Г.Алтантүрүү: Дахин амьдрал хэцүү байна гэж уйлахыг хүсэхгүй байна

2008/09/27
Share |
Хүмүүс: Алтантүрүү | 
Г.Алтантүрүү: Дахин амьдрал хэцүү байна гэж уйлахыг хүсэхгүй байна

“Залуу хүн бүр оргил руу тэмүүлдэг. Мацах арга зам нь өөр өөр боловч уулзах цэг нэг гэж тэр ярьсан. “MN 25 дугаар” суваг телевизийн редактор Г.Алтантүрүүг “Бямбын ярилцлага”-ын зочноор урилаа.

-”Танайд хоноё” нэвтрүүлгийнхэн хэд дэх айлдаа хоноод байна аа?
-Би өчигдөр өглөө босоод хоносон айлаа тооллоо, 74 болчихож. Жил гурван сарын хугацаа өнгөрчээ. Хоносон зарим айлаа мартсан тохиолдол байгаа байх. Хонох газаргүй болоход лав хоёр сар хоног төөрүүлэх айлтай болжээ янз нь. Болохгүй бол траншейнд ороод унтчихна. Тэнд амьдрал ямар байгааг мэднэ.

-Тэгэхээр хэдий хугацаанд гэртээ хоноогүй гэсэн үг вэ?
-Нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш бараг гурван сар шахам хугацаанд гэртээ хоноогүй юм шиг байна. Эхэндээ айлд хоноход түвэгтэй байсан бол сүүлдээ дуртай ажил болж хувирсан. Хамгийн эхэнд хагархай Тамирынд хоносон. Энэ нэвтрүүлгийн санааг олоод пүүгээгээ үүрээд “Танайд хоноё” гээд гудамжаар явахад хүмүүс их гайхаж байсан. Зарим нь тэнэг мангараар минь дуудна. Одоо бол нээлттэй хүлээж авдаг болсон. “Тэг тэг, хонооч дээ. Манайх ядруухан ш дээ. Унтах газар байхгүй” гэх мэтчилэн.
Айлд хононо гэдэг бол зүгээр нэг юм яриад байх биш хувийн ариун цэвэр, сэтгүүлчийн ёс зүйн хувьд их өндөр байх ёстой. Ханиад хүрсэн үедээ айлд очиж  болохгүй, цэвэрч нямбай байх хэрэгтэй. Ер нь маш олон зүйлд  өндөр шаардлага тавьдаг.

-Пүүгээгээ үүрээд хэнийд хонохоо мэдэхгүй гарахад юу бодогддог вэ?
-Амьд нэвтрүүлэг хийхсэн гэж хүсдэг. Хэнтэй уулзахаа мэдэхгүй явахад санаа амар ш дээ. Ганц нэг айлд очихдоо тухайн хүний талаар судлах шаардлага гарсан. Жишээ нь дуучин Жавхлангийнд хонох хүсэлтийг үзэгчид тавьсан, би зорьж очсон юм. Харин зүгээр гудамжинд таарч гэртээ хонуулсан хүн олон бий. Хэн нэгэнтэй  өмнө нь ярьж тохироод айлд хоноод байвал энэ нэвтрүүлэг урт настай байхгүй. Үзэгчид ч сонирхохгүй. Нэвтрүүлгээ амьд хийе, үзэгчдээс юу ч нуулгүйгээр хүргэе гэж зорьсон. Тэр утгаараа үзэгчид дуртай хүлээж авсан  байх гэж боддог.

-”Танайд хоноё” жинхэнэ монгол нэвтрүүлэг гэж Ерөнхий сайд тодорхойлсон. Нэвтрүүлэг хийх санаагаа яаж олсон бэ?
-Ганцхан миний санаа биш. Телевизийн уран бүтээлийг ганц хүний нэр дээр ярьж болохгүй, манай хамт олны санаа байгаа. Анхны санаа яаж гарсан бэ гэхээр ажил дээр байтал Алтай ах өрөөндөө дуудаад “Хоёулаа гоё нэвтрүүлэг хийе” гэсэн. Тэгэхэд би “MN 25 дугаар суваг” телевизэд ороод гурван жил шахам болчихсон байсан. “Тэгье” л гэсэн. Би ч гэсэн шинэ юм хийхийг хүсч байсан. Бид хоёр өрөөнд нь гурван сар шахам ярьж сууж байж энэ санааг олсон шүү. Эхэндээ санаа түүхий  байсан бол яваандаа улам боловсронгуй болж байлаа. Сүүлдээ пүүгээтэйгээ айлд хонодог, шүдээ угаадаг Алтантүрүү болж хувирсан. Нэвтрүүлэг гарснаас хойш ер нь айлд хоноход тийм ёс байдаг гэх мэтээр манай ажлынхан зөвлөгөө их өгсөн.  Тийм соёл хэрэгтэй байна, чи тэр үед тийм асуулт тавих хэрэгтэй байсан” гэх мэтээр зөвлөдөг. Тэгэхээр энэ нэвтрүүлэг хамт олны бүтээл байгаа биз.

-Гэртээ хэнтэйгээ амьдардаг вэ?
-Эмээ, дүү хоёртойгоо.

-Айлд хоноод л яваад байхад гэрийнхэн чинь юу гэдэг вэ?
-Эхэндээ эмээ их таагүй хүлээж авсан л даа. “Айлд хонохоор явлаа” гэхэд “Битгий худлаа яриад бай. Гадуур хэсэх гэж л байгаа биз” гэж аашилдаг байлаа. Айлд хонож нэвтрүүлэг хийнэ гэхээр  сэтгэлд  нь буухгүй байсан байх л даа. Нэвтрүүлэг гараад эхэлсэн чинь орох оронгүй юм шиг гээд дургүйцэж байсан. “Айлд хононо” гэхээр эмээ нар шууд утгаар нь л ойлгож байгаа юм.

Одоо бол маш сайн ойлгодог. Зарим үед айлд хонохгүй ч гэсэн найзуудтайгаа гарах үедээ “Айлд хонолоо” гэж худлаа яриад гарах тохиолдол бий. Санааг нь зовоохгүй  гэж тэр. Найзуудтайгаа салхинд гарлаа гэвэл шөнө нойр нь хүрэхгүй.

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлж байна?
-Чөлөөт цаг гарах нь сүүлийн үед ховорхон байгаа. Долоо хоногт хоёр айлд хоноод.

-Нэвтрүүлгийн нэр “Манайд хонооч” болсон байна лээ?
-Маш олон блогт энэ талаар бичсэн байна лээ. Алтантүрүү сонгуулиар далимдуулж мөнгө хийж байна гэж. Мөнгө аваад оцойтлоо баяжсан юм алга, ажлаа хийгээд л явж байна. Сонгуультай холбоотойгоор долоо хоногт хоёр айлд хонож байгаа нь үнэн. “MN 25 дугаар суваг” телевиз бол арилжааны телевиз. Гэхдээ энэ үед хэнийд хонох вэ гэдэг нь хамгийн чухал. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс 2007 оны “Ирээдүйтэй залуу сэтгүүлч” гэсэн шагналыг надад өгсөн. Өөрөө ч мэдээгүй, манай хамт олон шагналыг минь аваад ирсэн. Тийм болохоор би итгэл алдахыг хүсэхгүй байгаа. Хэн нэгнийг дэмжсэн, магтаж малгайлсан нэг ч асуулт тавьдаггүй. Байгаагаар нь л гаргахыг хүсдэг. Нэр дэвшигч итгэл даах хүн мөн үү гэдгийг харуулахыг хүсч байгаа.

-Хувь хүн талаас нь түлхүү харуулдаг болохоор танай нэвтрүүлгийг хүмүүс сонгоод байгаа юм болов уу?
-Хувь хүн бүр сайн хүн биш шүү дээ. Гол нь тэр хүн байгаагаараа л гарах ёстой. Сүүлийн үед чөлөөт цаг багатай болсон. Гэхдээ яах вэ, залуу хүн болохоор яаж ийж байгаад шоудна. Хааяа “River sounds”-т орчихно.

-Бүсгүйчүүд рүү харц шидэж байна уу?
-Бүжиглэнэ, бүсгүйчүүд рүү харц шиднэ. Энэ нь надад таалагддаг. Эмэгтэй хүн рүү харц шиднэ гэхээр хүмүүс буруугаар хүлээж авдаг. Бие биенээ дарсаар дайлаад, яриад суух сайхан шүү дээ. Сайхан амралт болдог. Тэгэхдээ байнга биш ээ, заримдаа. Би дуртай ажлаа хийж байгаа учраас заавал чөлөөт цаг гаргаад байхыг хүсдэггүй. Чиний хообий юу гэвэл би миний ажил л гэж хариулна даа.

-Гэр бүлтэй болох талаар  бодож байна уу?
-Саяхан би нэг хуримд уригдлаа. Хуримын эзэн нь надаас хоёр дүү залуу л даа. Эхнэр нь хуримын даашинз өмссөн, манай залуу гоё смокингтой. Эхнэр нь цодойсон гэдэстэй. Тэр хоёрын харцанд, бүх зүйлээс нь аз жаргал гэрэлтэж байсан. Тэгээд би хэзээ ийм болох вэ гэж бодлоо. Тэгээд бодохоор юу юугүй гудамжнаас аваад суучихаж болохгүй учраас энэ асуудалд няхуур хандах хэрэгтэй. Хүүхэд гэдэг хорвоо дээрх урилгатай зочин байх ёстой. Тиймээс хүүхдийн ээж хэн байх вэ гэдэг нь чухал. Миний өнөөдрийн амьдралын хэмнэл үүнд арай зохицохгүй. Бэлэн биш байна. Айлд хоноод яваад байдаг. Байнга хөдөлгөөнтэй байдаг учраас тэгж хэлж байна л даа. Арай гэж охин дүүгээ орой хэдэн цагт харьж байгааг нь утсаар асууж байна. Түүнээс илүү зав гаргаж чадахгүй  юм аа.

-Тэгэхээр энэ нэвтрүүлэг хэсэг хугацаанд гарч байгаад гэр бүлтэй болоход завсарлана гэсэн үг үү?
-Хүмүүс, тэр тусмаа бүсгүйчүүд долоо хоногийн дотор тураана гэсэн сурталчилгаанд итгэдэг хэр нь намайг гэр бүлтэй болчихвол “Танайд хоноё” нэвтрүүлгийг хийхээ болино гэдэгт итгэх юм. Би үүнийг ер ойлгодоггүй. Ирээдүйд миний гэр бүл болох хүн ажлыг минь ойлгодог л байлгүй болохгүй. “Танайд хоноё” хэзээ ч дуусахгүй нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн өнгө аясыг өөдрөгөөр харж, улам баяжуулаад явбал би өвгөн болтлоо ч нэвтрүүлгээ хийсээр байх боломжтой. Яагаад гэвэл хотын хорооллын нэг орон сууцыг л хараарай. Гэрэл нь асаалттай хэчнээн цонх байна. Тэр цонх бүрийн цаана гэр бүл байгаа. Цонх бүрийн цаана өөр өөр мөрөөдөл, өөр өөр асуудал, өөр өөр хүсэл эрмэлзлэл, өөр өөр оройн хоол. Тэгэхээр нэвтрүүлэг дуусахгүй  байх. Гэхдээ үүнийг сонирхолтойгоор өөрийн гэсэн өнгө аясаар нь өөдрөгөөр авч явах нь л хамгийн чухал. Энэ бол миний үүрэг.

-Найз бүсгүйтэй юү?
-Байгаа. Гэхдээ найз бүсгүй гэж хүлээж авах уу, хамтран амьдрагч гэх үү гээд асуудал бий. Хамт амьдарч байгаа. Юу юугүй гэрлэнэ гэж бид хоёрын хэн нь ч яриагүй. “Би чамд хайртай” гэж хэн хэндээ хэлээгүй явна. Эхлээд өөрийгөө чагнах хэрэгтэй. Гэхдээ их сайн бүсгүй байгаа л даа. Эрэгтэй хүн ер нь бүдүүн тоймын асуудлыг л шийдэх юм. Харин бүсгүй хүн эр хүний хамгийн нарийн асуудлуудыг зохицуулдаг юм шиг байна. Энэ тал дээр наана, цаанатай зөндөө л юм бодож байгаа. Би өөрийгөө бэлэн биш байгааг 100 хувь мэдэж байна.

-Ажлаас өөр ямар хообийтой вэ?
-Би дөрвөн жилийн өмнө жирийн оюутан байсан. Микро автобусаар явдаг, мөнгөгүй үедээ алхдаг. Одоо ажил ихтэй, найзуудтайгаа ч уулзаж амжихгүй байна. Гэхдээ сүүлийн үед найзууддаа цаг зав гаргахыг хүсдэг болсон. Ажлаа тараад харихад найзууд мессэж бичихгүй, хамт гаръя гэхгүй бол гунигтай. Найзгүй бол би хэн ч биш учраас тэдэнтэйгээ ойр байж, хэсэг хугацаанд тасарсан харилцаагаа сэргээж байгаа.

-Нийтийн тээврээр зорчиж байна уу?
-Дөрвөн жилийн өмнө би микроны үнийг сайн мэддэг байсан. Хоёр жилийн өмнө хэд болсныг нь мартсан явсан. Харин таксины үнийг мэдэж байсан. Саяхан би  машин аваад таксины үнэ хэд болсныг ч мэдэхээ больчихож, нэг мэдсэн чинь. Тэгээд гурав хоногийн өмнө 100 төгрөг төлөөд зориудаар троллейбусанд суулаа. Тэнд хүмүүс юу ярьж байна, хүмүүсийн амьдрал ямар байна, кондуктор юунд уурлаж байгааг мэдэх гэсэн юм. Мөнгө төлөхгүй зорчоод байгаа шалтгаанаа юу гэж тайлбарлаж байгааг тандсан. Ер нь би тэгж явж байя гэж бодсон, яагаад болохгүй гэж. Би чинь сэтгүүлч, дуучин биш. Үзэгчдэд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүн сайн бүтээл хийхийн тулд амьдралд ойр байх хэрэгтэй. Би автобусаар явж байя гэж бодсон. Гэхдээ жаахан тухгүй л байдаг юм, хүмүүс янз бүрээр хараад.

-Траншейнд хоносон, хэцүү байсан уу?
-Надаас хүмүүс “Чи яг хоносон уу” гэж асуугаад байсан. Амьдралыг харуулах нь миний үүрэг, яагаад гэвэл би сэтгүүлч учраас тэр. Траншейнд амьдарна гэдэг үнэхээрийн хүнд. Гэхдээ намайг хонуулсан айл надад амласандаа хүрээд гэртэй болж, амьдралаа өөд нь татсан байна лээ. Нэг телевизийн мэдээгээр гарч байсан. “Алтантүрүү ах аа, баярласан шүү, Манайд дахин хоноорой” гэж байсан. Нэвтрүүлэг үзсэн хүмүүст үр  өгөөжөө өгөөсэй, ямар нэг зүйл бодуулаасай гэж би хүссэн.  Траншейнд хоноод би  нэг зүйлийг ойлгосон.

-Юуг тэр вэ?
-Хүмүүс бүгд нэг нэгнээ дээрэлхэж амьдардаг юм байна гэдгийг. Траншейнд ч гэсэн амьдрал өрнөж байгаа. Хайр дурлал, баяр гуниг, нулимс тэнд байна. Харин  ТҮК-ийн цэвэрлэгч хогоо шүүрдэж шүүрдэж, траншейнд хүн амьдардгийг мэдсээр байж дээрээс хогоо хаядаг. Хогийн машин ирдгийг мэдсээр байж шүү дээ. Харин бид гудамжинд тамхи татаад ишийг нь дуртай газартаа хаядаг. Энэ мэтээр нийгэм нийгэмд бие биенээ дээрэлхэж амьдардаг бололтой. Ирээдүйдээ итгэлтэй, мөрөөдлөөсөө ичдэггүй байгаасай гэж би бас хүссэн, тэндээс гараад явахдаа.

-Танай нэвтрүүлгийн баатар талийгаач Тунгалагийн хүүхдүүдтэй холбоотой байгаа юу?
-Шинэ жилээр бэлэг аваачиж өгөх гээд уулзаж чадаагүй. Дараа нь дүү нь над руу ярьсан. Хэвлэлийнхэн тэр тусмаа шар сониныхон тэр гэр бүлийг залхаасан байна лээ. Үүнээс болж утсаа салгасан гэсэн. Хүүхдүүд ээжийнхээ дүү нартай байгаа юм билээ. Би очъё гээд зүрхлэхгүй байгаа.

-Яагаад?
-Айгаад гэх үү дээ. Нэвтрүүлэг гарсны дараа санаснаасаа их мөнгөтэй болчихоод бид дөрөв бөөн баяр алхахдаа “Ээж нь эрүүл болно оо” гэж хэлж байснаа санаж байна. Би бэлэг бариад очих нь чухал уу, эсвэл очиход хоёр хүүд бүр хэцүү байх болов уу гэж боддог. Гэхдээ би очих ёстой л доо. Уулзахыг хүсч байгаа. Тунгалагийнд хоносон үе өнгөрсөн жилийн тавдугаар сарын сүүлч байсан. Эхэндээ зүгээр нэг хонуулсан айл юм шиг байснаа сүүлдээ сайн найз болсон. Үнэлмээр гайхамшигтай бүсгүй байсан. Одоо Дэлгэрмөрөнгийн “Тэнгэрийн бүсгүй” дуу явахаар бодогдоод, дотор эвгүй болдог л юм. Надад ямар нэг дааж давшгүй асуудал үүсэхэд Тунгалагийн хажууд юу ч биш шүү дээ гэж боддог. Минийхээс том асуудлыг тэр бүсгүй давж гарсан. Гэхдээ тэр өвчинд ялагдаагүй, ялагдахгүй явсаар байгаад хорвоог орхисон.

-Огт танихгүй айлд хоноход нойр хүрэхгүй хэцүү биш үү. Худлаа унтах үе гарч байсан уу?
-Эхэндээ нойр хулжих үе байсан. Худлаа унтаж байгаагүй ээ. Одоо нам унтдаг болсон ш дээ. Ямар  ч байсан амарч авах нь чухал. Санаа зовох хэрэггүй. Нэг мэдэхэд л өглөө болсон байдаг. Амрах  нь ховор. Оператор өглөө сэрээдэг. Надаас өмнө хэдийнэ босоод бичлэг хийж байдаг.

-Айлд хонож ажлаа хийсэн хүн чинь өглөө гэр рүүгээ харьж амардаг уу?
-Өглөө гэртээ харьж хувцсаа солиод л ажил руугаа явдаг.

-Тэгвэл чи бол хөдөлмөрийн хуулийн үүднээс авч үзвэл цаг наргүй ажиллаж байгаа юм биш үү. Илүү цагийн мөнгө авдаг уу?
-Тийм. Гэхдээ би ажилдаа дуртай учраас асуудал үүсгэхийг хүсэхгүй байгаа. Би сайн цалин авдаг. Миний хөдөлмөрийг сайн үнэлж байгаа.

-Үеийнхээ залуучуудын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Залуус мөрөөдөлтэй байгаасай. Зарим хүн өдөр өдрийн нарыг аргацааж байгаа юм шиг харагддаг. Их том зорилгын төлөө залуус тэмцэх хэрэгтэй. Хүн хэзээ ч мөрөөдлөөсөө ичиж болдоггүй гэдэг ш дээ. Залуус янз бүрийн аргаар оргил өөд өгсөж байгаа ч бидний уулзах газар нэг гэж боддог. Гадаадад суралцаж байгаа залуусыг суралцаад болчихсон бол “Монголдоо ирээч ээ” гэж уриалмаар байна. Та нар ирээд хамтдаа зүтгэвэл Монгол Улс сайхан болох нь ээ гэж хэлмээр санагддаг.

-Бидний үеийн залуусын дийлэнх нь гадаадад ажиллах, суралцах хүсэлтэй. Чи энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Гадагшаа явах нь буруу биш. Өндөр боловсрол эзэмшиж зөвхөн Монголд биш дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна шүү дээ. Би гадаадад суралцах төлөвлөгөөтэй. Гэхдээ би Монголдоо заавал ирнэ. Гадаадад үсрээд л хоёр жил сурна гэж боддог. Одоогоор нэвтрүүлгээ улам сайжруулах хэрэгтэй. Дахин нэг сайн нэвтрүүлэг хийх төлөвлөгөө бий.

-Дараагийн нэвтрүүлгийн санаа толгойд явж байгаа бололтой?
-Байгаа, санаагаа баяжуулаад чимээд л яваа. Монголынхоо телевизүүдтэй өрсөлдөхийн хажуугаар MTV, ТНТ зэрэг гаднынхантай ч өрсөлдөх хэрэгтэй болсон.

-Тэгээд гадаадад хэзээ сурах нь вэ?
-Хэзээ явахаа одоогоор шийдээгүй. Энд бас надад амжуулах ажил их байна, Монголдоо сайхан амьдрах боломж 100 хувь бий. Дараагийн 10-20 жилд амьдрах  боловсролоо би гаднаас авъя гэж бодож байгаа. Залуучууд боловсролтой, гадаад хэлтэй, соёлтой болсон. Тэр дунд би хаягдахыг хүсэхгүй байна. Энэ чинь өрсөлдөөн шүү дээ.

-Гадаадад сурна гэдэг халаас тэмтрэх хэрэг шүү дээ?
-Зарим хүн шиг ээж, аавын өвлөсөн байшин надад байхгүй, байлгахыг ч хүсээгүй. Миний мөрөөдөл, амьдарч байгаа газар, миний машин цөм хөдөлмөрийн минь хөлс. Би үүнд л баяртай явдаг. Хүн бэлэн юман дээр эрхлэх тусам сульдаа болдог. Би лизингээр машин авсан. Энэ нь намайг улам хатуу чанга байхыг шаардаж байна. Магадгүй би өөрийгөө хүчээр ийм байлгахыг хүсэж байгаа ч байх.

-Өнөөдрийн хувьд ихэнх залууст цалингаараа машин, орон сууц авна гэдэг хэцүү. Чи тийм өндөр цалинтай юу. Залуу хүн бүр ийм мөрөөдөлтэй ч санасандаа хүрэхэд амаргүй. Энэ туршлагаа залуустай хуваалцмаар юм байна?
-Би түрээсийн  байранд амьдардаг. Томоохон байранд орон сууцны  захиалга өгөх гээд хайж байна. Өндөр цалинтай байх нь чухал биш. Зөв шударга, сайхан ажиллая. Өнөөдөр би хэдэн төгрөг харж, хэн нэгэнд худалдагдаад түр зуурын хэрэгцээгээ хангах биш ажлаа шударгаар хийгээд сар тутам 500 мянган төгрөгийн цалингаа авсан нь дээр. Түүнээсээ 100 мянгыг нь л хуримтлуулъя. Хэрэв худалдагдвал маргааш би хэн ч биш болно. Захиалгаар сонгуулийн нэвтрүүлэгт орсон хүмүүс өөрсдийнхөө яриаг хасуулахыг хүсдэг, би тэрийг нь хасч л байгаа. Яагаад гэвэл сонгуулийн дараа “Танайд хоноё” нэвтрүүлгийн хавсралт дугаар хийнэ. Түүндээ сонгуулиар орсон хүмүүсийн хасагдсан яриаг нэгтгэж нэвтрүүлэг хийх гэж байгаа. Шударга байх тусам үнэ цэнэтэй болдог. Шударга хүнтэй хэн нэгэн дахин ярилцахыг хүснэ.

-Зээл авах нь хохиролтой биш үү?
-Залуус зээл авахаас айгаад байх шиг байна. 60-тайдаа зээл аваад 61-тэйдээ үхэх үү. Харин одоо зээлээр байраа авчихаад 60 хүртлээ тэндээ амьдраад 61 хүрээд үхэх үү. Энэ хоёрын хооронд ялгаа бий. Надад туршлага гэх юу байх вэ, энэ чинь зээл шүү дээ. Цалингийн завсар зайгаар янз бүрийн орлого байж болно.

-Чи айлд хонож их дайлуулдаг, өөрөө гэрийн ажилд хэр вэ?
-Би хоол сайн хийдэг. Гэрийн ажилд маш сайн, өөрийгөө магтах нь хаашаа юм. Манай аав хувиараа бизнес хийдэг. Ээж гадаадад амьдардаг. Би оюутан байхаасаа л ганцаараа амьдарсан. Гэрийн ажилд тэгэхээр сайн байхаас аргагүй биз дээ.

-Яагаад ганцаараа амьдарсан юм бэ?
-Бие даахыг л хүссэн. Өлсөж, цангах үе байсан, тэрийг би дурсахыг хүсдэггүй. Тийм болохоор дахин өлсөж, амьдрал хэцүү байна гэж уйлахыг хүсэхгүй байна. Тэр үеийг дахин мэдрэхгүйн тулд би хичээж байна. X хорооллын ард оюутны байранд дөрвөн оюутан суудаг өрөөг ганцаараа түрээсэлдэг  байсан, их хүйтэн байр. Тэгэхэд “Биз Монголиа” гэдэг онлайн сонинд хоёрдугаар курсээсээ цэвэрлэгч байгаад, дараа нь сонин үдэгч боллоо. Тэгээд ганц хоёр мэдээ бичиж сурч байсан. Сүүлдээ том нийтлэл бичдэг болсон. Гэхдээ сонин бол миний ажиллах газар биш гэдгийг ойлгосон. Ерөөсөө л миний амьдралын хэмнэл биш байсан л даа. Одоо бичихээс төсөөрч байна. Гэхдээ бичдэггүй сэтгүүлч байж болохгүй. Хааяа бодолдоо орсон зүйлийг дэвтэрт буулгадаг болсон.

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.