Б.Дэлгэрмаа: Бид Ардчилсан намын үнэ цэнэтэй боловсон хүчин

2008/09/30
Share |
Хүмүүс: Б Дэлгэрмаа | 
Б.Дэлгэрмаа: Бид Ардчилсан намын үнэ цэнэтэй боловсон хүчин

УИХ-ын гишүүн асан Б.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Сонгуулиас хойш юу хийж байна. Хамтарсан Засгийн газар, нэр дэвшүүлэлт, томилгоо энэ тэрийн хаагуур нь явна аа?

-Яах вэ, ерөнхийдөө нэлээд хүнд сонгууль болсон. Хоёр төрийн сайд, нэг төрийн нарийн бичиг, Монголын гурван том тэрбумтантай өрсөлдөнө гэдэг хэцүү л юм билээ. Монголыг олон жил тэжээж байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар найман жил ажилласан Х.Наранхүү, Монголын хоёр дахь том аж ахуй болох Улаанбаатар төмөр замыг 12 жил удирдсан Р.Раш гуай байна, гончигсүм минь…

-Тэр хэрээр тэднээс мөнгө гарсан байлгүй дээ?

-Асар их мөнгө тэр хоёр хүнээс гарч байсан. Дээр нь байгууллагуудаа сонгуульд их ашигласан л даа. Хууль зөрчөөд "Эрдэнэт" үйлдвэрийн 600 гаруй хүнд томилолт өгөөд ажиллуулсан. Төмөр замынхан тэр чигээрээ ажилласан. Гэхдээ би ямар нэг гомдол санал гаргаагүй ээ, буянаараа болог.

-Гэтэл энэ сонгуулиар маргаангүй тойрог бараг байгаагүй шүү дээ?

-2004 оны сонгуулиар би Н.Баяртсайхан гишүүнд Хан-Уулын 61 дүгээр тойрогт улаан луйвардуулж л байсан. Өнөөдөр яг тэр хүний ярьж байгаа зүйлийг би тэр үед ярьж байсан. Хуурамчаар бичиг баримт үйлдсэн хүмүүсийг нь би цагдаад өгсөн. Тэгэхэд цагдаа авч хэлэлцээгүй шүү дээ. Тэр үед Сонгуулийн ерөнхий хороо Н.Баяртсайханд түр үнэмлэхийг нь шууд өгөөд, тангаргийг нь гялс өргүүлээд явсан. Миний гомдлыг цагдаа ч, прокурор ч, захиргааны шүүх, Үндсэн хуулийн Цэц ч авч хэлэлцээгүй. Яагаад ч нэмэргүй л байдаг юм билээ. Тийм учраас би энэ сонгуулиар хэнд ч гомдол гаргаагүй. Харин С.Эрдэнээг маш их дэмжиж байгаа. Яагаад гэвэл Н.Баяртсайхан 12 жил сонгууль луйвардаж УИХ-д суусан. Цаашид тэгж суухгүй ээ, чиний үе өнгөрсөн гэдгийг С.Эрдэнэ харуулсан. Тийм учраас ашгүй энэ том луйварчинг зогсоож чадлаа гэж би баярлаж байгаа. Ингэж зогсоож чадсан нь С.Эрдэнийн олон жил Баянгол дүүрэгт нэр дэвшиж, намынхаа гишүүдийг зохион байгуулж ажиллуулж чадсаны үр дүн.

-Анх удаагаа хөдөөд нэр дэвшээд нэлээн олон шинэ зүйлтэй учирсан байлгүй?

-Манай нутагт сүүлийн найман жил ган зуд болж, цөлжилт их явагдсан учраас ихэнх малчид маань отроор явчихсан, эзэнгүйдсэн их талд сонгууль явагдлаа. Яг нэг адилхан хэвээр дугуйлчихсан саналын хуудас сум болгонд бараг 200-гаад гарч ирж байсан. Нарийн үзэх юм бол их л зүйл гарах байх. Р.Раш гуайн хувьд Дундговь аймгаас өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон, нутагтаа их юм хийсэн хүн л дээ. Урьд нь төмөр замын дарга байхдаа ч гэсэн ган зуд болоход тусалдаг байсан. Тэр утгаараа Р.Раш хөөрхий, их хүчин зүтгэсэн хүн. Айл болгоноор орж, тойрогтоо их ажилладаг.

-Түүнээс гадна Дундговийнхон тэр чигээрээ төмөр замд ажилладаг гэсэн биз дээ?

-Тийм. Хэдэн үеэрээ. Тийм учраас нутгийнхан энэ хүндээ талархаж явдаг байж болох юм. Х.Наранхүүгийн хувьд бол гэнэт л Дундговийн гаралтай болсон. Мөнгөөр ч их зодсон л доо. Хүмүүс ч их ярьж байна лээ, айлуудаар 100 ам.доллартай л золгоод явж байсан шүү дээ гэж. Тэр их мөнгөний эсрэг өрсөлдөнө гэдэг үнэхээр хэцүү юм билээ. Гэхдээ сонгуульд ялагдчихаад гонгиноод байх нэг их сайхан биш.

-Сонгуулиас хойш гурван сар өнгөрчихөөд байна. Тэгээд ч гонгинох биш, алдаа оноогоо ярих ёстой биз дээ?

-Хоёрдугаарт, Дундговийн хувьд их онцлог байсан л даа. Талийгаач Ж.Наранцацралтын хувь хүний хүчин зүйл их хүчтэй байсан. Ардчилсан намын гишүүд хүртэл ҮШН гэхээсээ илүү "Ганхүү ах аа" гээд гүйгээд байдаг юм билээ. Д.Ганхүү Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан, өөрөө бас барилга дээр бизнес хийсэн тэрбумтан. Энэ хүн бас Ардчилсан намын саналыг их хагалсан л даа. Хэрэвзээ Д.Ганхүү тэнд нэр дэвшээгүй байсан бол Х.Наранхүү бид хоёр гарах магадлал их өндөр байсан. Нөхцөл байдлыг хөндлөнгөөс харахад л тэгж ажиглагдсан. Тэр хүний хувьд бол Б.Дэлгэрмаа миний саналыг хагалсан л гэж хэлэх байх. Ямар ч тохиолдолд би намынхаа өмнө их том гавьяа байгуулсан гэж боддог. ҮШН-ыг парламентын нам болгоогүй гэдгээрээ. М.Энхсайхан, эсвэл өөр хэн нэгэн хүн энэ сонгуулиар ҮШН-аас гарах ямар ч боломж байхгүй. Сонгуулийн мажоритари томсгосон систем жижиг намуудад боломж гаргадаггүй. Угаасаа гарах магадлал байдаггүй юм. Харин С.Оюун ч юм уу, З.Алтай гэдэг юм уу хувь хүний өөрийнх нь фактор томсгосон олон мандаттай тойрогт гардаг. Дундговь ч гэсэн талийгаач Ж.Наранцацралтын хувь хүний фактороор ҮШН-ын голомт болчихоод байсан. Д.Ганхүү өөрөө талийгаачийн менежерээр хоёр ч сонгуульд явж байсан учраас Дундговьдоо бол их танигдсан. Түүнээс биш 2007 онд нөхөн сонгуулиар НИТХ-ын 33 дугаар тойрогт нэг хувийн санал авч чадаагүй хүн шүү дээ. Өөрийнх нь рейтинг бол тийм, гэтэл Дундговьд болохоор 37 хувь болж хувирч чадаж л байгаа байхгүй юу.

-Танд хөдөөгийнхөн "хотын хүн, 40 мянгатынх" гэдэг байдлаар хандсан юм уу. Ээжийн тань ах дүү, хамаатан садан байдаг уу?

-Байлгүй яах вэ. Ялангуяа, Дэрэнчүүд бол тэр чигээрээ ээжийн ах дүү, хамаатан садангууд байдаг. Их олуулаа, 200 гаруй хүн байна лээ. Дэрэнчүүддээ маш их баярласан. Өнгөрсөн 18 жилийн сонгуулийн хугацаанд анх удаагаа Дэрэнчүүд Ардчилсан намд маш өндөр санал өгсөн. Уг нь Дундговьд хамгийн улаан сум Дэрэн, тийм учраас ардчиллынхан Дэрэнгээс их айдаг. Манай хамаатан садангууд бүгд МАХН-ынхан. Ямар сайндаа ээжийн маань эгч ная гарсан эмгэн "Энэ Дэлгэрмаагаас болж анх удаа үзэл бодлоо өөрчиллөө" гэж байсан. Саналаа өгөх байтугай манай штабт ажиллацгаасан л даа, манайхан.

-Хэдээр гарсан бэ, тэгээд?

-Ганцхан Дэрэнд би нэгээр гарсан. Бусад сумдад Д.Ганхүү бид хоёр гурав, дөрвөөр ээлжээд л. Ер нь бид дөрвийн хооронд нэг их хол зөрүүтэй гарсан хүн байхгүй шүү дээ. Нэг л зүйл их эмгэнэлтэй санагдсан. Сонгуулиас сонгуульд ард түмнээ мэхэлж, худлаа амлаж явсаар хөдөөгийн ард түмний амьдрал үнэхээр хаягдсан байна. Би бол "мэхэлж" л гэж хэлнэ. Тогтвортой амьжиргаа төсөл ч юм уу, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн тэтгэлгээр дотуур байрны нөхцлийг сайжруулах энэ тэр гээд жаахан жаахан юм хийх гээд байна, уг нь. Гэхдээ Монголын нийгэм дэх баян хоосон, нийгмийн давхаргуудын хоорондох ялгаа миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлсэн. Малч, сайхан амьдралтай улс байна л даа. Гэхдээ ерөнхий дүр зураг бол хүнд байна шүү дээ. Би гурав хоногийн дотор Сайнцагаан сумын бүх айлаар орсон, 43 км явган алхсан. Тэгэхэд хүмүүс "Нэр дэвшигчид ингэж айлуудаар орж, амьдралтай нь танилцдаг юм уу" гэж гайхаж байсан. Би хариуд нь бас гайхаад "18 жилийн дотор та нар чинь өчнөөн том улстөрчдийг сонголоо. Ж.Наранцацралт, Р.Раш гуай Эд нар чинь ирдэггүй байсан юм уу" гэхэд "Үгүй ш тээ, бэлтгэсэн айлуудаар орж, хонь идээд явдаг" гэж байгаа юм. Ингэж ард түмнээсээ холдож болохгүй. Дараа нь ямар нүүрээрээ тойргоо солиод, ард түмний өмнө янз бүрийн юм яриад зогсдог вэ. Үүнийг болиулах хэрэгтэй. Хоёрдугаарт, энэ УИХ-ын гишүүдийг заавал хугацааг нь дуустал, дөрвөн жилээр суулгах албагүй. Ёс зүйн алдаа гаргалаа, мөнгө төгрөг идлээ, тойрогтоо үзэгдсэнгүй, ард түмний төлөө ажилласангүй гээд хугацаанаас нь эргүүлэн татах хэрэгтэй.

-Танай намынхан өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль гаргана гэж амлаж байсан. Одоо сануулах хэрэгтэй юм байна?

-Тийм. Би бол түүний төлөө хамгийн хатуу зогсдог хүн. Тэгэхгүй бол энэ хүмүүс чинь "Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ" гээд сууж байна шүү дээ. Нэгэнт сонгогдсон бол бандан пад гээд.

-Сонгуулиас хойш юу хийв?

-Юу хийх вэ дээ. Нэг хэсэг хөдөө орон нутгаар явж амарлаа, сонгуулийнхаа стрессээс гарлаа. Өвөрхангай, Хөвсгөлд явж амарсан. Өвөрхангай явсныг маань сонингууд андуураад "Америк явсан" гээд л бичсэн байна лээ. Манай Өвөрхангай Америк шиг болчихсон бол сайхан л байна.

-Долдугаар сарын 1-ний үйл явдлыг харсан уу?

-Харалгүй яах вэ, би хотод байсан л даа. Долдугаар сарын 2-нд яваад 9-нд ирсэн. Ер нь бол аль ч оронд ард түмний саналаа өгсөн байдалтай сонгуулийн үр дүн нийцэхгүй бол эсэргүүцлээ илэрхийлэх нэг арга шүү дээ. Тэр жагссан, цугласан, чулуу шидсэн энэ тэр чинь. Бидний өгсөн саналыг луйвардаж, манифуляци хийсэн байна гэдэг эсэргүүцэл аль ч оронд гардаг. Гэхдээ би нэг л зүйлд гайхсан. Хүмүүсийн тэр зэвүүцэл, бухимдлыг вандализм буюу зандалчлах үйлдэл, нийтийг хамарсан үймээн самуунд хүргэхгүйн тулд аль ч орны цагдаа нар ерөөсөө л даралттай усаар шүршдэг шүү дээ. Буудах биш. Гэтэл манай цагдаа нар нэг л идэвхигүй, өрөвдүүлэх гэсэн мэт харагдаж байсан, нэгний орой шүү. Одоо эргээд харж байхад эрх баригчдын зүгээс нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, зандалчлах үйл ажиллагаанд хүргэхгүйн тулд бүхнийг хийх ёстой байтал тэгээгүй. Улайрсан хойно нь бол хүмүүсийг зогсоож чаддаггүй байхгүй юу. Заавал тонуул дээрэм, зандалчлалд хүргэнэ. Аль ч нийгэмд тийм зүйл байдаг, тэр бол хүний араншин. Тийм учраас тэгж улайрахаас нь өмнө арга хэмжээ авах ёстой. Гэхдээ буудаж биш.

-Яагаад ямар ч арга хэмжээ аваагүй юм бол оо. Зүгээр л жагсаалыг өөрийг нь өөрийнх эсрэг ашигласан юм шиг харагдсан?

-Тийм. Хэрвээ тэр жагсаал үймээн болж хувираагүй бол эрх баригчид илүү хүнд байдалд орох ч юм уу, олон тойргийн сонгууль дахих, шалгагдах байсан байж магадгүй ээ.

-Хамтарсан Засгийн газарт яагаад ороогүй вэ. МАХН-аас хоёр ч эмэгтэй орсон. Харин та ҮЗХ-ны хурал дээрээ хамтрахыг эсэргүүцсэн гэсэн?

-Би өөрөө 2004 онд хамтарсан Засгийн газрын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан хүн шүү дээ. Одоо гурав дахиа хамтарч байна. Анх 1990 онд УБХ-ыг байгуулахдаа сонгуулийг хувь тэнцүүлсэн төлөөллөөр явуулсан. Тэр үед МАХН 60 хувийн суудал, ардчилсан хүчин 40 хувийн суудал авсан. Тэгэхэд МАХН олонхи болсон ч гэсэн Ардчилсан намтай хамтарч, эвслийн Засгийн газар байгуулсан. Тэргүүн шадар, Шадар сайд хоёроо Ардчилсан хүчний Да.Ганболд, Д.Дорлигжав хоёрт өгч байсан. Тэгж ажилласан Ц.Бямбасүрэн гуайн Засгийн газар шилжилтийн үеийн хамгийн хүнд бэрхийг үүрч гарсан. Хэдийгээр хүчний харьцаа 60:40, МАХН олонхи байсан ч гэсэн зах зээлийн эдийн засагт шилжих, улс төрийн тогтолцоогоо шинэчлэх бүх гол гол хуулиуд ардчиллын концепци, зөвшилцлөөр явж байсан. Хувийн хэвшлийн тухай хуулийн төсөл орж хэлэлцэгдээд, яг МАХН хурал хаяхын даваан дээр Р.Гончигдорж дарга хамрын тамхиа гаргаж ирээд "За одоо цөмөөрөө ганц цаг завсарлаж амарцгаая" гээд л эргээд хуралд нь оруулдаг байх жишээтэй. Би тэр хууль дээр нь ажиллаж байсан болохоор сайн санаж байна. Монголыг хөгжлийн зөв голдрилд оруулах үндэс суурийг их зөв тавьсан байхгүй юу, яг тэр 1990-1992 онд. МАХН олонхи болсон хэрнээ ардчилсан хүчнүүдийг уриад засагтаа оруулсан. Тэр утгаар нь би олонхи болсон МАХН-аас эвслийн Засгийн газар байгуулья гэсэн саналыг би дэмжсэн. Яагаад гэвэл 2008 оны энэ парламент ард түмний хувь заяаг шийдэх парламент. 1990 онд бол үндэстний хувь заяаг шийдэж байсан. Ард түмний хувь заяаг шийднэ гэдэг нь түрүүн миний хэлсэн баян хоосны хэт их ялгааг арилгах явдал. Өнөөдөр жишээ нь Зайсанд тэрбум төгрөгөөр байрны захиалга авч эхэлж байна. Гэтэл хөдөөд хамгийн гайгүй амьдралтай, мянгат малчин айл гаднаа нэг трактор, "УАЗ-469"-тэй л байгаа шүү дээ. Тэр баячууд нь байг гэхэд ядаж энэ доор байгаа ард түмний амьжиргааг жаахан дээш татаж, нийгмийн дундаж давхаргыг бий болгохгүйгээр хэзээ ч Монгол улс хөгжихгүй. Дундаж ангийг бий болгохын тулд өнөөдөр парламент дотор байгаа хоёр том улс төрийн хүчин үгээ олох ёстой. Үгээ олно гэдэг зөвшилцөх, зөвшилцөхийн тулд бие биенээ буланд шахаж болохгүй. Ард түмний амьжиргааг сайжруулахын төлөө гэж явж байгаа хүмүүсийг би дэмжсэн. Гэхдээ тодорхой нөхцөлтэйгээр эвслийг дэмжье гэсэн. Нэгд УИХ-аа эхлээд 76 гишүүнтэй болгоё. Хоёрт, үнэхээр Монгол улсаа нэг сайхан болгоё гэсэн эрмэлзэл энэ хүмүүст маань байна уу? 1990 оны улстөрчдөд байсан тэр эрмэлзэл өнөөдөр байхгүй болчихсон шүү дээ. Энэ 18 жилийн хугацаанд ихэнхдээ бизнесийн төлөөлөл их хуралд ороод ирчихсэн, улс орны төлөө гэсэн эрмэлзэл их эргэлзээтэй болчихсон энэ үед бид бүх зүйлийг их иргэншсэн зарчмаар шийдэх ёстой. Энэ бол эвслийн гэрээ. С.Баярын хувьд нам доторх тэр их дарамт шахалт, эсэргүүцлийг сөрж зогсож чадсан Ерөнхий сайдын алхмыг би асар том улс төрийн зориг гэж үнэлж байгаа. Гэхдээ нөгөө талаас гэрээгээ их зөв боловсронгуй хийх ёстой. Тухайлбал үндэстний эрх ашиг гэж яриад байгаа стратегийн орд газрууд дээр ямар зарчим барих юм гэх мэтчилэн их нарийн хийх ёстой. С.Баярцогтын хэлээд байгаа ХБНГУ-ын Христийн ардчилсан холбоо, Социал демократ намын байгуулсан эвслийн гэрээ 164 хуудас байсан гэдэг шиг тийм нарийн хийж байж, Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг ярья гэсэн санааг л хэлэх гэж оролдсон юм. Би тэр ҮЗХ-ны хурал дээр. Түүнээс биш эвсэхийг эсэргүүцсэн юм биш. Харамсалтай нь өнөөдөр мэргэшсэн улстөрчид гэхээсээ илүү дэндүү явцуу сонирхол, дэндүү өрөөсгөл байдалд бүх зүйл эргэлдэж байна.

эх сурвалж: ньюс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.