С.Баярцогт: Цалин, тэтгэврийг зарлахгүйгээр нэмнэ

2008/10/04
Share |
Хүмүүс: С Баярцогт | 
С.Баярцогт: Цалин, тэтгэврийг зарлахгүйгээр нэмнэ

Инфляцыг 12 хувьд хүргэх боломж үнэхээр бий юу?
-Бид инфляцыг хөөрөгдөж байгаа хүчин зүйлсийг нарийвчлан задалж үзсэн. Өнгөрсөн жил нефть бүтээгдэхүүн, гурил, улаан буудайн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн. Тэгвэл энэ жил аль алиных нь үнэ буурах, тогтворжих хандлагатай байна. Мөн Монгол Улс улаан буудайгаар дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний ургац авах тооцоо бий. Инфляцид нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь дулаан, цахилгаан гэх мэт тогтмол зардлын үнэ 30-40 хувь нэмэгдсэн явдал. Тиймээс цаашид тогтмол зардлын өсөлтийг дөрвөн хувиас хэтрүүлэхгүй. Мөн цалин, тэтгэвэр, үнийн хөөрөгдөлтэй холбоотой асуудлыг зохицуулна. Ингэхдээ цалин, тэтгэврийг төсвийн ерөнхийлөн захирагч нартай нь ярьж, бүс нутгийн байршил зэргээс нь хамааран зарлахгүйгээр нэмнэ. Мөн зэрэг нэмэхгүй байх бодлого баримталж байна. Энэ бүхнээс үзвэл инфляцыг тогтвортой бууруулж, тогтвортой байлгах боломж бий.

-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурч байна. Энэ нь манай улсын орлогод ямар эрсдэл дагуулах вэ. 1.5 сая төгрөг олгох амлалтад нөлөөлөх үү?
-Монгол Улсын төсвийг "зэсийн" гэж нэрлэх нь бий. Улсын орлогын тавны нэгийг зэсээс бүрдүүлдэг. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр буурах хандлагатай тул манай орлого тэр хэмжээгээр багасна. Тиймээс зарлагаа бууруулах шаардлагатай байгаа юм. Инфляц өндөр байгаа тохиолдолд бэлэн мөнгө тараах нь бидний төсвөө хумих бодлогын эсрэг байна. Гэхдээ уул уурхайн баялгийг урьдчилан бий болгох боломжтой. Төсвийн орлого буурахад нөлөөлсөн татварын хөнгөлөлтүүдийг энэ сарын 15-наас буцаана. Татвараа ердийнхөөрөө авч эхэлнэ.

-Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын зүгээс татварын хөнгөлөлт үзүүлэх асуудал их байсан. Үүнийг ирэх дөрвөн жилд хязгаарлаж чадах уу?
-Ер нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татаасыг больё гэсэн зарчмаар ажиллана.

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 30.5, 100 тэрбум төгрөг гаргах талаар хэлэлцэж байна. Төсвийг хумих бодлого баримтална гэж та хэлж байгаа ч дээрх төслийг дэмжиж байгаа нь ямар учиртай вэ?
-Би үүнийг дэмжихгүй байгаа. Түүнээс гадна энэ өмнөх Засгийн газарт ярисан асуудал юм. Миний хувьд үүнийг дэмжээгүй.

-Оюутолгой, Тавантолгойн орд газруудыг ашиглаж эхэлнэ гэж байгаа. Үүний төсөв, хөрөнгийг 2009 оны төсөвт оруулсан уу?

-Оруулаагүй. Асуудал шийдэгдсэн тохиолдолд тухайн үед тодотгол хэлбэрээр оруулах боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.