Л.Гүндалайг аварсан нууц эрхмүүд хэн бэ

2008/10/25
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
Л.Гүндалайг аварсан нууц эрхмүүд хэн бэ

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын нэр бүхий гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж байгаа тухайгаа олон нийтэд зарлаж байсан билээ. Харин тус газрын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэргийг шалгаад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг уржигдар УИХ-д өргөн барьсан юм. Түүнийг Эрүүл мэндийн сайд байхдаа тоног төхөөрөмж худалдан авах тендерийг хууль бусаар явуулсан гэж үзэж байгаа юм. Мөн уг хууль бус ажиллагаа нь улсад дунджаар 620 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж АТГ үзэн дээрх асуудлыг УИХ-д оруулсан аж. Л.Гүндалай гишүүнийг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-аар зүйлчилж яллагдагчаар татаж, УИХ-ын тухай хуулийн 6.9.2-ын дагуу гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулжээ. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1-ээр цагдан хорихоор УИХ-д хандсан байна. Хуулийн байгууллагын одоогийн шийдвэрээр 620 сая төгрөг зувчуулбал дээрх ял шийтгэлийг хүлээх нь.

Л.Гүндалайд холбогдох эрүүгийн зүйл заалт болон түүний няцаалт

Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэрэг нь “төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд хохирол учруулсан байх” талаар заасан байдаг. Харин Л.Гүндалай гишүүн, “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хуулийн 16.2.4-д зааснаар төсвийн ерөнхий менежер нь яамны Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд тус хуулийн 17.1.1-д Батлагдсан төсөв, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хүрээнд зардал гаргах, 17.1.2-т Засгийн газраас тогтоосон хүрээнд багтаасан хөрөнгө оруулалт хийх хуулиар хүлээсэн үүрэгтэй хэмээн тайлбарлаж байгаа юм. Харин Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсэн” гэсэн заалттай байна. Уг зүйл заалтыг эрхэм гишүүн итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж хэнийг хэлж буй талаар Улсын Дээд шүүхээс гарсан тайлбар байхгүй бөгөөд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэдэг нь ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан зэргийг хамруулан ойлгоно гэсэн тайлбарыг хэлдэг. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1-д хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно гэсэн заалт юм. Үүнд Л.Гүндалай гишүүн мөрдөн байцаалт шүүхээс оргон зайлаагүй, хэргийн бодит байдлыг тогтооход ямар нэгэн саад учруулаагүй тул дээрх үндэслэлээр намайг цагдан хорих асуудал тавьж болохгүй юм гэсэн хариултыг өгч байв.

Л.Гүндалайн барьцалт

Тэрбээр, өмнөх УИХ-д гишүүдийн эрхийг түдгэлзүүлсэн, түдгэлзүүлэх гэсэн оролдлогууд бүгд прокурорын ажлын алдаа байсан болох нь нэгэнт тодорхой болсон. 1998 оны “казиногийн хэрэг” гэдэгт гурван гишүүн, 2007 онд 14 тэрбум төгрөгөөр БНСУ-ын казинод тоглосон талаар мөн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тавигдсан боловч эцэст нь прокурор өөрөө дээрх хэргүүдийг нь хэрэгсэхгүй болгосон гашуун туршлага байгаа хэмээн бусадтай барьцаж байв. Түүнчлэн Прокурорын саналд намайг буруутгаж байгаа үндэслэл, хуулийн заалтууд өмнөх УИХ-д хоёр ч удаа оруулж буцсантай яг ижил, юу ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Гэвч дахин оруулж иржээ. УИХ шинээр бий болж, бүрэлдэхүүн нь өөрчлөгдсөн нь прокурор дахин санал оруулах үндэслэл шалтгаан болохгүй гэв.

Л.Гүндалай: Намайг батлан даалтад авсан хүн нууц

-УПЕГ-аас таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д өмнө нь хоёр ч удаа оруулж байсан. Энэ удаагийн үндэслэл нь юу юм бэ?
-Хуулийн байгууллагаас ямар ч өөр бичиг ирээгүй. Жил гаруйн өмнө ирсэн тэр бичгийн үндэслэл нь яг хэвээрээ байна билээ. Шинэ юм гэвэл, УИХ шинэ бүрэлдэхүүнтэй болж, УПЕГ асуудлаа дахин оруулж байгаа нь энэ.
-Юу нь ч өөрчлөгдөөгүй байна уу. Та харьцуулж үзэв үү?
-Танилцуулга энэ тэрийг уншиж, харьцуулж үзсэн. Өмнөхтэйгээ яг адилхан байсан. Харин ч зарим зүйл нь хасагдсан байна билээ.
-Тодруулбал?
-Асуудал оруулж байгаа үндэслэл сууриа эргэж харья гэсэн байсан.
-Таныг батлан даалтад авсан гэсэн. Нам чинь авсан уу, эсвэл?
-Нам аваагүй ээ. Батлан даалтад авсан хүн бол нууц. Тэр сонин биш биз дээ.
-Харин ч сонин байна?
-Өөрөө битгий хэлээрэй гэсэн юм аа. Тэгээд ч УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад УПЕГ миний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн бичгээ буцааж авах ёстой гэж шийдвэр гаргасан.
-УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо тийм шийдвэр гаргасан юм уу, эсвэл УПЕГ-аас буцааж авъя гэсэн юм уу?
-УПЕГ-аас оруулсан асуудлаа татъя гэсэн юм билээ.
-Гурван ч удаа асуудал оруулчихаад гэнэт ямар үндэслэлээр ийм шийдвэр гаргасан юм бол?
-Тэрийг мэдэхгүй. Хуулийн байгууллагынхан өмнө нь ярилцаад тохиролцсон гэсэн. Тэгээд л Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад оруулж ирсэн бичгээ татаж ав гэсэн шийдвэр гаргасан байх.
-Сүүлийн бичиг УИХ-д ирэхээс өмнө та Авлигатай тэмцэх газар очиж байцаалт өгсөн үү?
-Дээр үед очиж өгөөд ямар ч гэм буруутүй гэдгээ хэлсэн шүү дээ. Тэр яриад’ байгаа зүйлүүдийг баримтаар няцаасан. Харамсалтай нь тэр бүгдийг Авлигатай тэмцэх газар авч хэлэлцэхгүй юм билээ. Зүгээр л Л.Гүндалайг буруутгах гэж зүтгээд байдаг. Тиймээс би үүнийг улс төрийн зохион байгуулалттай гэж үзэж байгаа.
-Таныг дуудсан цагт нь очиж байцаалт өгдөггүй гэж байсан?
-Дуудах болгонд нь очдог байсан. Ер чь би өөрийгөө гэм, буруугүй гэдгийг нотлох албагүй шүү дээ. Хэрвээ би буруутай бол хуулийн байгууллага батлах ёстой. Өөрсдөө баталж чадахгүй болохоороо ийм зүйл ярьж болохгүй биз дээ.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өмнө таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирэхэд та “Намайг УИХ-д нэр дэшүүлэхгүй гэж санаатайгаар ийм зүйл хийж байна” гэж хэлж байсан. Гэтэл энэ асуудал сонгуулийн дараа дахиад л ороод ирлээ?
-Улс төрийн зохион байгуулалттай зохиомол хэрэг гэдгийг мэдэж байгаа, би.
-Энэ асуудал хэдий хэримн хугацаанд үргэлжлэнэ гэж та бодож байна?
-Улс төрийн зохиомол хэрэг болохоор удахгүй хаагдах байх гэж бодож байна.

Ч.Улаан: Эрх бүхий хүмүүс батлан даалтад гаргасан юм байна

УИХ-ын гишүүн Л.Гүндалайг тойрсон асуудал дуусахгүй нь бололтой. Өчигдөр түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдлаа. Уг хурал хаалттай болсон бөгөөд хурлаар ямар асуудал хэлэлцсэнийг хорооны дарга Ч.Улаанаас тодруулсан юм.

-Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар Л.Гүндалай гишүүний асуудал болон бүтэц зохион байгуулалтын асуудал яригдсан уу?
-Бүтэц зохион байгуулалтын асуудал яриагүй. Өнөөдөр дэд хороо нэг л асуудлыг хэлэлцэх ёстой байсан. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдэж өгөөч гэсэн саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын даргад ирүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцэхээр Халдашгүй байдлын дэд хороо цуглалаа. Шинэ нөхцөл байдал үүссэн байна.
-Тодруулбал?
-Өчигдөр /уржигдар/ Авлигатай тэмцэх газарт Л.Гүндалай гишүүн эрх бүхий хүмүүстэй очиж батлан даалтад гарсан байна. Тиймээс асуудлыг хороогоор хэлэлцэх шаардлагагүй болсон байна.
-Прокуророос ямар асуудлыг үндэслэл болгож тавьсан бэ. Турүүчийнхээс өөрчлөгдсөн зүйл байгаа юу?
-Тодорхой саналуудыг албан ёсоор тавьсан байна лээ. Үүнийг би тайлбарлаад яахав.
-Танай дэд хороо дахиж хэзээ хуралдах бэ?
-Хуралдахгүй ч байж магадгүй.

Ц.Нямдорж: Хууль биелүүлэхийг нөхрийн ёсоор хэлсэн

-Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд УИХ-ын гишүүн Л.Гүндалайн асуудалд та ямар байр суурьтай байгаа бэ?
-АТГ энэ сарын 1-нд прокурорт асуудал тавьж. Прокурор аравдугаар сарын 14-нд УИХ-д түдгэлзүүлэх тухай асуудлыг тавьсан юм байна. Өчигдөр Л.Гүндалай гишүүнийг батлан даалтад гаргах тухай тогтоолыт баталж өгчээ. Ийм л байдалтай байгаа юм байна. Харин УИХ-д тавьсан саналаасаа буцаж байгаа маягийн юм яриад байна л даа. Буцаж байгаа бол энэ тухайгаа албан ёсоор УИХ-д тавих хэрэгтэй. Ер нь цаашид үйл явдал яаж өрнөхийг мэдэхгүй байна. Л.Гүндалай гишүүн хуулийн байгууллага дуудсан цагт нь очоод зөв зохистой харьцаад яригдаад байгаа асуудлынх нь талаар өөрийн байр суурь, тайлбарыг өгөөд эвтэйхэн байдлаар зохицуулах шаардлагатай. Урьд нь ч энэ талаар нөхрийн ёсоор хэлж байсан. Тэр яригдаад байгаа асуудалд нь өөрийнхөө зүгээс буруугүй, гэсэн тайлбараа өгөх хэрэгтэй щүү дээ. Хуулийн байгууллага дуудсан үед УИХ-ын гишүүн ч байна уу, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн ч байсан очих ёстой. Хүн бүр шүүх, хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалт ч бий. Тийм учраас хууль биелүүлэх тал дээр Л.Гүндалай гишүүн анхаарах хэрэгтэй байх. Өөр хэлэх юм надад алга.
-Урьд нь Л.Гүндалай гишүүний асуудлыг хоёр ч удаа авч хэлэлцсэн. Өмнөхтэйгээ адилхан үндэслэл оруулж ирсэн тохиолдолд шинэ парламент, шинэ бүтэц авч үзэж байгаа учраас арай өөр байр суурьнаас хандах байх гэсэн ойлголттой байна?
-Яаж өрнөхийг мэдэхгүй байна. Хуулийн нөхдүүд л үгээ хэлэх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр асуудал оруулж ирээд маргааш больё гэх нь утгагүй. Хуулийн байгууллага саналаа татаж байгаа үндэс шалтгаанаа албан ёсоор УИХ-д илэрхийлэх хэрэгтэй. Ингэж байж асуудал ярина уу гэхээс өнөөдөр гаргаад маргааш буцаагаад л тоглоомын газар гэж бодоод байгаа юм уу хаашаа юм. Төрийн ажил тийм байх ёсгүй.
-Л.Гүндалай гишүүнээс өөр нэр бүхий гурван гишүүний асуудал яригдаад байгаа?
-Мэдэхгүй байна. Одоогоор орж ирсэн юм алга байна. Орж ирсэний дараа л асуудал яригдана.

Эх сурвалж: Өнөөдрийн Монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.