Домогт Томми смит 1968 оны олимпийн тухай дурсаж байна

2008/10/24
Share |
Хүмүүс:
Домогт Томми смит 1968 оны олимпийн тухай дурсаж байна

АНУ-ын хөнгөн атлетикч Томми Смит 1968 оны олимпийн 200 м-ийн уралдаанд ялалт байгуулж, дэлхийн дээд амжилтыг олон удаа шинэчлэн тогтоож байснаараа спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Мехикогийн олимпод түрүүлчихээд АНУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж байхдаа хүрэл медаль зүүсэн Жон Карлосын хамт бээлийтэй гараа зангидан дээш өргөж, толгойгоо гудайлган зогсч байсан тэр үе нэлээн  дуулиан дэгдээсэн түүхтэй. Тэрбээр АНУ-д тогтносон арьс өнгөний үзлийн эсрэг тэмцлээ ийн илэрхийлж байв. Смит энэ талаар  ийн дурссан байна.

-Та хүний эрхийг хамгаалахын төлөө эрчимтэй тэмцэж явсан нэгэн. Энэ талаараа ярина уу?
-Би Техаст амьдардаг эгэл жирийн залуу байлаа. Улмаар Калифорнид шилжиж ирсэн юм. Тэр үедээ л эцгийг минь залуу байхад арьс өнгөөр ялгаварлах үзэл ид хүчээ авч байсныг ойлгосон. Миний бодлоор энэ нь эвлэрч болшгүй явдал байлаа. Техаст байхдаа би энэ талаар юу ч мэддэггүй байж. Харин ахлах анги, улмаар коллежид элсэн орохдоо арьсаар ялгаварлахын зовлонг мэдэрсэн.

-1968 оны аравдугаар сарын 16-нд яг юу болсон юм бэ?
-Энэ олимп өнгөт арьст тамирчдын спортын амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Учир нь 1968 оны олимпод арьс өнгөөр хясан боох үзлийн эсрэг бид нэгдэж чадсан. Хэрэв хүний эрхийг дээдлэхгүй бол энэ олимпод бойкот зарлахад ч бэлэн байж билээ. Гэхдээ л дотроо олимпод оролцохыг ихэд хүсч байсан. Эцсийн эцэст бид бойкот зарлаагүй. Хүссэн тэмцээндээ оролцсон учраас би туйлын сэтгэл хангалуун байсан.

-Мехикод ирэхдээ та алтан медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан уу?
-Үгүй. Олон тамирчин тэнд цугларсан. Чухам хэн алтын эзэн болохыг би төсөөлөөгүй. Надад бүх хүч анхаарлаа хуримтлуулах нь л чухал байв. Энэ нь тийм амархан байгаагүй юм шүү. Гэхдээ л би зайгаа 19,83 секундэд туулсан. Ингэж хурдална гэж ер төсөөлөөгүй.

-Шигшээ уралдааны дараа та чухам юу бодсон бэ?
-Зорилгоо биелүүлсэн учраас баяртай байсан. Спортын хүчин чадалд талархаж байлаа. Гэхдээ шагналын тавцанд АНУ-ын сүлд дууллыг эгшиглүүлж зогсох тийм амар байгаагүй. Тиймээс би гараа зангидан өргөөд толгойгоо гудайлгасан юм

-Та АНУ-ын өнгөт арьст  тамирчдын хувьд лидер нь байжээ?
-Би өөрийгөө хэзээ ч хамгийн шилдэг нь гэж хэлэхгүй. Харин олимпод ялалт байгуулсан минь л хамгийн чухал ололт.

-Бээжингийн олимпийн үеэр ч хүний эрх зөрчсөн явдал гарсныг та сонссон байх. Спорт улс төрөөс ангид байх ёстой биз дээ?
-Тэгж ярьдаг л юм. Харин үүнийг яаж батлах юм бэ?  ОУОХ-ноос хүний эрхийг дээдэлнэ гэсэн бодлоор БНХАУ-д олимп явуулах эрх өгсөн байх. Гэхдээ Хятад ч гэлтгүй бусад оронд ч хүний эрх зөрчигдөж байгаа нь үнэн.  

-Та үүний эсрэг тэмцэхийг хүсдэг үү?   
-Үгүй дээ, аль 40 жилийн өмнө би тэмцлээ илэрхийлчихсэн.  

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.