Л.Эрдэнэбулган: Хүнд хувь тавилан, аз гэж байдаг бол тэр нь энэ жил надад тохиогоод байгаа

2008/09/26
Share |
Хүмүүс: Б Эрдэнэбулган | 
Л.Эрдэнэбулган: Хүнд хувь тавилан, аз гэж байдаг бол тэр нь энэ жил надад тохиогоод байгаа

Л.Эрдэнэбулган найруулагчийн хоёр жил цөхрөлтгүй зүтгэсний үр дүн “Үхэж үл болно, Чингэс хаан” кино хэдийн үзэгчдийн хүртээл болоод байгаа билээ. “Хоёр яс саллаа. Энэ киног нь өгчихөөд одоо нэг амаръя” гэж суусан найруулагч харин бүр эсрэгээр киноныхоо хоёр, гуравдугаар ангийг хийхээр завгүй харайлгаж яваа сураг гарлаа. Эрж сурсаар найруулагчийг олов.

-"Үхэж үл болно, Чингэс хаан" кино гараад багагүй хугацаа өнгөрлөө. Одоо юу хийж байна даа?
-Одоо харин киноныхоо хоёр, гуравдугаар ангийг хиймээр санагдаад бүр загатнаад сууж байна. Кино гарснаас хойш үзэгчид их сайн амтай, сайхан хүлээж авч байна. Би бүр түүнд нь талархаад байгаа. Киноны талаар есөн шидийн хүмүүс янз бүрийн л зүйл бичиж байна. Гэхдээ анх энэ киног хийнэ гэхэд харааж байсан нь байхгүй болсон байна. Зарим нь аятайхан сайхан кино болжээ гэж байна. Зарим нь түүхийг жаахан гуйвуулжээ ч гэж зэмлэсэн байна. Ер нь ихэнх үзэгчдийн ярьж байгаагаар их сонин юм гарч байна. Юу гэхээр "Үхэж үл болно, Эрдэнэбулган" гэсэн үг хүртэл гарчээ. "Эрдэнэбулган, чи шантарч болохгүй" гээд бичсэн байна. "Төр засаг, энэ нэртэй, зүстэй компаниуд Эрдэнэбулганд юу үлдсэн байна, тэр авьяасыг нь шавхаж аваад уул нутагт нь залаач" гээд бичсэн ч хүмүүс байх юм. Энэ нь нэг талаас шүүмжлэлтэй юм шиг харагдаж байгаа ч нөгөө талаасаа надад бас нэг юм бодогдуулаад болж өгөхгүй юм. Нэгэнт эхнийхийг нь чи тэгж зовж хийж болсон юм чинь дараагийнхыг нь эхэлж болохгүй юу гэсэн хандлагууд гарч ирж байна. Ингээд би өөрийнхөө хөгширснөө мартчихаад ийм ажил руу идэвхтэй орчихоод л сууж байна. Намайг урд очиж пижигнэснийг чи мэдсэн үү?

-Бие муудсан гэсэн үү?
-Баларсан ш дээ. Зүрхний хагалгаанд орсон. Их инээдтэй, гэхдээ аягүй гоё. Хүнд хувь тавилан, аз гэж байдаг бол тэр нь энэ жил надад оногдоод байгаа. Манай аймгийн 70 жилийн ой болох гээд өнгөрсөн долдугаар сарын 7-нд Булган явах гээд бэлдэж байлаа. Гэтэл миний кинонд тусалсан продюсер нөхөр Бээжингээс утасдаад хүрээд ир гэж байна. "Танайд маш халуун, Би зүрх муутай хүн явж чадахгүй" гэхэд “тэгвэл дахин хамгын ажиллагаа энэ тэр гэж ярихгүй" гэж байна. Тэгэхээр нь нэг хоночихоод ирье гээд 7-ны өглөө дөрвөн цагт урагшаа нислээ. Бээжинд нөгөөх маань тосоод авлаа. Тэдний ажлын өрөөнд очоод баахан ярьж суутал, 11 цагийн үед цээж өөд тэсэхийн аргагүй өвдөөд эхэллээ. Тэгээд ухаан алдчихаж. Нэг сэрсэн эмнэлэгт, манай орчуулагч залуу "Та гарын үсгээ хурдан зур. Тэгэхгүй бол болохгүй нь" гээд зогсч байна. Тэгэх нь ээ, миний зүрх зогсоод хагалгаанд оруулах гэж байсан юм байж. Нөгөө Хятадын компани барьцааны мөнгийг нь төлсөн. Тэгээд хагалгаа хийлгээд дөрөв хоноод гараад ирсэн. Хэрэв би хөдөө явсан бол өдийд та нар "Хөөрхий муу, Булган ах минь" гээд зогсч байна биз. Үнэхээр хувь тавилан юм. Үүнд би их урам орчихоод байгаа. Их хааны сэдвээр дэлхийн аль л алдар нэртэй найруулагч, жүжигчид олон ч кино хийсэн. Дараа нь ийм кино хийсэн улс нь сүйрчихээд байдаг тал ажиглагддаг юм Гэтэл намайг сүйрэ-хийн даваан дээр өөд нь татаад авлаа гээд өөрийгөө зөвтгөөд сууж байна. Муу ч бай, сайн ч бай би зөв юм сэджээ. Их хааны сүнс тэнгэрээс харж байгаа юм байна гэж итгэдэг болоод байгаа.

-Та киноны нэгдүгээр ангийг хийх гэж хуруу хумсаа хугалж зүтгэсэн. Одоо танд дахин кино хийх бэл байна уу?
-Би аль ч талаас нь амьтан хүнийг харж, хуулсан юм байхгүй. Нөгөө талаас миний уулзсан гээд байгаа хүн бол Хятадын киноны нэлээн том продюсер л дээ. Санаандгүй л танилцсан юм. Дээд тэнгэрийн л зарлиг байх даа. Би сүүлийн үед ингэж ярих дуртай болчихоод байгаа юм. Киноны нэгдүгээр ангийг хийхэд тоног төхөөрөмж, дуу чимээ гээд бүх л зүйл дээр тусалсан. Тэр үед мань эр надаас "Та хоёр, гуравдугаар ангиа хийх үү?" гэж асууж байсан юм. Тэгэхэд нь "Саяынх шиг мөнгө төгрөг муутай, гуйлгаар бол би хийхгүй, чадахгүй. Боломж олдвол хийх хүсэл надад байгаа" гэлээ. "Би танд нэг талын боломжолгоё. Хамгийн орчин үеийн бүх талын техник технологийг чинь би хариуцъя" гэсэн. "Хариуцъя гэдэг чинь юу билээ. Техникээ түрээслэ гэж байгаа юм уу" гэхэд "Үгүй ээ, тэр талын бүх зардлыг гаргая. Манай талаас 14-16 хүн тантай ажиллана. Бусад үйл ажиллагаа та өөрөө хариуцаж хий" гэсэн. Тэр хүн нэг сайхан юм хэлсэн нь юу гэхээр "Би Япон. Орос, Америк, гэгээд Хятадын хийсэн Чингэс хааны тухай кинонуудыг их олон үзлээ. 14нгэх шалтгаан нь танаас болсон. Үүнээс би монголчууд гэж хэн юм гэдгийг олж харлаа. Тэр их түүхэн зурвасыг бий болгосон улс өөрсдөө ингэж хийх нь зүйтэй юм гэж бодлоо. Тиймээс танд тусалъя гэж бодлоо. Техникийн талаас та айлтгүй. Хоёрдугаарт, би Хятадад байгаа бүх боломжийг ашиглахыг хичээе" гэсэн.

-Хятадад байгаа боломж гэдэг нь юу вэ?
-Бид хоёр их олон юм ярьсаан. Би Шинжаанд зураг авах боломж бий юу гэсэн юм. Болно гэсэн. Алтан улсын тухай гаргахад Бээжинд аятайхан түүхийн дурсгалтай газар зураг авчихмаар байна гэхэд тэр бүх боломжийг эрж хайя гэсэн. Ингээд бидний хооронд сайхан яриа өрнөсөн. Үүн дээрээ тулгуурлаад би бас нэг санал тавилаа. Би энэ кинонд зөвхөн Монгол гэхээсээ гадна Холливудын нэртэй ганц, нэг хүмүүсийг оруулмаар байна гэсэн юм.

-Холливудын од гэхээр танд төлөвлөсөн хүн байх нь ээ?
-Жишээлбэл, Жаки Чан, Жейк гэсэн хүмүүсийг би кинондоо оруулмаар байна. Тэгвэл зах зээлийн талаасаа ч тэр, киноны чанар чансаа талаасаа ч тэр хэрэгтэй юм. Ийм хоёр хүнийг оруулах боломж байна уу гэсэн. Дээр нь Орос, Хятадаас нэг хоёр жүжигчид оруулах сонирхол байна гэхэд мань эр их дэмжсэн. Тэгээд намайг өөр нэг продюсертэй энэ асуудлаар уулзуулсан. Харин тэр хүн надад сая хариу явуулжээ. Юу гэхээр, нөгөө хоёр жүжигчинтэй уулзаж ярилцжээ. "Болно" гэдэг хариуг өгсөн байна.

-Үнэ хөлс нь гэж талийж өгнө биз?
-Үнэ хөлсний тухайд дундаж нь 150 мянган ам.доллар байдаг юм байна. Нэг хүнд 200-гаад сая төгрөг болно гэсэн үг. Ийм байна яах вэ гэж байна. Би хэлсэн "Би үнэхээр дараа дараагийн ангийг хийх юм бол тийм хүнийг олж тоглуулж, тэр хүний хөдөлмөрийн хөлсийг өгөх боломж бүрдсэн цагт л хийнэ. Түүнээс наана хийхгүй" гэж. Энэ бол Монголын киноны нэр хүнд, ахиц дэвшилд ч хэрэгтэй. Нэгдүгээр ангийг хийхэд би өөрөө сөхрөх шахсан. Гэхдээ ийм нөхдүүд тал талаас санал гаргах юм бол би хийнэ. Хийхдээ нэгдүгээр ангиас дордуулахгүй. Хоёрдугаарг, нэгдүгээр ангид монголчууд ажлын ард, муу хувцастай, муухай царайгай, бие биенээ алсан талсан байсан бол хоёрдугаар ангид тэгэхгүй. Саальчин хүн л гэхэд торгон дээлтэй саалиа саана. Тийм түүх бидэнд байсан юм аа. Мөнгөн сэнтийд заларна. Тэлж би монголчуудын сүр хүчийг олохыг хүсч байна. Би түүх биш сүр хүчийг харуулахыг хүсч байна. Гадаадынхан ч тэгж харуулаагүй, дотоодынхон ч чадаагүй. Тийм учраас дэлхийн ямар л сайхан торго байдаг юм түүнийг нь өмссөн, тэр хээнцэр дэгжин, тансаг, эрх мэдэлтэй, өөртэй итгэлтэй төрх, итгэлтэй нүд бүхий монголчуудыг гаргана. Чингэс хааныг бид суу билэгтэй гэдэг. Тэр суу билгээс жаахныг ч гэсэн цухуйлгамаар байна. Би хоёрдугаар ангидаа зэвсгийн том үйлдвэр байгуулна. Тэнд зөвхөн монголчууд биш дэлхийн шилдэг дархчууд, эрдэмтэд, мужаан урьж авчраад тэр дунд Чингэс хаан явж, тэдэнтэй харилцаж байх юм. Тэгж хүчирхэг байж дэлхийн талыг эзэлнэ үү гэхээс биш зүгээр нэг сэл-мээр толгойг нь аваад эзлээгүй юм. Энэ сүр хүч рүү би дөхнө. Хоёрдугаар ангийг хийх миний бодол энэ.

-Тэгвэл гуравдугаар ангийн төсөөлөл...
-Гуравдугаар ангид их эзэн хаан алтан сэнтийд суух юм. Хүмүүсийн нь эдэлж хэрэглэж байгаа зүйл ч тийм байна. Ерэн есөн баатар гэдэг нь агуу сайхан хүмүүс байх юм. Тэд зүгээр нэг цэрэг биш, хүсэл мөрөөдөл нь огт өөр зүйлд тэмүүлсэн, урагшаа нисэх гэсэн тийм ахуйг бий болгохыг би хүсч байна. Чингэс хаан гэхээр сайхан царайтай ч юм уу, өндөр ханхар байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Тэр Боорчи ч ямар хүн байсныг мэдэхгүй. Тийм учраас би өөрийнхөө Боорчи, Чингис, өөрийнхөө л Бөртийг төсөөлнө. Тэд нь харин Монгол чинь нээрээ ийм байсан юм шүү гэдгийг харуулах юм. Ингэж кино хийхийг хүсч байгаагаа хэлэхэд тэр хүн их баярласан. Одоо тэр продюсер манайд ирсэн байгаа. Иймэрхүү байдлаар ажил эхлээд явж байна. Одоо хоёр гурван хоногийн дараа хоёр япон ирнэ. "Panasonic" компанийн хамгийн сүүлийн үеийн аппаратурыг авчирна.

-Тэр аппаратур хэрэгслийг та кинондоо ашиглах юм уу?
-Манай киноны зургийг авах техник хэрэгслийг авчирч байгаа байхгүй юу. Ийм сайхан санал, санаачилгыг гадна талаасаа тавьж, нааштай эхлэл бий болчихлоо. Нэгдүгээр ангийг голлон ивээн тэтгэсэн "Гацуурт" компани маань цаашид дэмжлэг үзүүлнэ, ер нь хийх бодолгой байгаа гэсэн. Цаашид Монголын нэртэй төртэй компаниуд тусалж дэмжиж ч болно шүү дээ. Ямар ч байсан ажил буцалж эхэлж байна. Удахгүй урагшаа явж гэрлийн техник, компьютер график зэрэг зарим ажлаа шийднэ.

-Хятадын компани зарим ажил дээр хамтарч ажиллана гэдэг нь хамтарсан кино болно гэсэн үг үү?
-Хятадын тал "Биднийг тусалж дэмжсэн гэж л оруулаарай. Бүх үйл ажиллагаа монголчууд өөрсдөө хийгээрэй" гэсэн. Энэ нь олон улсын кино наадамд оролцох шалгуурыг хангахад хэрэгтэй юм байна л даа. Иймэрхүү л байдалтай сууж байна даа.

-Тэгвэл зураг авалт удахгүй эхлэх нь дээ?
-Надад бодогдож байгаа тодорхой газрууд бий. Тэр газруудад хандана. Тэндээс итгэл хүлээлгээд, дэмжлэг авч чадвал зураг авалтаа эхэлнэ. Наймдугаар сар гэхэд бүхнийг дуусгах зорилготой байгаа. Хүнээс ийм сэтгэл гарч байхад учир нь олдох байх. Би олдоно ч гэж байгаа. Монголын залуу сэхээтнүүд, бизнесменүүдэд итгэж байна. Төрөөс ч тодорхой дэмжлэг авах байх гэж найдаж сууна. Одоо би өдөр, цагаар нь гаргасан график хийгээд байж байна. Бүх зүйлээ бэлэн болгочихоод хүмүүстэй ярихад тодорхой зорилго харагдах болов уу гэж бодох юм.

-Хоёр, гуравдугаар ангид жүжигчид өөрчлөгдөхгүй биз дээ?
-Нэлээн олон жүжигчид өөрчлөгдөнө. Шинээр жүжигчид авна. Хоёр, гуравдугаар ангид Мухулай, Зэлмэ, Зүчи, Шихихутаг гээд тодорхой хувь хүмүүс орж ирнэ. Мэдээж, нэгдүгээр ангид үхэл болоод дууссан жүжигчид байхгүй. Жаки Чан, Жеймс хоёрт ямар дүр оногдуулах вэ гэдгийгч бодож байна. Тэдэнд тохирсон, сэтгэл санаанд нь буусан дүр байх ёстой. Энэ тал дээр ч ярилцаж байгаа.

-"Үхэж үл болно, Чингэс хаан" дэлгэцнээ гаруут магтаал, шүүмж урсч эхэлсэн. Чингэс, Жамуха хоёрын залуугийн дүрд залуу жүжигчид тоглуулж болоогүй юм болов уу гэсэн яриа байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үзэгчийн талаас энэ нь зөв юм. Миний талаас бол надад залуу хөгшин нь сонин биш, тэр хүмүүсийн дүр төрхийг хэр урлаж чадах вэ гэдэг нь л чухал. Тийм ч учраас Ц.Төмөрбаатар, П.Цэрэн-дагва хоёрыг сонгож авсан. Энэ хоёр маань үүнийг хариуцлагатай хийсэн. Маш хариуцлагатай, сайн хийсэн гэж дотроо боддог. Дөнгөж ажил эхэлж байна. Дуусаагүй байна. Дуусгах боломжийг надад олговол би их баярлана. Энд нэг юмыг хэлэхэд энэ бол уран сайхны кино шүү. Жамуха, Тэмүүжин хоёрын асуудал шийдэгдсэн тохиолдолд Тэмүүжний цаашдаа яах нь ургаж гарч ирнэ. Яагаад гэхээр Жамухад ч, Тэмүүжинд ч хэцүү байсан. Энэ хоёрын асуудлыг би сайн шийдсэн гэж бодож байгаа. Зохиолч сайн шийдсэн. "Чи намайг өршөөлөө гэхэд Монголын төр намайг өршөөх ёсгүй" гэж Жамуха өөрөө найздаа хэлдэг. Тэмүүжиний бүхий л амьдралынхаа туршид шаналсан юм бол Жамуха байсан. Жамухыг би яах вэ гэж. Би өөрийнхөө зорилгод хүрсэн гэж боддог, Бусад бүх кинон дээр Жамухыг их амар-хан алдаг. Авчраад л хүзүүг нь тас мушгиад эсвэл шороонд булаад, харваад алчихдаг. Гэтэл тэр хоёрын нөхөрлөл, хоорондын зөрчил тийм хямдхан зүйл биш ээ. Үнэтэй, бүр түүхэндээ үе үеэр нь өнөөдрийн монголчууд хүртэл уламжилж үлдээсэн тийм нөхөрлөл юм. Тиймээс Жамуха анддаа "Би чиний нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхөр" гэж хэлж байгаа юм. Үүнийг яаж шийдсэнийг С.Жаргалсайхан маань гайхамшиг л гэж боддог. Энэ хоёрын асуудал шийдэгдсэн учраас Тэмүүжин бол эргэлзэх, эрмэлзэх, сэтгэл нь зовох, айх ч зүйлгүй болсон. Би үзэгчдийн шүүмжлэлийг зөв гэж бодож байгаа. Гэхдээ Тэмүүжин дөнгөж эхэлж байна. Одоо цаашаа явахад Ц.Төмөрбатаарын нас, үс зүс хаашаа ч гарахгүй. Харин зарим нэгхүн ярьж байна, Тэмүүжний ийм, тийм биетэй байсан гэж. Ямар ч түүхч том эрдэмтэн байсан би тэр хүнд "Битгий худлаа яриач дээ" л гэж хэлнэ. Тэрийг хэн ч өнөөдөр мэдэхгүй. Тэмүүжингээ ч бид мэдэхгүй шүү дээ. Бид түүхийн гадна дотны бичсэн хүмүүсийн дотроос л би Тэмүүжингээ эрж байгаа.

-Киногоо гаргахын өмнөхөн та хүмүүс яаж хүлээн авах бол гээд нэлээн догдолж байсан. Дараа нь уужуухан амьсгалж хэсэг амсхийгээ биз?
-Надад хүмүүс хэлж байна. Кино үзэж гарсан гурван бүсгүй, гурван залуу пиво уунгаа ярьж байна гэнэ. Эмэгтэй нь "Ямар сонин юм бэ. Би ерөөсөө уйлахгүй, уйтгартай болсон юм байна. Сая кино үзэхдээ дөрвөн удаа уйллаа" гэж. Нөгөөдүүл нь "Чи уйлсандаа юундаа баярлаад байгаа юм" гэхэд "Хүн юмыг хайрлаж, харамсч уйлах их сайхан юм байна" гэж л дээ. Энэ яриа хүртэл намайг баярлуулж байгаа. Би өөрөө ярьж байгаа болохоор хүмүүс өөрийгөө магтах гэж байна гэх байх. Киног маань Мандухайгаас хойш гарсан хамгийн сайн кино боллоо гэсэн сэтгэгдэл байна. Нөгөө талаар хүмүүс юмны царыг мэддэг болжээ. Нээрээ энэ кинонд чинь их хөрөнгө зарсан юм байна. Энэ чинь бас үнэн ярьсан байна гээд намайг өрөвдөх маягтай байна. Хүмүүс Чингэсийг ухаалаг болж ч гэж байна. Хамгийн гол нь бусдын хийсэн киноны алинтай нь ч өнгө, хөг нийлэхгүй байгаа нь сайхан болжээ. Монгол зан заншил, уламжлалаа сайн тусгасан байна гэх зэрэг яриа олны дунд байгаа л юм байна. Тийм учраас би хоёр, гуравдугаар ангийг нь бодоод эхэлсэн. Би киноны нээлт дээр чамд хэлж байсан цаа, хоёр жил хараалгалаа болъё гэж. Гэтэл одоо дараагийн ангийг нь яриад сууж байна. Хүн гэж ийм л амьтан юм байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.