Ерөнхийлөгч ял эдэлж буй иргэдийн ар гэрийнхэнтэй уулзах боломжгүй гэжээ

2008/10/25
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгч ял эдэлж буй иргэдийн ар гэрийнхэнтэй уулзах боломжгүй гэжээ

Долдугаар сарын 1-ний үймээнд оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан 200 гаруй хүний ар гэрийнхэн нэгдэж "Хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах төв" төрийн бус байгууллага байгуулсан. Тэд долдугаар сарын 1-ний үеэр нас барсан болон үймээнд оролцсон гэх хэргээр ял эдэлж буй иргэдийн ар гэрийнхэнтэй хамтарсан уулзалт хийх шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль, зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Мөрдөн байцаах газрын дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга нарт хүргүүлсэн аж. Тэд уулзалтыг энэ сарын 24-нөөс зохион байгуулах ёстой гэдгийг шаардлагадаа дурджээ.

"Хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах төв"-ийн гишүүд төрийн тэргүүн, УИХ-ын даргаас шаардлагынхаа хариуг авахаар Төрийн ордны баруун хойд талын хаалган дээр өчигдөр 14 цагийн үед цугласан юм. Тэднийг гучаад минут хүлээлгэсний эцэст Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Долгоржав, УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг нарын гарын үсэгтэй бичгүүдийг өгчээ.


Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгч долдугаар сарын 1-нд амь нас нь хохирсон иргэдийн ар гэрийнхнийг 2008 оны наймдугаар сарын 6-нд хүлээн авч уулзсан. Бусад шаардлагын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд үл хамаарах асуудал байна" гэжээ. Харин УИХ-ын даргын зөвлөх "УИХ-ын дарга "УИХ нь долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг байнга анхааралдаа авч ажиллаж байгаа бөгөөд та бүхнийг улс орныхоо хөгжил, иргэний нийгмийн бүтээн байгуулалтад санаа зовнин бидэнд саналаа ирүүлсэнд талархаж байна" гэснийг уламжилж байна" гэжээ.

Шаардлага хүлээн авсан бусад байгууллага уулзалт зохион байгуулбал оролцох болно гэдгээ мэдэгдсэн гэнэ.

Эх сурвал:Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.