Хүмүүс: Л Гүндалай | |
Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай өнөөх гайтай бичиг УИХ-д дахиад л ирсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан юм. Гуниггүй сэргэлэн Л.Гүндалай гишүүн урьдынх шигээ л инээмсэглэн сэтгүүлчидтэй эелдэгхэн харилцаж байсан хэдий ч сэтгэл нь нэг л хөндүүрлээд яваа нь илт байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа толилуулж байна.
-Хэсэг хугацаагаар чимээгүй байсан өнөөх гайтай бичиг бас дахиад хүрээд ирээ юү?
-Тийм ээ, дахиад л ирсэн. Гэхдээ арай хэд хоногийн өмнө ирсэн юм шиг байгаа юм. Орон нутгийн сонгууль явагдаж байсан болохоор ард түмний сэтгэл санаанд нөлөөлнө гээд гаргаж тавиагүй юм шиг байна билээ. Ямартай ч би тэгж ойлгосон. Тэгээд л өнөөдөр гэнэтхэн гаргалаа гэж бодсон.
-Та гадагшаа явах гэж байсан юм уу?
-Тийм ээ, би уг нь маргааш (өнөөдөр) Солонгос руу олон улсын парламентын гишүүдийн эвслийн хуралд явах байлаа. Тэр эвслийн Монгол талын дарга нь би юм л даа.
-Таныг оргоод явах нь гэж цаадуул чинь сандарсан юм байна л даа.
-Тийм юм байлгүй дээ. 2003 онд бас намайг олон улсын хуралд явах гэж байхад онгоцны буудал дээрээс шууд баривчилж "Ганц худаг"-т хорьж байсан гашуун туршлага бий. Өнөөдөр ч гэсэн онгоцны билет бүх юмаа захиалчихсан байлаа. Гэвч энэ явдлаас болоод хойшлуулахаас өөр аргагүй боллоо.
-Нотлох баримтгүй гээд буцаачихсан байсан энэ хэрэг бас дахиад л босоод ирэхийн учир юу юм бол оо?
-Тэд "Гүндалайгийн хэрэг нотлогдсон" гэх мэтээр ярьж намайг байнга гүтгэж доромжилдог шүү дээ. Хэрвээ Монгол Улсад хууль гэж байдаг бол хүнийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон үед л хэрэг хийсэн байна аа гэж үзэх ёстой. Гэтэл энэ прокурор, Авлигатай тэмцэх газрынхан хэвлэлийн бага хурал хийх нэрийдлээр намайг баахан гүтгэдэг. Гүндалай бол тэдний хувьд хойд талын хар овоохой юм шиг байгаа юм. Өөр хэнийг ч хэрэг нь нотлогдоогүй байхад ингэж гүтгэдэггүй атлаа намайг бол аль дуртайгаараа л хэлж ярьдаг болоод нэг жилийн нүүр үзэж байна. Тэгээд л нотлогдоогүй хэргээр яллах гэж УИХ-д эрхийг маань түдгэлзүүлэх гэж өргөн барьдаг. Ямар ч баримт нотолгоогүй шүү. Гүндалай гэдэг хүн нүдэнд нь орсон мах, шүдэнд нь орсон хог юм билээ л дээ. Энэ бол улс төрийн зохион байгуулалттай, намайг улс төрөөс зайлуулах гэсэн зохиомол хэрэг. Миний нэр хүндийг л гутаах гэж ингэж байгаа юм.
-Тэгээд тэд зорилгодоо хүрч чадаагүй биш үү. Учир нь та дахиад л Хөвсгөлөөс сонгогдоод гараад ирлээ шүү дээ.
-Тэгсээн. Хөвсгөлийн ард түмэн намайг нэгээр гаргаж ирсэн. Тэд надад итгэдэг надаар төрөө түшүүлэхийг хүссэн. Ард түмэн гэж сайхан юм.
Улс төрийн гүтгэлгэд өртөж хэлмэгдэж, аль муугаараа дуудуулж байсан намайг үнэн учрыг нь ялгаад итгэлээ өгөөд л дахин сонгосон. Энэ бол хамгийг том шалгуур, хамгийн том илтгэл, бас хамгийн том даалгавар. Өөр надад юу ч хэрэггүй. Би чинь бас ард түмний хүү юм билээ.
-Таныг буруутгах гэсэн зорилго зөвхөн Авлигатай тэмцэх газар, прокурорт биш их дээр оршиж байх шиг санагдах юм?
-Найман жил улс төрд хийсэн миний тэмцлийг нэг бүрчлэн эргээд санах юм бол би их олон хүний дургүйг хүргэсэн гэдэг нь харагдах байх. Би Монголд монополь казино байгуулах гэж байсан томоохон хүчийг зогсоосон. Тавантолгой, Оюутолгойн дийлэнх хувийг ард түмэнд өгөхийн төлөө тэмцсэн. Бороо гоулд руу дайрч орж байлаа. Олон хүнийг хээл хахуульд автсан гэж би ил шүүмжилж байсан. Ер нь олон зүйлд саад тотгор болсон л доо. Тэрнийхээ л горыг амсаж байх шиг байна. Даанч Монголд шударга ёс алга. Хуулийнхан хэн нэгний утсан хүүхэлдэй болсон гэдгийг би мэдэж авлаа.
-Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болчихлоо. Нэгэн цагт та хоёр улс төрийн тавцанд нэлээд ширүүхэн маргалдаж явсан. Магадгүй хууль зүйн сайдын хатгаас орж өнөөх аюул дагуулсан бичиг дахиад ирсэн юм биш байгаа?
-Нямдоржийг би сайн хуульч, туршлагатай парламентч гэж бодож явдаг. Яах вэ, бид хоёр нэлээд муудалцаж явсан нь үнэн. Гэхдээ Нямдоржид үнэлэхгүй байхын аргагүй нэг чанар бий. Юу гэвэл тэр далдуур юм хийдэг хорон санаатай хүн биш. Хэлэх гэснээ ил хэлчихдэг л хүн. Би тэрийг нь олж харсан юм. Тиймээс би Нямдоржийг хардахгүй байна. Тэр хүн хүний мөс чанар гэж их ярьдаг болохоор би түүнд итгэж байгаа.
-Халдашгүй байдлын дэд хорооны хуралд прокуророос хэн хэн ирэв?
-Цэрэнбалтав прокурор ирсэн.
-Тэгээд юу болов оо. Халдашгүй байдлын дэд хороо ямар шийдвэр гаргасан бэ?
-Халдашгүй байдлын дэд хорооны хурал дуусах үедээ намайг дуудсан. Намайг ороход прокурор өөрийнхөө тавьсан бичгийг буцааж авахаар тохиролцчихоод байсан юм билээ. "Бичгээ буцааж авахаар тохиролцлоо, Гүндалай гишүүн ээ" гэж надад хэлсэн. Хоёр гурван зүйл тодруулж асуугаад л болсон. Тэгээд Халдашгүй байдлын дэд хорооныхон прокурорт "За та нар тэр ярьсан ёсоороо бичгээ буцааж аваарай" гэж хэлээд л хурал тарсан даа.
-Тийм амархан буцаагаад авчих л байсан юм бол тэд яах гэж ингэж нийгэмд жүжиг тавьдаг байна аа?
-Нарийн ширийнийг нь би мэдэхгүй юм. Ямар ч байсан л миний эрхийг түдгэлзүүлэх асуудал хууль эрх зүйн үндэслэлгүй болсон. Би өөрөө найман үндэслэл гаргаж тавьсныг бүгд л уншаад сууж байсан.
-Өдөр нь өгчихөөд л орой нь буцаагаад авчихдаг энэ шоглоомоос болоод гэр бүлийнхэн тань хямраад сүйд болж байгаа биз дээ?
-Ямар олиг байхав. Бүтэн жил хууль хяналтын байгууллага хэвлэл мэдээллээр намайг гүтгэлээ ш дээ. Хэвлэлийнхэн өдөр алгасахгүй шахам намайг бичлээ. Гэр бүл, ах дүү нарт маш хүнд байгаа нь мэдээж. Бүтэн нойртой ч хонож чадахгүй байна ш дээ. Аав маань ч их зовж шаналж байгаа. Бие нь ч тааруу байгаа. Аавдаа сонин уншуулахгүй, телевиз үзүүлэхгүй байхыг хичээдэг болсон. Гэрийнхэндээ аавд элдэв юм үзүүлэв ээ гэж байнга захидаг.
-Аав тань өндөр настай юу?
-Одоо 90 дөхсөн хүн шүү дээ.
-Нутагтаа байгаа юу, энд бий юу?
-Манай аав нутагтаа байж байгаад бие тааруухан байхаар нь энд аваад ирсэн. Сүүлийн нэг жил аавыгаа хямраахгүй гэж их л хичээлээ. Гэвч хотод телевизийн суваг олон болохоор хэцүү юм аа. Ер нь их дарамттай амьдарч байна.
-Өнөө л гуниггүй, наргианч Гүндалай баргийн юманд сэтгэлээр унадаггүй хүн байлаа. Гэвч уучлаарай, өнөөдөр харахад та дотроосоо нурж яваа чинь ил байна.
-Тиймээ, надад үнэхээр шаналгаатай хэцүү байна. Хийгээгүй хэргийн төлөө хэвлэл мэдээллээр яллуулж, хуулийн байгууллагууд байсхийгээд л бүрэн эрхийг маань түдгэлзүүлнэ, шоронд хийнэ гээд байхаар бие хямардаг болсон. Би баргийн юмыг тоодоггүй хүн. Гэвч үнэхээр энэ чинь хамрын ханиад шиг юм байна. Сүүлийн нэг жилд хоёр шанаанаасаа илэрхий бууралтаж байна. Огт цагаан үсгүй хүн байсан юм шүү. Одоо тэгэхэд хар л даа. Бас нойр муутай болоод байх шиг. Гэхдээ би нэг зүйлд л итгэдэг. Ард түмэн үнэн зөвийг ялгана. Гүндалай авлига аваагүй гэдгийг ойлгоно. Гэхдээ бас надад өөрөөрөө бахархах юм байна аа. Би үнэхээр лидер юм байна. Хэрвээ би хэн ч биш байсан бол өнөөдөр намайг хэн тоож оролдохов. Би хийсэн юмтай хэлэх үгтэй аавын хүү гэж өөрийгөө боддог. Би хүүхдийн мөнгийг санаачилж олон хүүхэд, гэр бүлийг орлоготой болгосон.
-Зарим хуульчид "Гүндалай үнэхээр л буруугүй юм бол эрхээ түдгэлзүүлж шалгуулчихаад буруугүй гэдгээ нотлоод буцаад УИХ-даа суу л даа. Юунаас нь айгаад байгаа юм бэ" гэдэг. Энэ шийдэл таны зан чанартай уг нь их гоё тохирно. Танд ийм бодол алга уу?
-1998 оны гашуун бөгөөд эмгэнэлт туршлага бий шүү дээ. УИХ-ын гурван гишүүнийг казиногийн гэх хэргээр эрхийг нь түдгэлзүүлж хорьчихоод сүүлдээ өөр хэргээр ялласан. Түүнээс болоод нэг нь амь насаа алдаж харамсалтай хэрэг болоод өнгөрсөн. Сая 2007 онд бас гурван гишүүнийг Хадгаламж банкны мөнгөөр Солонгосын казинод тоглосон гэх хэрэг бөөн дуулиан тарьж байснаа бас л хэрэгсэхгүй болсон.
Дараа нь өнөө гурван гишүүнээ буман нарны гэрэл гэдэг хэргээр эрхийг нь түдгэлзүүлэх гээд бас л асуудал оруулаад ирсэн. Үүндээ намайг татан оролцуулахыг хичээсэн. Дангаар нь Гүндалайг аваад явбал нийгэм үнэмшихгүй гэж бодсон байх. Угаасаа ч нийгэм хүлээж авахгүй шүү дээ. Тиймээс л тэр гурвыг эхэлж оруулаад түүгээрээ далимдуулж намайг татаад, дараа нь нөгөө гурвын эрхийг буцааж сэргээгээд намайг ганцааранг нь үлдээх гэсэн санаа байсан юм. Би үүнийг нь сайн ойлгож байсан л даа. Манай Бат-Үүл ч яг ингэж хэлж анхааруулж байлаа. Ер нь би ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Гэтэл яагаад би энэ хэдхэн нөхдүүдийн хүссэнээр тэр эрхийг цуцлах ёстой гэж. Ард түмэн надад даалгавар өгч УИХ-д илгээсэн. Миний сонгогчдын дэргэд энэ Авлигатай тэмцэх газрынхан, прокурорынхон юу юм бэ. Хэрвээ би хууль шударга гэж итгээд эрхээ түдгэлзүүлэх юм бол бусдын гар хөл болсон энэ хэдэн хуулийнхан намайг амьдаар минь тал талаас зулгааж иднэ ш дээ. Чоно гөрөөсийг сүрэглэн хөөж байгаад тал талаас нь зулгаадагтай яг адилхан байхгүй юу.
-Одоо тэгээд тэр бичиг бас хэсэг хугацааны дараа дахиад л ирэх байх даа?
-Дахиад ирэх байх аа.
-Хүнийг аажуухан хэрнээ хорлонтойгоор хэмлэж сэтгэл санаагаар нь үхүүлж байгаа хөгийн ч үйлдэл юмаа даа?
-Улс төр бол бохир юм байна. Тэр дундаа Монголын улс төр бохир балиарын туйл гэдэг нь харагдаж байгаа юм.
-Ингэж байхаар энэ улс төрийг орхиод явчихъя гэсэн бодол төрөх юм уу?
-Урьд өмнө нь ерөөсөө тэгж боддоггүй байсан. Харин энэ явдлаас болоод хааяа тэгж боддог болчихоод байгаа шүү. Амьдралд муугаар нөлөөлөөд дарамтад ороод ирэхээр бас юм бодох юмаа.
-Та Эрүүл мэндийн сайд болъё гэж байгаад бүр тэр салбарт ажиллах бяр чадал тань амтагдаж байгаад болж билээ. Одоо харин дэмий юм хийж дээ гэж боддог уу?
-Би эмч хүнийхээ хувьд Эрүүл мэндийн сайд болоод олон юм хийе гэж төлөвлөж бодож байсан. Даанч намайг хэдэн талаас минь хавчаад ажил хийлгээгүй. Гэхдээ би Эрүүл мэндийн сайдаар ажилласан тэр есөн сардаа огтхон ч харамсдаггүй. Цаашдаа энэ салбарт юу хийх ёстой, хүн ардынхаа эрүүл мэндийг хэрхэн хамгаалах талаар маш их юм бодож байгаа. Үнэхээр хийх ажил их байгаа. Манай эрүүл мэндийн салбар дэлхийн эрүүл мэндийн салбараас бараг 30 жилээр хоцорсон. Тэгэхээр ард түмэн маань эрүүл мэндээрээ хохирч хэлмэгдэж байна гэсэн үг шүү дээ.
-Ард түмний нам гэж одоо байгаа юу?
-Хэдэн нөхөд үлдсэн дээ. Надтай хамт явж тэр намыг байгуулж хамт зүтгэж явсан нөхөд маань бууриа сахиад яахаа ч мэдэхгүй үлдсэн.
-Ард түмний намаа орхиод Ардчилсан намд орсон шалтгаан бас л энэ явдлаас болсон тиймээ?
-Тэгсэн, үнэн. Гэхдээ би өөрөө анхнаасаа л 2000 онд Ардчилсан намыг ялагдчихсан байхад нь элсэж байсан. Тиймээс би угаасаа л намаа Ардчилсан намд нэгтгэнэ гэж бодож байлаа. Даанч миний эрхийг түдгэлзүүлэх бичиг оны өмнө УИХ-д ирсэн учраас Ардчилсан намын нөхөд маань "За Гүндалай чи намдаа буцаж ир. Тэгэхгүй бол чамайг одоо хэлмэгдүүлэх нь байна шүү" гэсэн юм. Тэгээд би буцаад орсон. Хэрвээ би Ардчилсан намд ороогүй бол яах ч байсан юм билээ,тийм үү.
-Улс төрийн амьдралд үнэн хурц үгтэй, дайчин яваа хүмүүсийг эрүүгийн хэргээр далайлган ухарч няцаадаг явдал ажиглагдаад байна. Тухайлбал, Хүрэлсүх улс төрийн карьераа түр зогсоолоо. Таныг ч бас тэгээсэй гэж нэг хүн хүсээд байгаа юм биш үү?
-Тиймээ, нэг хүн байтугай нэлээд олон хүн хүсэж захиалж байгаа байх.
Ер нь улс төр эдийн засгийн олигархиудтай хуулийнхан ч бас холбоо хэлхээтэй болсон байдгийг л мэдэж авлаа.
Эх сурвалж:Өдрийн сонин