гэдэг хамгийн сайхан аз жаргал.

-Гэртээ ороод хамаг ядаргаагаа мартаж чаддаг уу?
-Бидний ажил их хэцүү, оюуны ачаалал ихтэй. Орой гэрийнхээ босгоор ядарсан амьтан л алхана. Яг ийм үед ханийнхаа халамжийг мэдэрч, хүүхдүүдтэйгээ бужигнаад суух ямар ч эмнээс илүү алжаал тайлдаг юм даа. 

-Сайн ханийн тухай...
-Хорвоогийн ямар ч сайхан эр ханьгүйгээр амьдарч чадахгүй. Өнөөдөр нэр төртэй сайн сайхан явлаа гэхэд түүний цаана сайн ханийн халамж түшиг, нөмөр нөөлөг байдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.    

-Эхнэрээ ах нь ах нь гэсээр байгаад аваад суучихсан гэл үү?
-Ах аа, эгч ээ гэж байгаад гэр бүл болсон хүмүүс зөндөө л байдаг биз дээ. Эхнэр маань эхлээд ахаа гэдэг байгаад сүүлдээ чи болсон. Намайг төгсөх жил эхнэр маань I курст сурдаг байсан. Бид хоёр анх өлгүүр дээр танилцаж байлаа. Тэгэхдээ зүгээр ч нэг танилцаагүй. Нэг өдөр пальто нь алга болчихоор нь хамт хайлцаад оллоо. Харахад нүдэнд дулаахан охин байсан. Анх уулзаад л энэ бүсгүй миний эхнэр болох хүн мөн байна гэж бодогдсон.

-Анхны харцаар дурласан байх нь ээ?
-Тийм ээ. Би эхнэртээ анхны харцаар л дурласан.

-Амьдралаа хэрхэн босгож, гал голомтоо бадрааж байв даа?
-Өө, бидний амьдрал оюутан цагаас минь эхэлсэн. Залуу хосын амьдралд юу тохиолддог билээ, тэр бүхнийг хамтдаа даван туулж чадсан. Өөрийн бүтээсэн амьдралд сэтгэл хангалуун байдаг. Би зарим нэг залуус шиг ар тал нь найдвартай, баян мөнгөтэй бүсгүйтэй суугаагүй ээ. Хоёулаа адилхан ядрах үедээ ядарч, даарах үедээ даарч, орон байргүй байх үедээ халаасны өрөө хүртэл хөлсөлж явсан. Ингэж явсан амьдрал минь надад амттай, бат бөх байдаг.

-Одоо Эрдэнэзааных хэр өнөр өтгөн болов?
-Манайх хоёр охин, нэг хүүтэй.

-Хүүхдүүдээс чинь  урлагийн зам сонговол дуртай дэмжинэ биз дээ?
-Үнэнийг хэлэхэд хүүхдүүдээ жүжигчний мэргэжил сонгочихвий дээ гэж эмээдэг. Хүнийг инээлгэнэ гэдэг хэцүү. Зүгээр нэг тайзан дээр гараад хэдэн үг хэлчихдэг мэргэжил биш шүү дээ. Энэ утгаар яривал харгис хатуу, бас хүнд. Өөрөө энэ замыг биеэрээ туулаад явж байна. Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг дэмждэг ч  сэтгэл дотроо битгий жүжигчин болоосой гэж залбирдаг. Дунд охин маань Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын хоёрдугаар ангид сурдаг. Багаасаа урлагийн орчинд өссөн болохоор урлаг руу өөрийн эрхгүй хүүхэд тэмүүлдэг юм байна.         

-Жүжигчин хүн амьдрал дээр ямар байдаг юм бол оо?
-Жүжигчин хүн амьдрал дээр хэзээ ч жүжиглэдэггүй юм. Харин жирийн хүн амьдрал дээр асар их жүжиглэдэг. Түүнийгээ өөрсдөө мэддэггүй. Тайзан дээрээс л өөрсдийгөө олж хараад эвгүйцдэг, барайдаг.  

-Тухайлбал яаж эвгүйцдэг гэж…
-Амьдрал дээр олж харсан зүйлээ ярья.Мөнгөтэй хүн хэзээ ч ганган байдаггүй. Яагаад гээч. Тэр хүний сэтгэл хэрэглээндээ  ханасан байдаг. Харин мөнгөгүй хүн хэрэглээний сонирхол ихтэй болохоор үнэтэй машин унаж, үнэт эдлэлээр гоёх дуртай байдаг.     

-Та ядуу хүн аз жаргалтай амьдардаг гэж боддог уу?
-Хүн өөрөөсөө аз жаргалыг хол мэтээр төсөөлдөг. Өөрийнхөө амьдралыг бусдынхтай харьцуулж хараад алддаг. Аз жаргал гэдэг чинь хүнд өөрт нь байдаг зүйл. Өнөөдөр гудамжинд хог түүгээд, олсон мөнгөөрөө хоол авч идэж байгаа хүн аз жаргалтай байж болно шүү дээ. Архиа уугаад хэвтэж байгаа хүнд ч аз жаргал байгаа. Ганган машин унадаг, орд харштай хэрнээ сэтгэлийн дарамттай, зовлонгоор дүүрэн амьдардаг хүн ч бас байдаг л биз дээ.     

-Баян хүн гэж таныхаар…
-Хүн өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байхыг баян гэж боддог. Баян гэдэг ойлголтыг зөвхөн ганц мөнгөөр хэмжиж болохгүй. Сэтгэл тань юунд хангалуун, юуг баян гэж бодож байна түүгээрээ л баян байна. 

-Та амьдрал дээр ямар хүн бэ?
-Би амьдралд өөрийнхөө үзэл бодлоор хандаж,  байгаагаараа байх дуртай хүн. Хүсэл сонирхлоосоо урваж байгаагүй. Зарим нэг хүн яравгар, биеэ тоосон, ихэмсэг гэж ярьдаг л юм. Бусдад сайхан зантай харагдах гээд өмнө нь очоод худлаа инээгээд байлтай биш.

-Хэн нэгний бурууг нүүрэн дээр нь түс тас хэлдэг үү?
-Хүнд чинь ажиглаж хараад дүгнэх хугацаа гэж байна. Үнэнийг нь хэлэхээс нааш өөрийгөө анзаарахгүй болсон хүнд бурууг нь нүүрэн дээр нь түс тас хэлчихдэг. Тэр хүн яаж хүлээж авах нь  хамаагүй.

-Амьдралдаа хамгийн их баярласан мөч…
-Өө, ажилтай, байртай, машинтай болж байсан үе гээд тоочвол олон. Тэр дундаас хүүгээ хараад аав болсноо мэдэрч хөл газарт хүрэхгүй баярлаж байснаа мартдаггүй юм.   

-Цаг хугацааны тухай бодож үзсэн үү?
-Нүд ирмэхийн зуур цаг хугацаа хурдан өнгөрч байна. Өөрийнхөө зорьсон зүйлд мөнгө үлдээж, хөрөнгө хураах биш, харин хийсэн бүтээснээ үлдээх юм сан гэж боддог.

-Энэ сард монголчууд одтой, азтай байлаа. Олимпийн тоглолтыг алгасахгүй үзэж байв уу?
-Тэгсэн. Тамирчдынхаа амжилтаар бахархаж, баярын нулимс унагасан шүү. Эх орон минь ямар агуу гайхамшигтай хөвгүүдийг төрүүлсэн юм бэ гэж баярлаж байлаа. Хамгийн сүүлд алтан медалийн төлөөх боксын тэмцээнд Э.Бадар-Ууганыг ялахад өөрийн эрхгүй сэтгэл догдлоод, ширээн дээрээ гараад зогсчихсон байсан.    

-Монголынхоо залууст хандаад та юу хэлэх вэ?
-Танд сайхан амьдрах боломж байгаа шүү. Сайхан амьдралыг хүнээс битгий хайгаарай. Сэтгэл зүрхээ чагна, өөртөө эзэн бол. Өөрийнхөө төлөө амьдарч, хүсэл тэмүүллийнхээ замаар өөдрөг итгэлтэй алхаарай. 

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.