МУГЖ Д.Сосорбарам: С.Зоригийн хөшөөг тойрохоор ирсэн зарим хүнийг хараад би үзэн ядаж байна

2008/10/03
Share |
МУГЖ Д.Сосорбарам: С.Зоригийн хөшөөг тойрохоор ирсэн зарим хүнийг хараад би үзэн ядаж байна

1998 оны аравдугаар сарын 2-н Монголын ард түмнийг цочирдуулсан харамсалтай үйл явдал болж, эмгэнэлийн хар мэдээ зурагтын дэлгэцээр хөвөрч, хүн бүр л “сайн хүн байж билээ” гэж харууссан. Энэ харуусал арван жилийг ардаа орхижээ.

Ардчилал, шударга ёсыг эх орондоо авчрахаар эхний эгнээнд жагсаж, тэмцэж, тэмүүлж явсан С.Зориг агсаны бүтээсэн гавъяа, хийсэн үйлийг Монголын ард түмэн мартахгүй.

Улс төрийн аймшигт аллага болсноос яг арван жил өнгөрлөө. Хэрэг ямар шатандаа, ядаж хэргийг шалгаж байгаа үгүйг ч хэн ч ярихгүй, түүнийг асууж сурах нь хүмүүс гэр бүл, төрөл төрөгсөд нь. Мөр зэрэгцэн зүтгэж явсан зарим анд нь энэ хэргийг ярихгүй, санахгүй, тоохгүй болсон мэт.

С.Зориг агсаны хөшөөнд зарим улстөрчид энэ өдөр л цэцэг өргөж, уламжлал болсон хэдэн үгсээ хэвлэлийнхэнд ярина. Тэр нь тэдний гавъяа. Зарим нь түүгээрээ улс төр хийнэ.

Өнөөдөр эл үйл явдал мөн л давтагдлаа. С.Зориг агсаны хөшөөнд түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, ИЗН, МоАХ, Ардчилсан намынхан зэрэг олон хүн цуглан, “Зориг” гэж бичсэн хөх малгайг өмсөн түүний тэнгэр өөд ширтсэн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн.

С.Зориг агсаны дүү УИХ-ын гишүүн С.Оюун сэтгүүлчдэд хандан хэлсэн үгэндээ “өнөөдөр хэрэг ямар шатанд явж байгааг бидэнд огт хэлдэггүй. Энэ нь мөрдөн байцаалтын нууц гэцгээдэг. Ямар ч байсан хэргийг хаагаагүй. Есөн жил бид гадаадын шинжээчидтэй хамтрахыг хүсч байж энэ жилээс ганц нэг гадаадын шинжээчидтэй ажиллах гэж байгаа талаар дуулдсан” гэлээ.

 Мөн үеэр С.Зориг агсантай ардчилал, шинэчлэлийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж явсан МУГЖ Д.Сосорбарам бусдаас арай ондоо үг хэлсэн юм. Тэрбээр ярихдаа “С.Зоригийн хэрэг илэрнэ гэдэгт ямар ч итгэл байхгүй боллоо. Учир нь энэ хэргийг илрүүлэх ёстой хүмүүс өнөөдөр эрх баригчидтай хамтарч байна. Бидний байгуулахыг зорьж байсан нийгэм бол энэ биш. Ард түмний амьдрал тартагтаа тулчихсан, эрх барьж байгаа хүмүүс нь албан тушаалын хэнээтэй болчихсон ийм нийгмийг бид хүсээгүй. С.Зоригийн хөшөөг тойрохоор ирсэн зарим хүнийг хараад би үзэн ядаж байна. Албан тушаалын төлөө гүйлдэж байсан Г.Батхүү, С.Баярцогт, Ч.Сайханбилэг зэрэг хүн энд иржээ. Ямар юм аа хийж энд ирж байгаа юм. Чиний хийсэн гавъяаг бид албан тушаалын наймаа болгосон гэж энэ хөшөөг тойрч байгаа юм уу. Эсвэл чиний амь насаа алдсан хэрэг чинь илрэхгүй гэж байгаа юм уу. Би ойлгохгүй байна. Би үзэн ядаж байна.

Энэ хөшөөн дээр би олон жил ирээгүй. Гэхдээ энэ өдөр ирлээ. 10 жил болчихлоо ш дээ” гэсэн юм.

Монголын ард түмний хайртай хүү ардчилал шинэчлэлийн “алтан хараацай” бусдаасаа түрүүлэн тэнгэр өөд нисэн, 10 жил наранд яваа алуурчид, алдаж онон гишгэж яваа анд нөхдөө харан суудаг биз ээ.

эх сурвалж: Gogo

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.