С.Сэрчмаа: Хайр гэдэг үг өөрөө амьдралын маш том философи юм шиг санагддаг

2008/09/27
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
С.Сэрчмаа: Хайр гэдэг үг өөрөө амьдралын маш том философи юм шиг санагддаг

Өөрийнхөө дүр төрхийг өөрчилнө гэдэг уран бүтээлч хүнд тийм ч амар зүйл биш. Тэгвэл Сэрчмаа үүнийг давч чаджээ. Түүнийг "Хүмүүс" буландаа зочноор урилаа.

-Нэг хэсэгтээ л чимээгүй байлаа. Уран бүтээлийн тухайд сонин сайхан юу байна вэ?
-Миний хувьд өнгөрсөн жил  амрах завгүй хөдөлмөрлөсөн. “Хайраасаа асууя”, “Making me crazy” нэртэй R&B чиглэлээр дуулсан хоёр ч шинэ цомог гаргалаа. Энэ жил сонсогчдын хүртээл болгохыг зорьж байна.

-Японд тоглолт хийсэн.  Хэр хүлээж авав?
-Япончууд сэтгэл өндөр, сайхан хүлээж авсан. Тэнд ажиллаж байгаа манайхан  боломжийн амьдардаг юм билээ. Ялангуяа өвөрмонголчууд илүү  суурьшиж, өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ олж чадсан байна. Гаргасан таван цомгийнхоо 70 гаруй дуунаас хамгийн шилдэг гэснийг нь сонгож бие даасан тоглолтоо Кобе, Токио хотод хийсэн. Үзэгчдийнх нь хүсэлтээр амьд хөгжимтэй тоглодог клубт дахин тоглосон маань миний хувьд их онцлог байлаа.

-Японы хөгжлийг анзаарахад юу бодогдох юм?
-Японы ард түмэн ёс заншил, соёлоо дээдэлж чаддаг, хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч, найрсаг улс шиг санагдсан. Мэргэжлийн сүмогийн дэвжээнд зодоглож байгаа Монголын бөхчүүдэд эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаж байгаа гээд Японы ард түмэн их хүндэтгэлтэй ханддаг юм билээ.

-Сүүлийн үед өөрийн тань өнгө аяс, имиж өөрчлөгдсөн нь олонд их таалагдсан байна лээ?
-Стиль имижээ өөрчилж байгаа. Quiza-тай хамтарч “Жалам хар” дууг шинэ стилиэр дууллаа. Миний хувьд залуучууддаа сонсох дуртай, орчин үеийн сэдэвтэй, шинэлэг уран бүтээл хүргэхийг их эрмэлздэг. Бүх зүйлд шинэ байя гэж бодож дууныхаа үг ая, стиль имиж, дүр төрхөө өөрчилсөн.

-Цаашид хийх уран бүтээлүүдээс чинь ямар стиль, өнгө аясыг олж харах вэ?
-Поп, R&B чиглэлийг илүү олж харах байх. Уянгын, хайрын элч дуучин нэрэндээ би одоо ч дуртай. Уран бүтээлч хүн хамелеон шиг байнга хувирч өөрчлөгддөг байх хэрэгтэй. Энэ утгаар яривал ганц урсгал чиглэлд баригдахыг хүсэхгүй байна. Хойшдоо альтернатив, рок, поп гээд бүх урсгалаар дуулна. Тэгэхээр өмнөх болоод шинэ Сэрчмааг олж харна гэсэн үг.

-Таны хувьд рок, поп урлагт өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзэлсэн. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд Та ч их хичээлээ?
-Тайзан дээр дуулаад арваад жил болсон байна. Хөдөлмөрлөснийхөө хэрээр амжилтыг ч мэдэрсэн. Хилийн дээс алхаж олон ч оронд тоглолоо. Уран бүтээлээрээ цөөнгүй цомог гаргалаа. Энэ бүхэнд сэтгэл минь ханаагүй. Дуучин хүнийхээ хувьд  сайхан уран бүтээл  хийх юм сан гэдэг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, зүрх сэтгэлээсээ дуулсан дуу олонд яаж хүрдгийг одоо л зах зухаас нь ойлгож эхэлж байна.

-Таныг хөдөөг зорьж тоглолтоо хийлээ гэж сонсоогүй юм байна?
-Дуучин болсноос хойш хөдөө аялан тоглолт хийж байсангүй. Саяхан Өвөрхангай, Архангай, Завхан, Дорнод аймагт очиж уран бүтээлээ толилуулаад ирлээ. Надад хөдөөгийнхөн “Та яагаад ирдэггүй юм бэ” гэсэн асуулт их тавьж байсан. Энэ асуулт тоглолтыг маань үгүйлж байсныг мэдрүүллээ. Бүх цомгийнхоо дуунуудаас хит болсныг нь сонгож орон нутагт  тоглолт хийе гэсэн бодол төрсөн шүү.
       
-Тайзан дээр багагүй хугацааг үдлээ. Ямар хүн бэ гэдгээ уран бүтээлээрээ нээж чадсан гэж боддог уу?
-Би уран бүтээлээ хүмүүст хүргэж чадсан гэж боддог. Харин ямар хүн бэ гэдгийг  ард түмэн хийсэн уран бүтээлээс минь олж харсан байх.

-Та зорьсондоо хүрэхээр дайчин зүтгэдэг хүн шиг санагдлаа.
-Магадгүй. Багаасаа урлагийн сургуульд суралцсан болохоор багш маань тэвчээр гэдэг зүйлд тодорхой хэмжээгээр сургасан. Өөрийн хүмүүжил, мэдлэг, авьяас дээрээ тулгуурлаж би уран бүтээлээ хийдэг. Өдий зэрэгтэй явахад минь олон хүний ач тус шингэсэн. Уран бүтээлч хүн ард түмнийхээ урмаар л амьдардаг юм шүү дээ. Хийсэн бүтээснийг минь үнэлсэн халуун алга ташилтаас өөдрөг бодол, хийж бүтээе гэсэн эрмэлзэл, эрч хүч, урам зоригийг ч авч чаддаг.

-Нас чинь 20 нэлээд гарчихлаа. Үр хүүхэдтэй болъё гэж бодож байгаа биз дээ?
-Мэдээж үр хүүхэдтэй болъё гэж бодолгүй яах вэ. Юун түрүүнд өмнөө тавьсан зорилгодоо хүрье. Цаг нь ирэхээр ээж шигээ сайхан гэрийн эзэгтэй болно гэж боддог. Уран бүтээлчид угаасаа л ард түмний өмнө ил тод байдаг шүү дээ. Нэг сайхан нартай өдөр хуримаа хийгээд, үр хүүхэдтэй болох баярт мөчийг минь харах биз ээ.

-Ээж болооч гэж ойр дотнын чинь хүмүүс хэлж, зөвлөж байна уу?
-Намайг ойр дотнын маань хүмүүс бүгд мэддэг болохоор шавдуулаад байдаггүй. Би багаасаа бие дааж сурсан болохоор бүх зүйлийг төлөвлөх дуртай. Гэр бүл болж, ээж болохын тухайд надад төлөвлөсөн зүйл бий.

-Хүн амьдралд төлөвшөөд, аливааг ойлгодог болсон үедээ хайрыг илүү ойлгодог  юм болов уу. Таны бодлыг сонсъё?
-Миний уран бүтээлд хайрын тухай олон дуу бий. Хамгийн сүүлд “Хайраасаа асууя” нэртэй цомог гаргалаа. Хайр гэдэг үг өөрөө амьдралын маш том философи юм шиг санагддаг. Хүний хэдэн насанд ч хайр тохиолдож болох зүйл. Төрсөн цагаасаа эхлээд орчлонгоос одтолоо хүн хайранд бөмбөрдөг ч юм шиг. Бодоод байхад хайрын эхлэл дурлал юм болов уу.

-Сэргэлэн, хөдөлмөрч, сайхан харагдъя гэвэл Сэрчмаагаас суралц гэх хүн ч байх юм билээ?
-Намайг хүний зэрэгт хүргэсэн аав, ээждээ баярлалаа гэж хэлмээр байна. Надад өөрийгөө голох сэтгэл хэзээ ч төрж байгаагүй. Эмэгтэй хүн болгонд бурхан эрхэмсэг харагдах өөрт нь тохирсон гоо үзэсгэлэн заяачихсан байдаг. Дотоод сэтгэлээсээ гэгээрч, гэрэл цацруулж чадвал эмэгтэй хүнд гоо сайхан цогцолдог гэж боддог.

-Жинхэнэ эр хүнийг Та хэрхэн  тодорхойлох вэ?
-Ухаалаг, эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг хүнийг би жинхэнэ эр хүн гэж боддог. Миний хувьд гаднах царай төрх тийм ч чухал биш гэж үздэг. Нэг хүн надад “Эр хүн сармагчнаас жаахан царайлаг байвал эмэгтэй хүнд амьдралын сайн хань, түшиг тулгуур болж чаддаг юм” гэж хэлж байсан. Одоо бодоод байхад үнэн үг юм шиг.

-Эр хүн гэж хэлэхэд танд хамгийн түрүүнд ямраар төсөөлөгддөг вэ?
-Эр хүнийг би ааваараа бодож төсөөлдөг. Аав маань гэр бүлдээ хайртай, бидний төлөө сэтгэлээ харамгүй зориулсан хүн. Сайн сайхан яваагаа би аав ээжтэйгээ холбож ойлгодог.

-Амьдрал тэмцэл үү, аль эсвэл жам уу?
-Амьдралыг би дайны талбар, тэмцэл гэж ойлгодог. Хүн тэмцэж байж л амьдралаа, байр сууриа олж, хийж бүтээнэ. Зарим нэг хүн урсгалаар амьдрах сонирхолтой байдаг юм билээ. Ингэж явах миний хувь заяа юм байлгүй дээ гэж  сөгдөж, гунигт автаж амьдарвал хамгийн харамсалтай. Хүн өөртөө итгэж, өөрийгөө үнэлж, дүгнэдэг байх ёстой шүү дээ. Өнгөрсөн үеэ эргээд харахад харамсахгүйгээр амьдарч чадсан байвал хамгийн сайн тэмцэл юм.

-Эдийн засгийн хувьд таныг бүрэн бие даасан гэж ойлгож болох уу?
-Яалаа гэж. Би учиргүй хөрөнгө мөнгөтэй биш. Оюуныхаа хөрөнгө оруулалтыг л өөртөө зөв ашигладаг хүн. Өндөр өртөгтэй, ширүүн өрсөлдөөн дунд уран бүтээлээ туурвиж явна.

-Монголд сайхан амьдрал байна уу?
-Өдрөөс өдөрт юмны үнэ нэмэгдэж, ард түмний амьдрал доройтож, хүн болгон стресст өртөж, нийгэм тэр чигээрээ бухимдалтай байна. Энэ бол Монголын үнэн дүр төрх. Сайхан байна гэж муугаа нууж ярьдаг хүн яасан олон болчихсон юм бэ. Яагаад залуучууд маань харь орныг сонирхож, ажиллаж амьдрах болов оо. Үнэнийг хэлэхэд хөдөлмөрийг нь үнэлж, хөлсийг нь өгч, хүнээ дээдэлж чаддаг улс оронтой болохыг хүсэж, сайн сайхан амьдрахын төлөө бусдын нутагт зовж байна шүү дээ, тэд.

-Та сэтгэл хангалуун, хүссэнээрээ амьдарч чадаж байна уу?
-Тийм ээ. Дуу хуур, ажил мэргэжил маань миний сэтгэлийн кайф юм. Дуртай, сонирхолтой учраас л ар гэр, гэрлэлт, үр хүүхдийг хойшлуулсан.

-Бүсгүйчүүдэд атаархуу зан байдаг даа. Танд ч гэсэн байгаа даа?
-Хүн болгонд байдаг зан шүү дээ. Байх ч ёстой. Атаархана гэдэг чинь хор шартай холбоотой байх шүү. Зөв атаархлыг зөв шар болгож өөрийгөө хөгжүүлж чадвал юу нь муухай гэж. Ийм зангийн хүчээр амжилтад хүрсэн хүмүүс зөндөө л  байдаг биз дээ. Надад эд хөрөнгө, өмсөж зүүхийн тухайд бусадтай адилхан байя гэдэг атаархал төрж байгаагүй.

-Маргааш гэж хойшлуулж байсан удаа бий юу?
-Тун цөөхөн. Төлөвлөсөн зүйлээ  цагт нь амжуулах дуртай. Цаг хугацаа эргэж олддоггүй болохоор үнэтэй санагддаг юм.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.