Б.Сийлэгмаа: Амьдралд мөнгө хэрэггүй гэж хэлэхгүй ээ

2008/09/27
Share |
Хүмүүс: Б Сийлэгмаа | 
Б.Сийлэгмаа:  Амьдралд мөнгө хэрэггүй гэж хэлэхгүй ээ

“Бямбын ярилцлага”-ынхаа зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сийлэгмааг урилаа. 

-Ярилцлагаа таны урлагт хөл тавьж, дуучин болсон үеэс эхэлье?
-Би хүүхэд байхдаа бүжигчин болохыг хүсдэг байлаа. Бүх ард түмний урлагийн наадамд 1986 онд оролцож, алтан медаль хүртсэнээр дуучин болох гараа маань эхэлсэн дээ. Тэр цагаас өнөөг хүртэл мэргэжлийн дуучнаар ажиллаж байна.

-Уран бүтээлийнхээ гарааг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас эхэлж байв уу?
-Тийм ээ. Хилийн цэргийн ансамбльд очиж шалгуулаад, гурван удаа буцаж байлаа. Тэгээд дөрөв дэх удаагаа шалгуулж тэнцэхэд урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт агсан Бадарч багш, Төмөрбат дарга, хилийн цэргийн ансамблийн хоормейстр, хөгжмийн зохиолч Энхбаяр нар маань алган дээрээ тосч авч, уран бүтээлч болгосон юм.

-Армитай олон жилийн амьдрал, уран бүтээлээ холбожээ?
-Хүний сэтгэлд анхны юм бүхэн мартагдахааргүй дурсамж болж үлддэг. Энэ байгууллагад анх дуучин болчихоод баярын бичгээр шагнуулж, амьдралынхаа ханьтай учран гал голомтоо асаасан, үр хүүхэдтэй болсон гээд яриад байвал олон сайхан дурсамж бий.

-Цэргийн тухай дуу ч уран бүтээлийн тань санд их байдаг юм билээ?
-Чуулгынхаа ахмадуудаас уран бүтээлч хүн ямар байх ёстой, дуугаа яаж хүмүүст хүргэх, амьдралын ухаан гэж юу юм, түүнд хэрхэн суралцах ёстой вэ гээд олон зүйлд суралцсан. Хүнд худлаа хэлж чаддаггүй, юмыг цагт нь амжуулдаг, дэг журамтай, хэлэх гэснээ  цэгцтэй, товч үгээр ойлгуулж чаддаг гээд цэргийн газраас сурсан олон сайн чанар надад бий гэж боддог. Цэргийн хүн байна гэдэг сайхан. Тэр тусмаа эмэгтэй хүнд ховор тохиох завшаан шүү. Медаль тэмдгээ зүүгээд, дүрэмт хувцсаа өмсөөд явахад цаанаа л нэг гоё цоглог байдаг юм. Би өөрийгөө их азтай гэж боддог. Цэргийн чуулгын дуучин байхдаа эх орныхоо торгон хилийг бүрэн тойрсон. Ийм сайхан боломж хүн бүрт тохиохгүй шүү дээ.

-Таныг олонд танил болгосон дуу гэвэл?
-Уучлаарай. Энэ асуултад хариулахын өмнө өөрийнхөө тухай ярихыг түр хойшлуулъя. Ард түмний хайртай дуучин байсан Мөнхбаяр хэмээх нэгэн сайхан хүнийг дурсахгүй байж чадахгүй нь ээ, би. Тухайн үед Н.Жанцанноров гуай бид хоёрт зориулж “Цэрэг чамдаа хайртай”, “Уйдах завгүй цэргийн хугацаа” гэдэг хоёр сайхан дуу хослон дуул гэж бичиж өгч байсан. Одоо тэр бүхнийг эргээд дурсахад саяхных юм шиг л санагдаж байна. Энэ хоёр дууны дараа “Хүн хүндээ хайртай байдаг юм”, “Их хайр”, “Сүслэн хайрлаж яваарай” гээд олон дуу дуулсан даа. Ийм сайхан бүтээлүүдийг мундаг хөгжмийн зохиолчид надад зориулж хийж байсанд баярладаг юм.
 
-Одоо та ҮДБЭЧ-ын гоцлол дуучин. Ардын дууны гайхамшгийг хэр мэдэрдэг вэ?
-Ард түмний хайрлаж хүндэлдэг алтан үеийнхнийг төрүүлсэн энэ том айлын босгоор алхаж олон сайхан уран бүтээлчтэй нь цуг ажиллаж яваадаа бахархдаг. Чуулгынхаа хаалгаар орох болгондоо алтан тайзандаа залбирдаг. Ардын урлаг дэлхийд гайхагдана гэдэг монгол түмний ухаан юм шүү дээ. Хилийн дээс олон ч удаа алхлаа. Үндэснийхээ хувцсыг өмсөөд, үндэснийхээ хөгжимтэй ардынхаа дууг дуулахад гадныхан гайхан биширч, сэтгэл өндөр хүлээж авдаг. Дуулах тусам, сонсох тусам уртын дуу ухаарал хайрладаг. Манай чуулга өдөр бүр жуулчдад зориулсан тоглолттой байдаг. Тоглолт дууссаны дараа жуулчид бидэнтэй уулзаад “Танай уртын дууг сонсохоор тал нутаг өөрийн эрхгүй нүдэнд харагдах шиг боллоо. Хөөмий гэдэг чинь ямар өвөрмөц юм бэ” гэж хэлж байсан удаа олон. Тэр агшныг харахад надад   дэлхийд гайхагдсан ийм сайхан шавхагдашгүй баялагтай оронд төрсөн минь ямар их аз ерөөл вэ гэж баярладаг.
    
-Харийн оронд ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ уран бүтээлээ олон удаа өргөн барьсан уран бүтээлчдийн нэг нь та. Явсан орон болгоноосоо ямар бодол тээж ирдэг вэ?
-Би АНУ-ын ихэнх хотоор тойрч тоглосон. Олон зууныг үдсэн ч үндэсний урлагаа өнөөг хүртэл авч үлдэж, хөгжүүлж чадсан өвөг дээдсийн минь ухааныг тэд гайхаж биширч байсан. Тэнд амьдардаг монголчууд эр орон, гэр бүлээ их санасан байдаг юм билээ. Уртын дуугаа сонсчихоод дараа нь “Хүний нутагт уртын дуу, хөөмий, морин хуураа сонсоод эх орондоо  очсон юм шиг боллоо. Үнэхээр гайхамшигтай юм. Бид эх орондоо байхдаа энэ сайхан гайхамшгийг тэр бүр мэдэрдэггүй байжээ” гэж ярьж байсан.

-Таныг тайвань, солонгос дуу сайн дуулдаг гэж сонссон?
-Гадаад орнуудад явж байхдаа дуунуудыг нь сонирхож дуулж сурдаг. Хоёр жилийн өмнө Ардчилсан солонгос улсын урлагийн наадамд оролцож мөнгөн цом хүртсэн.

-Та сүүлийн үед уран бүтээлийн олз омгоор хэр арвин байна вэ?
-”Хүн хүндээ хайртай байдаг юм” дуундаа клип хийлгэж байгаа. Тун удахгүй “Сүслэн хайрлаж яваарай” дуундаа хийлгэнэ. Бас дан ардын дуунаас бүтсэн цомог гаргах гээд ажиллаж байна даа. Сүүлийн үед би хүмүүст сэтгэлийн таашаал өгч, ухаарал хайрласан уран бүтээл түлхүү хийхэд анхаарч байгаа.

-Өөрийнхөө залгамж халааг бэлтгэж хэдэн сайн шавьтай болох юмсан гэдэг бодол танд төрдөг үү?
-Төрөлгүй яах вэ. Алсдаа өөрийн гэсэн хоёр шавьтай болж, сайхан дуучид төрүүлэх юмсан гэж бодож явдаг. Би дуучин болох гэж маш их хөдөлмөр, зүтгэл, цаг хугацаа зарцуулсан. Шавьтай болбол урлагт амьдралаа харамгүй зориулах сэтгэлийн тэнхээтэй байх шаардлага тавина даа.

-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчлөх үү. Нөхрийг тань цэргийн хүн гэж сонссон юм байна?
-Хилийн цэргийн чуулгад дуучин болчихоод тоглолтоор Эрдэнэтэд очиход  нөхөр маань цэрэг байсан юм. Нөхөртэйгээ би цэрэг байхад нь танилцаад, одоо хүртэл 18 жил ханилж  байна. Хүү маань 17 настай.

-Урлагийн цаг завгүй ажлыг хань тань хэр ойлгож дэмждэг вэ?
-Урлагийн хүнийг ойлгож амьдарна гэдэг хэцүү. Бид чинь баяр ёслолоор гэртээ бараг тогтдоггүй. Тоглолт гээд л ийш тийшээ явах нь их. Тэр бүхний ард хань маань ар гэрийнхээ ажлыг зохицуулаад үлддэг. Хүмүүс биднийг үлгэр шиг амьдралтай гэж төсөөлөөд байдаг. Тийм биш шүү дээ. Хүн л юм чинь хүний л амьдралаар амьдарна. Өдөр тутмын амьдралаа урлагийн амьдралтай холбож зохицуулахад  тэсвэр, тэвчээр шаардана. Ар гэр нь баталгаатай, итгэл даадаг, дэмжиж ойлгодог байж урлагийн хүн амжилтад хүрдэг.

-Итгэж, хайрлаж амьдрахын сайхнаас та яриач?
-Амьдралд хайртай байх урмыг итгэл өгдөг юм шиг санагддаг. Итгэж чадвал алдар нэр, эд хөрөнгө хайрын хажууд юу ч биш юм. Аз жаргалыг би хоёр биеэ хүндэлж, хайрлах сэтгэл гэж ойлгодог. Дэргэдээ байгаа хайртай бүхнээ аз жаргал минь гэж боддог шүү. Ханиа би хүнийх нь хувьд маш их хүндэлдэг. Сониноор дайж үг хэлэх хачин байж магадгүй л юм. Гэхдээ л танай сониноор уламжлаад ханьдаа “Хайр халамж, нөмөр нөөлөгт тань хүү бид хоёр сайн сайхан явна. Цаг завгүй ажлыг минь ойлгож, сэтгэлээсээ дэмждэгт тань баярлаж явдаг шүү” гэж хэлье.

-Ханийнхаа халамж түшгийг нь ямар үед илүү мэдэрдэг вэ?
-Амралтгүй, ажил ихтэй үед л их мэдэрдэг дээ. Хөдөө гадаа тоглолтоор яваад аяншиж ядраад ирэхэд хань маань хайр, халуун цай, хоолтойгоо угтдаг. Хөргөгч онгойлгоод үзэхэд яарч сандарсан үед түргэн бэлтгээд идчих хоол хүнсний зүйлээр дүүргэчихсэн байдаг юм. Зарим хүн энэ мэт зүйлийг яасан том юманд боддог юм гэж гайхаж магад. Энэ бол бага зүйл биш. Тэр бүхнийг хараад ямар ч үед дүүрэн сэтгэлээр угтдаг ханиараа бахархдаг шүү.

-Сайн ханьтай байхад сэтгэл үргэлж өөдрөг байдаг биз?
-Тэгэлгүй яах вэ. Манай хүн надад үе үе сюрприз барих дуртай. Эмэгтэй хүнийг баярлуулж чадах мэдрэмжтэй. Найз нөхдийнхөө төрсөн өдөр, баяр ёслолыг хэзээ ч мартаж байгаагүй. Өгөх бэлгээ аль хэдийнэ бэлдчихсэн байдаг. Найзуудтайгаа бужигнаж, байгаа юмаа хуваалцах дуртай. Энэ зан нь сэтгэлийг минь үргэлж өөдрөг байлгадаг юм.

-Ханийнхаа ямар зан чанарт өөрийн эрхгүй татагдчихав?
-Хөгжилтэй, цайлган, хүлээцтэй, эр хүний байгаагаараа байдаг занд нь одоо ч татагддаг. Найзууд нь тус дэм гуйхад “Үгүй” гэж хэлж байхыг нэг ч удаа сонсоогүй. Аав, ээж дүү нарыг минь өөрийнхөө аав ээжтэй адил зүйрлэж хүндэлж чаддаг сайн чанар ханьд минь бий.

-Мөнгө, сэтгэл, нэр алдрын аль нь амьдралд чухал вэ?
-Амьдралд мөнгө хэрэггүй гэж хэлэхгүй ээ. Хэдий хэрэглээ ч түүнийг хүндэлж амьдрах хэрэгтэй. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг үгэнд би дуртай. Хүн зөв сэтгэлээр амьдралд хандаж, зөв хөдөлмөрлөж чадвал нэр алдар, мөнгө өөрөө л дагаад ирдэг юм шиг санагддаг.
 
-Нутгаа санасаар зорьж очиход ямар мэдрэмж төрдөг вэ?
-Аав маань Баянхонгор, ээж маань Ховд нутгийн хүн. Аав ээжийгээ Дорноговь аймагт ажиллаж, амьдарч байхад би төрсөн. Энэ нутгийн уул усанд залбирдаг. Говь нутгийн хүмүүсийн хээгүй, найр наадамд дуртай, дуутай хууртай зан надад байдаг. Хангай нутагтаа ч гэсэн сэтгэлдээ сүсэлж явдаг. Гантай байгаад бороо орлоо гэхийг сонсоод сэтгэл минь их уужирсан шүү.
  
-Ганц амардаг өдрөө гарынхаа хоолыг гэрийнхэндээ хийж өгдөг биз дээ?
-Гэртээ янз бүрийн хоол хийж нөхөр хүүхдээ дайлах дуртай. Хийсэн хоолыг минь магтахыг сонсоод урамшдаг. Би цаг хугацааг сайн ашигладаг л даа. Завтай үедээ банш, бууз хийгээд хөлдөөчихдөг юм. Найз нөхдөө ирэхэд нь хоол цайгаар уяж байсан удаа ховор.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
hanala Где делают кокаин Prosto24 biz чита ЗакладкР¸ шишки ак47 в АльметьРµÐ²ÑÐºÐµ Купить коноплю в спбе ЗакладкР¸ луганск C21h23no5 Стаф в Севске ЗакладкР¸ MDMA в ÐšÐ¾Ð½ÑÑ‚Ð°Ð½Ñ ‚иновске Курить Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СреднекР¾Ð»Ñ‹Ð¼ÑÐºÐµ Купить закладкР¸ методон в Касли Купить спиды в спб Спайс шоколад Купить Гашиш в Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Купить Второй МосковсРºÐ¸Ð¹ Jwh купить в москве Амфик закладкР°Ð¼Ð¸ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в СольвычРµÐ³Ð¾Ð´ÑÐºÐµ Гашиш в Щелкове БензилмР°Ð³Ð½Ð¸Ð¹Ð±Ñ€Ð¾ мид 1 грамм героина Набор благовоР½Ð¸Ð¹ хем ЛигалайР· магазин Купить Кокаин НазаровР¾ Купить закладкР¸ метадон в ÐÐ»Ð°Ð¿Ð°ÐµÐ²Ñ ÐºÐµ ЗакладкР¸ бошки в Алзамае Ð¢ÐµÑ…Ð½Ð¸Ñ‡ÐµÑ ÐºÐ°Ñ соль цена, где купить в АстрахаР½ÑÐºÐ¾Ð¹ области Купить МДМА розовые ПолярныР¹ Шишки закладкР°
IP:5.101.221.124  2018-02-08 04:06:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.