Насанд хүрээгүй улс төрийн хоригдолтой цорын ганц улс манайх

2008/10/25
Share |
Хүмүүс:
Насанд хүрээгүй улс төрийн хоригдолтой цорын ганц улс манайх

Үймээн дэгдээгчид МАХН-ын байрны хивсийг шатаах гэж байсныг хүүхдүүд болиулжээ. Шатааж устгаж байснаас хаа нэгтээ ашиглагдаж байсан нь дээр гэж үзэв үү, аваад явжээ. Гэтэл цагдаагийнханд баригдаж “Ганц худаг"-т хүргэгдсэн гэнэ. Тэдэнд "гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан, борлуулсан" гэх зүйл ангиар (Эрүүгийн хуулийн 155.1) эрүү үүсгэсэн юм.

Хичээлийн бэлтгэлээ базаачихаад ангийнхантайгаа уулзахаар яарч байсан 15 настай О-г цагдаагийнхан гэрээс нь баривчилжээ. Өнөөх хивс шатаалгахгүй гэсэн хүүхдүүдийн дунд О хүү байсан бөгөөд түүнийг найзууд нь "илчилж" орхижээ. Өнгөрөгч наймдугаар сарын 1-ний өдөр түүнийг урьдчилан хорих төвд саатуулсан аж.
О-г сар гаруй хугацаанд хорьж байгаад, аравдугаар сарын 1-ний өдөр батлан даалтад гаргажээ. Түүний хэрэг Улсын яллагч дээр очсон бөгөөд удалгүй Сүхбаатар дүүргийн шүүх рүү шилжсэн юм. Өглөө бүр дүүргийн шүүх дээр очиж бүртгүүлж байсан О хүүг өнгөрсөн баасан гаригийн орой баривчилжээ.

Түүний ээж О.Байгалмаа "Тэр өдөр 12 хүнийг баривчилсан. Тэдний дунд 15 настай хоёр хүүхэд байсан. Ямар учраас саатуулах болсон бэ гэдгийг цагдаа, шүүхийнхэн хэлээгүй. Сураг сонсохнээ шүүгдэгч нарт хүнд ял өгч байгаа. Түүнээс болж батлан даалтад байгаа сэжигтнүүд оргон зайлж болзошгүй гэж үзсэн юм билээ. Хүүгийн маань зүйл анги өөрчлөгдөж 145.3, 179.1 болсон" гэж байсан. Чухамхүү яагаад хүүгийнх нь ял хүндэрсэнийг тэр эмэгтэй ойлгоогүйгээс гадна хэвлэлийнхэнд хандаснаар хүүд нь муу юм болох вий эмээж байгаагаа хэлсэн.

Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл анги нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэсэн утгатай. Энэхүү зүйл ангийн гуравдугаарт "Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.

Хан-Уул дүүргийн шүүхээс "Нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон" гэх зүйл ангиар хэд, хэдэн залууг яллаад байгаа. Тэдний олонхид "Түйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан" хэрэгт (Эрүүгийн хуулийн 179.1-ээр яллаж) нь 4-7 хүртэл жилийн ял оноосон юм.

О хүүг дээрх зүйл ангиар яллавал 10 илүү жил хорих болох нь. Түүнтэй хамт саатуулагдсан хүүд мөн л дээрх зүйл ангиар ял халдааж байгаа юм.

Нэгэнтээ "Шударга иргэдийн фронт"-ын тэргүүн Г.Арслан долдугаар сарын 1-ний үйл явдалд оролцож, нэр холбогдсон иргэдийг улс төрийн хоригдол хэмээн нэрийдэж байсан. (Үнэндээ тэдний дунд галдан шатаасан, эвдэн бусниулсан хүмүүс байсан нь үнэн. Гэхдээ Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэх үг бий). Өөр олон хүмүүс ингэж тайлбарлаж байхыг би сонссон. Болж өнгөрсөн үйл явдал нь сонгуулийн будлианаас үүдэлтэй болохоор тэдний ингэж хэлэх нь ч зүй ёсных. Тэгвэл энэхүү үймээнд санаатай болон санамсаргүй байдлаар татагдан орж шүүхээс ял авч буй хүүхдүүд ч улс төрийн хоригдол болж таарах нь.

Тэртээ 1930-аад онд олноо Хүүхэн хутагтын дүрээр тахигдсан жаалхүүг Хувьсгалын эсэргүү хэрэгтэн хэмээн хөнөөсөн гашуун түүх бидэнд бий. Дэлхийн II дайны үед Германы бөөнөөр хорих төвд хүүхдүүдийг үй олноор нь хорьж байсан нь хүний түүхэнд хар толбо болон үлджээ. Өдгөө дэлхий дахинд насанд хүрээгүй хүүхэд улс төрийн шалтгаанаар хоригдсон тохиолдол нэгээхэн ч үгүй. ЮНЕСКО дэлхийн дайны үеэр хэлмэгдэж хоригдсон, улстөрийн шалтгаанаар цаазаар авахуулсан хүүхдүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг улс төрийн хоригдол болсон хүүхдүүдэд хүндэтгэл илэрхийлэх өдөр болгон зарлажээ. 1952 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн дахинд жил бүр дахин ийм явдал гаргуулахгүй тулд тэмдэглэсээр иржээ. Харин манайх...

Эх сурвалж:Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.