С.Баярцогт: Цаашид татварын хөнгөлөлт үзүүлэхийг болих хэрэгтэй

2008/10/25
Share |
Хүмүүс: С Баярцогт | 
С.Баярцогт: Цаашид татварын хөнгөлөлт үзүүлэхийг болих хэрэгтэй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний татварын талаар хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх татварыг тэглэсэн байгаа. Үүнийг зогсоож улс татвараа авч эхлэх тухай яригдаж байна?
-Үнэ, ханш өндөр өсөлттэй байх үед УИХ-аар авч хэлэлцэж, татварын асуудлыг зохицуулдаг. Энэ асуудлыг зохицуулах эрх нь Засгийн газарт бий. Үүний дагуу Засгийн газар зургаа, долдугаар сард хуралдаж, татварыг хоёр удаа бууруулж, нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн татварыг тэглэсэн. Гэвч үнэ нэмэгдсээр байсан. Манай газрын тосны үнэ бөөний болон жижиглэнгийн худалдаан дээр цэвэр зах зээлийн цогцолбор болчихсон. Дээр нь газрын тосны үнэ буурч байгаа учир аравдугаар сарын 15-наас эхэлж татварыг эргүүлэн тавихаар боллоо. Ер нь, цаашид татварын хөнгөлөлт үзүүлэх, татаас үзүүлдгийг болих байр суурьтай байгаа.

-Татвараа авч эхлэхээр шатахууны үнэ дахиад нэмэгдэх хандлага гарах болов уу?
-Энэ талаар Тэргүүн шадар сайд нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, ярилцсан. Одоогийн байдлаар нефть импортлогч компаниудын ханш өсгөсөн байдал дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт хоёрыг харьцуулан харахад манайх харьцангуй өндөр байгаа. Тиймээс үнэ, ханшаа буулгах талаар санал тавьсан. Үүнийг ч тэд хүлээн авсан. Цаашид үнийг тогтворжуулах боломж байгаа гэдэгт хоёр тал санал нэгдэж, ойлголцсон л доо.

-Машины онцгой албан татвар нэмэгдэнэ гэж та хэлж байсан. Энэ сарын 15-наас хэрэгжиж эхлэхүү?
-Энэ асуудал төсвийн тодотгол батлагдахтай хамт яригдана. Баталсан өдрөөс эхэлж хэрэгжих юм. Хэрэгжих хугацаа нь үлдсэн гурван сард ороод явна.

-Төсвийн тодотголд МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь насаа алдсан дайчдын ар гэрийнхэнд олгох мөнгийг тусгасан уу?
-Үүнийг харж байгаад ярихгүй бол яг одоо мэдэхгүй байна. Ер нь бол өмнө ярьж байсан хэмжээгээр тусгасан байх ёстой.

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.